Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ус зайлуулах шийдэлгүй усан дундах Улаанбаатар болоод байна

 Бороотой өдрүүд үргэлжилсэн эдгээр өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот маань усанд хөвөгч хот адил дүр зураг ажиглагдана. Байгалийн давтагдашгүй хүчний өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөстдөг билээ. Хэдхэн минут шаагих аадар бороонд гуу жалга дамнан урсах борооны ус нэг л мэдэхэд үер болон урсана.
Нийслэл хотын зам талбай усанд автаж явган зорчигчид болон автомашин хөдөлгөөнд орох эрсдэл эдгээр өдрүүдэд бий болдог. Өчигдөр хэсэгхэн зуур орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн зам усанд автаж уул талаасаа буюу өндөрлөг талаасаа чулуу хайрга, гудамж талбайн хог хаягдал урсан орж ирж авто зам дээр саад учруулснаар авто замын хөдөлгөөнд нөлөөлж түгжрэл үүсгэсэн юм.
Энэ үеэр “Үнэндээ Дарь-Эхэд оршин суудаг иргэд бороотой үеийн ийм дүр зурагтайгаа хэдийнэ эвлэрээд удлаа. Бороо орсон ямар ч үед Дарь-Эхийн зам усанд автдаг. Дээрээс хайрга чулуу, хог шороо урсдаг. Заримдаа хүчтэй үерлэсэн үед замын ус дугуйнаас дээш халиад машины хамар даваад гарч ирж байсан тохиолдол ч бий. Өнөөдөр бид XXI зуунд амьдарч байгаа мөртлөө ганц бороо ороход усыг нь нэвчүүлчих хэмжээний технологи нэвтрүүлчхэж чадаагүй л байна шүү дээ.


Үнэндээ манай улс борооны улиралтай орон биш шүү дээ. Хамгийн ойрын жишээ дурдахад Япон, Солонгост ямар их бороо ордог билээ. Тэгтэл тэр улс орнуудад ямар ч их хэмжээний бороо хувин хувингаар нь асгаж байхад түүнийг нь ус зайлуулах шугам хоолойгоор хэдийнэ шийдчихсэн байдаг. Гэтэл бид жилийн жилд борооны уснаас болж зам эвдэрлээ, гэр байшин усанд автлаа гээд гомдоллосоор л байна. Асуудал байж болно түүнийг шийдээд явах ёстой биз дээ. Гэтэл энэ жил ч асуудал хэвээр дараа жил ч нөгөө асуудал нь хэвээр урагш нэг ч алхахгүй байсаар байгаагийн эмгэнэлт дүр төрх нь өнөөдрийн энэ байдал шүү дээ” гэдгийг тус дүүргийн иргэн Х.Болдхуяг бухимдалтайгаар хэлсэн юм. Тэрээр цааш энхэл донхол болсон замаар удаан гэгч нь гэлдэрч одов. Түүний араас машины цуваа үргэлжилнэ. Урин дулааны цаг болж иргэд Бэлх, Сэлх чиглэлд зусландаа гардаг учраас дулааны улиралд тус чиглэлийн авто замын хөдөлгөөн ачаалалтай болдог.
Мөн тус чиглэлд зорчиж явсан жолооч Х.Уртнасан хэлэхдээ, Усанд автсан замаар явахад замын хажуугаар явж байгаа хүмүүс рүү санаандгүй байдлаас ус цацсанаас үүдэн маргаан хүртэл гарч байна. Битүү ус болохоор хаана юу байгаа нь ч мэдэгдэхгүй далай тэнгисээр явж байгаа аятай урд талынхаа машинаар баримжаалаад л энд нь хонхор, тэнд нь догол байгаа юм байна гээд л явж байна шүү дээ. Эвдэрч хэмхэрсэн замаар явахад машины эд анги хүртэл эвдрээд байх юм.Бид улсад зам ашигласны татвар, агаар бохирдуулсны татвар гээд олон янзын татвар төлж байгаа. Татвар төлснийхөө хэрээр эвдрэлгүй, ус бороонд элэгдэхээргүй аюул багатай замаар зорчих эрхтэй биз дээ. Нийслэлд шинэ замын бүтээн байгуулалт хийлээ л гэдэг. Үнэндээ хуучин замаасаа ялгагдах зүйл алга. Хийж бүтээж байгаа нь сайн ч чанар, стандарт гэдэг нь утгаараа алдагдаж байна” хэмээн ярьж байна.
Үнэндээ нийслэл хотоос ус багатай газар олоход бэрх. Харааны баримжаагаар гүнзийг нь хэмжээд харайхаас өөр сонголт алга. Барс зах, Нарны гүүр орчмоор явган хүн явахад туйлын бэрх нөхцөл байдал үүсдэг гэдгийг захын хүн мэднэ. Нарны гүүр орчмоор зорчих хүмүүс ус туучин, зарим нь алсуур тойрч ус багатай газраар харайн гарч харагдана. Үнэндээ тэд хамаг муу үгээ барна. Бухимдахгүй байхын ч аргагүй. Адаглаад ус зайлуулах хоолойг нь цэвэрлэчхээгүй байгаа юм чинь. Ус зайлуулах хоолой нь тагларсны улмаас борооны ус оргилон гарч байв. Баянгол дүүргийн III хорооны иргэн Даваажав хэлэхдээ “Би энд 11 жил амьдарч байна. Байнга усанд автдаг. Ямар ч арга хэмжээ авч байгаа зүйл харагддаггүй. Ер нь жоохон бороо ормогц ганц зам гэлтгүй хүүхдийн тоглоомын талбай болон байрны урд хэсэг нэлэнхүйдээ усанд автдаг. Өчигдөр өглөө гэхэд л маш богино хугацаанд ширүүхэн аадар орсон. Тэр үеэр Нарны гүүрийн доод талын автозам, Барс захын урд хэсэг усанд автсан байна лээ” гэв.
Хаа саагүй урсах уснаас бултах аргагүй болсон иргэдээс усны гуталтай нь толгой дээгүүр туучна. Харин өндөр өсгийт, цагаан кэт, өмссөн залуус чадлынхаа хэрээр гутлаа норгохгүйг хичээх боловч амжилт олсонгүй. Тэд гутлаа норгож шалбааг туучихгүй байхдаа анхаарахаас гадна хажуугаар зөрөх машинаас ус үсрэх вий гэдгээс болгоомжилно. “Үнэндээ бороотой үед жолооч нар жаахан хүлээцтэй хандмаар байгаа юм. Харсаар байтал замын хажуугаар явган зорчигч явж байхад чинь их хурдтай ирээд хувцас руу шалбааг, шавар үсэргэнэ. Түүнийгээ тоох ч юм байхгүй. Уг нь бол санаатайгаар явган зорчигч руу ус цацсан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авхуулах л юм билээ. Тэр бүр дугаарыг нь аваад гомдол хэлээд байх боломжгүй өөрсдөө л хувцасаа халтар болгоод үлдэж байгаа юм л даа. Хэд хоногийн өмнө орсон борооноор цайвар өнгийн цувтай явж байхад нэг жолооч санаатай эсэхийг мэдэхгүй ч замын шаврыг цацчихсан. Ингээд 102 руу залгаад хэлсэн чинь та харьяа дүүргийнхээ Замын цагдаагийн хэлтэст бичгээр өргөдөл гаргана. Ингээд цагдаагийн байгууллагаас шалгаж үзээд санаатайгаар ус цацсан нь тогтоогдтол тухайн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно гэх ухааны юм ярьсан. Тэгэхээр хэн тэгээд ажил болоод явж байх вэ дээ. Тэглээ ч жолооч нар заавал 100 мянган төгрөгөөр торгуулах хэмжээнд асуудлыг хүндрүүлж байхаар явган зорчигчдоо хүндлээд бороотой үед зөөлхөн явж болно шүү дээ” хэмээн учирлав.
Аадар бороо хэсэгхэн зуур нижигнүүлэх зуур хүнсний дэлгүүрийн үүдэнд түр саатсан бүсгүй ихэд сандран хэн нэгэнтэй холбоо барина. “Өрхөө бүтээчихсэн үү, цахилгаанаа салгасан уу, Автобус арай ирээгүй байна. Дүү нараа сайн харж бай ээж нь удахгүй яваад очно” гээд утсаа салгав. Түүнийг н.Болормаа гэдэг. Тэрээр гурван хүүхдээ гэртээ үлдээсэн гэдгээ хэлж байна. Түүний хувьд 09-16 цагийн хооронд ажилладаг бөгөөд энэ хугацаанд том хүү нь дүү нараа хардаг юм байна. Хэдийгээр оюутан хүүхэд хэдий ч энэ айхтар бороо орохоор гэр лүү ус ороод үерт автчих вий гээд сандарч зогсоно. Бороо орохоор замын түгжрэл ихсдэгийг ч хэлэх үү автобусаа хүлээгээд ирэхгүй байна. Ойрд бороо үргэлжлэн орж байгаа болохоор ар гэртээ сэтгэл зовохгүй байхын аргагүй шүү дээ” гэв. Нээрээ л яарч сандархаар автобус унаа ирдэггүй хэцүү шүү дээ. Үнэндээ аюулгүй амьдрах орчин нөхцөл баталгаагаар бүрэн хангагдаагүй гэр хорооллын иргэд хаанаас үерийн ус орж ирээд гэр, хашаа хороо, ажлын байр минь усанд автчих бол оо хэмээн үргэлжид сандарна. Гэртээ үлдсэн нэгэн рүүгээ цагийн байдлыг байцааж шалгаана. Зарим нэг амин хувиа хичээсэн аминчхан үзэлтэй айлуудаас болж 10 гаруй айл үерт орох эрсдэлд орсон байна. БЗД-ийн дөрөвдүгээр хорооны айл өрхүүд усанд автсан байна. Учир нь байгалийн урсац, уулын жалгыг шороогоор дүүргэн өөрийн хэрэг бүтэж байвал бусад нь хамаагүй гэсэн өчүүхэн үзлээс болж үерийн ус урсах замыг боож ойр орчмын 10 гаруй айлыг ийнхүү үерт автуулах нөхцөл байдал үүсгэсэн байна. Дээрх асуудлыг хороо, дүүрэгтээ удаа дараа хандсан боловч арга хэмжээ авалгүй өдий хүрчээ. Иргэдийн асуудлыг тус албаны инженерийн байгууламжийн хэлтэс, Мэргэжлийн байгууллага Геодизи усны барилга байгууламжийн газартай хамтран техникийн шийдэл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн юм.
Нийслэлийнхэн борооны ачаар үнэндээ замын нөхөөсийг л сурамгай хийж байна. Замын стандарт чанар гэж зүйл хаана ч алга. Цаашид бороо орсоор байвал ард, урд хормой, тохой, энгэрийг нь нөхсөн дээл шиг ноорхой замуудтай элбэгших нь. Гэтэл жилийн жилд яригддаг үер усны далан, ус зайлуулах хоолойн асуудал өдий болтол шийдэгдээгүй. Эцэстээ хүн гишгэх газаргүй болох нь байна. Нийслэлийн автозамын ердөө 20 хувь нь борооны ус зайлуулах шугамтай аж. Харин үлдсэн 80 гаруй хувьд нь ус зайлуулах шугам хоолой хийгээгүйгээс бороо ороход автозам усанд автах шалтгаан болж байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 800 гаруй автозам байгаагийн 180 гаруй нь борооны ус зайлуулах шугам хоолойтой. Иймд зам дээр тогтсон бороо усыг Геодези усны барилга байгууламжийн ажилтнууд соруулахаас өөр алга. Үнэндээ бүхэл бүтэн нэг улсын нийслэл хотын хувьд үнэхээр өрөвдөлтэй дүр зураг харагдаж байгаа юм. Ёстой нөгөө хүн бүрийн хүслийг гүйцээгээд гүйцэлдүүлж эс чадвал толгойгүй болно хэмээсэн хаанаас сүн далай шиг сүү, сүмбэр уул шиг алт, тал нутгийг бүрхэх торго өгөөч гэж гуйгаад түүнийгээ хэмжих даалгавар аваад Сүн далайг хэмжих гээд шанаган хорхой болдгийн үлгэр нийслэлд харагдаж байсныг нуух юун. Хэчнээн литр борооны уснаас хичнээн тонныг нь сорууллаа гээд зогсч байгаа энэ дүр төрхөөсөө хэдэн жилийн дараа салах юм бол доо. Борооны усыг зайлуулахын тулд ажиллаж байгаа хүн хүч, техник хэрэгсэл шатахуун тосны тооцоог би лав гаргаж чадахгүй. Хэдэн жилийн өмнө бороо тоолсон хэргээр хэн нь ч билээ зэмлүүлсэн. Үнэндээ орох бороогоо тоолоод ч болов бэлэн байдлаа хангах гэсэн оролдлого байсан болов уу. Тэнгэрийн муухай сая нэг арилахад зам дээрх шавар шавхай, хог хаягдлыг цэвэрлэх ажил өнөө л муу ТҮК-ийн ажилчдад оногдоно. Өглөөнөөс орой хүртэл үзэж тарна. Маргааш нь дахиад л бороо орно. Тиймээс бидэнд шийдэл хэрэгтэй байна. Яг одооноос шинээр баригдаж буй барилга байгууламж нэн түрүүнд ус зайлуулах шугам хоолойг олноор байгуулах хэрэгтэй байгааг үргэлжлэн орж буй бороо сануулж буй мэт. Манай улсад зам, барилга байгууламж барихдаа ус зайлуулах хоолойг төлөвлөөгүйгээс өнөөдөр ийм байдалд хүрсэн гэхэд хилсдэхгүй.Нэгэнт шугам хоолойг нь шийдээгүй замд ус зайлуулах хоолой нэмж барих боломжгүй байдаг бол цаашид шинэ зам барихдаа өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com