Дэлхийн эдийн засгийн сэргэлт тогтвортой бус байна.
Ковид-19 цар тахал дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлтүүд авчирч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулахад улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын талаар Монголбанкнаас тоймлон мэдээлж буй. Энэ мэдээллээс онцлон хүргэе. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үйл явц тогтвортой бус байх төлөвтэй байгааг “Goldman Sachs”-ийн ерөнхийлөгч Жон Уолдрон анхаарууллаа. КОВИД-19-ийн нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2020 онд дөрвөн хувиар агшихаар төсөөлөгдөж байгаа бөгөөд 2021 онд агшилт илүү гүнзгий байж болзошгүй гэжээ. Эдийн засгийн сэргэлт “W” хэлбэртэй өрнөвөл бэрхшээл дагуулах бөгөөд ялангуяа, төсвийн дэмжлэг сул үед хэрэглэгчдэд илүү хүндээр тусна гэдгийг анхаарууллаа.
АНУ-ын бүх мужууд хөл хориогоо сулруулж, бизнесүүд алгуур эргэн нээгдэж байна. Кафе, ресторанууд тавдугаар сараас нээгдэж, захиалгын тоо өмнөх долоо хоногт жилийн -87 хувийн уналттай байсан бол энэ долоо хоногт -82 хувь болж буурчээ. АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж шинээр хүсэгчдийн тоо КОВИД-19 цар тахал дэлгэрснээс хойш анх удаа буурч.
Гэхдээ 2.1 сая хүсэлт нь цар тахлын өмнөх үеийн түвшнээс 10 дахин өндөр үзүүлэлт юм. АНУ-д КОВИД-19-ийн тархалт үргэлжилсэн хэвээр байгаа тул ажлын байрны цомхотголын хоёр дахь давлагаа бий болох буюу зургаан сая гаруй боловсролтой ажиллах хүчин ажлаа алдаж болзошгүйг Блүүмбергийн шинжээчид анхааруулж байна.
Франц улс хоёр сар гаруй хугацаанд үргэлжлүүлсэн хөл хориог тавдугаар сарын дундаас сулруулж, кафе, зоогийн газрууд нээгдэж, эдийн засаг идэвхжиж эхэллээ. Гэхдээ Францын Сангийн сайд Бруно Ле Мэрийн мэдэгдсэнээр тус улсын эдийн засаг 2020 онд 11 хувиар агших хүлээлттэй байна.
Германы Засгийн газар цар тахалтай тэмцэж, эдийн засгийг дэмжих хоёр дахь удаагийн арга хэмжээ буюу 111 тэрбум ам.доллартой тэнцэх багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Австралийн Засгийн газар 476 сая ам.доллартой тэнцэх төсвийн дэмжлэгийг орон сууцны барилгын салбарыг дэмжих багц хөтөлбөрт зарцуулахаа зарлалаа. 2020 оны эцэст дуусах уг хөтөлбөрийн хүрээнд шинээр байшин барьж буй болон гэрээ шинэчлэн, өөрчилж буй хүн бүрт 25 мянган австрали доллар бэлнээр олгох юм. Ингэснээр улсын эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн таван хувийг бүрдүүлдэг барилгын салбарын 140,000 гаруй шууд ажлын байр, нэг сая гаруй дам ажлын байрыг дэмжих зорилготой ажээ.
БНХАУ дотоодын нүүрсний үйлдвэрлэлээ дэмжиж, эрчим хүчний нүүрсний импортоо бууруулна
БНХАУ-ын гангийн нийт экспорт оны эхний дөрвөн сард 20.6 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар буурсан бол гангийн импорт 4.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар нэмэгдсэн байна. Коксжих нүүрсний нийт импорт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар буурч, 6.3 сая тоннд хүрсэн бөгөөд оны эхний дөрвөн сараар авч үзвэл 27.3 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар нэмэгджээ. Хятадын коксжих нүүрсний экспорт дөрөвдүгээр сард 0.14 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 30.5 хувиар буурсан, оны эхний дөрвөн сараар авч үзвэл 0.35 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 49.4 хувиар буурсан байна.
БНХАУ-ын Засгийн газар дотоодын нүүрсний үйлдвэрлэлээ дэмжиж, эрчим хүчний нүүрсний импортоо бууруулах төлөвтэй байна. Хятадын эрчим хүчний нүүрсний импорт оны эхний дөрвөн сард 99.6 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 30.9 хувиар нэмэгдсэн бол оны эхний дөрвөн сард эрчим хүчний нүүрсний нийт экспорт 1.05 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 35.8 хувиар буурав. Австралийн эрчим хүчний нүүрсний импорт оны эхний дөрвөн сард 23.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 71.5 хувийн өсөлттэй байсан бол хил дээрх импортын нүүрсний хориг чангарснаар тав болон зургадугаар сард импортын нүүрсний хэмжээ буурах төлөвтэй байна. Энэ онд Хятадын Засгийн газраас нүүрсний импортын зорилт тавиагүй боловч өмнөх жилийн 280 сая тонн орчимд хадгалах төлөвтэй гэж салбарын удирдлагууд үзэж байна.
Аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь зээлээ эргэн төлөхөд хүндрэлтэй гэв
Монголбанкнаас явуулсан түүвэр судалгааны дүнгээр КОВИД-19 цар тахал, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь ААН-үүдийн 45 хувьд маш ихээр, 28 хувьд дунд зэрэг, 15 хувьд бага зэрэг нөлөөлсөн байна.
Энэхүү нөлөөг салбараар ангилан харвал аялал жуулчлал, боловсрол, зочид буудал, нийтийн хоол болон тээвэр агуулахын үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ААН-д хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн байна. Харин хөдөө аж ахуй, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, барилга болон мэдээлэл харилцаа холбооны салбарын ААН-ийн үйл ажиллагаанд харьцангуй бага нөлөөлжээ.
Судалгаанд хамрагдсан нийт ААН-ийн 58 хувь нь бизнесийн зээлтэй бөгөөд КОВИД-19 цар тахлаас хамааран эдгээр ААН-үүдийн дийлэнх буюу 87 хувьд нь зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор хүндрэл тулгарсан байна. Монголбанкны зүгээс хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд нь тус ААН-үүдэд дэмжлэг үзүүлсэн эсэхийг тодруулахад гурван ААН тутмын нэг буюу 29 хувь нь зээлийн эргэн төлөлттэй холбоотой хүндрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлсэн, 51 хувь нь дэмжлэг үзүүлээгүй гэж хариулжээ.
Татварын орлогын дэлгэрэнгүй задаргааг авч үзэхэд 2020 оны дөрөвдүгээр сард нийт 540.6 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдсэний 14 хувь (73.4 тэрбум төгрөг) нь ААНОАТ, 12 хувь (67.5 тэрбум төгрөг) нь ХХОАТ, 20 хувь(106.5 тэрбум төгрөг) нь НДШ, 27 хувь (147 тэрбум төгрөг) нь НӨАТ, 28 хувь (152.5 тэрбум төгрөг) нь бусад татварын орлого байна.
Зэсийн үнэ аажмаар сэргэж байна
Газрын тосны үйлдвэрлэлийн гарцаа танах ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн хэлцэл болон зарим улсад хориг арга хэмжээг аажмаар сулруулж, газрын тосны эрэлт буцаж нэмэгдсэнээр сүүлийн гурван долоон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаанд 17 хувиар өсч, 5400 ам.долларт хүрлээ. Харин төмрийн хүдрийн нийлүүлэлт тасалдсанаар төмрийн хүдрийн үнэ огцом өсч 91 ам.долларт хүрчээ. Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал, эрсдэл өндөр байгаа тул алтны ханш 1700- 1750 ам.долларын түвшинд хэвээр хадгалагдаж байна.
Зэсийн үнэ. Манай улсын гол экспортын бүтээгдэхүүний нэг болох зэсийн үнэ ч мөн адил КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан бөгөөд гуравдугаар сарын 23-ны байдлаар 4609 ам.долларт хүрч буурсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшин юм. Харин дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, тус улсын зэсийн импорт огцом өссөнтэй холбоотойгоор сүүлийн хоёр сарын хугацаанд зэсийн үнэ аажмаар буцан сэргэж, 5,500 ам.долларын түвшинг давлаа. Нөгөө талд, зэсийн гол нийлүүлэгч Перу, Чили зэрэг улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй нь зэсийн үнэ эргэж өсөхөд нөлөө үзүүлж байна.
Алтны ханш. Дэлхийн эдийн засагт аливаа хямрал, тодорхой бус байдал үүсэхтэй зэрэгцэн алтны ханш огцом өсдөг. Үүнтэй холбоотойгоор 2020 оны эхний улиралд 6.9 хувиар өссөн нь зургаан улирал дараалан алтны үнэ өссөн үзүүлэлт юм. Гуравдугаар сарын эхэн үеэс Хятад улсад тархалт буурч, ихэнх улсуудын засгийн газар, төв банкууд КОВИД-19-ийн сөрөг үр нөлөөг бууруулах, эдийн засгаа дэмжих арга хэмжээг шийдэмгий авч байсантай холбоотойгоор алтны ханш 1500 орчим ам.долларт хүрч огцом буурсан. Гэвч дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн улс орнуудад ээлжлэн вирусийн тархалт эрчимтэй нэмэгдсэн, АНУ болон Хятад улсуудын харилцаа таагүй байгаа зэрэг нь дэлхийн эдийн засагт тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, алтны ханш буцаж сэргэн 1700-1750 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буюу 420 гаруй ам.доллароор өндөр юм.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН