Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Баярсайхан нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны долдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, Г.Тогтохбаатарт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг 10 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгчдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Одоогоос найман сарын өмнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан шийдвэр гаргасан юм. Мөн шүүгдэгч Сун Гуанг Чен-д мөн л хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон.
Дашрамд хэлэхэд, Төрийн банкны захирал Д.Баярсайхан 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжиан шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг зургаан сарын хугацаатай олгосон байдаг. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа дууссан ч төлөөгүй. Дээрх зээлийг олгохдоо Төрийн банкны захирал Д.Баярсайхан Банкны тухай болон бусад хууль зөрчсөн хэмээн буруутгагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан билээ. Чухам энэ асуудлаас болоод л Төрийн банкны ерөнхий захирлаас төмөр торны цаана суух түүний зам эхэлсэн байдаг.
Түүх яаж эхлэв, Д.Баярсайхан гэж хэн бэ?
Д.Баярсайхан бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү. Тэрбээр өөрөө “Д.Лүндээжанцан гишүүн бол миний авга ах. Миний аавын дүү нь. Яах аргагүй төрлийн холбоотой. Төрийн албанд ажиллалаа гээд бид энэ холбоогоо тасалж чадахгүй. Төрийн албанд ажиллахгүй байлаа гээд бид бас авга, дүүгийн холбоогүй болчихгүй. Ажил хийсэн ч, хийгээгүй ч би энэ хүнтэй холбоотой хүн. Харин миний ажил хийж байгаа нь авга ахын маань нэр хүндэд муугаар нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Намайг ажилд орлоо гэхээр над руу дайрахаасаа илүү тэр хүн рүү дайралт очоод байгаа юм шиг санагддаг. Уг нь би төрийн албанд бүр мэргэжилтнээс нь эхлээд бүхий л шатны ажлыг хийж ирсэн хүн шүү дээ. Би төрийн албаны гараагаа хуулийн сургууль төгсөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээс нь эхэлж байсан” хэмээн ярьсан байдаг. Тэгэхээр төрийн албыг төрлийнх болгодгийн залгамж халаа гэсэн хардлага өөрийн эрхгүй төрөөд байдаг юм.
Тийм ээ, Байнгын ажиллагаатай парламенттэй болсон цагаас хойш тасралтгүй 25 жил төрийн түшээгээр сонгогдсон авга ахад дүүгээ хажуу бөөрөндөө чирээд, боломж гарвал албан тушаалд томилчих хэмжээний лобби байгаагүй гэвэл түүн шиг үлгэр үгүй биз. Юу үнэн энэ үнэн. Тиймдээ ч Д.Баярсайхан гэдэг залууг албан тушаал ахих бүрт авга ах Д.Лүндээжанцангийн нэр овог мэт дагалдсан нь тодорхой. 2008-2012 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан Д.Баярсайханыг 2016 оны есдүгээр сарын 19-нд Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар тус банкны ерөнхий захирлаар томилжээ.
“Энэ нөхөр ийм муухай юм хийжээ” гэж ярихааргүй ажиллая гэж боддог
Төрийн банкны ерөнхий захирлын ажлаа авснаас хойш гуравхан сарын дараа Д.Баярсайхан ингэж ярьж байж. Магадгүй түүний сэтгэлийн чинад дахь хүсэл ч байж болох. “Ер нь хүн юу хэлэх ярих нь дараагийн асуудал гэж би боддог. Харин ажлаа хийгээд өгсний дараа “Энэ нөхөр ийм муухай юм хийжээ” гэж ярихааргүй ажиллая гэж боддог. Миний амьдралын зарчим ердөө л энэ. Хүний өөдөөс эгц харах чадалтай яв. Хоёрдугаарт, хуулийн хүрээнд нийтийн эрх ашгийг нэг номерт тавьчихсан байхад нээх айхтар алдахгүй байх. Ингэж хичээж ажиллахад буруутахаар зүйл гардаггүй л юм” хэмээх ярилцлагыг өгч явсан өдөртэй хүн. Мөн “Намайг ажил авахад, есдүгээр сарын балансаар 7.6 тэрбум төгрөгийн ашигтай байсан. Өнөөдрийн байдлаар 11.8 тэрбумын ашигтай гэж гарч ирж байна” гэсэн ам бардам үгийг хэлж явсан цаг түүнд бий. Харин хэлэх нэг өөр, хийх бас нэг өөр гэдгийг бид түүний үйлдлээс харсан. Гарчиган дээр өгүүлсэн шигээ ажиллаж тэр чадсан уу?
Үнэхээр Төрийн банк удирдах дайны хүн байсан уу?
Хариулах гэж яарсны хэрэггүй байх. Тэр өөрөө хэлэхдээ “Санхүүгийн зохицуулах хорооны даргаар есөн жил ажилласан. Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусахад жил дутуу байхад ажлаа өгсөн дөө. Энэ хугацаанд Монгол Улсын санхүүгийн салбар дахь төрийн зохицуулалтыг цогцоор нь хөгжүүлж чадсан гэж боддог. Эрх зүйн болоод хяналт, зохицуулалтын чадавхи эрс сайжирсан байгаа. Товчоор, Санхүүгийн зохицуулах хороо гэхээр банктай хамааралгүй байсан гэж ойлгох нь буруу юм. Учир нь тус байгууллагын удирдлагаар ажиллаж байх хугацаандаа Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нартай хамт санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж ирснээр надад банк, санхүүгийн салбарт ажиллах туршлагыг өгсөн.
Тэгээд ч өнгөрсөн хугацаанд банкууд үнэт цаасны зах зээлд андеррайтер, кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх болсон. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад ч хамрагдаж байсан. Ер нь банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэдэг бол жижигрүүлсэн банк гэж ойлгож болно. Тэгэхээр тэдгээр байгууллагын бүх дүрэм журмыг баталж гаргасан, зээлийн батлан даалтын сангийн захирлаар долоон сар ажиллаж банкуудтай шууд хамааралтай ажиллаж байсан болоод ч тэр үү банк бол надад ойр юм. Тиймээс ч Төрийн банкинд ажиллаад үзвэл яасан юм бэ гэж бодсон” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.
Харин 2008-2012 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан түүнийг тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд хариуцлагагүй ажилласан гэж үзээд 2014 онд ажлаас нь чөлөөлж байжээ. Яг үүн дээр дүгнэлт хийсэн бол, түүнийг алдааг нүдэн балай, чихэн дүлий мэт өнгөрөөгөөгүй бол, Төрийн банкны ерөнхий захирлаар томилоогүй бол Д.Баярсайхан гэх энэ залуу шоронгийн хаалга татахгүй байлаа.
Төрийн банкны захирлыг төмөр тор луу түлхсэн “Шинжиан Шинфа” гэж ямар компани вэ?
“Шинжиан шинфа” гэх ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани юм. Улсын бүртгэлд хэзээ хэрхэн бүртгүүлснийг нь үзвэл, хамгийн анх 2008 онд Улсын бүртгэлд Сун Гуанг Чен (Sun GuangChen) гэх гүйцэтгэх захиралтай “Барилгын засвар, засал чимэглэлийн чиглэл”-ээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр бүртгүүлж байжээ. Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө компанид олгогдсон 20 тэрбум төгрөгийг улс төрийн зорилгоор гаргасан байж магадгүй гэж тухайн үед зарим хэвлэлүүдээр мэдээлж байв. Улмаар 2017 оны аравдугаар сарын 23-нд “Си Вай Си Кэй” гэх ХХК, Сан Гуанг Ченийн хамтаар хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.
Тус “Си Вай Си Кэй” гэх ХХК нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр Ву ЗенЖун (Wu ZhenJun) гүйцэтгэх захиралтайгаар бүртгүүлсэн байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч ӨМӨЗО-ны Чи Ян Чунь, Барилгын материал, тоног, төхөөрөмжийн компани хэмээн бүртгүүлжээ. Ингэхдээ 2014 оны аравдугаар сарын 13-нд үйл ажиллагааныхаа чиглэлээ
-Уул уурхай, тоног төхөөрөмж, сэлбэгний худалдаа
-Барилгын материалын худалдаа
-Гадаад худалдаа хэмээн тус тус бүртгүүлсэн бол
2017 оны наймдугаар сарын 01-нд Барилгын материалын үйлдвэрлэл 3.4.7-д заасан заалтын дагуу \2017.07.16-2022.07.16\ хэмээн бүртгэгджээ. Тус компани:
-2012-2015 оны хооронд Улаангом-Хяргас нуур /100 км/ чиглэлийн авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэснийг улсын комисс хүлээн авсан байдаг.
-2016 он гэхэд 5,572 км авто замыг шинээр барьж авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Шинжиан шинфа компани Алтай-Баянхонгор /128 км/,
-Улаангом-Наранбулаг /90 км/,
-Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам 128 км
-Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2018 онд хөдөмөр эрхлэх зөвшөөрөл олгох аж ахуй нэгж байгууллагын жагсаалтад багтсанаар- Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай зам
-2015 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозам барих, шилжүүлэх эрхийг авсан байдаг.
Асуудал хэрхэн сөхөгдсөн бэ?
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудаснаа “2017.06.23-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулиас гурав хоногийн өмнө ажлын цаг дууссаны дараа Монголбанкнаас Төрийн банкныхныг тарж болохгүйг үүрэгдэж, 20 тэрбумын зузаатгалыг Монголбанкнаас хийж өгнө, нэн даруй "Шинжиан Шинфа" ХХК-д олгохыг чиглэл болгож, Төрийн банк ёсоор болгожээ” хэмээн жиргэснээс тус асуудлыг дахин олон нийтийн анхаарлын төвд оруулж ирсэн юм. Үнэндээ “Шинжиан Шинфа” гэх компани 300 сая төгрөгийн байраар л 20 тэрбумыг сольчихсон түүхтэй юм билээ. Түүнийхээ горыг амсаж, Төвийн банкны ерөнхий захирал асан Д.Баярсайхан, “Шинжиан Шинфа” ХХК-ийн захирал Сун Гуанг Чен нар хуучнаар бол Бүгд найрамдахаа уншуулж, тус бүртээ хоёр жилийн хорих ял авах нь тэр.
Харин уржигдар юу болов гэхээр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Баярсайхан нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны долдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих, Г.Тогтохбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих, Л.Чинбатад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох, Д.Ганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн Б.Цэндсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих, М.Болортуяад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 120 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан аж.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сун Гуан Чинд 2 жил хорих, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Ц.Энхтунгалагт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан юм. Харин Б.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд М.Болортуяад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, зүйлчлэл өөрчилсөнтэй холбогдуулан 120 сая төгрөгөөр торгох ялыг 20 сая төгрөг болгосон байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Г.Тогтохбаатарт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг 10 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгчдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэгэнт гурван шатны шүүхийн эцсийнх буюу Улсын Дээд шүүх ийм шийдвэр гаргасан болохоор Төрийн банкны захирал байсан Д.Баярсайхан төмөр торны цаана хугацаагаа дуусгах л үлдэж. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хассан байна.