Ховд аймагт тарваган тахлаар хоёр хүн өвчилсөн тухай мэдээ гарсны дараахнаар Хятадын манай Өмнөговь аймагтай хил залгаа Өвөр Монголын Баяннуур аймагт бас тарваган тахал гарч аюулын гуравдугаар зэрэг тогтоосон тухай мэдээлэл гарлаа. Түүнчлэн энэ материалыг бичиж байх зуурт Баян-өлгий аймгийн Улаанхус суманд 15 настай хүүхдээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээ гарав. Хүүхэд нохойд бариулсан тарвагыг авчирсан бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт тусгаарлажээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн баг голомтод ажиллахаар явж байгаа юм байна.
Тахал гэдэг хэр аюултай өвчин бэ. Тахал нь хүн төрөлхтний түүхэнд тохиож байсан хамгийн аюултай халдварт өвчин гэж тооцогддог. Энэ өвчнийг эмчлэх бараг боломжгүйгээс нэг тархахаараа сая сая хүний амийг авч одож байсан гашуун түүх бий. Одоо бол тахалтай харьцангуй идэвхтэй тэмцэж чаддаг болсноор өвчлөл нь ч буурч, энэ хэрээрээ амь алдагсдын тоо бага болжээ.
Өвчний түүх
Анагаах ухааны сурах бичгүүдэд тахал дэлгэрсэн талаарх хамгийн эртний эх сурвалжийг Библийн судар хэмээн нэрийддэг. Библийн судрын хаанчлал хэмээх дөрөвдэх ботид “Хаан Синаххериб Иерусалим руу довтлохоор шийдэж байсан ч нэг шөнө 185 мянган цэрэг нь нас барснаас болоод дайрахаа больсон” гэсэн байдаг. Тахлын дараагийн дэгдэлт нь VI зуунд тохиожээ. Египетээс эхлэн тархсан тахал Византийн эзэнт гүрэн рүү орж, дараа нь хөрш улсуудад нь тархжээ. Энэ бүхний дүнд 100 сая хүний амийг авч одсон энэ тахлыг тэр үеийн Византийн эзэн хааны нэрээр “Юстинианы тахал” гэж нэрлэсэн байна.
Тахлын дараагийн том дэгдэлт нь XIY зуунд тохиосныг түүхнээ “Хар тахал” гэж нэрлэсэн байна. Энэ удаа тахал Дорнод Хятадаас эхлэн бүхий л Азийг хамарчээ. Тэгээд цаашаа Ойрхи Дорнод, Египт рүү дамжин тархсан байна. Бүр Крымээр дамжин баруун руу тархсанаар таван жил үргэлжилсэн энэ аймшигт тахлын улмаас 60 гаруй сая хүн амь алдсан байдаг.
Зөвхөн 1348 онд гэхэд л Европын хүн амын бараг дөрөвний нэг нь буюу их ч биш, бага ч биш яг 15 сая хүн мөнх бусыг үзжээ. Гэтэл дөрвөн жилийн дараа гэхэд энэ тоо 25 сая болж өссөн байдаг.
Тахал намдсангүй, Орост орж ирэх нь тэр. Оросын хэдэн иргэн энэ тахлаар амь үрэгдсэн талаар тодорхой тоо байхгүй ч Москвагийн ван Симеон Гордый мөн тахлын улмаас нас барсан гэдэг.
Ингээд зогссонгүй тахал Орост дахиад XYII зуунд тахал дэлгэрч энэ удаа 700 мянган хүний амийг авч одсон байна.
XIX зууны сүүлчээр дахиад л Хятадаас эхлэн шинэ халдвар тархжээ. Азийн улсуудыг бараг бүхэлд нь хамарсан тахал Хонконгийг ч орхисонгүй, гэхдээ бусад тив улсуудад бол бага хэмжээгээр энд тэнд гарсан байна. Энэ тахлын улмаас зөвхөн Энэтхэгт янз бүрийн эх сурвалжаар 6-12 сая хүн нас барсан гэдэг.
Өнөөгийн ертөнцөд тахал энд тэнд гарсаар байгаа ч өмнө дурдсан шиг өргөн тархсан нь ховор. Жил бүр дэлхий дээр 2500 орчим хүн тахлаар өвддөг гэсэн тоо байдаг.
1989-2004 оны хооронд тахлын 40 орчим мянган тохиолдол илэрч нас баралт нь өвчилсөн хүний долоо орчим хувь байжээ. Тахлын ийм шинэ тохиолдлын голомт нь Ази, Африк болж байна.
Тахлын хэлбэр, тээвэрлэгч нь
Энэ тахлын хамгийн гол нэршил нь тунгалгийн булчирхайн тахал. Хэргийн учир нь Дундад зуунд дэлгэрсэн “Хар тахал” нь тунгалгийн булчирхайг үрэвсүүлдэг учраас тунгалгийн булчирхайн тахал гэж нэршжээ. Өвчний үеэр хүзүү, цавь, суганы тунгалгийн булчирхай ерийн товруу шиг томорч хавддаг. Ийм халдварын үед нийт өвчлөгсдийн 60 орчим хувь нь үхнэ.
Өвчний өөр нэг хэлбэр нь “уушигны тахал” нэртэй. Энэ нь өвчин амьсгалын замаар халдварлана. Эхний үедээ ханиалгаж дараа нь хөлрөн цусаар ханиалгаад 24 цагийн дараа үхнэ. Халдвар авсны дараа цаг алдалгүй эрт үед нь яаралтай арга хэмжээ авч болно. Халдвар түгээгч нь харх, тарвага. Хятадад XIX зуунд дэлгэрсэн тахал чухам хархнаас үүдэлтэй. Халдвар нохой, хэрэм зэрэг үслэг амьтдад тархдаг. Энэ амьтдад юм уу бүүрэгт нь хазуулснаас өвчин халдварлана. Үүнээс гадна агаар амьсгалын замаар бас халдварлана. Халдвар авсны дараа нууц үе нь 3-5 хоноод хүн 39 хэм хүртэл халуурч, хөлөрдөг. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүнийг яаралтай тусгаарлаж эмчлэх ёстой.
Дундад зууны үед анагаах ухаан хөгжиж амжаагүй “хар тахлыг” яаж ч чадахгүй байсан бол өнөөдөр антибиотикоор эмчилж чадаж байгаа нь давуу талтай. Гэхдээ тухайн хүн эдгэрсэн ч гэсэн гурван сарын турш ажиглалтад байлгах ёстой. Өнөөдөр бас тахлын эсрэг вакцин гарсан. Гэхдээ энэ нь бүрэн сэргийлэх баталгаа болж чадахгүй ч халдвар авах магадлалыг бууруулж, өвчилсөн тохиолдолд эмчлэхэд арай хялбар болгоно.
Дундад зуунд Европт дэлгэрсэн тарваган тахлын зураг
Өнөөгийн нөхцөлд тахал
Өнөөдөр тахалтай тэмцэх арга хэрэгсэл, хархтай тэмцэх арга ч нэгэнт бий болсон болохоор тахал бүхэл бүтэн улс орныг хамран тархах магадлал тун бага. Оросын тухайд азийн орнуудтай хил залгаа бүсүүдэд гарах эрсдэл бий. Түүхийн хувьд авч үзвэл Орост гарсан бүхий л тохиолдол энэ бүсээс л гарч байжээ.
Өнөөдөр энэ тахлын халдвар нь шинжлэх ухааны сонирхол татсаар байгаа юм.
Монголд
Монголд 1886-1921 оны хооронд тарваган тахлын дэгдэлт 30 гаруй удаа гарч олон хүний амь эрсдэж байсан баримт бий. Шинэхэн үед бол 1921-1930 онд Монголд гоц аюулт халдварт өвчний дэгдэлт гарсан үед хуучнаар Зөвлөлт орны тарваган тахал эсэргүүцэх байгууллагын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг байлаа. Улмаар гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх алба байгуулах зайлшгүй шаардлага бий болжээ.
Иймд ЗСБНХУ ба БНМАУ-ын хоорондын олон улсын хөл хориот өвчнөөс сэргийлэх хамтран ажиллах конвецийг 1930 оны тавдугаар сарын 30-нд байгуулан гарын үсэг зурж 1931 онд Улаанбаатар хотод “Тахлын хотхон” нэртэй тарваган тахал эсэргүүцэх лабораторийг байгуулснаар одоогийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн суурийг тавьжээ.
Одоогоор Монгол орны 17 аймгийн 137 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог. 1928-2018 оны хооронд нийт 16 аймгийн 112 суманд 692 хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 513 хүн буюу 74.1 хувь нь нас барсан баримт байдаг.