Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сая жуулчин авахыг мөрөөдөж байгаа бол эхлээд МИАТ-ийг либерчлах хэрэгтэй

Аялал жуулчлалын хөгжлийн төвийн тэргүүн Ч.Буянбадрахтай аялал жуулчлалын салбарт тулгараад буй асуудлууд, өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар ярилцлаа.

 

-Аялал жуулчлалын салбарт та олон жил ажиллалаа. Салбарынхаа асуудлыг шийдэлцэхийн тулд таныг хэд хэдэн байгууллага толгойлдог гэж ойлгож байна?

-Аялал жуулчлалын салбарт компани байгуулж ажиллаад 13 жил болж байна. Түүнээс өмнө хөтөч, орчуулагч, багш  зэргээс ажлын гараагаа эхэлж байлаа. Ингээд хөтөч нарыг бэлтгэдэг сургалт явуулдаг болсон. Гудамжинд явж байхдаа цөөнгүй тохиолдлоор нэг зүйлийг ажигласан юм. Тэр нь юу вэ гэвэл Монголд ирсэн гадны жуулчид гудамжинд явж байгаа монголчуудаас ямар нэгэн юм асуух гэхээр манайхан мөрөө хавчиж, толгойгоо сэгсрээд зугтчихдаг байсан. Гадаад хүнд тусалж байгаа монгол хүн байдаггүй, монгол хүнээс Монголын тухай мэдээлэл авч чаддаггүй юм байна гэдгийг ойлгосон гэх үү дээ. Ингээд Жуулчны мэдээллийн төвийг байгуулсан. Энэ төв маань мөн 10 гаруй жил болж байна. Энэ хоорондоо volunteer tour  нэлээд явуулсан. Одоо сургалт маань салбартаа нэлээд танигдаад байна. Мөн салбарынхаа бодлогын асуудлуудад идэвхтэй оролцож, нийтлэл бичих, дуу хоолойгоо хүргэх, төслүүдэд оролцох гээд цаг завгүй л ажилладаг.

-Монголын гудамжинд явж байгаа монгол хүн бүхэн л энэ улсын нүүр царай,  (сурталчилгаа) учраас наад захын англи хэлтэй, түүх соёлынхоо талаарх мэдлэгтэй байх нь зөв үү?

-Сүүлийн үеийн нэг судалгааг би харлаа. Түүнд Ази Номхон далайн 80 гаруй орноос  хүүхэд залуучуудын англи хэлний төвшингөөрөө манай улс 2015 онд 70 орноос 63-т,   2016 онд 64, 2017 онд 80 орноос 73-т бичигдэж байсан бол 2018 онд 80-даа багтаагүй гараад явчихсан байна. Дэлхий дээр англи хэлний сургалт, чадвар чадамж маш хурдтай урагшилж байхад манайх ухарч байна.

-Харин ч сүүлийн үеийн залууст англи хэл мэдэхгүй хүн байхгүй болсон юм биш үү?

-Нэг л их англи хэлтэй юм шиг гартаа кофе барьчихсан, англи дуу сонссон, англи монгол хольж ярьсан залуус байдаг ч практикт хэрэглэх төвшний чадваргүй, зүгээр хэлбэр болчхоод байна. Хэлний чадамжтай залуус мэдээж байгаа. Тэд аялал жуулчлалыг сонирхохгүй.  “Аялал жуулчлал бол гуйлгын бизнес юм” гэж дэлхийн нэг тэрбумтан хэлсэнтэй санал нийлдэг. Учир нь мөнгөтэй хүмүүс хурдан эргэлдэх ашигтай бизнес рүү хөрөнгөө оруулдаг. Аялал жуучлал руу мөнгөө оруулбал хоол, хонуулах үйлчилгээ рүү л мөнгөө оруулах сонирхолтой байдаг.

-Одоо манайд аялал жуулчлалын мэргэжлээр төгсгөдөг нэлээд хэдэн их дээд сургууль байдаг. Тэндээс шууд хөтөч хийх хэмжээний боловсон хүчин гарч чаддаг уу?

-Аяллын хөтөч хүн бол явдаг тайлбар толь  байх ёстой. Гэтэл манайд ийм байж чаддаггүй.  Энэ нь суурь боловсролыг нь бүр багаас нь зөв тавьж өгч чадахгүй байгаатай холбоотой. Англи хэл жаахан сурчихлаа гэхэд наад захын түүх соёлын мэдлэггүй л орж ирдэг. Англи хэлтэй, хөтөч хийх сонирхолтой залуу Сүхбаатарын талбайг мэдэх үү гэвэл мэднэ гэнэ. Тэгвэл Сүхбаатар гэж хэн юм гэвэл мэдэхгүй. Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан гэж сайн хүн үү, муу хүн үү гэж асуудаг 20 гаруй настнууд бий. Энэ бол дөрөв, таван настай хүүхдийн  асуулт шүү дээ. Тэгээд өөрсдийгөө бид кристал эриний хүүхдүүд учраас өнгөрсөн цаг руу өнгийх шаардлагагүй гэх хандлагатай.  Аялал жуулчлалын салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа их дээд сургуулийн чанар муу байна. Манай тур операторууд тур менежерээр төгсч ирж байгаа хүүхдүүдийг туршлагагүй гээд авах дургүй байдаг.

- Төгсөөд ирэхээр нь туршлагагүй гээд авахгүй болохоор яаж туршлагатай болох юм бэ?

-Харин ийм зөрчил үүсдэг. Нэг талаасаа харвал хувийн компаниуд мэдээж хүн сургаж цалин өгөхийг хүсэхгүй. Нөгөө талаасаа ажиллахгүйгээр туршлагатай болж чадахгүй. Монголын томоохон компаниудын захирлуудтай хүний нөөцийн асуудлаар уулзаж ярилцаж явахад тэд одоо бид хувь заяатайгаа эвлэрэхээс өөр аргагүй  гэдэг. Учир нь дунд сургуульдаа сурах ёстойгоо сураагүй хүүхдүүдийг дээд сургуулиуд нь арайхийж нэг юм сургаад гаргаж байгаа юм. Дээд сургуульдаа сурах ёстой байсан зүйлийг нь энэ хэдэн компаниуд сургаад 5-6 жилийн  дараа одоо л нэг юм манай компанийн хүн болох нь дээ гэсэн мэдрэмжийг авдаг гэж байна. Энэ бол Монгол Улсын суурь боловсролын тогтолцоо дэлхийгээс хэт хоцрогдсоны л жишээ.

-Тэгэхээр танайд салбартаа ажиллах хүмүүсийг дахин сургах шаардлага тулгараад байна уу?

- Ер нь л дахин сургадаг. Ирж байгаа хүүхдүүд түүхийг бидэнд ингэж ойлгуулж байсан бол би анагаахыг сонгохгүй байсан юм гэх жишээний. Тэгэхээр таны өмнө нь асууснаар монгол хүн эхлээд Монголоо мэддэг байх хэрэгтэй . Манайх ч энэ чигийг барьж сургадаг. Үүний цаад зорилго юу вэ гэвэл Монголыг дэндүү мэддэг жуулчид ирээд байгаатай холбоотой. 2200 жилийн түүхийг хоёрхон цагийн дотор жуулчдад яаж ойлгуулах вэ гэдэг  маш чухал.

-Уул уурхай,   аялал жуулчлалын  бэлдсэн боловсон хүчнийг сорчихлоо гэдэг байсан. Энэ байдал хэвээрээ байгаа юу?

-Нэг үе боловсон хүчнээ алддаг байсан. Одоо байдал өөрчлөгдөж байна. Саяхан хөтөч нарын улсын хэмжээний нэгдсэн чуулган боллоо. Эндээс болон бусад нөхцөл байдлаас харж байхад манай салбарын төгсөгчид салбартаа 30-50 хувьтай ажиллаж байна. Тэд ахисан төвшинд гарч ажиллаж байгааг харлаа. Зун хэдэн төгрөг олчхоод гарна гэж орж ирж байсан хүүхдүүд энэ салбартаа үлдээд,  урваад явж байгаад баяртай байгаа. Тэд энэ салбараас ирээдүйг олж харж байгаа байх.

-Жаахан хэл сурсан, сурч байгаа залуус зун хөтөч хийж мөнгө олонгоо хэлээ сайжруулаад авъя гэдэг үзэгдэл байдаг. Энэ хэр сөрөг нөлөөтэй вэ?

-Энэ бол бодит үзэгдэл. Энэ нь  эргээд аялал жуулчлалын чанарт маш хор нөлөөтэй. Ер нь жуулчин өөрийгөө баяр баясалтай, таашаалтай байлгахын тулд, өөрийнхөө мэдэж байгаагаас илүүг мэдэхийн тулд л мөнгө төлдөг. Хэн нэгэн хүний гадаад хэлний дадлагын бай болох гэж ирдэггүй. Өмнө нь баазууд жаахан гадаад хэлний зах зухтай л бол авчихдаг байсан. Одоо мэргэжлийн сертифекатгүй бол авахаа больсон байна. Энэ ч мөн л нааштай үзэгдэл.

-Монголд аялал жуулчлалын яам, нийслэл гээд олон  байгууллагууд ажилладаг. Эдгээр байгууллагаас 2020 он гэхэд Монгол Улс жилд  сая жуулчин авна гэх мэтээр том тоо гаргаж тавьдаг. Манайд үнэхээр тийм боломж байгаа юу?

-Ийм боломж байхгүй.

-Яагаад?

-Өдий тооны жуулчин авахыг мөрөөдөж байгаа бол эхлээд МИАТ-ийг либерчлах хэрэгтэй. Энэ компанийг чөлөөтэй болгож өрсөлдөгч нарыг нь оруулж ирэхгүй бол нислэгийн тийзний асуудал л манайд гол чөдөр тушаа болж байна. Дээрээс нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал ч сул зогсолт ихтэй, өглөө оройдоо л бужигнадаг шүү дээ. Маш олон хүнийг хий тэжээж байдаг газар гэдэг нь худлаа биш.

-Дээрх байгууллагууд жилд Монгол 500 мянган жуулчин хүлээн авлаа гээд тайлан мэдээ гаргадаг. Гэтэл хилээр орж ирж буй гадаад хүн бүхнийг жуулчин гэж бүртгэдэг тогтолцоотой. Энэ хэр үнэн тайлан бэ?

-Худлаа гэж шууд хэлье. Гааль дээр хэдэн асуулт бөглүүлдэг түүний нэг нь “Та ямар зорилгоор Монголд ирж байгаа вэ?” гэсэн асуулт байдаг. Түүнийг хамгийн өөртөө хал балгүйгээр,  өөрийгөө ороохгүйгээр хариулах бас хамгийн танил хариулт нь “Жуулчин” шүү дээ. Энэ тоо үүнээс үүдэлтэй. Өнгөрсөн жил 530 мянган жуулчин авсан гэсэн мэдээ байгаа. Тэр дотроос нь бид хөөгөөд үзэхээр 110 мянгаас хэтрэхгүй тоо гарна. Үүнийг гаргахад тийм хэцүү биш шүү дээ. Түүний 30-40 хувь нь л тур оператор компаниар дамжиж бусад нь үүргэвчтэй буюу хувиараа ирж байгаа хүмүүс. Үүргэвчтэй аялагч нарын эдийн засгийн үр өгөөж гэх юм байхгүй.

-Үүргэвчтэй аялагч дуртай газраа хоноод хаагуур хамаагүй тэнээд явж байдаг. Мөн үндэснийхээ нислэгээр ирээд үндэснийхээ сүлжээ буудалд буугаад мөн тийм ресторандаа хооллоод буцчихдаг хүмүүс ч байдаг. Тэгвэл энэ хоёр асуудлын  зохицуулалт нь юу байж болох вэ?

-Аялал жуулчлалын салбарын үнийн бодлого гэдгийг бүгд барих ёстой юм. Ялангуяа тур операторууд. Гэтэл үүний төлөө ямар нэгэн алхам хийхгүй байна. Жишээ нь солонгос жуулчид Монголд солонгос жуулчин авдаг хэдэн компани руу яг ижилхэн хөтөлбөрийг явуулчихдаг. Ингээд харж байгаад тэр хэд дотроосоо хамгийн хямдхан үнэ өгснийг нь сонгоод ороод ирдэг. Зах зээлийн өрсөлдөөнөөр үнэ мэдээж ялгаатай байх нь ойлгомжтой. Гэхдээ доод үнийг тогтоож түүнийгээ барихгүй бол жуулчнаа авахын тулд хамаг байдгаараа бууж өгдөг байдал манай салбарт хавтгай байна. Хэдхэн хоногийн өмнө өдрийн 25-хан мянган төгрөг өгч англи хэлтэй хөтөч ажиллуулна гэсэн зар байхыг харлаа. Ер нь хөтөчийн цалин 80 мянгаас дээш байх боломжтой. Тийм байх хэрэгтэй.Таны жишээлээд байгаа Монголд мөнгө оруулдаггүй жуулчдын тухайд гэвэл тэр улсад нь бодлого байна. Түүний эсрэг манайд бодлого мөн эв нэгдэл хэрэгтэй.

-Иймэрхүү салбарт тулгарч буй бэрхшээлийг бодлого шийдвэрт оруулж, нөлөөлдөг, төлөөлдөг танай гол байгууллага чинь хаанах юм бэ? Тэр газар ажлаа хийж чадаж байна уу?

-Монголын аялал жуулчлалын холбоо гэж газар байна. Энэ холбоо бүхий л асуудал, бэрхшээлүүдийг цааш нь дамжуулж шийдэл гарц олоход нөлөөлдөг гол байгууллага шүү дээ. Тэнд өнөөдөр хэн байгаа вэ гэхээр тур оператор компанийн хэдэн захирал хүүхнүүд л байна. Холбооны нэрээр хэдэн жуулчин дээрээ МИАТ зэрэг газруудаас хөнгөлөлт эдэлдэг. Тиймээс хувийнхаа компанийн эрх ашгийн төлөө л тэнд сууж байгаа шүү дээ. Аялал жуулчлалын салбарт чинь зочид буудал, бааз, guest house, жолооч, хөтөч, нислэг, галт тэрэг, сувинер, хоол үйлчилгээ бүгд хамааралтай учраас энэ бүхний төлөөллүүд оролцох ёстой. Энэ холбоо сувинерийг Хятадад бөөнөөр нь үйлдвэрлээд монгол гээд үндэсний үйлдвэрлэлийнхнийг унагаад байгааг яаж зохицуулах вэ гэдгээ ярьж байх ёстой шүү дээ. Яваандаа энэ даяарчлалын хурдацаас шалтгаалаад жуулчлалын чиг хандлага өөрчлөгдөж манайд ирдэг жуулчдын үе дуусна. Дараагийн үеийн жуулчид магадгүй рок, хип хоп хүмүүс ч байх юм билүү. Тэр үед тур оператор компаниудад ирээдүй байхгүй гэсэн үг.  Харин тур оператор компани тусгай аялалд үлдэх боломжтой. Тэгэхээр бодлого барьж байгаа хүмүүс зөвхөн тур оператороос бүрдээд байгаа нь зөв үү.

-Та гадны жуулчид өөрийнхөө хөтөчтэй ирэх боллоо гэж хэлсэн. Энэ бас л нэг аюул шиг харагдаж байна?

-Тийм. Мэдээж тэр хөтөч өөрийнхөө хэлээр биднээс давна. Гэтэл Монголын түүх соёлыг юу гэж тайлбарлаж байгааг бид мэдэхгүй. Тэгвэл хуулиндаа Монголын газар нутаг дээр Монгол Улсын иргэн  л хөтөч хийнэ гэж оруулах ёстой. Бусад орнуудын хуулинд тийм заалт байдаг. Олон аюулаас хамгаалах заалт бол энэ мөн.  Мөн тур оператор компанийн зөвшөөрөлгүйгээр хөтөч хувиараа жуулчин авч аяллын программ зохиохыг хориглох ёстой.

-Жуулчид Монголд яг үнэндээ яах гэж ирдэг вэ?

-Дэлхий дээр манайх шиг, манайхаас сайхан байгальтай газрууд олон бий. Гэхдээ манайд байгаль үзэх гэж ирдэг. Гэхдээ тэр байгальд ганцаараа байгаа мэдрэмжийг авах гэж л ирдэг. Жишээ нь Хаан резорт гээд бааз байна. Тэнд жуулчин очлоо хаашаа ч харсан цэлийсэн тал. Түүний төлөө л мөнгө төлдөг. Харин  Тэрэлж орчин үеийн тохижилт гээд бүх юмтай. Тэнд гэтэл жуулчин очихгүй. Яагаад гэвэл эргэн тойрон айлууд. Нүүдлийн соёл маань олон соёлын анхдагч мөн агуу түүх байгаа учраас сонирхдог. Дэлхий дээр болсон гурван том нүүдлийн  түүх байгаа учраас ирнэ.

-Монголоос өөр сайхан байгальтай газрууд байна. Өнөө цагийн нүүдэлчид жинхэнэ нүүдэлчид байхаа больсон. Гэтэл танай салбар үүнийгээ ярьсаар. Ирээд үзэх юм жуулчдад үнэндээ байгаа юм уу?

-Бид дэлхийн түүхэнд бичигдэж хүмүүсийн тархинд нь идеал үүсгэчихсэн учраас түүнд татагдаж ирдэг. Гэхдээ ирэхэд нь тэр нь зөрүүтэй байдаг. Энэ л асуудал болчхоод байгаа юм. Үүнийгээ бид одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, цаг нь болсон. Онгон байгаль, нүүдэлчин ахуй гэж худлаа хэлж аялал зардгаа болих ёстой. Нүүдэлчин ахуйгаа шоу хэлбэрээр үзүүлж байна. Ийм шоу үзүүлнэ гэдгээ шударга хэлсэн нь дээр.

-Таныхаар  юуг зарах боломж байна вэ?
-Миний ажиглалт буюу миний саналаар дэлхийн биологийн ертөнц мөхлийн ирмэг рүү явж байна. Харин манайд бол нөөц байна. Түүнийгээ үзүүлж  зарж болох юм. Жишээ нь дэлхийд 12 төрлийн огодой байдаг гэнэ. Ихэнх оронд устчихсан харин манай говьд найман төрөл нь байна. Жишээ нь Хустайн нуруунд  тахь, буга өөр бусад амьтад харчихдаг учраас  бид нүүр бардам үзүүлдэг. Манайд хулан, тахь, хавтгай, зээр гөрөөс зэрлэгээрээ давхиж байна. Гэтэл Техаст дотоодын жуулчид нь хэдхэн шувуу дурандах гэж ирдэг байна. Манайд 486 зүйлийн шувуу байна.

-Аялал жуучлалд Чингис хаанаа брэнд болгоё гэдэг. Ирэхээр нэг хөшөөнөөс өөр үзчих юм бараг байдаггүй. Өвөр Монгол шиг цогцолборууд  барих ёстой юу?

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн гурван төсөл орууллаа. Дадал суманд  Чингис хааны цогцолбор  барих асуудал. Мөн Батноровт Хүлэг боорчи амралтын өргөө  гэх газрыг хоёр тэрбумаар барих гэнэ. Дадал суманд хийж  буй ажилд Азийн хөгжлийн банкны зээлээр  50 тэрбумаар  хийнэ. Энийг  Монгол Улс л буцаагаад төлөх болно. Энэ бол аялал жуулчлалын огт судалгаагүй төсөл. Ордост ирээд байгаа 10 сая жуулчин нь хятадууд буюу дотоодын жуулчид.  Хятадууд л өөрийн улс орноороо аялдаг. Өөрөөр хэлбэл дотоодын жуулчид нь аялал жуулчлалаа хөгжүүлээд байнаа. Хүн амынх нь тоог Монголтой харьцуулаад үзээрэй. Чингис хааны цогцолбор хэрэгтэй юу, хэрэгтэй. Гэхдээ ганц л байхад болно шүү дээ. Ингэж гурван зэрэг   байж болохгүй.  Энэ бол зүгээр улс төрийн шоу. 2020 онд  Хэнтий аймгаас сонгогдох нүхээ л малтаад  бат араандаа хийчихлээ шүү дээ тэр хүн. Өөр үр ашиггүй төсөл. Бид их эзэн Чингис хаанаараа бахархах ёстой юу гэвэл ёстой. Дэлхийн хүн мөн үү гэвэл мөн. Бидний тархинд идеал суулгасан уу гэвэл суулгасан. Тэгтэл европч  болоод Америкийн зах зээлд Чингис хааныг маань  нэг их тоодоггүй.  Мэдээж хэрэг тэд хүндэлдэг. Гэхдээ хэзээ ч Чингис хааны газрыг үзье гэж ирдэггүй. Аялал жуулчлалын салбарын хувьд Чингис хаан  хүмүүсийг татах нэг номерын сэдэв биш.  Монгол эвэнт маркетингийг  л хөгжүүлэх хэрэгтэй. Эвент хөтөлбөрүүдийг судлах хэрэгтэй. Дэлхий дээр  эвентүүдээр мөнгө олж байгаа өчнөөн арга байна.

Хөвсгөл  аймгийг жишээ татаад хэлье л дээ.  Хөвсгөлийн мөсний баяраар мөнгө олоод  байдаг юм биш. Өнгөрсөн жил  15 мянга,  энэ жил 30 мянган жуулчин Хөвсгөлийн мөсний баярт ирлээ гэдэг бол дэгс тоо. Мөсөн дээр хоолныхоо шавхруугаа  асгаад мөсөн дээрээ бие засч,  хогоо хаяж байна. Ингээд Хөвсгөл нуурыг бохирдоход хүргэж байна. Энэ ашиг мөн үү. Хөвсгөл аймгийн зочид буудлуудын бүх орны тоог гаргаад үзэхэд 30 мянган хүн Хөвсгөлд очоод хаана хонох юм.

-Салбар бүрт дутагдаад байгаа суурь судалгаа хэрэгтэй гэсэн үг үү?

 

-Аялал жуулчдын салбарт тандалт судалгааны төв огт байхгүй. Судалгаа бол жаахан ч гэсэн  хийгддэг. Гэхдээ судалгаа хийчхээд гарсан дүн дээр нь шинжилгээ хийдэггүй. Бодлого бол
бүр хоцрогдчихсон.

-Монголд ирсэн жуулчид хүссэн хүсээгүй Улаанбаатар хотод бууж, хотоор дамжина. Гэтэл хотын удирдлагаас  цэнгээний газрууд 24 цагт хаадаг журамтай. Үйлчилгээний газрууд нь  үдэд онгойдог.  Энэ та бүхний ажил тээг гацаа болдог уу?

-Тэгэлгүй яахав.  Манай хотод жуулчид аваад юм үзүүлье гэхээр үнэхээр хүндрэлтэй. Миний хувьд  хэд хэдэн  удаа  жуулчид аваад Хотын гэрэлт гудамж гэдгийн дэргэд байдаг UB JAZ гэх шөнийн цэнгээний газар  02-03 цаг хүртэл ажилладаг гэхээр орлоо л доо. Жуулчин маань дарс  сонгоход цэсэнд байгаа 16  дарснаас хоёрхон нь бэлэн байсан. Хотын  төвд үйл ажиллагаа явуулдаг газар нь ийм байхад  бусадтай нь бид юу ярих вэ. Энэ чинь  үйлчилгээний соёлыг харуулах зөвхөн нэг л жишээ.  Дэлхийд технологийн хөгжил явагдаж байна. Хотын хөгжил яригдаж байна. Манай улсад аялал жуулчлын шоу менежерүүд  болоод эвент менежерүүд гэж огт байхгүй.  Энэ бүхэн хөгжиж гарах ёстой. Наад зах нь бид наадмаа жуулчдад зориулсан шоу болгож салгаад ч юмуу өөр өөрөө хийж болох санаанууд байдаг. Менежерүүд жуулчдыг татах, баясгах юм сэтгэж олох ёстой. Ийм хүмүүс байхгүй учир наадам үзэх тасалбар нь хүртэл дамын үнээр олддог. Эвент менежерүүд  ажиллаж байсан бол өвөл ч гэсэн манай улс жуулчин авна гээд л үзэх харах юмтай  байж  болно. Тиймээс ийм менежерүүдийг бий болгож сургах шаардлага байна. Бид ганцхан маршруттай л зууралдаад байж таарахгүй.  

-Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд таныхаар юунаас эхлэх хэрэгтэй вэ?

- Аялал жуулчлалын салбарт тусгасан  мөнгөө эхлээд судалгаанд зарцуулагдах ёстой гэж би хэлнэ. Шинжилгээ дүгнэлтэд зарцуулах ёстой. Түүн дээрээ бодлогоо боловсруулах нь чухал. Жишээ нь Тэрэлжийг тэр чигээр нь энтертаймэнт  бүс болгож болно шүү дээ. Мэлхий хад болоод тэр газрын уран тогтоцуудыг зөөх боломжгүй юм чинь энэ бүс нутгаа л цогцоор хөгжүүлэх ёстой. Дэд бүтцээ байгуулах бол чухал. Мөн хамгийн түрүүнд жорлонгийн асуудлыг шийдэх хэрэгтэй.  Жорлон бол хаа сайгүй байх хэрэгтэй. Ганц жорлон байгуулах гэж яам тамгын газраас эхлээд аймгийн холбогдох газар хүртлээ бичиг цаас болж  байхаар  шууд л шийдэх хэрэгтэй шүү дээ. Судалгаа шинжилгээ хийнэ гэдэг чинь  гадагшаа дотогшоо Монгол орноо харьцуулж хөгжүүлэх арга зам хайж мэдлэг мэдээллээр  хайх зүйл рүү энэ мөнгөө зарцуулахыг л хэлээд байгаа юм. Бусад орны  сул талыг алгасаад давуу талыг  хэрэгжүүл гэмээр байна. Гол юмандаа бид анхаарлаа хандуулж хэрэглэх ёстой мөнгөө зөв газраа зарцуулах хэрэгтэй байна даа миний бодлоор.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com