Эдийн засагч Б.Дөлгөөнтэй улсын төсвийн талаар ярилцлаа.
-Энэ жилийн улсын төсөв хүндхэн байна. Дээрээс нь коронавирусийн нөлөө ч их байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Олон улсын байгууллагуудын таамаглалаар 2020 онд манай эдийн засгийг уналттай гарна гэсэн. Тухайлбал, Дэлхийн банкнаас манай эдийн засгийг хасах 0.5 хувьтай гэх судалгаа гаргасан.
Харин Монгол Улсын Засгийн газраас албан ёсны тоо гаргаагүй. Өмнөх оны төсөөллөөрөө 2020 онд эдийн засгийг зургаан хувиар өснө гээд л явж байгаа. Тэгэхээр эхнээсээ энэ өсөлтийн тоогоо бодитоор гаргаж, орлого, зарлагаа тодорхой болгох хэрэгтэй. Энэ жилийн улсын төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Нэг ёсондоо 2020 онд бид олсноосоо илүү хэмжээний зарлага гаргана гэсэн үг. Ийнхүү 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай батлахдаа улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтыг зардлыг 3.8 их наяд төгрөг байхаар тусгасан. Энэ тоог нийт хүн амдаа хуваахад нэг хүнд 1.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт ногдож байгаа юм. Хөрөнгийн зардал гэдэг нь сургууль, усан оргилуур, музей барих гэх мэт дандаа хөрөнгө оруулалтын чиглэлийн төсөв байгаа юм. Эдгээр зардлуудыг салгаад аваад үзэхээр нарийн зүйлүүд ажиглагдана л даа. Нийт хүн амын 50 хувь нь суурьшсан нийслэл Улаанбаатар хотод эдгээр хөрөнгө оруулалтын 50 хувь нь зарцуулагдаж байна уу гэхээр үгүй байгаа юм. Энэ төсвийн дийлэнх нь хөдөө орон нутагт зарцуулагдаж байгаа юм. Тэгэхдээ хөдөө орон нутагт зарцуулж байгаа өнөө дийлэнх хөрөнгө оруулалт нь тус бүс нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулагдаж байна уу гэхээр бас л үгүй. Тэнд багийн төв, музей, хөшөө барина гэх мэт зүйлд хөрөнгө оруулалт нь зарцуулагдахаар эргээд монгол хүний амьжиргааны түвшин, амьдралын чанар бага хэвээрээ л байна. Тухайлбал, улсын төсвийг хотын төсөвтэй харьцуулахад долоохон хувьтай тэнцэж байна. Улаанбаатар хотын иргэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралтай түүгээрээ хотынхоо төсвийг баталж үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ төсвийг нь улсын төсөвтэй харьцуулахад дээрх долоон хувь гэсэн тоо гарч байгаа юм. Нийслэл хотод шаардлагатай хөрөнгө оруулалтын ажил маш их байна. Зөвхөн ард иргэд рүү чиглэсэн гэхээсээ илүүтэй бизнес эрхлэгчид рүү чиглэсэн хөрөнгө оруулалтууд дутагдалтай байгаа учраас манай улсад хоёр зүйл маш удаашралтай байна.
-Ямар хоёр асуудал байна вэ
-Нэгдүгээрт, амьдралын чанар, амьдрах орчин удаан сайжирч байна. Хоёрдугаарт, энэ хотод үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд олон асуудалтай тулгарч байна. Үйлдвэр баръя гэхэд тэнд дэд бүтэцийг өөрсдийн хөрөнгөөр татаж, цахилгаан станц барих, дулаанд холбогдох гэсэн асуудлууд тулгарч дулаанд холбогдоё гэхэд хэрэглэгчдийн тоо дээд хязгаартаа хүрчихсэн учраас нэмж хэрэглэгч холбох боломэгүй гэх мэт олон асуудал тулгарсан хэвээр байна. Хөрөнгө оруулагчид орж ирээд монголын бизнес эрхлэгчидтэй нийлээд үйл ажиллагаа явуулъя гэхээр өч дөчнөөн асуудал тжлгардаг. Энэ асуудалд бид түр аргацаасан байдлаар буюу энэ зуухыг 20 Мвт-аар сайжруулэ, тэнд нэг жижиг дулааны станц байгуулах гэх мэтээр явж байна. Энэ бол ирээдүйн том шийдэл биш амь аргацаасан л асуудал. Яг бодит байдал дээр эдгээр хөрөнгө оруулалтууд 10-20 жилээр хоцорчихоод байна. Бид өнөөдөр 200-300 сая долдараар цахилгаан импортолж авч байна. Тавдугаар цахилгаан станцын асуудлыг намайг АНУ-д сургуулиа төгсөөд ирж байхад 2007 онд л ярьж байсан. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар энэ асуудал 2001 оноос яригдаж эхэлсэн гэж байгаа. Тэгэхээр бараг 20 жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл таван шавь тавигдсанаас өөрөөр нэг ч бүтээн байгуулалт хийсэнгүй. Энэ асуудал байсаар байдаг. Нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 хувь нь амьдраад байдаг. Тэдэнд хөрөнгө оруулалтууд хийгдэхгүй байгаа учраас нийслэлэд 15 минут аадар бороо ороход зам нь хүртэл урсаад гол дээр очиж амжаагүй байхад голын хөвөө хүрээд ирлээ гээд иргэд шүүмжилж байна. Тиймээс улсынхаа төсвийг хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй, илүү оновчтой хийж байж ард иргэдийн амьдрах орчин сайжирна. Тодотгож хэлхэд 15 минутын аадар даахүй замтай нийслэлтэй баймааргүй байна. Хүн амын нягтаршлаа бод. Чингисийн хөшөө барих төсвөөрөө хотынхоо борооны усыг зайлуулах бүтээн байгуулалт хийх юм бол ядаж л 10 хүний асуудлыг биш ард түмний асуудлыг шийдсэн ажил болно. Ард иргэд энэ асуудлын талаар эрх баригчдад шахалт үзүүлэхгүй байгаа учраас энэ асуудалд улс төрчид анхаарлаа хандуулахгүй байна. Улс төрчид хөдлөхгүй байгаа учраас өнөөх хөрөнгө оруулалтуудаа хамгийн их мөнгө унагаадаг салбар буюу барилга, хөшөө рүү оруулах чиглэл рүү яваад л байна л даа.
-Гэхдээ яг үнэндээ таны хэлсэнчлэн дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг хийх мөнгө манай улсад байхгүй юм биш үү?
-Манай улсад мөнгө байхгүй биш байгаа. 3.8 их наяд гэдэг бол маш их мөнгө. Ам.доллараар ярих юм бол 1.3 орчим тэрбум ам.доллар юм. Энэ мөнгөөр цахилгаан станц байгуулчих хэмжээний мөнгө. Тавдугаар цахилгаан станцын бүтэн жилийн санхүүжилт бэлэн байна л гэсэн үг. Тэгэхдээ төрийн албан хаагчдийн цалинг хасахгүй, урсгал зардалыг танахгүй. Сүүлийн гурван жилийн урсгал зардал 10 их наяд төгрөг байсан. Хөрөнгийн зардал буюу хөрөнгө оруулалтын зардал сүүлийн гурван жил зургаан их наядын гүйцэтгэлтэй батлагдсан нь 6.9 их наяд төгрөг байсан. 2020 онд энэ зардал огцом өсч сүүлийн 2017, 2018, 2019 онд дээрх тооны гүйцэтгэлтэй хөрөнгө оруулалт байхад 2020 оны төсөвт хөрөнгийн зардал нь 3.8 их наяд буюу сүүлийн гурван жилийн хөрөнгө орууллалтын зардлын 60 орчим хувьтай тэнцэхүйц хөрөнгө оруулалт тавьсан. Учир нь энэ жил сонгуулийн жил тохиосонтой холбоотой. Өөр шалтгаан байхгүй. Баг болгон дээр багийн төв барина гэдэг. Жилдээ бараг л хоёр удаа ашиглах байр байгуулахын тулд сургууль гэх мэт нөөц боломжит газраа ашиглаад уулзалтаа зохиож болдоггүй юм бэ. Энэ мэтчилэн үргүй хөрөнгө орууллатыг үр дүнтэй хөрөнгө оруулалтад буюу дэд бүтэцээ сайжруулахад зарцуулсан бол өвөлдөө угаартахгүй, зундаа урсахгүй байх бүрэн боломж байгаа л байхгүй юу.
-Сонгуулийн өмнө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ энэ жилийн төсвийг тодотгохгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Харин сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газар улсын төсвийг тодотгохоос өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Яагаад улсын төсвийг заавал тодотгох шаардлагатай юм бол?
-Одоогийн байдлаар манай улсын орлого 1.6 их наяд төгрөгөөр тасарчихсан байна. Зардал бол анхнаасаа орлгоосоо 2.1 их наяд төгрөгөөр илүү гарсан. Тэгэхээр энэ хэмжээний зардал улс гаргаж чадахгүй гэдэг нь тодорхой болсон. Сонгуулийн өмнө Сангийн сайдын төсөв тодотгохгүй гэдэг мэдээлэл нь цэвэр улс төрйин мэдэгдэл байсан. Энэ бол төсөв дээр ямар хувиарлалт хийсэн байсан тэр тохироогоо алдахгүй гэдэг байр сууринаас хандаж байсан гэдгийг эдийн засагчид мэдэж байна. Тиймээс энэ талаар ч мөн хэлж ярьж байсан. Хэрвээ та бүхэн анзаарсан бол 2.1 их наядын алдагдалтай төсөв баталаад үүнийхээ 90 хувийг эхний зургаан сардаа хийчихсэн байсан. Энэ судалгааг миний бие өнгөрсөн гуравдугаар сард хэвлэлийн бага хурал хийх үеэрээ гаргаж тавьж байсан. Нэг ёсондоо 2019 оны төсвийн хувиарыг харахад тус онд 2.0 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Сар болгоны алдагдалыг батлахдаа сард 200 тэрбумаас хэтрүүлээгүй. Өөрөөр хэлбэл жигд явж байгаад 10 сард нилээд хэмжээний алдагдалтай байгаад бусад үед тэнцүүлсэн. Харин 2020 оны алдагдал 2.1 их наяд төгрөг гэхээр өмнөх жилийнхээс нэг их ялгаагүй байгаа боловч энэ бүх алдагдлын 90 хувийг нь эхний зургаан сард тавьсан байгаа юм. Тэгэхээр энэ бол яах аргагүй мөн л сонгуультай холбоотой. Энэ шийдвэр улс төрийн шийдвэр байдаг юм байж. Одоо сонгуультай холбоотой асуудалууд болдогоороо болоод өнгөрчихлөө. Одоо иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаараач ээ. Үнэндээ одоо цаг алдаж байна. Үүний төлөөсөнд хэдэн мянган компани дампуурч,хэдэн мянган хүмүүс ажилгүй болно. Гэхдээ энэ хохирлын хэмжээг хэт өндөр болгохгүйн тулд аль болох яаралтай төсвөө тодотгох ёстой. Бид зардлуудаа танахын тулд хэр хэмжээгээр танах юм, ямар хэмжээгээр танах юм бэ гэдгээ сорчилж эрүүл мэнд, боловсролын салбар руу чиглэсэн зардлуудаа танахгүйгээр музей, хөшөө, багийн төв барих гэх мэт зардлуудаа дараа дараагийн жилүүдэд хийхээр төлөвлөж болох юм. Бидний орлого тасалдаад, зарлага нь буурахгүй өсөөд байвал үүний зөрүү мөнгөний хэмжээгээр манай гадаад өрийн хэмжээ л өснө. Нэг ёсондоо төсвийн алдагдлаа гадны зээлээр л төлнө. Өөр ямарч арга байхгүй. Тэгэхээр манай улсын гадаад өр зээлийн хэмжээ тамтагаа алдах нь ээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 3 тэрбум ам.долларын зэл авчихсан байгаа. Энэ өрийн хэмжээг ахиад ийм дүнгээр нэмэгдүүлж гаднаас зээл авна гэвэл манай улсын эдийн засаг дийлэхгүй. Зээл авах нь авна. Гэхдээ хэдий хэмжээний өрийн дарамтад улсаа оруулах вэ гэдгийг сая байгуулагдсан Засгийн газрын шийдэрээр тогтоох байх.
-Энэ жил манай улс инфляцийн түвшинг найман хувьд барихаар төлөвлөсөн. Төлөвсөн хэмжээнээс одоогоор буурсан байна. Энэ байдлаараа цаашид буурах нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
-Инфляц гэдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт шүү дээ. Сая төмс, махны үнэ хэдэн төгрөг болж өсч иргэдийн бухимдлыг төрүүлэв. Энэ үнийн өсөлт бага байх тусамаа ард иргэдэд хэрэгтэй. Учир нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй тогтвортой байх тусмаа бидний цалин авч байсан хэрэглээндээ хүрэлцдэг хэвээр байна. Монголбанкны хувьд энэ жил инфляцийн түвшинг намйан хүртэл хувь байна. Үүнээс хэтэрвэл тодорхой арга хэмжээ авна гэсэн. Хоёрдугаарт улсын өр зээлтэй холбоотой. Инфляци өндөр байх тусам дотоодод тавьсан өрийн дарамт нь багасдаг байгаа. Миний хувьд энэ жил инфляц таван хувиас хэтрэхгүй болов уу гэж таамаглаж байна. Учир нь эдийн засгийн уналттай үед иргэд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж худалдаалахаас илүү үнийг нь хасаад богино хугацаанд эргэлдүүлье гэж бодож байгаа. Тухайлбал Хархорин зах дээр өдөрт 500 мянган төгрөгийн борлуулалт хийдэг худалдаачны борлууллалт нь 60-70 хувиар буурсан харагдаж байна. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг аль болох хямдруулаад эргэлтээ бага боловч нэмэгдүүлэхийг зорьж байна. Тиймээс инфляцийн түвшин буурч байна. Манай улсын хувьд инфляцийн түвшинг хоёроос доош хувь руу оруулаад хэрэггүй болов уу гэж бодож байгаа. Учир нь инфляци хасах руу орох тусамаа эпийн засагт олон тодорхойгүй байдлыг үүсгэдэг. Инфляцийн түвшин буурснаар олон бараа бүтээгдэхүүний үнэ унаж байна гэсэн үг. Энэ утгаараа аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусдаг. Иргэдийн хувьд бараа бүтээгдэхүүний үнэ буурах нь ашигтай мэт боловч эргээд ажил олгогч, бизнес эрхэлж байгаа хүмүүст хүндрэл үзүүлэх сөрөг талтай байдаг. Үүнээс үзэхэд одоогоор инфляцийн түвшин гурван хувьтай байгаа нь сайн үзүүлэлт боловч үүнээс цааш их буулгаад хэрэггүй болов уу гэж бодож байна.
-Манайх уул уурхайн салбараас төсвийн орлогын ихэнх хувиа бүрдүүлдэг. Гэтэл коронавирусийн нөлөөгөөр хэдийн нь алдагдал хүлээгээд байна?
-Манай улсын нийт төсвийн 24 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байсан. Монгол Улсын өнгөрсөн таван сарын хугацааны экспортыг 2019 онтой харьцуулахад 40 гаруй хувиар буурсан. Ялангуяа нүүрс зэсний экспорт 90 гаруй хувийг бүүрдүүлж байгаа. Коронавирусийн халдвар гарахаас өмнө манай эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайн байсан гэж хэлж болно. 2020 онд эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрнэ гэж таамаглаж байсан. Тухай үед уул уурхайн ашигт малтмалын үнэ өндөр байсан. Тухайлбал, зэс тонн нь 6000 ам.доллароос дээш байлаа. Харамсалтай нь, вирусийн халдвар гарч, үнэ унасан. Зэсийн үнэ 4612 ам.долларт хүрч, нефтийн үнэ 20 ам.доллар хүртэл буурсан. “Ковид-19”-ийн халдвар хурдан тархсан үе буюу хоёроос тавдугаар сарын хугацаанд түүхий эдийн үнэ уналттай байлаа. Үүнийг дараагийн зургаан сард нөхөж чадахгүй. Уул уурхайгаас орох орлого буурч байгаа учраас төсвийн орлого тасарсан. Одоо эхний таван сарын байдлаар төсөв 1.6 их наядын алдагдалтай байна. Ийм байдалтай дараагийн зургаан сар явахад хүнд. Хэрэв цаг хугацаа алдахгүй гэвэл УИХ ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж, энэ асуудлыг шийдээд, бэлтгэл ажлаа хангаж эхэлмээр байна.
-Цаашид уул уурхайгаас өөр ямар салбарыг хөгжүүлбэл богино хугацаанд өгөөжөө өгөх бол?
-Эдийн засагт уул уурхайн салбар 20 гаруй хувийг, экспортын хувьд 90 хувийг эзэлдэг. Өнгөрсөн жил нийт төсвийн орлогын 24 хувийг уул уурхайн салбараас төвлөрүүлсэн. Үлдсэн нь татвар хураамжаас бүрдэж байгаа юм. Уул уурхай манай эдийн засагт цаашид ч том үүрэг гүйцэтгэнэ. Харин уул уурхайгаас орж ирсэн мөнгөөрөө бид ямар салбарыг илүү хөгжүүлэх ёстой вэ гэдэг дээрээ засаг ч тэр, эрдэмтэн судлаачид ч тэр бүгдээрээ биш юм гэхэд, олонх нь зөвшилцөлд хүрэх ёстой. Тэр нь мэдээлэл технологи уу, аялал жуулчлал уу, хөдөө аж ахуй юу. Нөгөөтэйгүүр эдийн засгаа солонгоруулах нь богино хугацааны ажил биш гэдгийг бид бүгд ойлгож, богино, дунд, урт хугацааны тухайн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж байж амжилтад хүрнэ. Ингэхдээ тухайн салбарыг хөгжүүлэх ямар асуудлууд байна гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Өнөөдөр манай экспортын 90 хувийг яагаад уул уурхайн эзэлж байна вэ гэхээр энэ салбар Монголд илүү хөгжих нөхцөлүүд байсан, ийшээ ч хамгийн их хөрөнгө оруулалт орсон байгаа юм. Хэрэв ХАА-н салбарыг сонгосон бол одоогийн нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй байгаа. Бид ийм том газар нутагтай байж байж, хүнсний бүтээгдэхүүнээ яагаад их хэмжээгээр олон улсад гаргаж чадахгүй байна гэдэг шалтгаан нөхцөлөө тодорхойлох. Үнэхээр тийм бүтээгдэхүүн гарах боломжгүй байгаа юм уу, эсвэл компаниуд санхүүжилтээсээ болоод томорч чадахгүй байгаа эсэх, гадаад зах зээл дэх үнийн зохицуулалттай холбоотой юу гэх мэт. Бид 2015 онд Япон Улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулж, 9300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй гаргах боломжтой болсон. Европын холбооны Улс руу GSP+ хөтөлбөрийн хүрээнд 7200 бүтээгдэхүүнийг ямар ч тарифгүй гаргах боломжтой. Гэтэл үүнийг яагаад ашиглахгүй байна вэ. Иймд шалтгаанаа тодорхойлж, бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Шалтгааныг нь тодруулалгүй зээлийн хүүг бууруулах гэх мэт арга хэмжээ авах нь нүдээ боож байгаад дардас шидэхтэй адилхан. Эдийн засгийг хүн гэж үзвэл одоо нэг хэсэг нь өвдчихсөн байгаа. Тухайн хүнийг эмч үзэж байж, юу нь өвдсөнийг тодорхойлдог. Эдийн засаг үүнтэй яг адилхан. Эхлээд бид болж бүтэхгүй байгаа зүйлдээ оношоо зөв тавьж байж, дараа нь шийдлээ хийхгүй бол цаг хугацаа, нөөц боломжоо ихээхэн алдна.