Наадам эхлэхэд тав хоног үлдлээ. Монгол наадам эхлэхэд тавхан хоног дутуу байхад наадамч олон хэдийнэ бэлтгэлээ базаачихсан, өмсөх дээлээ сонгочихсон, унах морио бэлдчихсэн байдаг цаг сан. Энэ жилийн тухайд арай өөр. “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэдэг хэлц байдаг. Харин хувьтай хүн үздэг жил юм уу, дуулиан шуугианд дуртай хүн үздэг жил юм уу, тодорхой сайн мэдэхгүй болчихоод байна. Цар тахлаас болоод өвлийн дунд сараас эхлээд хөл хорио тогтоосон. Монголчууд бид үндэсний хэмжээний уламжлалт баяр болох Цагаан сараа ч тэмдэглээгүй. Харин одоо наадмаа хийх гэж байгаа. Үндэсний Их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмыг улс даяар адилхан цаг хугацаанд зохион байгуулж, улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэсэн байгаа.
Түүнчлэн энэ жилийн баяр наадмыг олон нийтийг цуглуулахгүй цомхон тэмдэглэхээр болсон бөгөөд бөхийн барилдаан, морин уралдаан, сур харвааг үзэгчдэд цахимаар хүргэхээр болсон. Гэхдээ нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр "XIII зуун цогцолбор" газарт хийхээр болж, орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, хөдөөнийхөн морио унаад, мотоциклоо хөлөглөөд наадамдах бол, хотынхон гэр гэртээ телевизороо үзсэн шиг өнгөрөх бололтой.
Амны хаалттай уралдах наадам харах нь
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиуны мэдэгдсэнээр “Бүх унаач хүүхдүүд амны хаалтаа зүүнэ” гэсэн нь олны анхаарлыг татсан, бас тэр хэрээр дургүйцлийг нь ч төрүүлсэн. Даргын хэлснээр “Унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас, хэрэглэл, өмсөөгүй, бүртгэлийн картгүй ирсэн бол уралдуулахгүй” гэсэн шүү. Амны хаалтгүй бол уралдуулахгүй гэх нь. Коронавирусээс сэргийлж байгаа нь ойлгож байна аа. Гэхдээ уралдаж байгаа хүүхдүүд бие биедээ наалдаад давхина гэж үгүй. Тэд бараг шүргэлцэх ч үгүй. Яагаад гэвэл тэд уралдаж байгаа юм. Духаа дарсан дуулгатай, нүүрээ битүүлсэн мны хаалттай тэр бяцхан унаачид яаж хөлөрч, халууцаж, ядарч уралдах бол.
Энэ асуудалтай холбогдуулж, Монголын морин спорт уяачдын холбоо/ММСУХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар “Холбооны зүгээс цар тахал дотооддоо тархаагүй байгааг харгалзаад амны хаалттай уралдахыг бол дэмжихгүй байгаа” гэсэн юм. Яаж ч бодсон энэ дэмжих шийдвэр биш шүү дээ.
Жинхэнэ утгаараа бөхчүүд амны хаалт зүүх ёстой
Энэ жилийн үзэгчгүй наадамд өөр хоорондоо нүүр тулах хүмүүс бол яах аргагүй бөхчүүд. Улсын баяр наадамд урьдын адил 512 бөх зодоглоно. Тэд амласан, оноолтоор таарсан гээд хоорондоо барилдана. Мэдээж хэрэг, барьц халах, барьцаа сонгох гээд бие биенээ түшиж, мөрлөж, наалдаж бөөн юм болно. Урьд өмнө нь “жавьждах” хүртэл мэх хийж байсан нь бий. Тэгэхээр үнэхээр л коронавирусээс сэргийлж байгаа юм бол болгоомж илүүдэхгүй гээд бөхчүүлдээ амны хаалт зүүлгэх хэрэгтэй. Хаа байсан унаач хүүхдүүдийг амны хаалт зүү гэхээсээ илүүтэй, хөлстэй биеэрээ түшилцэж, халуун амьсгалаараа шүргэлцэж байгаа бөхчүүдээ л анхаар. Хэн нэг нь халдвар авсан бол тараах магадлал хамгийн өндөр гэдгийг хэлчихье.
Үзэгчгүй наадамд гурван тэрбум арай их үү?
Үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөг байсан бол 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. 2012 онд 870 сая төгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар, 2014 онд 2.2 тэрбумаар, 2015-2019 онуудад 2.9 тэрбумаар нааджээ. Сүүлийн дөрвөн жил дараалан 2,9 тэрбумаар “наадамдсан” бол энэ жилийн үзэгчгүй наадамд гурван тэрбумыг төсөвлөсөн байна. Дээлээрээ гоёж, дэнж хотойтол нааддаг байхдаа зарцуулсан мөнгөнөөс илүүг огт үзэгчгүй онлайн наадамд зарцуулах нь хэр бодит дүн вэ. Үзэгчгүй наадамд гурван тэрбум төгрөг цацна гэдэг арай их биш үү? Түүнийхээ оронд хагасаар нь ч болов, үерийн ус зайлуулах хоолой барьж болдоггүй юм уу. Үрэгдэж дуусахаас үлдэж хоцрох зүйл нь дээр баймаар. Наадмыг “Херо”-гийн Б.Баатар найруулна. Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм. Иймд Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа гэнэ.
Э.Оюунболд барилдаж, цагдаа нар дээл өмсөнө ч гэх шиг...
Хэнтий аймгийн харьяат, "Хүч" спорт хорооны бөх, 2019 оны улсын аварга Э.Оюунболд Хэнтий аймгийнхаа 10 гаруй залуу бөхчүүдтэй Сүүж уулнаа наадмын бэлтгэлд гарчээ. Өнгөрөгч зургадугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн ч, түүний хувьд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлээд байгаа. Харин Бөхийн холбооны зүгээс түүнийг энэ жилийн наадамд барилдах боломжгүй хэмээн үзэж байгаа юм. Тухайлбал, МҮБХ-ны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав "Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тухай хууль гээд Засгийн газар 2018 онд баталсан. Энэхүү хуулинд бөхийн барилдаантай холбоотой хэд хэдэн заалтуудыг оруулсан байдаг. Мэдээж бөхчүүдийг цол, эрэмбийн дагуу бүртгэх, барилдуулах мөн допингийн ямар нэгэн асуудалд холбогдсон бөхийг бүртгэхгүй гэсэн заалт бий. Энэ бол хуульчлагдаад явж байгаа тул энэ жилийн хувьд Аварга Э.Оюунболд барилдах боломжгүй" гэсэн тайлбарыг өгсөн.
Үзэгчгүй наадмын бас нэг сюрприз нь “XIII зуун цогцолбор” газар хамгаалалтанд гарах цагдаагийн алба хаагч нар дүрэмт хувцсаараа бус монгол баатрын дээлээр жигдрэх болжээ. Эхлээд үзэгчгүй наадмыг Төв цэнгэлдэхэд бус XIII зуун цогцолборт газарт зохион байгуулахаар болсон бол одоо тус газарт хамгаалалтанд гарах төрийн цагдаа нарт монгол баатрын дээл өмсүүлэхээр болж байна. Өргөн олныг хамарсан өмнөх жилүүдийн наадмаар баахан цэрэг авчирч “Төв цэнгэлдэх”-д дээл өсгөөд гүйлгээд байсан шиг юм болох бололтой. Гэхдээ энэ удаад хөнгөн нимгэн дээл бус, бүр монгол баатрын өмсгөл өмсүүлэх нь. Түүнийг нь төрийн цагдаа өмсч таарах нь. Угаасаа халуунд олон цаг зогсдог тэд маань баатрын хуяг дуулга, дээлтэй бажгадах л байх даа.
Ж.Батбаясгалан: Тэнд хуушуур зараагүй. Тиймээс иргэд тийшээ явж цаг заваа үрэх хэрэггүй шүү
Ингэж хэлдэг дарга байдаг л юм байна. Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Тэнд хуушуур зараагүй, тусгай хүмүүст үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс иргэд тийшээ явж цаг заваа үрэх хэрэггүй шүү. Халдвар хамгааллын дэглэмээ бариад сайхан баярлах хэрэгтэй. Теле-наадмаа үзээд сайхан наадаарай гэж уриалмаар байна” гэсэн байх юм. Мөн Үндэсний их баяр наадам зохион байгуулахад заавал гурван тэрбум төгрөгийг бүгдийг нь ашиглахгүй гэнэ. Энэ талаар Ж.Батбаясгалан “Төсвийн тухай хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд хийгдсэн төсвөө баримталж байгаа. Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард, коронавируст цар тахал гараагүй байхад наадмаа төлөвлөөд, төсвөө баталчихсан байсан. Гэсэн ч бид төсөвлөсөн мөнгийг бүгдийг үрнэ гэж байгаа юм биш. Хөл хорио хязгаарлаад, цагаан сараа ч хийгээгүй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд даргын хувьд дахин хариуцлагатайгаар мэдэгдэхэд бид байж болох хамгийн бага мөнгийг наадмын зохион байгуулалтад зарцуулна. Харин яг одоо гүйцэтгэлийг нь хэлэх боломжгүй байна. Гэхдээ ил тод болгоно” гэдгийг онцолсон.
Үнэндээ энэ жил хэв журам сахиулах шаардлагагүй. Урлаг соёл, хүндэтгэлийн арга хэмжээ болохгүй. Тохижилт үйлчилгээ ч хэрэггүй. Ард түмэн "XIII зуун" цогцолборт алхаж орох боломжгүй, хориотой. Иймээс наадамчин олонгүй наадамд зарцуулж буй татвар төлөгчдийн тэрбум, тэрбум төгрөгийг хаана, юунд зарцуулсан задаргааг нь Засгийн газраас нэхэх нь зүйн хэрэг. “Бид задарсныг засаглаж, ядарсныг хайрладаг ТӨР-тэй болно” гэж ам бардам амласан Ерөнхий сайд маань үүнийг анзаарч байгаа болов уу.
Юутай ч гэртээ зурагтаа үзэж наадах болохоор нийслэлчүүд энэ удаад дэнж хотойлгож бус, диван хотойлгож наадах нь ээ.