Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Агуу хүмүүний гэгээнд амьдрахуй

Хүмүүс кино үзээд, дуу сонсоод уйлдаг. Харин би анх удаа шүлэг уншаад уйлсан юм. Тэр нь зохиолч Д.Урианхай гуайн “Инээд шиг хуучин хүний амьдралд” хэмээх найраг байлаа. Ихийн их хүмүүн гэдэг магтаалаас, шүүмжлэлээс ангид дээгүүр оршдог ажээ. Д.Урианхай гуайд аль нь ч зохихгүй. Агуу хүнийг агуугаас давуулж магтах түүнээс доогуур муулах гэдэг нь хүний л амьдралын хэмжүүр. Багш минь хүний амьдралын аливаа хэмжүүрээс дээгүүр оршигч нэгэн билээ. Тиймээс ч “алуурчин төрөөс би шагнал авахгүй” гэж адгасан юм. Их багшийн гэрт “Болор цом”, “Гоо марал”, “Алтан өд” гэсэн хэдэн цомоос өөр шагнал үнэндээ байдаггүй юм. Харин тэднийд гар аргаар боловсруулсан цаасан дээр барлаж бүтээдэг "Дэлхийн нэг шүлгийн ном" бий. 

 

Ази тивээс анх удаа энэхүү номд Монголын зохиолч Дамдинсүрэнгийн Урианхайн "Инээд шиг хуучин хүний амьдралд" шүлэг багтсан түүхтэй. "Дэлхийн нэг шүлгийн ном"-ыг ердөө 50 ширхэг хэвлэж олон улсад элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хаадын номын сангуудад тусгайлан дурсгадаг. Эхний таван номыг Францын эрдэмтэн мэргэд өөрсдөө авдаг учиртай. Харин зохиолчид гурван ширхэг ирдгийг зохиолч нэг хувийг өөртөө авч номынхоо өргөөний хойморт залж, нэг хувийг нь Үндэсний төв номын сангийн эртний ховор номын танхимд бэлэглэсэн.


“Инээд шиг хуучин хүний амьдралд” шүлгийг нэгэн монгол дархан зэс самбар дээр мөнгөн утсаар товойлгон цохиж хийснийг зохиолч бичгийн ширээн дээрээ байлгадаг.
Хүйтэн төрөөс аваагүй эрхэм дээд хүндлэлийг өвгөн зохиолч дэлхийгээс хүртэнэ гэдэгт найдна. Нобелийн шагналд нэрийг нь Монгол Улсаас тодорхойлоод буй. Агуу хүн эглийн эгэл байдаг юмсан уу. Амьдралын хатуу хүтүү бүхнийг туулаад гарсан ч эргээд хүүхэд шиг гэгээн болчихсон зохиолч. Хэтэрхий гэнэн, дэндүү гэгээн ариуссан сэтгэл, гэгээрсэн хувь заяа. Түүнийг гэгээрсэн хүн гэдгийг бор гэрт нь очиж борог цай буцалгаж гаднах бужигнаант амьдралын зах зухаас өгүүлэн суухдаа ухаардаг. Их багшид хадаг өргөж багш шавийн барилдлага тогтоогоогүй ч их хүмүүний гэгээнд ч болтугай багтаж явах гэсэн өчүүхэн миний хүсэл ийнхүү хөгшин залуу хоёрыг холбосон түүхтэй. Зохиолч Д.Урианхай бол багшийн багш, бүхний багш, оройн дээд багш билээ. Шавийн сэтгэл эрхэм хүнээ “Багш минь” хэмээн сүслэн дээдлэх тэр мөчид л багш шавийн барилдлага тогтож, багш шавийн сэтгэл бүрэлдэн биеждэг юм гэсэн. Тиймээс “Шавь бэлэн болоход багш өөрөө тодордог” гэсэн үг байдаг. Багшийн агуу авьяасаас суралцах, дуурайх аргагүй бас боломжгүй. Тэр бол түүнд оногдсон тэнгэрийн өгөгдөл. Тэр гайхамшигт өгөгдлөөс өчүүхнийг ч өөртөө наахыг хүсэх нь шунал хүслээс цаашгүй мунхаг явдал болно. Тиймээс их хүмүүний гэгээнд бодол оюунаа ариусган баясч, гэгээн ялгуунаар амьдарч байгааг нь харж, хэд гурван үг сольж, бишрэн сүсэлж, охь бүтээлүүдээс нь уншин шимтэж, гэгээн дүрийг нь харж явах нь л их хувь заяа юм даа.


Анх эрдэм номын зах зухад хүрч “их” хотод хөл тавиад удаагүй балчир нэгэн явахдаа Сүхбаатар жанжины талбай дээгүүр сүрдэм нэгэн сүр бараатай хүн алхаж явахыг хараад гайхан мэлэрч билээ. Цагаан буурал тэргүүнээ наран ургах зүг рүү хандуулан, нүдээ үл мэдэг онийсхийн, сахал үс тэргүүтнээ салхинд хийсгэсэн, саарал дээлэндээ мөнгөн бүс бүсэлсэн тэр нэгэн эгэл биш хүмүүнийг анх удаа хараад “Ээ гэгээн минь, энэ чинь нөгөө билгүүн номч Бямбын Ренчин биш байлтай” гэж алмайран ажиглан зогссон.
Төв шуудангийн зүгт эрхэмсэгээр алхан одохыг нь дагаж жаахан яваад ичиж бантсандаа гэрийн зүг хар хурдаараа амьсгаадан ирж хамаг байдгаа ухаж онгичсон.
Хурааж цуглуулсан элдэв ном дэвтрүүдээсээ Еөншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхай гэх хачин урт, сүрдэм алдар нэрийг ахин мартахааргүй зурагтай нь тулгаж олсон билээ.


Ярилцлага, ном, бүтээлүүдээ даруухнаар зохиолч Д.Урианхай гэж л овоглодог өвгөн зохиолчтой гэтэл “Учрахуй хагацахуй” тэргүүт ганц хоёр зохиолоор нь уулзаж явснаа мэдээд учиргүй баярлаж байлаа. Түүнээс хойш нөгөө л тэнгэрлиг дүр төрхийг нь бодон байж зохиолуудыг нь эрж хайж, амьхандаа сэтгүүлч болчихоод энэ агуу хүнээс ярилцлага авахаар заавал очно гэж өөртөө андгайлсан юм.
Агуу хүний өөдөөс ам нээх “эрхтэй” болохын хүсэл намайг урагшлуулж, зүтгүүлж ном хэвлэлийн зам руу уруу татсан ч байж магадгүй. Их хүмүүн гэдэг ийнхүү гэрлээ зөрөөд өнгөрөхийн завдалд л асгаж явдаг гэгээнтэн байдаг ажгуу.

 

Д.Урианхай:

Инээд шиг хуучин хүний амьдралд

Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх Үхэл шиг
Давтагдахгүй байх!...
Нулимс шиг хуучин хүний амьдралд
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр олох!...
Харагдахгүй Бурхан,
Мартагдахгүй гомдолдоо
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
Гомдол шиг хуучин хүний амьдралд
Харагдахгүй Бурхан шиг ил байх!
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг
Дахиад яасан ч тэвчихээргүй
Тэсрэмтгий байх!
Өчигдрийнх шиг,
Уржигдрынх шиг
Утгагүй тарчилгах удаан өдрөөс
Дахиад яасан ч амьд үлдэхээргүй
Тэрсүүд байх!
Инээд шиг хуучин...
Нулимс шиг хуучин...
Гомдол шиг хуучин...
Харагдахгүй Бурхан шиг...
Хүний амьдралд
"Байхгүй юм" шиг нь
Үргэлж шинэ байх!
"Байгаа" бүгдээс нь
Мөнхөд өөр байх!...

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com