“Нүүдэлчдийн соёлыг дээдэлье”, “Монголчууд бид нүүдэлчин ард түмэн” хэмээн цээжээ дэлдэгсэд олон. Гэтэл дэлхий даяараа хотжиж, газар сайгүй хүн амын суурьшил улам нягтран, шинжлэх ухаан техникийн дэвшил урьд хожид байгаагүй хурдтай хөгжиж байгаа энэ үед нүүдэлчдийн амьдрал ахуй, соёлоос татгалзаж хотжих шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Түм түжигнэж бум бужигнасан, 400 гаруй мянган автомашин хөлхсөн их хотод “Би билэг танхай монгол хүн” гээд хоёр машин тавих зайд машинаа хөндлөн тавих, буруу эгнээнд орчихоод хэдэн арван машины хөдөлгөөн хаагаад зүтгүүлэх, автобус унаан дотор утсаар тэн бангүй чанга ярьж хувийн амьдралаа дэлгэх юм уу, хэн нэгнийг муу хэлэх, машин тэрэг хөлхсөн замын гарцгүй газраар машинууд дундуур сүлжээд зам хөндлөн гарах бол, хээр хөдөө ганцаараа дуртай газраараа явж байсан та бидний нүүдэлчин амьдралын салшгүй нэг хэсэг. Ганц нэгээрээ нутаглаж, хээр хөдөө явж байхад бол хаана ч явж байсан нус шүлсээ хаяж, тамхины ишээ шидэж, буруу зөв хоолойгоор дуулж, бүр шалдан нүцгэн гүйж ч болно.
Их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэх бөгөөд цагаан давуу алчуураар толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн үсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүрхийтэл нийгээд, гэрт оров” хэмээн бичсэн чинь ёстой нүүдэлчин монголчуудын ХХ зууны эхэн үеийн төрх болохоос биш төв суурин газар, өнөөгийн Улаанбаатарт зохихгүй болчихоод байна.
Төсөрхөн дөө, нийслэл Улаанбаатар хотын төвд зогсоод морь харж байгаа нэг залуугийн зураг олон нийтийн сүлжээгээр тархаж олны уур цухлыг барав даа. Түүнийг Д.Нэмэхбаяр гэдэг, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажилладаг хэмээн zaluu.com сайтад энэ зургадугаар сарын 20-нд бичсэн байна.
Энэ бол монголчуудын “Мах идэвч манайшдаггүй, өөх идэвч өөрийншдөггүй” гэдэгчлэн улсынхаа нийслэлд, төрийн байгууллагад хариуцлагатай ажил хашиж байгаа ч гэлээ өнөө л нүүдэлчин омгийн цус генд нь байсаар байгаагийн илрэл. Энэ нөхөр өөрөө биш боловч эцэг нь эсвэл түүний өвөг нь өнөө л билэг танхай “нүүдэлчин” байсны ген, ул мөр хэдэн үе дамжаад хадгалагдсаар байгаа нь энэ.
Түүнийг бас зүгээр ч нэг “гудамжинд морь хардаг” хүн биш бас сургуулиудын “Үдийн цай хөтөлбөр”-т оролцох аж ахуйн нэгж, иргэдээс хахууль авдаг байсан, гэрээс нь 18 сая төгрөг бэлнээр олдсоны 14 сая төгрөгийг нь хахуулиар авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрчээ хэмээн өнөөх zaluu.com сайтад бичжээ.
Талын нэг тархсан нүүдэлчид ганцаараа юм уу, хоёулхнаа хөдөө хээр морьтой шогшиж явахад бол чухам хаагуур ч явж болох, айлд очоод морио ёстой хаана ч тушаад тавьчихаж болдог, энэ нь хэнд ч садаа болдоггүй бол том хотод, олон нийтийн газарт бол нэг хүний үйлдэл нөгөө бусдад заавал нөлөөлдөг, заримд нь бүр садаа болдог болохоор бусдад садаа болохгүй, тэдний ая тав тухыг алдуулахгүй байх үүднээс “ХОТЫН СОЁЛ” гэдэг нэр томъёо гарч ирсэн хэрэг. Монголчуудад, ялангуяа сая хагас хүнтэй нийслэл Улаанбаатарын оршин суугчдад чухам энэ соёл л дутаад байна. Өдрөөс өдөрт хүн ам нь нэмэгдэж өссөөр байгаа манай хотынхонд хотын соёл төлөвшихөд монголчуудын амиа хичээх зан ч саад болсоор л байгаа.
“Хотын соёл” гэдэг ойлголтод автомашин жолоодох соёл зайлшгүй багтана. Автомашин бол нүүдэлчин монголчуудын хэдэн үеэрээ унаж эдэлж ирсэн морь тэмээ огт биш, моторт техник. Тэгээд ч тэр машинаараа ямар Мэнэнгийн тал, өмнийн говьд давхиж яваа биш.
Нийслэлийн авто замаар зорчиж яваа жолооч нарын дунд “Би л болж байвал” гэсэн аминчхан үзэл хэт газар авч энэ нь олон нийтийн газар, хотын замын хөдөлгөөнд саад болох төдийгүй осол аваар, гэнэтийн аймшигт явдал гарахад хүргэхийг хэн байг гэхэв. Чухам үүнээс болоод, хэд гуравхан секунд хүлээгээгүйгээс болж амь нас эрүүл мэндээ алддаггүй юм гэхэд өрөөл нэгний амь нас эрүүл мэндэд хохирол учруулж өөрөө гэмт хэрэгтний ширээнд ч сууж магад.
Бүр арга ядахад хөндлөнгийн хэн нэгний хууль сахиулагчийн шаардлагыг хүлээн авах ч бас нэг л соёл. Замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын цагдаагийн зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж салаавч гарган танхайрсан Ц.Баярцогт гэгчийн тухай олон нийтийн сүлжээгээр шуугиснаас үүдэн шүүхээр шийтгэл ногдуулсныг хэвлэлүүд мэдээлсэн.
Түмэн машин хөлхсөн гудамжинд жолоо барьж явахдаа утсаар ярьж, хэн нэгнээс түрүүлэх гэсэн юм шиг хурдалж, урдуур зүтгэх нь яг сумын наадам дээр морьтой хүн наадам үзэж байгаа хүмүүсийн дундуур морьтойгоо зүтгэж байгаа юм шиг санагдахгүй байна уу. Гэлээ ч том хот, суурин газар гэдэг өөрийн дүрэмтэй болохоор хажуугаар зүтгүүлээд, цонхоороо харааж загнаад байсан тэр нөхөр дараагийн гарцан дээр дэргэд л зогсч байдаг нь үнэн.
Эсвэл машин халхалж машинаа тавьж орхичхоод утсаар дуудахаар хүн амарч байхад дуудлаа хэмээн загнаж байгаа хүнийг хотын соёлтой хүн, сая хагас хүнтэй Улаанбаатарын иргэн гэх үү.
Чухам үүнээс үүдээд ашиг завшаанч, авлигад идэгдсэн эрх баригчид бидний энэ соёлгүй танхай, амиа хичээсэн байдлаас үүдэн нэг хоногийн насгүй хайс хашаа барих гэж та бидний татварын мөнгийг талаар урсгаж байгаа хэрэг.
Том хотын иргэний наад захын соёлыг эзэмшээгүйгээсээ болон авлигачдад мөнгө идэх боломж олгочихоод дараа нь халаглан харааж суухын хэрэг юу билээ. Хэн дуртай нь хөдөө хээр алхалж яваа юм шиг нүүдэлчин сэтгэлгээгээр дуртай газраараа зам хөндлөн гарч замын хөдөлгөөнд саад учруулаад, эсвэл зам тээврийн осолд орчих гээд байдаггүй бол ийм зүйл сэдэж дундаас нь мөнгө саах ухаан хэнд төрөх билээ.
Их Д.Нацагдоржийн бичиж байсан “Хөдөөгийн байдал шалдар булдар цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бөгөөд дөрвөн зүг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунана” гэсэ дүр төрх чинь хэдийнээ зуу зуун жилийн цаана хоцроод XXI зууны монголчууд дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлэн урагшлах зүй ёсны шаардлага гарч ирчихээд байна. Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа өнөө цагт монгол хүн дэлхийн өнцөг булан бүрт зорчин, бядан явдаг болсон, нөгөө талаар газар газрын таван хэлийн хүмүс улс оронд минь зорчдог болсон өнөө үед энэ л хотын иргэн бүрт хотын соёлд суралцах хэрэгцээ шаардлага тулгамдсан асуудал болж байгаа биш үү.