Дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр агаарын болон авто замын боомтыг шат дараатайгаар хааж эхэлсэн. Улмаар гуравдугаар сарын 12-ноос Монгол Улс хилээ бүрэн хаасан юм. Нэгдүгээр сарын дунд үеэс Монгол Улсын иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилан сэргийлэхээр гадаад улсаас ирж буй хүмүүсийг нэвтрүүлэх тодорхой дүрэм мөрдөж эхэлснээс хойш улсын хилээр орж ирсэн хүний тоо 67 мянга гаруй болсон гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Дэлхийн 55 улсаас 11955 иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлээд байна
Хил хааснаас хойш 44 орноос 14 мянга 300 гаруй иргэн эх орондоо ирээд байгаа юм. Гэсэн хэдий ч гадаадад гацсан эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Энэ асуудлаар иргэдээс УОК-т өргөдөл гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан долдугаар сард 11 нислэг хийхээр төлөвлөж байсан ч УОК-ын шуурхай штабаас нөөц бололцоогоо нэмэгдүүлснээр нийт энэ сард 14 нислэг хийх болсноо мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл хилээ хааснаас хойш энэ долдугаар сард хамгийн олон буюу 3397 иргэнээ эх орондоо татан авч ирэх болсноо УОК-оос бахархалтайгаар мэдэгдлээ. Энэ сарын хамгийн сүүлийн нислэгийг 28, 29-нд Сөүл рүү, 30-нд Сидней рүү тус тус тусгай үүргийн онгоц хөөргөхөөр төлөвлөсөн байна. Тэдний өгч байгаа мэдээллээс манай улсын онцгой комиссынхон гадаадад байгаа иргэдээ үнэ төлбөргүйгээр авч ирж байгаа мэтээр бахархалтайгаар баатрын дүртэйгээр мэдэгддэг нь иргэдийн дургүй, зэвүү хоёрыг зэрэг хүргээд байгаа юм. Тэднийг өдөр бүр баатарлагаар мэдээлэл хийж байх хооронд гадаадад гацсан иргэдийн амьдрал улам бүр хэцүүдэж орон оронгүй идэх хоолгүй болсноо учирлаж байна. Одоогийн байдлаар дэлхийн 55 улсаас 11955 иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сараас ЭСЯ иргэдийн буцах хүсэлтийг хүлээн авч эхэлсэн. Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн дийлэнх хувийг 46 мянга гаруй иргэн оршин суудаг БНСУ-д байгаа монгол иргэд эзэлж байгаа юм. Гэтэл УОК-оос нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо ийнхүү өсч байгаа шалтгааныг тайлбарлахдаа “гадаадад суралцаж байсан оюутнууд сургуулиа төгсөөд нутаг буцах хүсэлт гаргаж байна. Мөн зун болж байгаа учраас нутагтаа ирж амрах хүсэлтэй иргэд байгаа учраас нутаг буцах иргэдийн тоо буурахгүй байгаа” гэв.
Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн 5497 нь УОК-оос тавьж буй таван шалгуурт тэнцэхгүй
Ямартай ч гадаадад байгаа иргэд бид зугаа цэнгэл, жаргал хөөж эх орноосоо гараагүй эрдэм мэдлэг, эрүүл мэнд, амьдралын эрхээр эх орноосоо гарсан. Бид коронавирус биш учраас зөвхөн монголчууддаа хилээ нээгээч гэдгийг удаа дараа учирлаж байгаа юм. Гэрийнхээ хаалгыг дотроос нь тас түгжчихээд өвлийн хүйтэн шөнө хүүхдүүдээ гадаа хөөгөөд гаргачихсан хойд эцэг, эхийн хүйтэн төрхийг бидэнд битгий үзүүлээч хэмээн арга ядан гуйж байна. Тэд өөр өөрсдийн учир шалтгаанаа, харих хүсэлтээ УОК-т тайлбарлан гэртээ харих хүсэлтэй ирүүлсэн. Гэтэл ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигийн хэлж байгаагаар Хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг агуулгаар нь авч үзвэл эх орондоо ирэх хүсэлтэй 11.951 хүний 5497 нь УОК-оос тавьж буй таван шалгуурт нийцэхгүй байгаа” гэдгийг хэллээ. Эх орондоо ирэхийн тулд гадаадад гацсан иргэд маань УОК-оос гаргасан шалгуурт эхний ээлжинд тэнцэх хэрэгтэй болоод байгаа юм.
Ирэх сард эх орондоо ирэх өргөдөл хүсэлтээ өгсөн иргэдийн 30-40 хувийг татан авахаар төлөвлөж байна
Иргэний нийгмийн байгууллагаас Гадаад харилцаа яам болон УОК-т маш олон асуудал тавьдаг. Иргэдээс ирж байгаа өргөдөлд тусгаарлах байрны хоногийг 14 хоног болгооч, хилээ нээгээч, үнээ буулгана уу гэсэн гурван санал тавьж байгаа аж. Гэтэл тусгаарлах хугацааг мэргэжлийн байгууллага нь тодорхой судалгааны мэдээлэл дээр үндэслэж шийдвэрээ гаргаж байгаа учраас Гадаад харилцааны яамны зүгээс тодорхой тайлбар тавих боломжгүй. Хил нээх асуудлыг бас их ярьдаг. Хилээ нээ гэж байгаа нь халдвар хамгааллын дэглэмээ битгий сахиул гэсэнтэй агаар нэг. Өнөөдрийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй байгаа учраас иргэд тайвширч байгаа. Дэлхийн 216 улсад халдварын тохиолдол буурахгүй байгаа гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Дэлхийд халдвар авсан хүний тоо буурахгүй байгаа. Иймээс хилээ нээх нь улс үндэсний аюулгүй байдалд болон иргэний амь настай холбоотой асуудал учраас шууд хилээ нээх асуудал хүндрэлтэй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй гэдгийг албаныхан удаа дараа учирлаж байна. “Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн өргөдөлд үндэслэн наймдугаар сард хийх нислэгийн хуваарийг төлөвлөсөн. Удахгүй болох Улсын Онцгой комиссын хурлаар эцэслэн шийдвэрлэнэ. Харин ирэх сараас нислэгийн тоог нэмэгдүүлж эх орондоо ирэх өргөдөл хүсэлтээ өгсөн иргэдийн 30-40 хувийг, бүр боломжтой бол 50 хувийг татан авахаар төлөвлөж байгаа гэдгээ ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдэгдээд байна.
Зочид буудлаа иргэдийг тусгаарлах зориулалтаар ашиглуулбал бизнесийн нэр хүнд унана
Одоогоор улсын хэмжээнд 65 тусгаарлах байранд 3170 орчим иргэн тусгаарлаад буй. Харин гадаадын 55 улсаас эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн иргэдийг ангиллаар нь задалбал:
• 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
• 740 нь өвчний магадлагаатай,
• 797 нь өндөр настан,
• 240 гаруй нь жирэмсэн,
• 1,553 нь оюутан,
• 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч,
• 13 нь хүүхэд
• Бусад 4,300 гаруй нь жирийн иргэн байна.
Иргэдээ бүрэн татан авахад агаарын тээвэр, эм, эмчилгээний зардал зэрэгтээ зохицуулалт хийх боломжтой. Гэсэн хэдий ч хамгийн хүндрэлтэй асуудал нь, тусгаарлах байр гэнэ. Нийслэлийн хэмжээнд 260 орчим зочид буудал байгаагаас байрны багтаамж, хоол үйлдвэрлэлийн чадамж, харуул хамгаалалт гаргах боломжтой зэрэг үзүүлэлтэд 27 нь л тэнцжээ. Гэвч эдгээр 27 зочид буудал тусгаарлалтын үйл ажиллагаа ажиллагаа явуулахаас татгалзсан байна. Учир нь, 50 мянган төгрөгөөр өрөөний зардлаас гадна гурван удаагийн хоолоор үйлчлэхэд хүрэлцэхгүй, олон улсын зэрэглэлтэй зочид буудлаа иргэдийг тусгаарлах байр болгон ашиглуулахад бизнесийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлнө, томоохон зочид буудлуудад монгол иргэдийг байрлуулахаар тавилгыг нь эвддэг. Ариутгалын бодис тавилга, хивсэнд нь толбо үлдээдэг гэх мэт шалтгаанаар татгалзсан байгаа юм. Өргөн уудам газар нутагтайгаараа бахархах омогших дуртай гуравхан сая монголчуудад аравхан мянган хүнээ багтааж шингээх зай талбай олдохгүй байгаа нь сэтгэл дутсаных уу, зүтгэл дутсаных уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Төлбөрөө төлсөн учраас зохих ёсны эрүүл ахуйн, чанар, тав тухтай байдлыг шаардах нь зүй хэрэг
Ёстой нэг гүйгүүл морь шиг эх орноо зорин тэмцэн зүтгэсээр ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа байр, тэдэнд өгч байгаа хоол хүнсний талаарх гомдол цахим ертөнцөд тасрахгүй хөвөрсөөр. Үнэндээ тэд төлөх ёстой зардлаа хэд дахин нугалж төлөөд ирсэн хүмүүс. Төлбөрөө бүрэн төлсөн учраас зохих ёсны эрүүл ахуйн, чанар, тав тухтай байдал шаардах нь зүй хэрэг. Гэтэл бараг л очоод аваад ирж байхад байруулсан газрыг голлоо, эрх ямба хүслээ гээд л нийгмийг талцуулах ажлыг УОК-ынхон чамгүй сайн хийсэн. Тухайлбал, Хэдэн сарын өмнө УОК нэгэн хуралдааныхаа үеэр “Нэг эмэгтэй мөөгтэй хоол идэхгүй гэсэн” хэмээсэн. Тэгэнгүүт иргэд “Юун цамаан юм бэ. Жаргалаа хөөж гадаад явчихаад ирсэндээ дуугүй баярлаж суухгүй” гээд баахан шүүмжилсэн. Гэтэл өнөөх иргэн нь жирэмсэн эмэгтэй байсан. Мөн саяхан УОК-ын хурлын үеэр “Тусгаарлалтад байгаа нэг иргэн зөвхөн цэвэр усаар хоол хийлгэнэ гэсэн” хэмээн иргэдэд ээлжит “хов”-оо зөөсөн. Иргэд яах вэ, сурсан зангаараа баахан шүүмжилсэн. Гэтэл өнөөх залуу нь гадаадад хорт хавдраа эмчлүүлээд ирсэн Г.Батзаяа байсан шүү дээ. Гам барьж байгаа тул хоолондоо заавал цэвэр ус ашиглахыг эмч нар түүнд зөвлөж, захиж л дээ. Гэтэл өнөөхийг нь иргэд ойлгохгүй, яагаад тэгснийг тунгаахгүй шүүмжилсэн юм билээ. Мөн өчигдөр өглөөний 07.39 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна. Эдгээр иргэдээс дөрвөн иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бол Цэргийн төв эмнэлэг, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлахаар болсон билээ. Тэгвэл "Баянхангай" амралтын газарт хуваарилагдсан 18 иргэн амралтын газрын үүдэнд суулт зарласан байна. Тэдний зүгээс тусгаарлалтын өрөөнд ганц ганцаараа орох шаардлага тавьж байгаагаас гадна тус амралтын газрын орчин нөхцлийг шүүмжилж, эсэргүүцэж байгаагаа цахимаар дэлгэсэн юм. Харин талаар УОК-оос ямар мэдээлэл хийж, юу гэж “арьс”-аа хамгаалахыг харах л үлдлээ.
“МӨНГӨГҮЙ Л БОЛ ҮХ” ГЭСЭН ҮГ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА
Энэ мэтчилэн тусгай үүргийн онгоцонд багтаж эх орондоо ирэх хүсэлтэй иргэдэд тавьж байгаа олон шалгуурын нэг нь санхүүгийн чадамж. Тухайлбал БНСУ-аас эх орондоо ирэхээр болсон Монгол Улсын иргэн Б хэлэхдээ “Би долдугаар сарын 28-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр буцах хүмүүсийн тоонд дөрвөн сарын дараа сая нэг багтлаа. Багтаагүй үлдэж байгаа хүмүүс ч олон бий. Иргэдийг таван шалгуур тавьж сонгож буй гэх ч эндэх нэг өндөр настан лав багтаж чадалгүй дөрвөн сар болчихлоо. Нислэгийн төлбөрөө бид өөрсдөө төлнө. Бангкок-Сөүл чиглэлийн нислэгийн үнэ нэг сая, 200 мянган төгрөг. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үнэ нэг сая, 400 мянган төгрөг. Энгийн үед Улаанбаатар-Сөүл чиглэлд, хоёр талдаа нэг сая төгрөгөөр нисдэг байсан. Харин ийм хүнд үед нэг талдаа нислэгийг яагаад хоёр-гурав дахин өндөр үнээр үйлдэж байгааг үнэхээр ойлгохгүй байна.
Очоод тусгаарлах байрын мөнгөнд нэг сая төгрөг, явахаас өмнө хийлгэх коронавирусийн шинжилгээнд 400 орчим мянган төгрөг төлнө. Ингээд нийт дөрөв орчим сая төгрөг хувиасаа төлж байж эх орондоо очих болж буй. Үүнийг “Мөнгөгүй л бол үх” гэсэн утгатай юм байна гэж ойлгож болмоор. Монгол хүн эх орондоо үнэ цэнгүй юм байна. Энэ мөнгийг төлж чадахгүй л бол тусгай үүргийн нислэгт хамрагдах боломжгүй. Ингээд жагсаалт дахь дараагийн хүнийг шууд оруулчихдаг” гэлээ.
“МИАТ” ТӨХК коронавирусийн үеийг далимдуулж эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээр “шархаа нөхсөн үү”
Ийнхүү нислэгийнхээ үнийг хэд дахин нэмсэн нь “МИАТ” ТӨХК коронавирусийн үеийг далимдуулж эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээр “шархаа нөхөж” байна гэх шүүмжлэл тасрахгүй байгаа юм. Тэгвэл “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр хэдхэн хоногийн өмнө “Бид 2020 онд 1200 гаруй нислэг хийхээр төлөвлөсөн боловч 533 нислэг үйлдсэн байна. Үүний 250 нислэг нь Ханбогд чиглэлийн дотоодын нислэг юм. Үлдсэн 21 нь тусгай үүргийн нислэг, 70 нь ачааны нислэг юм. Бид төлөвлөснөөсөө 54 хувиар бага нислэг хийсэн байна. Бид гуравдугаар сард Сөүл руу гурван ам.долларын ашигтай нисч байсан бол дөрөвдүгээр сард гурван гурван ам.долларын алдагдалтай, тавдугаар сард 35,000 ам.долларын алдагдалтай болсон байна. Жишээлбэл бид Токио руу нэг нисээд ирэхэд гуравдугаар сард 21 мянган ам.доллар, дөрөвдүгээр сард 26 мянган ам.доллар болж, алдагдал өссөн байна. Алдагдалтай байгаа шалтгаан нь нислэг 54 хувиар буурсан учраас нэгж нислэгт ногдох зардал ихэсч байгаа юм. Иймээс алдагдалтай ажиллаж байна. Нэгдүгээр сард Улаанбаатараас Сөүл нисээд ирэхэд 68 000 ам.долларын зардал гаргадаг байсан бол хоёрдугаар сард 76 000 ам.доллар, гуравдугаар сард 105 000 ам.доллар, дөрөвдүгээр сард 110 000 ам.доллар, тавдугаар сард 142 000 ам.доллар болж зардал нь хоёр дахин нэмэгджээ. Зардал ихтэй байгаагийн шалтгаан нь жилийн турш хийх нислэгүүддээ энэ зардлыг хуваадаг байсан юм. Гэтэл цөөхөн нислэгтэй байгаа учраас нийт нислэгт хамаардаг зардал ингэж өссөн. Дээрээс нь гадаадын нисэх буудлууд дээр нислэг цөөрсөн учраас тэдгээр нисэх буудлуудын газрын үйл ажиллагааны өртөг өссөн. Мөн бид нисдэггүй чиглэлүүд рүү нисэхэд газрын үйл ажиллагааны зардал тогтмол гэрээ байдаггүй учраас илүү үнэтэй байдаг. Сул зогсолтын үнэ гэж бас нэмэгдэнэ. Хагас бүтэн сайнд хоёр дахин нэмэгддэг зэрэг үнийн өсөлтүүд үүнд нөлөөлж байна. Тариф Улаанбаатар-Сөүл чиглэлд 432 ам.доллар байна. Өмнө нь билет авсан хүмүүс 170-350 ам.доллар зөрүү төлж нисч байгаа. Яагаад гэвэл зөрүү төлж байгаа зорчигчид бол хавар, намрын хямдралын үед хямдхан билет авсан зорчигчид байгаа юм” хэмээн тайлбарласан нь дээрх хардлага дэгсдээгүй гэдгийг батлах шиг. Түүгээр ч зогсохгүй өөр нислэгийн авиа компаниудад нислэг үйлдэх боломж УОК-оос олгохгүй байгаа нь олон асуудалд эргэлзээ төрүүлж хардлага үүсгээд байгаа юм.
Коронавирусийн халдварын улмаас харийн оронд гацсан монголчуудын амьдрал хугацаа алдах тусам хэцүүдсээр. Түүгээр ч үл барам эх орондоо аль болох бушуухан ирэхийн тулд хөгшин залуугүй, хүүхэд багачуудгүй жагсан тэмцэж, бүхий л гаргалгааг эрэлхийлж байна. Эх орондоо, элгэн садандаа, ижий аавдаа ирэх цаг ойрхон гэж итгэнэм.