Борооны улмаас үер, ус борооны улмаас автозам урсч эвдэрлээ гэдэг асуудал жилийн жилд яригддаг. Энэ зун илүү борошиж байгаа нь сүүлийн жилүүдэд тавьсан зам, гүүрийн бат бөх, чанарыг шалгасан сорилт боллоо.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийсэн судалгаанд дурдсанаар энэ сарын 16-ны өдрийн байдлаар манай улсын 19 аймгийн 46 байрлалд 195 км урт авто зам, замын байгууламжид хур борооны улмаас ноцтой эвдрэл үүсчээ. Долдугаар сарын 5-наас эхлэн нийт нугаар үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас бараг бүх аймгийн зам эвдэрснийг дээрх тоо харуулж байна. Олон улсын болон улсын чанартай тэдгээр замын эвдрэл гэмтлийг засварлахад 3.3 тэрбум төгрөг шаардлагатай ч Засгийн газар хоёр удаагийн шийдвэрээр 1.8 тэрбумыг нь л олгожээ.
Архангай аймгийн Цэцэрлэг-Тосонцэнгэл, Хархорин-Цэцэрлэг, Лүн-Дашинчилэн гэсэн гурван чиглэлийн зургаан километр урт авто замын хөвөө угаагдаж, ус зайлуулах хоолой нь эвдэрч, зорчих хэсэгт шороо, чулуу овоорсон байна. Эдгээр зам нь 11-15 жилийн насжилттай. Шаардагдах мөнгө - 315.2 сая төгрөг
• Завхан аймгийн мөн гурван чиглэлийн 11 км урт замын далангийн хажуу налуу, зорчих хэсгийн хөвөө угаагдаж, модон гүүрний хажуугийн далан сэтэрч эвдэрсэн. Ашиглалтад ороод тавхан жил болсон энэ замыг засахад 174.5 сая төгрөг шаардлагатай аж.
• Төв аймгийн замын сүлжээнд багтдаг УБ-Дархан, Зуунмод-Налайх, Налайх-Тэрэлж, УБ-Өндөрхаан, УБ-Авайхээр гэсэн таван чиглэлийн авто замд гарсан эвдрэлийг засахад 445.9 сая төгрөг шаардлагатай гэнэ. Үүнээс Налайх-Тэрэлжийн зам хамгийн “залуу” буюу таван жилийн насжилттай.
• Өвөрхангай аймгийн Хархорин-Цэцэрлэг, Хархорин-Өгийнуур чиглэлийн зам 5-10 жил болсон. Эдгээр замд гарсан эвдрэлийг засахад 312 сая төгрөг зарцуулах юм байна.
• Сүхбаатар аймгийн Баруун Урт-Чингис чиглэлийн дөрвөн жилийн өмнө барьсан замд 254 сая төгрөгийн өртөг бүхий хохирол учирчээ.
Өдгөө 30 жилийн нүүр үзэж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам л гэхэд үерийн улмаас явахын эцэсгүй болж, олон арван хүний амийг авсан бөгөөд урьдчилсан байдлаар 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг ЗТХЯ-ны сайд асан Ж.Бат-Эрдэнэ цухуйлгасан. Аадар бороо зөвхөн авто замаар зогсохгүй хамгийн аюулгүйд тооцож ирсэн төмөр замыг ч шалгаад авсан. Энэ сарын 12-нд Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөнд болсон галт тэрэгний осол урьдчилсан байдлаар 200 сая төгрөгийн хохирол учруулсныг УБТЗ-ын удирдлагууд мэдэгдээд байгаа. Говьд л гэхэд өнгөрсөн зун 19 удаа үер буужээ. Үүний улмаас Монгол Улсын экспортын гол урсгал болох Тавантолгой-Гашуунсухайт чилэлийн авто замаар нүүрс тээвэрлэх боломжгүй болж, тодорхойгүй хугацаагаар хаасан. Стратегийн ач холбогдолтой уг замыг засаж, хэвийн байдалд оруулахад зориулан “Эрдэнэс Монгол” компани 5.1 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр хүртэл гаргасан.
Үнэндээ үеэр устай холбоотой сорилт энэ жил бидний өмнө гэнэт гараад ирсэн асуудал огтоосоо биш. Харин жилийн жилд ийм асуудалд гарсаар байгаад улиг болон ужгирсан гэвэл дэгсдүүлсэн хэрэг болохгүй байх. Бид жилийн жилд багагүй хөрөнгө мөнгө зам засварын ажилд зарцуулдаг ч үр дүнд нь нүдэнд үзэгдэж, гарт баригдалгүй ахиад л үеийн усанд урчихдаг нь эмгэнэл гэлтэй. Зам засвар, гүүр далангийн шинэчлэлт, засвартай холбоотой хэдэн баримт дор дурдъя.
Тухайлбал, Увс аймагт энэ сарын 13-ны өдрийн 18.00 цагаас орсон аадар бороо үргэлжлэн орсны улмаас гол горхиуд үерлэж, онцгой нөхцөл байдал үүсч Улаангом-Хандгайт чиглэлийн автозамын 19 дэх км-т байрлах Шургадгийн сайрын 54 мeтр урт төмөр бeтон гүүр болон 32 дахь км-т байрлах Бага Түргэний 186 мeтр урт төмөр бeтон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж гүүрийн дамжих хавтан усанд унажээ. Ингэснээр аймгийн төвөөс Түргэн, Давст, Сагил, Бөхмөрөн сумыг холбодог автозам хаагдсан юм. Увс аймаг зарим автозам, гүүрийг засч шинэчлэх ажилд өнгөрсөн 2019 онд 13.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал, Гашууны голын төмөр бетон гүүрний их засварын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Гэтэл урт удаан үргэлжилж байгаа Гашууны голын гүүрний засварын ажил дуусаагүй байхад гол үерлэж, аймгийн төвөөс урд зүг рүү хот хооронд зорчих хөдөлгөөн бартаатай болжээ. Үер буусны улмаас гүүр сэтэрч, зам хагарч тээврийн хэрэгсэл, ОХУ-аас ирэх ачаа тээвэр зорчих боломжгүй онцгой нөхцөл байдал үүсээд буй.
-Төв аймагт энэ сарын 9-нд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагдсан. Үүний улмаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байв. Тус чиглэлийн замыг маргааш нь буюу долдугаар сарын 10-нд нээсэн ч жил бүр байгалийн шалгуурт орж тэнцэлгүй унадаг энэ замын асуудал хэзээ эцэслэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жилийн зургадугаар сард 20 гаруй км газрын 19 хэсэгт эвдрэл үүсч, улсад 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн 110-113 км-т засмал зам цөмөрч, зарим газарт далан нурж, 1300 орчим зорчигч, 28 автобус усанд боогдож байсан нь түүх болон үлджээ.
-Баян-Өлгий аймагт энэ сарын 14-нд орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас Буратын гүүр нурснаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсноос зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаагаад байсан юм. Тухайн зам нь ОХУ руу явах хилийн боомтыг чиглэдэг ч ийнхүү тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нь мөн л түүх болон үлдэх нь.
-Хөвсгөл аймагт энэ сарын 13-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозам эвдэрч мөн л тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Мөн аймгийн Хатгал-Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс дөрвөн км орчим зайд замын зорчих хэсэг гурван метр орчим сэтрээд байна. Уг замын засварт улсын төсөвөөс 300 орчим сая төгрөг төсөвлөж замын хөдөлгөөнийг өчигдрөөс нээсэн талаарх мэдээлэл байна.
Арваад жилийн өмнө баригдсан ус зайлуулах шугамгүй автозам олон бий
Үерт автозам урсч эвдэрсэн асуудал жилийн жилд яригддаг ч энэ жил үеэр устай холбоотой хохирол олон тэрбумаар яригдаж байна. Жилийн жилд орон нутаг төдийгүй нийслэлд автозам, гүүр үерт урсч эвдэрдэг эл асуудлын цаана автозамын чанар стандартад анхаардаг уу гэх асуудал хөндөгдөж буй. Албаны хүний тайлбарласнаар үерт урсч эвдэрсэн замууд нь олон жилийн насжилттай тул ашиглалтын хугацаа нь дууссан гэнэ. Их засварт орох ёстой ч хөрөнгө төсөв багатайгаас урсгал засвар хийгддэгтэй ч холбоотой аж. Автотээврийн үндэсний төвийн Орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнх-Од “Автозам барихад мэдээж тогтсон стандартыг баримтална. Гэхдээ олон жилийн өмнө баригдсан замууд нь борооны ус зайлуулах шугам, хоолой, далан байдгүйгээс үерт урсч, эвдэрч байна. Нөгөө талаас автозамыг шинэчлэх, засварлах хөрөнгө төсөв багатайгаас шалтгаалж байна. Орон нутаг төдийгүй нийслэлд ч бас арваад жилийн өмнө баригдсан ус зайлуулах шугамгүй автозам олон бий. Эдгээрийг шинэчлэх шаардлага зайлшгүй бий болсон” хэмээв.
Саяхны бороо эхлэл төдий байхыг үгүйсгэх аргагүй
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээллээр бороо дахин орох төлөвтэй. Өөрөөр хэлбэл, саяханы бороо эхлэл төдий байхыг үгүйсгэх аргагүй юм. Цаашид, жил ирэх тусам үүнээс ч их бороо хур орвол манай улсын бүх зам урсаж мэдэхээр байгааг энэ зун хангалттай харууллаа. Бороо 30 мм-ээс дээш орвол байгалийн аюултай үзэгдэл хэмээн тооцдог бол энэ жилийн тухайд 90, зарим үед 100 мм давж оржээ. Нэг мм хур тунадас гэдэг нь 100 ам метр талбайд 10 тонн ус хуримтласныг томъёолсон нэр. Ингээд бодоод үзэхээр манай улсын авто замын стандартад шинэчлэл хийхгүй бол улам илүү хохирол учирна гэдгийг урьдчилан тооцоолохоос аргагүй болж байна. Эсвэл бүр хийж чаддагаар нь гаднынхнаар бариулах нь урт хугацаандаа эдийн засагт хэмнэлттэй бөгөөд үр ашигтай харагдаж байна. Нарны замыг л аваад үзье. Энэ замыг япончууд Улаанбаатар хотод барьж өгөөд бараг 20 жилийн нүүр үзэх гэж буй. Гэтэл өнгөрсөн хугацаанд үерийн усанд автаад өм цөм хагарсныг нь бид харсангүй. Увс, Ховд аймгийг холбосон авто замыг нутаг орноороо явсан хүмүүс нь шагшиж байсан. Хэдхэн жилийн өмнө бондын хөрөнгөөр барьсан замууд эхнээсээ хагарч, цөмөрч байхад хятадуудын тавьсан орон нутгийн тэр зам засвар хийх шаардлагагүй, дардан сайхан байгааг зарим иргэд цахим хуудсандаа дурьдсан байна лээ. Үнэндээ орон нутагт манайхны өөрсдөө тавьсан зам талхан дээр масло долоолгосон мэт нимгэн бөгөөд өндөрлөгөө, далан, шуудуу хангалттай өндөр, бат бөх биш байгаа учраас л бороо, шар усны үерт “живж” байгаа хэрэг. Үүний бодит жишээг холоос хайх хэрэггүй бөгөөд Хөвсгөл аймгийн сэтэрсэн замын зураг үүний хангалттай гэрчилнэ. Адаглаад ус зайлуулах шугам хоолойг урьтаж барих ёстой байхад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг өнгөрсөн зуны борооны дараа дахин сэтэлж, хоолой гаргасан жишээ байна.
Бусад улстай харьцуулахад манай улсын нэг км зам тутамд зарцуулахаар тогтоосон мөнгө хоёр дахин бага
Монгол орон олон улс болон улсын чанартай 15.231 км замтайгаас 6.200 км нь хатуу хучилттай. Сүүлийн жилүүдэд замын ажил урьд өмнө байгаагүйгээр эрчимжсэн нь “Чингис” бондтой холбоотой байв. Энэхүү мөнгөнөөс 570 тэрбум төгрөгийг замын бүтээн байгуулалтад зарцуулсан гэсэн тоо байдаг. Тухайлбал, манай улс 1992-2012 онд 2,100 км авто замыг улсын хэмжээнд барьсан бол 2012-2016 онд 3,300, 2017 онд 377 километр авто замыг ашиглалтад оруулсан байдаг. Гэвч стандарт муу, эрсдэлийг тооцоолоогүй, эцэст нь хариуцлага хүлээх тогтолцоо нь тодорхой биш учраас хэчнээн шинэ зам тавиад нэмэргүй, жилийн жилд нөхөөс, засвар арчлалтад 40 орчим сая ам.доллар зарцуулж буй нь байх ёстой үзэгдэл мэт хэвшжээ. Түүнээс гадна бусад улс оронтой харьцуулахад манай тавьсан нэг км зам тутамд зарцуулахаар тогтоосон мөнгө хоёр дахин бага байгааг Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаанд тусгасан байдаг. Энэ нь мөнгөндөө таарсан чанаргүй зам тавих нэг шалтгаан байдаг байж болох юм. Тэгвэл 10 км муу зам барих мөнгөөрөө олон улсын стандартад нийцсэн 5 км чанартай зам тавьж яагаад болохгүй гэж.
Зургаа болон долоодугаар сард болсон аюулт үзэгдлийн улмаас 31.1 тэрбум төгрөгийн хохирол учираад байна
Уг нь авто тээврийн салбар бол эдийн засгийн хөгжлийн чухал салбар. Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Монгол Улсын тээврийн салбар 2017 он” судалгаанд дурдсанаар ДНБ-ий 78.7 хувийг хувийн хэвшлийн ААН-үүд бүрдүүлсний 57.9 хувийг тээврийн салбар эзэлжээ. Тус салбар 2017 онд нийт 1.422 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 54 сая тонн ачааг тээвэрлэсэн байна. Энэ оны эхний зургаан сард л гэхэд авто зам болон төмөр замын салбарын орлого 683.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Хэрэв тээврийн салбар доголдвол эдийн засагт их хэмжээний алдагдал үүсэх нь эндээс харагдах биз ээ. Тиймээс нэгэнт төмөр зам, авто замын хос сүлжээтэй болох боломжгүй байгаа нөхцөлд одоо эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзлэх энэ салбарын стандартаа олон улсад нийцүүлэхгүй л бол харамч хүн хоёр дахин төлдгийн үлгэр болох нь. Энэ оны зургаа болон долоодугаар сард болсон аюулт үзэгдлийн уршгаар аль хэдийнэ 31.1 тэрбум төгрөгийн хохирол учирсныг Үндэсний статистикийн хороо гаргачихаад байна. Үер уснаас үүдэлтэй нийт хохирлын хэмжээг тухайлан эцэслэж гаргаагүй байгаа гэдгийг сануулъя. Дэлхийн банк ч яг ийм сануулгыг энэ жил өгсөн. Тус банкнаас Монгол Улсын тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн төсвийн бодлого ба улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах чиглэлээр тухайлан судалгаа явуулснаа Улсын баяр наадмын өмнө танилцуулсан билээ. Уг тайланд дүгнэхдээ манай улсын Засгийн газрын ДНБ-нд эзлэх хөрөнгө оруулалтын хэмжээ эдийн засгийн хөгжлөөр ойролцоо орнуудтай харьцуулахад хамгийн өндөр хэрнээ үр ашиг нь хамгийн сул байгааг онцолсон бөгөөд эдийн засгийн цаашдын өсөлтөд улс төр, бүс нутгийн тогтворгүй байдлаас гадна цаг уурын гэнэтийн өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг эрсдэл нөлөөлж болзошгүй байгааг анхааруулсныг сануулмаар байна. тиймээс “Эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, дархлааг сайжруулахад чухал үүрэгтэй дэд бүтцийн салбартаа найдвартай хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам” хэмээн Дэлхийн банкны монгол дахь суурин төлөөлөгч Жэймс андерсон сануулсан юм. Эцэст нь “Утаанбаатар” нэрээсээ арай хийж салаад “Усанбаатар” нэртэй болж далайд гарцгүй улс 10 минутын аадар борооны дараа далайд гарцтай болж усан дундах Венец цаашаа болж, авто зам нь хууларч урсдаг энэ байдалтай эвлэрэх үү, тэмцэх үү гэдгээ бодох л үлдлээ.