Ардчилсан залуучуудын холбооны санаачилгаар “Шинэ давалгаа” андууд чуулган Дорнод аймагт энэ сарын 28-30-нд болно. Чуулганы талаар Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даштай ярилцлаа.
-Дорнод аймагт зүүн бүсийн хоёр аймаг, нийслэлийн гурван дүүргийн залуусыг нэгтгэсэн томоохон чуулган зохион байгуулах гэж байна. Чуулганы зорилго болон ярих гол сэдвүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Монголын улс төр болон нийгмийн хүрээнд шинэ залуу үе гарч ирэхийг шаардсан хүлээлт үүсээд байна. Залуусын улс төр дэх оролцоо, тэдний шинэ хандлага Монголын нийгмийг улс төрд урагш чирж явахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Ардчилсан залуучуудын холбооны санаачилгаар Монгол орон даяар залуучуудын “Шинэ давалгаа” гэсэн хөдөлгөөнийг өрнүүлэх гэж байна. Энэ хөдөлгөөний үзэл санаа нь залуусын улс төр дэх болон нийгмийн амьдрал дахь оролцоог идэвхжүүлэх, нэмэгдүүлэх, манлайлах зорилготой. Гэхдээ уг хөдөлгөөнд харанхуй шууд нэгдэж оролцох бус залуучууд оролцооныхоо үнэт зүйл мөн чанарыг сайтар ойлгож байх ёстой гэсэн зорилго тээж байгаа.
-Оролцооны мөн чанар гэхээр чухам ямар байх ёстой гэсэн үг вэ?
-Бид өнөөдөр ямар нийгэмд амьдарч байна, ирээдүйд ямар нийгмийг бүтээх гэж явна, үүний гол утга санаа юу байх бол гэх мэтчилэн асуулт хүн бүхэнд тулгардаг. Тухайлбал, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм бүтээх тухай ярьдаг шүү дээ. Тэгвэл энэ нийгмийн гол үндэс, үнэт зүйлс, суурь зарчим гэж юу вэ? Энэ бүх асуултын хариултыг нийтээрээ, ялангуяа залуус бид ухамсарлаж, ойлгох цаг тулж ирээд байна. 30 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийж, Монголын түүхэнд хамгийн үнэ цэнэтэй хувь хүний эрх, эрх чөлөөг тунхагласан. Хүнд байгалиас заяасан гол эрх, эрх чөлөөг олж өгсөн гэдгээрээ их ач холбогдолтой хувьсгал болсон гэж би боддог. Тиймээс бидний үеийн залуус өнөөдөр ардчиллын үнэ цэнэ, үйл хэргийг үргэлжлүүлэх, түүчээлэх, буухиалах хариуцлагатай цаг хугацаанд ирсэн. Цаашид ардчилсан нийгэм жинхэнэ утгаараа бэхжихэд залуучуудын оролцоо ямар үүрэгтэй, нөлөөтэй вэ гэдгийг хэлэлцсэн “Шинэ давалгаа”-г эхлүүлэх ёстой гэж харж байна.
-Таны яриад байгаа шинэлэг арга барил, үзэл бодлоор ажиллах цаг ирсэн гэдэгтэй санал нэг байна. Дорнод аймгийн хэмжээнд эрх барьж байгаа МАН маш олон жил засаг барилаа. Тэгвэл аймгийн хувьд сөрөг хүчний залуучууд арга барилаа хэрхэн өөрчилж ажиллаж байна вэ?
-Дорнод аймаг гэлтгүй хөдөө орон нутаг дахь залуучуудын улс төр дэх болон нийгмийн шинж чанартай үйл ажиллагаанд идэвхтэй оролцох байдал туйлын хангалтгүй түвшинд байна. Иймд залуусын оролцоо хэзээ нэмэгдэх бол гэж хүлээж суухаас илүүтэй ахуй амьдралаа төвхнүүлэх, сурч боловсрох үйлсийнхээ зэрэгцээ шинэ давалгаанд хамт нэгдээсэй гэж уриалмаар байна. Залуус нэгнээ манлайлж, магад улс төр дэх болон нийгмийн харилцаан дахь залуучуудын үйл ажиллагааг ямар нэг байдлаар дэмжих хөшүүрэг бий болгох ёстой мэт санагддаг. Бидний яриад байгаа шинэ давалгаа, зөв хандлага гэдэг тун энгийн ойлголт. Та өглөө 10.00 цагт босдог бол 07.00 цагт бос. Ингээд нэг ном уншиж, мэдлэг болохуйц нэг мэдээлэл олж харах хэрэгтэй. Эндээс л өөрөө өөрийгөө, цаашлаад улс орноо өөрчлөх шинэ хандлага эхэлнэ. Хүн орчноо өөрчилж чадвал бусадтайгаа илүү нээлттэй ойлголцож, хөгжиж чадна. Түүнээс биш улс төрийн нам гэж талцахдаа асуудлын гол оршихгүй. Залуучуудыг нийтээрээ нэг хүсэл, нэг тэмүүлэлтэй байгаасай, үүний төлөө давалгаалаасай гэсэн зорилгын үндэс дээр “Шинэ давалгаа” хөдөлгөөнийг Ардчилсан залуус санаачлан эхлүүлж байгаа юм.
-Нэг удаагийн чуулган зохион байгуулаад залуусын сэтгэлгээг өөрчилж чадахгүй. Цаашид “Шинэ давалгаа”-г хэрхэн өрнүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Ардчилсан намын ах, эгч нар бусад улс төрийн хүчнийхээс ялгаатай байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Хэдийгээр “Залуусдаа зай тавьж өгдөггүй” гэсэн шүүмжлэл байдаг ч гэлээ тэдний үзэл бодлоор бол “Залуус хүнээр биш өөрөө өөртөө боломж гаргах ёстой” гэдэг байр сууринд бат зогсдог. Энэ бол хэн нэгнээр дээш татуулж, үүрүүлж, дамжуулж улс төрд гарч ирэх ёсгүй гэсэн суурь зарчимтай холбоотой гэж ойлгодог. Үүгээрээ л бусад намаас ялгарч байдаг байх. Тэр нь ч зөв гэж боддог хүний нэг нь би. Нэг талаар, “Шинэ давалгаа” нь ардчилсан залуучуудын гаргаж тавьж буй уриа гэлтэй. Энэ давалгаанд нэгдэгсэд бол нийгмээ өөрчлөх залуучуудын шинэ хүч байна гэж хараасай гэж бодно. Тиймээс ирэх наймдугаар сарыг хүртэл улс орон даяар таван бүсийн “Шинэ давалгаа” залуучуудын чуулган зохион байгуулна. Чуулна гэхээр л хэсэг бүлэг залуус нийлж, цэц булаалдахад асуудлын гол оршихгүй гэдгийг онцлон хэлье. Энэ бол мэдлэг солилцсон, бие биедээ урам хайрласан, их зүйлийг сурч, таньж мэдсэн маш чухал ач холбогдолтой чуулган байх болно.
-Танай аймагт хэзээ болох вэ. Хичнээн залуус оролцох төлөвтэй байна вэ?
-Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Баянзүрх, Багануур, Налайх дүүргийн 600 орчим залуус оролцох төлөвлөгөө гарсан байна. Гурав хоногийн турш “Шинэ давалгаа”-г тойрч ярилцана. Ингэхдээ түрүүнд хэлсэнчлэн зүгээр нэг сандал ширээ тойрч суугаад, нэг нь лекц уншиж, нөгөө хэд нь сонсоод өнгөрөх байдлаар хийхгүй. Шинэлэг, залуучуудын гэдэг утгаараа өнөө үетэйгээ хөл нийлүүлсэн байх нь чухал гэж харж байна. Энэ нь уйтгартай, залхуутай болохгүй гэсэн баталгаа. Чуулганы хүрээнд бид гурван асуудлыг тойрч ярилцана. Эхнийх нь, улс төрийн намын үзэл баримтлал, үнэт зүйлс гэж юу болох, бид юугараа ялгарах ёстой, залуучууд үүнийг ямар өнцөгөөс харах вэ гэх мэт сэдэв байна. Хоёр дахь нь, залуучуудын боловсрол, ажил эрхлэлтийн тухай байх бол гуравдугаарт, орон нутаг дахь залуусын идэвх санаачилга, оролцоо ямар байгаа талаар тойрч хэлэлцэнэ. Манай залуучууд улс төрчдийн өнөөгийн хийрхэл, “попролтыг” амьдралаас нь хол юм шиг ойлгож, хөндлөнгөөс ажиглаж суудаг. Гэтэл бидний өдөр тутмын амьдралтай холбоотой шийдвэрүүд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж гарч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, улс төрд гарч байгаа аливаа шийдвэр нь маргааш бидний амьдралд шууд нөлөөлдөг гэсэн үг. Инфляци, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэх мэтчилэн. Тиймээс зүгээр л хараад суух биш сэтгэлгээ, хандлагаа өөрчлөж оролцох цаг ирсэн гэдгийг уриалж байгаа хэрэг.
-Сүүлийн үед тэгш оролцооны тухай их ярих болсон. Тэгш оролцоо гэдэг үг манлайлалтай зайлшгүй холбогдож таарна. Тэгш байна гэхээр, эсвэл манлайлна гэхээр яг ямар байх ёстой юм бол?
-Зарим хүмүүс лектор байхыг манлайлал гэж хараад байх шиг. Их гоё ярих юм бол хүнд таалагдана гэж эндүүрдэг. Миний хувьд, манлайллыг хүлээн зөвшөөрөгдөх байдал гэж ойлгодог. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд биеэ зөв авч явах, бусаддаа нөлөөлөх, чиглүүлэх, зохион байгуулах чадвар эзэмшсэн байхыг шаарддаг болов уу. Аймгийн намыг удирдаж яваа хүний хувьд Ардчилсан намыг сонгож, хүндэтгэж явдаг хүмүүсийн бодлогын түүчээ нь гэж үүргээ ухамсарладаг. Дунд шатны намыг удирдана гэдэг өөрийгөө харуулах, тэнд хүлээн зөвшөөрөгдөх, манлайлах, хүчээ үзэх том талбар. Гэхдээ үүнийг суралцах талбар гэхээс илүүтэй ажил хийх талбар гэж харж байна. Ажил хийж, үр дүнд хүрч, хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Надад хэн нэг даргын цүнх барьж, биеэ оторлож суух бодол байхгүй. Би өсөж төрсөн нутагтаа өөрийн сурсан мэдсэн, хийж чадах үйлдэл, үйл хэргээ харуулж ажиллаж байгаа. Ингэж байж залуучууд хэн нэг хүн, фракцаар овоглох биш урт хугацаанд өөрийн хүч, өнгө төрхөөр овоглогдоно.
-Та ямар боловсролтой хүн бэ. Залуу хүний хувьд нам дагахгүйгээр эх орноо хөгжүүлэх боломж байгаагүй юу?
-Би 10 жилээ Дорнод аймагт дүүргэж, СЭЗИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Банк санхүүгийн салбарт найман жил, бизнесийн салбарт 10 гаруй жил ажиллалаа. Нэг үе улс төрийн намд элсэж яах билээ, өмнөх бизнесээ хийгээд явж байя гэж боддог байлаа. Ингээд гэр бүл зохиож, бизнесээ хөл дээр нь босгох гэж нэлээд шаргуу ажилласны эцэст нэг зүйлийг маш тодорхой ойлгосон. Юу гэхээр, бидний, миний үр хүүхэд ямар нийгэмд амьдрах вэ гэж. Магадгүй би чадлаараа бизнесийн салбарт зүтгээд мөнгө хуримтлуулж, гадаадад амьдарч болох л байсан. Гэхдээ хэзээ нэгэн цагт эх орондоо эргэн ирнэ шүү дээ. Тиймээс л таны, миний, бидний үр хүүхэд маань амьдрах тэр орчныг, тэр ирээдүйг өнөөдөр залуучууд бид өөрчлөн байгуулах ёстой гэдэг байр сууриндаа бат зогссон. Яах вэ, бид Сири, Венесуэль шиг яахаа алдаж, тартагтаа тулсан юм алга байна л даа. Гэхдээ одоо байгаагаасаа илүү сайн болох боломж байсан уу гэвэл тийм. Энэ шалтгаанаар дунд шатны намын байгууллагаас улс төрийн ажлын гараагаа эхлүүлсэн. Аймгийн намын даргын үүрэгт ажлаа аваад хагас жил орчим хугацаанд аймгаа гурван удаа бүтэн тойрч, залуустайгаа асуудал, гарц шийдлээ хамтдаа ярилцсан. Ардчилсан нам бодлогын нам байна гэдгээ улс орон даяар тунхагласан. Тиймээс энэ ажлыг аймаг, сум, багийн хэмжээнд таниулахаар ажиллаж байна.
-Ардчилал үнэт зүйлсийн талаарх таны ойлголт юу вэ. Яагаад заавал Ардчилсан намыг сонгов?
-Ардчилал, үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө бол миний сонирхдог сэдэв. Эрх зүйн философи, либериализм, либертари үзэл санааны тухай уншиж, судалдаг. Гэхдээ мэдлэг олох гэхээс илүү өөрийгөө олох гэж уншдаг гэх үү дээ. Хаана, юу хийж яваа хүн бэ гэдгээ хайж яваа хэрэг. Нэг удаа Ардчилсан намын гишүүн болсон гэдгээ найздаа хэлтэл “Яагаад Ардчилсан нам гэж” тэр надаас асуусан. Энэ бол энгийн хэрнээ намын бүх гишүүдэд тулгардаг асуулт байх. Тухайн үедээ хариулж чадаагүй ч дараа нь яагаад элссэн тухайгаа бодож үзтэл даацтай хариулт олоогүй. Ингээд олохын тулд маш олон зүйлийг дахин уншиж, харьцуулж, бодож тунгаасан. Эцэст нь, хариултаа олсон.
Ардчилсан намд бусад улс төрийн аливаа хүчнээс цаасан дээр ч, үйл хэргээрээ ч, амьдрал дээр ч ялгарах нэг онцлог байдаг. Энэ нь Ардчилсан намын аливаа нэг шийдвэр тухайн үедээ зөв эсвэл буруу мэт байдаг ч тэр шийдвэр, бодлогынх нь цаана хүний суурь эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн “үнэр” заавал үнэртэж байдаг юм. Тиймээс л Ардчилсан намын зоригтой шийдвэр, шийдвэрийнх нь цаана хувь хүний суурь үнэт зүйл рүү чиглэсэн бодлого явдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр сонголтоо хийсэн юм.
-Ярилцсанд баярлалаа.