Зун цаг монголчуудын хувьд аялал зугаалгийн мөч байсаар ирсэн. Утаат Улаанбаатараас, усан нийслэлээс гарч байгалийн сайхныг бахдан дуулж явах нь нүүдэлчин монголчуудын цусанд шингэсэн нэг араншин бололтой. Хүсэн хүлээж наадам өнгөрөнгүүт л хүлээснээс алдуурсан мэт хөдөө тийш зүглэдэг нь бидний зан. Харин ингэж аялж зугаалж явахдаа сэрэмж болгоомжоо өндөрсгөж, амь насаа бүрэн хамгаалж чаддаг уу. Ядаж л холын замд хурдаа тохируулж явдаг уу. Гол усанд орохдоо аврах хантааз өмсдөг үү. Энэ бүхнээс болж бид зуурдаар орчлонг орхиод байна шүү дээ. Энд баримт дуулгая.
Өнгөрсөн баяр наадмын 09-14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс 1368 дуудлага мэдээлэл хүлээн авснаас Зам тээврийн осол, хэргийн шинжтэй 679 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, нийслэлд хоёр, орон нутагт 21 хүний амь нас хохирсон байна. Үнэхээр харамсалтай. Наадамдаж яваад л амиа алдаж гэж бодохоор харамсаад ч баршгүй. Наадамдаагүй ч бай, хамаагүй, гол нь хурдаа бүү хэтрүүл. Ямартаа л цагдаагаас “Яараад яахав дээ” гэдэг аян зохион байгуулах вэ дээ. Ингээд байхад л хурдлаад байдаг яасан сэтгэхүйтэй хүмүүс вэ гэж халагламаар. Дахиад баримт. Зам тээврийн 15 ноцтой ослын улмаас нийт 23 хүний амь нас эрсдсэн харамсалтай хэрэг гарчээ.
Амь насаа алдсан иргэдийн гурав нь хүүхэд байна. Амь насаа алдсан хүмүүсийн хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл, жолооч дөрөв, зорчигч 14, явган зорчигч тав байна. Хүний амь нас хохирсон дээрх 15 тохиолдолын 10 тохиолдол нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байна.
Тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдох хүртэл хурдласан байх нь. Юунд яарч, зуурдаар бурхны орныг зорино вэ. “Сайн яваад ирэв үү” гэдгээс бус сайхан дахиад ирэв үү гэдэггүй сэн.
Өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 560 гаруй хүний амь нас хохирч, 770 гаруй хүн гэмтэж бэртсэн байдаг. Манай улс 3 сая гаруй хүн амтай. Хамгийн сүүлд Авто тээврийн Үндэсний төвөөс авсан мэдээллээр манай улсад нэг сая 143 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Харин жолоочийн тоо нэг сая 324 мянга. Тэгэхээр нийт хүн амынх нь бараг тал нь жолооч болчихсон энэ цаг үед бие биедээ хүндэтгэлтэй хандаж, өөрсдийгөө хайрламаар. Бидний дэндүү гэмээр энэ хэнэггүй зангаас болж, аргаа барахдаа зам тээврийн осол хамгийн их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгуулах, мэдлэг олгох ажлыг цагдаагийн байгууллагаас эхлүүлснээ зарласан. Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 50 хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг. Иймд иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор Монголын Улаанзагалмайн нийгэмлэг, Зам, тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын байгууллага, Монголын авто холбоотой хамтран улсын хэмжээнд хамгийн их зам тээврийн осол гардаг авто замуудын дагуу "Анхны тусламжийн цэг"-үүдийг эхний ээлжид Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчих авто замд байгуулж байгаагаа хэлсэн.
Улсын хэмжээнд жилд дунджаар 500 орчим хүн ослын улмаас амь насаа алдаж байна гэдгийг ч тэд хэлсэн. Дайны үе биш, энхийн цагт цөөхөн монголчууд хурдаа тааруулж яваагүйгээс, хувиа хичээж, бусдыг хүндлээгүйгээс ингэж олноороо амиа алдах ямар хэрэг байна вэ. Дөрвөн сая ч хүрээгүй монголчууд зам тээврийн ослоор жилд 560 гаруй хүнээ алдаж байна гэдэг бол эмгэнэл шүү. Шуудхан хэлэхэд, зам тээврийн осол хамгийн их гардаг 50 хар цэгт "Анхны тусламжийн цэг"-үүдийг байгуулахаас өмнө замаа засах хэрэгтэй байна. Замаас болж амь үрэгдэж байгааг тооцох ёстой. Сайхан замаар сагсуурч яваад эндсэн бол хохь нь гэх сэн. Гэтэл тийм зам Монголд хэд билээ. Үүнийг ч бодолцож үзмээр.
Нөгөө нэг зүйл нь, байгалийн давтагдашгүй хүчин зүйл буюу үер усны асуудал. Тухайлбал, долдугаар сарын 11-14-нд гурван аймаг болон нийслэлд 11 хүн усанд осолдож амь насаа алдсан байна. Төв аймагт гурав, Хөвсгөлд гурав, Сэлэнгэ аймагт нэг, Говь-Алтайд нэг, Улаанбаатар хотод гурван хүн энджээ. Үүний хоёр нь 2-11 насны хүүхэд. Мөн Хөвсгөл нууранд 7-58 насны гурван хүн эндсэн гэсэн харамсалтай мэдээлэл байна. Стандартын бус зүйл буюу хийлдэг гудас, завь ашигласнаас болж хүүхэд амь насаа алдсан тохиолдол гарсаар байна. Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд 3-6 насны гурван хүүхэд завин дээр суугаад нуурын гүн рүү хөвж яваад завь нь хөмөрч, аврагчид аварсан хэрэг гарсан. Мөн моторт завь эвдэрсний улмаас Буйр нууранд долдугаар сарын 12-нд дөрвөн том хүн живснийг аврагчид эрэн хайж, энэ сарын 15-нд улсын хилээс долоон километрийн цаанаас олсон байна. Буйр нуурын эрэг дүүрэн амрагчтай байна лээ. Харин цагдаа нар ажлаа сайн хийж, тэнд байсан хүн бүрт моторт завьтай хүмүүс алга болсныг сануулж, сэрэмж болгоомжтой байхыг анхааруулж байсныг тэнд амарч байсан хүний хувьд батлан хэлмээр байна. Долдугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд ийм мэдээ сонсохдоо тэдгээр дөрвөн том хүн эндсэн байхдаа л гэж бодож байсан юм. Харин хотод ирснийхээ дараа эсэн мэнд олдсоныг нь сонсоод азтайд нь баярласнаа нуухгүй. Өмнө нь аврагдсан гурван хүүхэд аврагчдын завинд мөргөж байгаа зураг нь сошиал ертөнцөөр тархсан нь нэг талаар талархлаа илэрхийлж байгаа нэг хэлбэр байсан. Харин моторт завины дөрөв яасан бол.
Ер нь ингэж, амиараа дэнчин тавьж аялж, зугаалах хэрэг байна уу. Өөрөөсөө илүүтэй бусдад хүндрэл учруулж аялах ашиг сонирхол юу вэ. Байгалийн сайхныг биширч, Монголоороо аялах сайхан. Гэхдээ хэн нэгэнд төвөг удаж, аяллаа там болгомооргүй л байна.