Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн V дүр Данзанлувсанванжал хандивлагчдад талархлаа илэрхийллээ

Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, сайд асан Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн V дүр Данзанлувсанванжал суралцаж буй алс холын Энэтхэг улсаас гурван жилийн дараа буюу энэ сарын 17-ны өдөр Монголдоо морилон ирсэн билээ. Хоёр сарын хугацаатай ирсэн тэрбээр энэ өдрүүдэд нэлээд шахуу хуваариар сүсэгтэн олонтойгоо уулзаж явна. Тухайлбал, өнгөрсөн жил тохиосон өмнөх дүрийн Егүзэр хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл хэрэгт итгэл сүжиг, сэтгэл өргөлөө өргөсөн сүсэгтнүүдийг өчигдөр /2021.10.22/ хүлээн авч, талархал илэрхийллээ.

Егүзэр хутагтын 4-р дүр Жамсранжавын Галсандаш дээдсийн мэлмий гийсний 150 жилийн ойг тохиолдуулан “Егүзэр хутагт” сангаас хутагтын зам мөрийг судлаач эрдэмтдийг хамруулсан эрдэм шинжилгээний бага хурал, Сүхбаатар аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд “Егүзэр хутагтын хэн сайн мэдэх вэ” эсээ бичлэгийн уралдаан, Хатагин хошууны гурван сумын ард иргэдийн дунд “Соён гэгээрэхүйн ёслол”-ыг зохион байгуулсан юм. Мөн 2, 3, 4 дүгээр Егүзэр хутагтуудын 3000 шавьтай хуран чуулж байсан “Өнө өглөгт” хийдийг сэргээн засварлаж, Бурхан багш, Майдар бурхан, Богд зонхова болон зүүн хязгаарын монголчуудыг урт удаан хугацааны туршид хамгаалж ирсэн Балданлхам сахиусыг бүтээлгэж, хийдийн хашааг тэлэн, мот бут тарих зэрэг олон ажил зохион байгуулсан. Эдгээр бүтээн байгуулалтад зарцуулсан 170 орчим сая төгрөгийг нутгийн иргэд болон Эрдэнэцагаан сумын уугуул иргэд, сүхбаатарчуудын дэмжлэгээр босгосон. Түүнчлэн энэ бүх ажил V дүр Данзанлувсанванжалын санаачилга, шууд удирдлага дор зохион байгуулагдсан талаар “Егүзэр хутагт” сангийн тэргүүн Д.Болорцэцэг тайландаа өгүүлж, тусалж дэмжсэн бүх хүнд талархаж буйгаа дахин дахин илэрхийлж байв.

Хутагтын V дүр #Данзанлувсанванжал хандивлагчдад хандан “Буян гэдэг өдөр тутамд аль чадахаараа хийж байвал хэрэгтэй үйлийн нэг. Хүний хүслийн дээд болсон сайн сайхан, аз жаргал нь буянаас бий болдог. Харин хүсэхгүй байгаа зовлон бэрхшээл нь нүглийн үйл буюу буруу үйлээс үүддэг. Тиймээс бид өдөр тутамдаа буян үйлдэхийг хичээх хэрэгтэй. Дээрээс нь ганцаараа хураасан буянаас илүү олуулаа нийлж хураасан буян илүү. Далайд дусал ус нэмлээ гэхэд миний нэмсэн ус энэ шүү хэмээн далайн уснаас ялгах аргагүй. Олуулаа буян хураахад үүний нэгэн адил “миний хураасан буян энэ, чиний хураасан буян тэр” гэж ялгахын аргагүй цогц буян болдог. Энэ цогц буяныг хураах үйлд оролцсон та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн талархлаа илэрхийллээ.

Талархал илэрхийлэх ёслолын үеэр “Эрдэнэмандал” хийдийн тэргүүн, хамба лам Н.Цамбанүрдэв урд өмнө нь дөрвөнтөө хувилсан хийгээд одоо энэ цаг үед Далай их багш, дээрхийн гэгээнтний зарлигаар тавдугаар дүр нь тодроод байгаа Егүзэр их хутагтуудын талаар түүхийн хуудаснаа юу хэмээн өгүүлснийг тоймлон дурдсаныг сийрүүлэн сонирхуулваас:

Монгол улсын Зүүн болоод Зүүн өмнөд хязгаар нутагт хувилан залагдаж, амьтны тусыг хичээж байсан хутагтууд нь бүгдээр эрдэм номд төгс, нигүүлсэнгүй төгөлдөр, бурхны шашны дээдсүүд байсныг батлах баримтууд олон бий.

Егүзэр зан бадарсан, Эрдэнэ мэргэн хамба, ялгуусан чин зүтгэлт, үнэн сүжигт хутагтын #Анхдугаар_дүр_Лувсанданзанренчин нь Монгол орноо анх хувилан төрсөн дээдэс байсан бол #Хоёрдугаар_дүрийн_хутагт_Лувсанбалдан нь Эрдэнэцагаан овооны хойд бие, Чоноголын сэргэлэн дэнжид сүм байгуулж, тэр нь “Өнө өглөгт” алдрыг хүртсэн, #Гуравдугаар_дүрийн_хутагт_Лувсанданзаннамжил нь ном эрдэмд сайтар боловсорч, анги дамбын лхаарамба болсон, дацан сургууль байгуулж амьтны тусыг ихээр зохиосон тул шавь захирах тамга хүртсэн гэгээнтэн байжээ.

#Дөрөвдүгээр_Егүзэр_хутагт Агваанлувсанданзан-Э-вам балсанбоо буюу Галсандаш нь 1870 онд Халхын Сэцэн хан аймгийн Хурц засаг Цэрэнбазарын хошууны нутаг Зүүн нүхтийн Мэнд сайхан хэмээх газарт Халхын туслагч, тайж Жамсранжав, хатан Хүрэм нарын хоёрдугаар хүү болон мэндэлсэн. Бага наснаасаа урьхан зөөлөн, дөлгөөн ааш зантай, ном эрдэмд хичээнгүй, авьяаслаг нэгэн байсан бөгөөд 5 настай байхад нь Егүзэр хутагтын дүрээр тодруулсан байна.

Егүзэр хутагт Ж. Галсандаш Манжийн Бадаргуулт төрийн 28 дугаар онд 32 насандаа хамба цолоор шагнагдаж “Егүзэр ачит эрдэнэ мэргэн хамбын шавь захирах” хаш тамгыг гардан авснаар Халх Монголын тамгатай 13 хутагтын нэг болжээ. Тамгатай хутагт болсон учраас Манжийн хааны зарлигийн дагуу Халхын Сэцэн хан аймгийн Хурц засгийн хошууны зүүн урд хэсгийг таслан Егүзэр хутагтын шавийн харъяат данстай нутаг болгожээ.

Олноо өргөгдсөний 3-р он буюу 1913 онд VIII Богд Жавзундамбын зарлигаар Халх Монголын зүүн өмнөд хэсэг хил залгаа Өвөр Монголын олон хошуудад нэр хүндтэйг нь харгалзан үзэж Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайдын албыг хүлээлгэн өгч “Зарлигаар зарсан Зүүн өмнөд хязгаарын Монголчуудыг дагуулан тохинуулах Ачит мэргэн цорж, Арилсан бишрэлт, Хувилгаан тойн, Егүзэр зан бадарсан, Эрдэнэ мэргэн хамба хутагт, Ялгуусан чин зүтгэлт, Үнэн сүжигт гэгээнтэн” хэмээх асар хүндэтгэлтэй цол гуншинг хайрлажээ.

Ж. Галсандаш хутагт олон шавь захирсан Шарын шашны нөлөө бүхий том хутагт байснаас гадна Халх, Өвөр Монголыг нэгтгэх үйлсэд ихээхэн чармайлт гарган зүтгэж, Богд хаант Монгол улсад өвөрлөгч 35 хошууг дагаар оруулж чадсан төрийн зүтгэлтэн юм.

1921 онд Монгол улсад Ардын хувьсгал ялж цаг төр өөрчлөгдөхөд Ардын төрийн хоёр дахь Ерөнхий сайд Д.Бодоо Егүзэр хутагтад захидал бичиж, Ардын засгийг дэмжихийг хүссэнд тэрбээр хүлээн авч Нийслэл хүрээнд хүрэлцэн иржээ. Чингээд хуучин сайдын тамгыг буцаан шинэ засгийн сайдын мөнгөн тамгаа хүлээн авч “Зүүн хязгаарыг байцаан үзэж илбэн тохинуулах сайд” болжээ. Ардын засаг хүртэл түүнийг түшиж байсан нь хутагтын нэр нөлөө ямар байсныг харуулж байгаа юм. Тэрбээр зүүн хязгаарыг илбэн тохинуулах үйлст хоёргүй сэтгэлээр хүчлэн зүтгэсний үрээр хоёр жилийн дотор Зүүн хязгаар ихэд амгалантай болсон ажээ.

1924 онд Богд хаан жанч халсны дараа Егүзэр хутагтыг сайдын үүргээс чөлөөлснөөр хутагт бээр “Өнө Өглөгт” хийдийн тэргүүн ламаар үргэлжлүүлэн ажилласан. Хэдийгээр сайдын албаа өгсөн ч гэлээ тэрээр шинэ засгийн үйлд ихээхэн тус хүргэж, сургууль тэнхим нээж өгсөн байна.

Гэвч 1930 оны хавар Улаан коминтерны даалгавраар Монголын Дотоодыг хамгаалах яам түүнийг дайчлан баривчилж хилс хэрэг тулган цаазалсан бөгөөд 1990 онд Дээд шүүхээс цагаатгасан билээ.

Дөрөвдүгээр Егүзэр хутагт, Монголын төр, шашны зүтгэлтэн, сайд асан Ж.Галсандаш бээр гүн утга агуулгатай, өргөн дэлгэр амьдралын замыг туулж, улс эх орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө тэмцсэн, Зүүн хязгаарын төдийгүй, нийт Монгол түмнийг соён гэгээрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсийг манлайлсан, Бурханы шашныг дэлгэрүүлэн түгээхэд оройлон зүтгэсэн болох нь шинэ цаг үе ирэх тутамд улам бүр тодорхой болж байгаа билээ.

#V_Хутагт бээр 1990 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1999 оны зун лам Ш. Эрхэмбаяраар номын үсэг анхлан заалгаж, улмаар Гандантэгчэнлин хийдийн харъяа Дашчойнпэл дацанд шавилан сууж, бурханы шашны гүн ухааныг судлахаар эргэлт буцалтгүй шийдсэн байдаг. 2004 оны 12-р сараас Энэтхэг улсын Гоман дацанд суралцахаар очсон бөгөөд 2011 оны 3-р сарын 22-нд Далай багшаас гэлон сахил залсан. 2014 оны 3-р сарын 16-нд Дээрхийн гэгээтэн XIV Далай багшийн зарлигаар “Егүзэр хутагтын V дүр мөн” хэмээн тодруулж Данзанлувсанванжил хэмээх алдрыг хайрлаж батламжилсан болно. Тавдугаар Егүзэр Хутагт маань өдгөө 17 дахь жилдээ Энэтхэг улсын Гоман дацанд суралцаж буй бөгөөд Монгол орондоо “Егүзэр хутагт сан” нээлттэй нийгэмлэгийн урилгаар,түр хугацаагаар морилон ирээд байгаа билээ.

Эдүгээ тодорсон Егүзэр хутагт маань 1998 онд Эрдэнэцагаан суманд бэлтгэл ангид суралцаж байсан, мөн 2013 онд Энэтхэгээс Монголд анх ирээд хэнд ч хэлэлгүй, өөрийн хүслээр Эрдэнэцагаанд очиж байсан зэрэг нь “Өнө өглөгт” хийд болон энэ зүгийн сүсэгтэн олонтой урьдын ерөөл барилдлагатайг харуулсан хэмээн өгүүлж биширдэг сүсэгтнүүд олон бий.

Өндөр их өвгөдийн маань үеэс өдгөөг хүртэл бидний оюун санааны удирдагч болж, эрхэм хүндтэй сэнтийд эргэлтгүй заларсан хийгээд одоо гүн хүндэтгэлтэйеэ заларч буй Хатагин их Егүзэр хутагтуудын өлзий хийморь Та биднийг ивээх болтугай хэмээв.

“Гандантэгчинлэн” хийдийн их гэрт даруухан зохион байгуулагдсан энэхүү ёслолд олноо “Монгол багш” хэмээн өргөмжлөгдсөн лхаарамба Д.Жавзандорж дээдэс, УИХ-ын гишүүн асан Р.Буд, ҮХЦ-ийн гишүүн асан Ш.Цогтоо, аймгийн болон зарим сумдын Нутгийн зөвлөлийн дарга нар, “Их Модун” ХХК-ийн захирал Б.Цогтсэргэлэн, “Үүдэн чулуу” ХХК-ийн захирал Ц.Энхтайван нарын шашин, төрийн зүтгэлтнүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 60 орчим эрхэм хүрэлцэн ирсэн байлаа.

Данзанлувсанванжил хутагт энэ сарын 27-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Буйр нуур зэрэг өмнөх дүрүүдтэй холбоотой газруудад морилж, сүсэгтнүүдтэй уулзахаар төлөвлөж байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com