Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморьт өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхлэхэд есөн хоног үлдлээ. Уяан дээрээ дүүхэлзэх шандаст хурдан хүлгүүдийн уяа сойлго нь жигдэрч, уухайн алтан зурхайд өнжих эрхий мэргэн харваачдын овоо хараа нь жигдэрч, зүлэг ногоон дэвжээн дээрх хүчит бөхчүүдийн эр бяр жигдрээд дэлхийд данстай дэлгэр Монгол Наадам айсуй.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Харзтайн аманд байрлах Шүтээн бэлтгэлийн баазад Увс нуур бөхийн галын сорилго барилдаан болох учраас үд дунд зорьсон газраа ирлээ. Харзтайн уулын энгэрт харцага, шонхрын дэвэлтээр дэвж буй монгол бөхийн дүрс байх бөгөөд түүний хормойд сорилго барилдааны талбай бэлэн болжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү галын наадмыг хэзээ болохыг нь чих тавин хүлээдэг, ирж үздэг хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр. Энэ жил ч хөл хөдөлгөөн ихтэй байна. Арга ч үгүй биз дээ. Бороотой, шороотой, салхитай, шуургатай, цастай зудтай ямар ч үед зодог шуудгаа цүнхлээд заал руу гүйсэн бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг үзэх гэж байгаа бөхчүүдээс авхуулаад, тэдний аав, ээж, амраг хайртай бүсгүйчүүд, нутаг уул усны ахан дүүс нь, уран барилдаан, хурд, хүчийг нь гайхан шагширч, уухай түрэн дэмждэг бөхчүүдийнхээ уран барилдааныг үзэхээр ирсэн бөхийн хорхойтнууд гээд ирэх зочдын тоо олон юм хойно..
“УВС НУУР” ГАЛЫН НААДАМД ТАВАН ГАЛЫН 128 БӨХ ЗОДОГЛОВ
Үзэсгэлэнт байгаль бүхий “Харзтай”-н амны амралтын баазад байрлаж буй “Увс нуур” бөхийн дэвжээний шинэхэн тэргүүнээр УИХ-ын гишүүн БОАЖЯ-ын сайд Н.Цэрэнбат сонгогдоод удаагүй байгаа юм. Шинэхэн удирдлагатай тус галыг Монгол Улсын аварга Н.Батсуурь аварга ахалж байгаа юм. Ахлах дасгалжуулагчаар Улсын заан О.Одгэрэл, туслах дасгалжуулагчаар улсын начин С.Батсуурь нар ажиллаж нутгийнхаа бөхчүүдээс чансаа дээгүүр шалгарсан 60 гаруй бөх зургадугаар сарын 10-наас эхлэн бэлтгэлд гарсан байна. Энэ удаагийн сорилго барилдаанд Увс аймгийн "Увс нуур" дэвжээ Өмнөговь аймгийн "Их говийн хүчтэн" дэвжээ Ховд аймгийн "Ховд” дэвжээ, Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээ, Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний Улс аймаг, сумын алдар цолтой бөхчүүдээс бүрдсэн хүчит 128 бөх зодоглосон юм. Баруун талын тэргүүн магнайд Монгол Улсын аварга Н.Батсуурь, баруун талын тэргүүн магнайд Монгол Улсын арслан Н.Бүрэнтөгс нар манлайлан дэвэн дэвсээр гарч ирснээр эхэхлсэн юм.
УЛСЫН ЗААН О.ОДГЭРЭЛ: ХӨДӨЛМӨРЛӨЖ ЗҮТГЭЖ ЧАДСАН НЬ УЛСЫН ЦОЛОНД ХҮРНЭ
“Увс нуур” галын ерөнхий дасгалжуулагч Увс аймгийн Хяргас сумын уугуул, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын заан О.Одгэрэлтэй цөөхөн хором хөөрөлдсөн юм. Тэрээр өнгөрсөн жил мөн “Увс нуур” галынхаа бөхчүүдийг дасгалжуулж, Н.Батсуурь арслан түрүүлж, аварга цол хүртэн наадамчин олноо баясгасаныг дурдах нь зүйтэй болов уу.
- Увс нуур галын бөхчүүдийн наадмын бэлтгэл, сургуулилт хэр байна?
-“Увс нуур” галд 60-аад бөх наадмын бэлтгэлээ хийж байна. Ер нь жил бүр 50-60 бөх бэлтгэлээ хийдэг. Наадмын өмнөх нэг сарын бэлтгэлийн хугацаа бол бөхчүүдийн сэргэлтийн бэлтгэл байдаг. Түүнээс бөхчүүд байнга л бэлтгэлтэй байдаг. Наадам дууслаа долдугаар сарын 15 гээд бөхчүүд аймаг, орон нутгийн наадамд очиж зодоглодог. Ер нь үндсэн бэлтгэл есдүгээр сараас эхлээд зургадугаар сарын 15 хүртэл үргэлжилдэг. Энэ үндсэн бэлтгэлийн үр шимийг жаахан ирийг нь тааруулаад л наадмын барилдаанд зодоглуулах нь чухал юм. Түүнээс энд гарч ирээд бөхчүүд өндөр ачаалалтай дасгал сургуулилт хийх нь чухал гэж би үзэхгүй байна. Тэгж хүүхдүүдээ ядраахгүй. Бөхчүүдээ сэргээж наадамд барилдуулах нь чухал юм. Бэлтгэл жигдэрч байна.
-Танай гал олон сайхан залуу бөхчүүдээр хүч нэмсэн харагдаж байна?
-Манай гал дээр ирж бэлтгэл сургуулилтаа хийе гэсэн залуучуудын сонирхол их байдаг. Би аварга, арслан, гарьд болъё гэсэн хүсэлтэй залуучууд их орж ирж байгаа. Нутаг усны онцлог байдаг юм уу, Увсын бөхчүүд маань их дайчин, хөдөлмөрч залуучууд байдаг. Энэ хэрээрээ залуу бөхчүүд маань амжилтад хүрдэг. Бид ч залуу үеэ сайн анхааръя гэж бодож байна. Бөхийн ирээдүй нь аймаг, улсын цолтой бөхөөр хязгаарлагдахгүй юм. Бид улсын наадмын толгойд барилддаг олон бөхчүүдтэй. Энэ том цолтой бөхчүүд нь хэдэн жил улсад барилдах хооронд сумын заануудыг гаргаж ирэх нь чухал. Манай галын сумын заанууд сайжирч байгаа. Залуучууд аймаг, орон нутагтаа сайн барилдаад гурав, дөрвөн жилийн дараа дээшээ гараад ирнэ гэсэн найдлагатай байна. Бөх болох гэж байгаа хүүхдүүд хүмүүжилтэй, сахилга баттай байх ёстой. Хүний үг сонсдог, хий гэсэн бэлтгэл сургуулилтыг хийж, зүтгэж чаддаг байх ёстой. Түүнээс авьяастай байгаад бөх болохгүй. Хүмүүжилтэй, 100 хувь хөдөлмөрөө зарцуулж байж сайн бөх болно, улсын цол хүртэнэ.
-Улсын цол хүртэх боломжтой залуучууд олон байна уу?
-Байгаа байгаа. “Увс нуур” галаас улсын цолонд хүрэх болов уу гэсэн залуучууд олон бий. Ер нь хэн сайн бэлтгэлтэй, хөдөлмөрлөж чадсан нь улсын цолонд хүрнэ дээ. Манай О.Гантулга арслан байна. Олон жил “бор зүрхээрээ” сайн барилдаж байна. Хүмүүс түүнийг “Начин болчхоосой” гэж ярьдаг. Гэтэл манай хүн начин болдоггүй нь харамсалтай санагддаг. Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. О.Гантулга арслан маань ямар сайн бөхчүүдтэй тунаж барилдаж байсан билээ дээ. Нас нь яваад байдаг. Би дасгалжуулагчийн хувьд улсын цол авчихаасай гэсэн чин хүсэл байдаг. Ер нь бол биеийн бэлтгэлээс гадна сэтгэлзүйн бэлтгэл гэж том шинжлэх ухаан бий. Бие сэтгэлийн бэлтгэлийг хослуулж байж амжилт ирдэг.
ҮЗЭГЧ ОЛНЫ НҮДИЙГ “ХУУРНИН ШУУГИГЧ” ХҮҮХДИЙН БАРИЛДААНД 19 УДАА ТҮРҮҮЛСЭН Б.АНАНД ХҮҮ БАЯСГАВ
Хүү төрөхөд бөхтэй боллоо хэмээн бэлгэшээдэг монгол түмэн билээ. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн дунд зохион явуулдаг “Хуурнин шуугигч” хүүхдийн барилдаан томчуудын барилдаанаас дутахааргүй олны анхаарлыг татах болсон. Энэ наадмын нэг онцлог нь ирээдүйн хүүхэд багачуудынхаа хурд хүч, эр бяр, эрэмгий байдлыг шинжиж уран мэхийг уралдуулан барилдуулсан нь хурсан олны нүдийг хужирласан юм. Тус хүүхдийн барилдаанд ах дүү хоёр тунан барилдаж дүү Б.Ананд нь ахыгаа хөмрөх мэхээр өвдөг шороодуулж, наадмын манлай болсон юм. Тэрээр “Хуурнин шуугигч” хүүхдийн барилдаанд 19 удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэн, хоёр удаа шөвгөрсөн нэгэн. Ёстой л төрсөн бөх гэж энэ хүүг хэлмээр. Бяцхан биендээ баймгүй уран барилдаантай түүний дэвээ шаваатай ярих юмгүй. Ахыгаа хөмөрч унагачхаад хэзээ хэзээний том бөх шиг хонгон дээр нь итгэлтэй гэх чинь алгадаад, алтан соёмбот төрийн тугнаасаа адис аван хишиг хүртээгчээс боорцгоо хоёр гардан авахад нь үзэгчид түүний хишгийг хүртэхээр уухай хадааж байв. Ирээдүйн энгүй их аварга болохыг ерөөе дөө.
Хур борооноор хурайлуулж наадмын түрүү тодорлоо
Уран мэхээ уралдуулан үзэгч олныг шуугиулсан 128 бөх барилдсан "Увс нуур" галын сорилго барилдаанд Улсын аварга Н. Батсуурь түрүүлж, Улсын арслан П. Бүрэнтөгс үзүүрлэж, шөвгийн дөрөвт Улсын начин Б. Серик, Аймгийн хурц арслан Б. Мижидсүрэн, шөвгийн наймд Улсын харцага Б. Бат-Өлзий, Улсын начин Ш. Дарханбат, Аймгийн арслан н.Эрдэнэсайхан, Аймгийн заан Б. Болдбаатар нар шалгарсан амжилтыг үзүүллээ. Үзүүр түрүү бөхчүүдийн барилдаан дуусахтай зэрэгцэн тэнгэр хангай өдөржин хургасан үүлнээсээ хур бороо хайрласан юм. Жил жилийн наадам хэн нэгэнд нь баяр баярсал, хэн нэгэнд уйтгар харуусал авч ирдэг байх. Олон аавын хөвгүүдээс азтай, одтой, хүчтэй, бяртай нь цол, амжилтаа ахиулж наадмын манлай болох биз ээ. Увс нуур галын сорилго барилдаанд олон галын бөхчүүд ирж зодоглодог учир тухайн жилийнхээ наадмын өнгийг уг галын наадмаас ч сонжиж болох талтай. Энэ жил бөхчүүдийн бэлтгэл ч сайн, өнгөтэй сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна.
Сүүлийн есөн жилийн хугацаанд Улсын наадмын таван түрүүг хүртээд байгаа тус галын сорилго барилдааны үеэр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Гэгээн Муза наадмын шагналт зохиолч Битогтохын Цогнэмэхийн шүлэг, УГЗ н.Дорлигийн аялгуу "Хүчтэний өлгий Увсын бөхчүүд" хэмээх тус галын сүлд дууг гавьяат жүжигчин Б. Батбаатар анх удаа бөхчүүд, түмэн олондоо өргөн сонордуулсан нь олны хүндэтгэлийг хүртсэн юм. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хэний хүү хүчтэй байж, хэний морь хурдтай байж, хэн гээч харваач нь мэргэн байхыг харах л үлдлээ.