Өнгөрсөн долоо хоногт олны анхаарал татсан шүүх хуралдаанууд болж, шийдвэрээ танилцуулаад байна. Тухайлбал, Оюутолгой болон Дубайд гарын үсэг зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал болж, шүүгдэгч нарт хорих ял оноосон бол, нийт 11.389 иргэнд 26 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний бизнестэй холбогдох хэргийн шүүх хурал болсон юм. Мөн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн шүүхэд эхэлсэн ч, өнөөдөр (2020.07.20) үргэлжлэн хуралдахаар завсарласан билээ.
Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноолоо
Оюутолгой болон Дубайд гарын үсэг зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал долдугаар сарын 16-ны 09:00 цагт эхэлж, бүтэн зургаан өдрийн турш үргэлжилсний эцэст долдугаар сарын 17-ны орой шийдвэрээ танилцуулсан юм.
Тодруулбал,
1. Шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ял тус тус шийтгэж,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн нийт 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял,
2. Шүүгдэгч Б.Бадралд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял,
3. Шүүгдэгч Б.Бямбасайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял,
4. Шүүгдэгч Д.Ганболдод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял,
5. Шүүгдэгч Б.Ариунсанд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ” гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлсэн.
Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан байдаг. Шүүх хуралдаан долдугаар сарын 6-нд эхэлсэн өдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарт авсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан юм.
Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт шүүх хурлын явцын талаар "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ хуралд оролцуулахгүйгээр хамжигч гэж хэдэн хүн авчраад шүүх хурал хийх нь учир дутагдалтай байна. Миний үйлчлүүлэгч Б.Бямбасайхан УИХ, Засгийн газраар дэмжиж, батлагдсан гэрээг биелүүлж, ажлаа хийсэн хүн" хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.
Маш олон хохирогчтой “Жи тайм” сүлжээний хэргийг шийдвэрлэв
“Жи тайм корпоррейшн” ХХК нь нийт 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай маш олон хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй тун онлайнаар шүүх хурлыг зохион байгуулсан билээ.
Ингээд “Жи тайм” сүлжээний бизнестэй холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 17-нд болж, тус хэрэгт холбоотой Э.Оюунчимэгт таван жилийн хорих ял оноов.
Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи тайм” гэх нэртэй сүлжээ 2017 онд Монгол Улсад дэлгэрч, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн халаасыг ухаж, өөрсдийнхөө халаасыг зузааруулсан ч өдийг хүртэл залилуулсан иргэд мөнгөө авч чадаагүй байгаа юм. “Жи тайм” сүлжээний бизнесийн захирал Казахстан улсын иргэн М.Маратын тухайд түүнийг 2017 онд нисэх буудлаас их хэмжээний мөнгөтэй байхад саатуулсан ч 2018 оны эхээр батлан даалтаар сулласан байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр М.Марат нь одоог хүртэл ор сураггүй хэвээр байгаа бөгөөд хууль хяналтынхан хүүгээс нь тайлбар авахад “2017 онд Монгол Улс руу ажлынхаа шугамаар явснаас хойш аавтайгаа уулзаагүй, сураггүй байгаа” гэжээ.
Иймээс М.Маратад холбогдох үйлдлийг нь тусгаарлаж, түүний хамжигч Э.Оюунчимэг тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлж, таван жилийн ял оноов. Шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хошууч генерал Б.Хурц нарын хэргийг өнөөдөр үргэлжлүүлж шүүнэ
Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан Төв аймгийн шүүхэд өнгөрсөн баасан гарагт эхэлсэн. Энэ өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгийг сонссоноор шүүх хуралдаан түр завсарлаж, долдугаар сарын 20-ны Даваа гарагт үргэлжлүүлэхээр болсон юм.
Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм. Тус хэрэгт Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна О.Бямбажав, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар холбогдоод байгаа юм. Өмнө нь буюу зургадугаар сарын 8-нд уг асуудлыг шийдвэрлэх шүүх хурал товлогдсон ч шүүгчдээс татгалзах улсын яллагчийн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд хойшилсон байна.