Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай цөөн хором ярилцлаа.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байна вэ?
Та бүхний амрыг эрье. Улсын хэмжээнд энэ оны эхний 08 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 156.678 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 25959 буюу 16.7 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 903 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 153 хэргээр буюу 20.4 хувиар өссөн. Энэ төрлийн гэмт хэргийн 56.0 хувь нь Улаанбаатар хотод, 56.6 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.
Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 816 иргэн хохирсон, үүнээс 712 буюу 87.2 хувь нь эмэгтэй, 71 буюу 8.7 хувь нь хүүхэд байна. Харин цагдаагийн байгууллагад энэ оны эхний 08 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 5896 зөрчил бүртгэгдсэн. Зөрчил гаргасан 241 иргэнийг 35,500,000 төгрөгөөр торгох, 3992 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулсан тоон мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар гэр бүлийн хүчирхийллийн хичнээн дуудлага мэдээлэл ирдэг вэ?
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Тухайлбал, өнгөрсөн хоногийн хугацаанд нийт 136 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлсэн иргэдийн мэдээллийн нууцыг хэрхэн хамгаалдаг вэ? Энэ талаар хуулийн зохицуулалт байдаг уу?
Энэ асуултанд хариулахын өмнө гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн онцлогийг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын зарим нь хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй, зарим нь мэдсэн ч өөрийн нэр төр, гэр бүлийн нэр төрөө боддог, бас дахин хүчирхийлэлд өртөж улам их өвдөлт шаналал мэдрэхвий гэдэг айдсаасаа болж, түүнчлэн санхүүгийн хувьд ихэвчлэн хүчирхийлэл үйлдэгчийн хараат болсон байдаг учраас хуулийн байгууллагад ханддаггүй онцлогтой. Ийм учраас хүчирхийлэл урт удаан хугацаанд үргэлжилж, улам даамжирсан байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн дээрх онцлогийг харгалзан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан гээд хүн бүр “мэдээлэх” үүрэгтэй гэдгийг хуульчилсан. Харамсалтай нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө гэр бүлийн хүчирхийллийг “мэдээлэгч”-ийн аюулгүй байдалд эрсдэл учирсаар байсан. Учир нь тухайн үед хүчирхийлэл үйлдсэн этгээд зөрчлийн хэргийн материалтай танилцахдаа хэн гэдэг хүнээс ямар утгатай дуудлага, мэдээлэл өгсөн талаар мэдэх боломжтой байсан.
Харин цагдаагийн байгууллагаас олон улсын байгууллага, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран холбогдох газруудад санал хүргүүлсэний үр дүнд Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтан нь хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийг хүчирхийлэл үйлдсэн этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулахгүй байх заалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд оруулсан. Ингээд мэдээлэл задрах асуудал нэг мөсөн арилсан.
Урьд өмнө нь гэрчийн мэдээллийг задруулсан, аюулгүй байдал алдагдуулсан гэх гомдол, мэдээлэл хуулийн байгууллагад ирдэг байсан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноос хойш энэ талаарх мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Хэрэв хуулийн байгууллагын ажилтан хуулийн дээрх заалтыг зөрчиж мэдээлэгчийн нууцлалыг задруулсан бол хүлээх хариуцлага гэж байх уу? Ийм тохиолдол гарвал иргэд хаана хандаж гомдлоо гаргах нь зөв бэ?
Цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд мэдээж хариуцлага хүлээнэ. Цагдаагийн албаны тухай хуулинд заасны дагуу гаргасан зөрчилд нь тохирсон сахилгын шийтгэл оногдуулдаг. Үүнээс гадна зөрчил дутагдал гаргуулахгүй байх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалт байнга зохион байгуулдаг. Мөн дээрээс нь тухайн дуудлага, мэдээллийг хэрхэн шалгаж шийдвэрлэсэн талаар нь харьяа байгууллагынх нь дарга нар өдөр тутам хяналт тавьж ажилладаг. Хэрэв цагдаагийн албан хаагч ийм зөрчил гаргасан бол иргэд тухайн алба хаагчийн ажилладаг цагдаагийн хэлтсийн даргад гомдлоо шууд гаргах бүрэн боломжтой.
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд зарим иргэдийн зүгээс “Гэр бүлийн хүчирхийллийг битгий мэдээл, цагдаа дахин дахин дуудаж танд төвөг удна, таныг мэдээлэл өгсөн гэдгийг хүчирхийлэл үйлдэгчид хэлнэ” гэсэн агуулгатай сэтгэгдлүүд харагдаж байна. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?
Гэр бүлийн хүчирхийллийн онцлогийг дээр дурдаж ярьсныг эргэн сануулахыг хүсч байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч өөрийн биеэр хуулийн байгууллагад хандах тохиолдол бага байдаг. Хохирогч хүчирхийллийг дахин амсахгүй байхын тулд магадгүй үр хүүхэддээ олон дахин айдас мэдрүүлэхгүйн тулд хүчирхийллийг дуугүй тэвчсээр л байдаг. Өөрийн эцэг эх, хамаатан садангаасаа ч хүчирхийлэлд өртөж байгаагаа нууж байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл яг ингэж даамжирсаар хохирогч амь насаа алдах, эсхүл хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан үед л цагдаагийн байгууллагад тухайн хүчирхийлэл бүртгэгддэг. Гэр бүлийн хүчирхийллийн урт удаан хугацааны энэ тойргийг таслан зогсоох, хохирогчийг эрт илрүүлэхэд хөндлөнгийн хүний мэдээлэл хамгийн чухал байдаг. Тэгэхээр иргэддээ хандаж хэлэхэд хэрэв та хүчирхийллийг мэдсэн бол харсан бол сонссон бол заавал цагдаагийн байгууллагад мэдээлээрэй, таны өгсөн мэдээллийн ачаар хохирогчийн амь нас, эрүүл мэнд, тухайн гэр бүлд байгаа бүх хүүхдүүдийг аврах боломжтой юм шүү гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Баярлалаа.
эх сурвалж: ЦЕГ