Монголчууд бид “Сайн явж ирсэн үү” гэхээс “Хурдан явж ирсэн үү” гэж асуудаггүй амны бэлгэтэй ард түмэн. Гэвч сүүлийн жилүүдэд орон нутгийн замд яваа жолооч нар хурдан явах гээд, гүйцэж түрүүлэх гээд, замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс болоод осолд орох байдал нэмэгдсээр байна. Үүнийг нотлох ганцхан статистик дурдахад, 2017 онд зам тээврийн ослоор 507 хүн алтан амиа алдаж байсан бол өнгөрөгч онд энэ тоо 562 болж өссөн байв. Иймээс ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яах вэ дээ” аяныг есдүгээр сарын нэгэн хүртэл өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотоос гарах дөрвөн чиглэлийн орон нутгийн замд жолооч нарт зөвлөн тусалж, аюулгүй байдлыг нь хангуулан ажиллаж байна. Манай сурвалжлах баг тэдэнтэй хамт Дорноговь, Замын-Үүд чиглэлийн замд үүрэг гүйцэтгэсэн юм.
Улаанбаатар хотоос урагшаа Дорноговь орох замын 45 дахь километрээс эхлээд “Яараад яах вэ дээ” аяны тухай мэдээлэл бүхий самбаруудыг байрлуулжээ. Өнгөрсөн жилийн тухайд зам тээврийн ослын 29474 дуудлага бүртгэгдсэнээс 3548 хүн гэмтэж, 562 хүн амиа алдсан тухай мэдээллийг эдгээр самбараас харж болохоор байна. Энэхүү аянд приус сонирхогчдын “Монголс” авто клубын залуус болон “Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн нар сайн дураараа нэгджээ. Тэд Дорноговь, Замын-Үүд чиглэлийн замд зорчиж буй жолооч нарт “Яаралгүй тайван, аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөж, огт очоогүйгээс оройтоод ч гэсэн очоорой” хэмээн анхааруулж байсан юм.
Багахангайд жүдогийн бэлтгэлд гарсан хүүгээ эргэхээр Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Өсөхбаяр эхнэр хүүхдүүдийн хамт явж байлаа. Тэрбээр, “Өнөөдөр их бороотой сэрүүн өдөр байна. Цаг агаарын нөхцөл байдлыг үл харгалзан орон нутгийн замд зорчиж буй иргэдэд хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаад баяртай байна. Хөдөө орон нутгийн замд байрлуулсан мэдээллийн самбаруудыг хараад гэр бүлээ, хайртай хүмүүсээ суулгаж яваа шүү гэдэг мессэжийг ахин нэг удаа өөртөө авлаа” гэв. Харин түүний гэргий Х.Насандэлгэр суудлын бүсээ хэрхэн зөв зүүхийг заалгаад явсан юм.
Тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн “Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн ярихдаа “Миний хувьд энэхүү аянд нэгдэж буй гол зорилго нь манай улсад авто тээврийн осол маш их гараад буйтай холбоотой. Чимээгүй дайн гэх зам тээврийн ослыг бууруулах зорилготойгоор нэгдэж байгаадаа баяртай байна. Урлаг соёлынхноо төлөөлж байгаагийн хувьд нийгмийн хариуцлагын талаасаа нэг ч гэсэн хүнд суудлын бүсийг нь зүүлгээд, нэг ч гэсэн хүнд ухааруулаад “Нээрээ холын замд аюулгүй байдлаа хангахгүй бол болохгүй шүү” гэдгийг ойлгуулахыг зорьсон. Нийт жолооч нартаа хандаж хэлэхэд “Амралт зугаалгын цаг эхэллээ энэ үед найз нөхдөөрөө, гэр бүлээрээ хөдөө орон нутгийн замд зорчихдоо бүсээ зүүж, нэг нэгэндээ шаардлага тавьж, зорьсон газартаа яаралгүй очоорой” гэж уриалмаар байна” гэлээ.
Яг энэ зам дээр аюулгүй байдал хангуулж ажилладаг Төв аймгийн замын цагдаагийн ахлах дэслэгч Н.Нямбаяр энэ өдрийн нөхцөл байдлын талаар ингэж ярилаа. “Өнөөдөр ажлын өдөр болохоор харьцангуй цөөхөн жолооч замын хөдөлгөөнд оролцож байна. Судалгаанаас үзэхэд орон нутгийн зам дээрх нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг. Та сайн жолооч байж болно, гэхдээ зам тээврийн осол гэдэг чинь анхаарал болгоомжгүй, санамсаргүй байдлаар хоромхон хугацаанд гардаг. Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь осол гарах томоохон шалтгаан болдог. Хол замд удаан жолоо барихад бие нь чилж зүүрмэглэдэг. Нүд ирмэхийн зуурт л осол гарна. Орон нутгийн замд гарч буй осол гол төлөв гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед гарсан байдаг. Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 50 орчим хувь буруу талдаа жолооны хүрдтэй. Ийм тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэхдээ жолооч нар хугацаа зайгаа буруу баримжаалдаг. Мөн замын нөхцөл байдалд тааруулж хурдаа тохируулахаа мэддэггүй. Таны тээврийн хэрэгсэл өндөр хүчин чадал бүхий үзүүлэлттэй байлаа ч замын нөхцөлд тааруулж хурдаа тохируулах хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа.
Есдүгээр сарын нэгэн хүртэл зуны турш үргэлжлэх “Яараад яах вэ дээ” аяны талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат ярихдаа, “Зам тээврийн ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болж гардаг. Тэгэхээр амралт зугаалгын цагаар жолооч нар орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс бүрэн бүтэн байдлыг хангаж, бага насны хүүхдийг зөв тээвэрлэх дадал хэвшлийг суулгамаар байна. Эцэг эхчүүд дүрэм зөрчиж үр хүүхдэдээ буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Энэ бүхнээс таны хүүхэд суралцаж давтана гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Судалгаагаар осолд орсон нийт автомашины 81 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэл байсан гэжээ. Иймээс тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурд хэтрүүлэхгүй, яаралгүй явах нь өөрийнхөө төдийгүй хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн зөв арга юм гэдгийг сурталчилж, ойлгуулахад энэхүү аяны зорилго оршиж байна” гэсэн юм.