-ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛНА ГЭСЭН ДАРГА НАРЫН АМЛАЛТ 2000 ОНООС ЭХТЭЙ-
1964 онд ашиглалтад оруулсан Төв цэвэрлэх байгууламж хоногтоо 160-190 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай боловч, лаг боловсруулах үйлдвэр байхгүй учраас хоногт 1000-1200 метр куб нойтон лагийг ил талбайд хатаадаг байна. Эндээс 700 метр куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар хөрсийг бохирдуулж иргэдийн эрүүл тав тухтай ажиллаж амьдрахад сөргөөр нөлөөлж ирсэн. Сүүлийн 20 жилд Улаанбаатар хотод амьдардаг иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн ч бохирийг цэвэршүүлэх төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хэвээр байгаа юм. Тус байгууламжийн тоног төхөөрөмж, техник, технологи нь өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэглээнээс хол хоцорч олон төрлийн эх үүсвэрээс ирж байгаа бохир усыг хүлээн авах, боловсруулахад хүндрэл үүсээд байгаа юм. Хэдхэн жилийн өмнө Толгойт, Орбит, Таваншар, Яармаг, Нисэх орчим үнэртдэг байсан төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр урин дулааны цагт нийслэлийг тэр чигт нь бүрхэж гадуур хувцаснаас нэвт ханхалдаг болсон. Төв цэвэрлэх байгууламжийн 50 гаруй жил дагтаршсан лагийн үнэрийг дарна гэж үе үеийн дарга нар амны уншлага мэт ярьсаар 19 жилийн нүүрийг үзжээ. 1964 онд 500 мянган хүн амтай хотод зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулна гэх дарга нарын амлалт 2000 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд маск зүүж, хантааз өмсчихөөд Төв цэвэрлэхтэй танилцаагүй төрийн түшээд, үнэрийг нь мэдрээгүй хүн байхгүй л болов уу. Зундаа өмхий лагийн үнэрт дарлуулж, өвөлдөө түүхий нүүрсний утаанд угаартдаг нийслэлчүүдэд сайд, дарга нарын сайхан, сайхан амлалтуудыг эргэн сануулж байна. Товч бөгөөд тодорхой хэлбэл шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр удаа тавьсан бол, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг нар тус төвийн үйл ажиллагаатай нь очиж танилцахдаа шинэ цэвэрлэх байгууламж барина гэсэн амлалтыг ард түмэнд өгч байжээ.
-УЛААНБААТАР ХОТ ХӨГЖИХ ҮҮ, НҮҮХ ҮҮ ГЭДЭГ НЬ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ХАМААРНА-
2013 оны тавдугаар сарын 27-ны өдөр Э.Бат-Үүл: “Энэ асуудлыг яаравчлан шийдвэрлэх ёстой. Улаанбаатар хот хөгжих үү, нүүх үү гэдэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас хамаарна. Төв цэвэрлэх байгууламжийн техник, технологийг сайжруулахгүйгээр хотын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. Туул голд бүрэн цэвэрлэгдэж чадаагүй хронтой ус нийлж байгаа нь үнэхээр ноцтой явдал юм. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэрүүдэд бид онцгой хяналт тавьж, зарим үйлдвэрийг хаах хүртэл арга хэмжээ авах тухай нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Богино, дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулж НИТХ-аар оруулах хэрэгтэй. Хөтөлбөрөө батлаад жил бүрийн төсөв дээр суулгаад явбал бид шинэ цэвэрлэх байгууламж барих хөрөнгөө шийдвэрлэх боломжтой. Шинэ цэвэрлэх байгууламж барих санаануудаа ирүүлэх болно. Энэ мэтээр бид шинэ цэвэрлэх байгууламжтай болох ажлыг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй” гэжээ.
-ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ИРЭХ ХАВАР ЭХЭЛҮҮЛНЭ-
2015 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Ч.Сайханбилэг: “Засгийн газар оролцож, дэмжиж, хамтарч ажиллах ёстой. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ ирэх оны нэгдүгээр сард бүрэн дуусна. Бичиг цаас, судалгааны ажлыг чанартай гүйцэтгэж, яаралтай дуусгах нь зүйтэй. 2016 оны Төсвийн тухай хуульд цэвэрлэх байгууламжтай холбоотой 8.1 тэрбум төгрөгийг суулгасан, төсвийн хэлэлцүүлэг болж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг концессоор гүйцэтгүүлэх боломжийг Засгийн газрын төвшинд судлаад бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлэх шаардлагатай. Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ болон судалгааны ажлууд, хийх технологи, газар нь бэлэн байна” гэжээ.
-ХАНДИВЛАГЧ ОРНУУД, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ УРЬЖ ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛНА-
2017 оны аравдугаар сарын 24-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Ирэх хавар гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барих нь эн тэргүүний зорилтоо болгож байна. Монгол гэдэг тусгаар улсын хувьд тулгамдсан асуудлаа шийдэх гарц олцгооё. Хугацаа маш бага байна. Ирэх сард хандивлагч орнууд, хөрөнгө оруулагчдыг урьж төслүүдээ танилцуулъя, сонгон шалгаруулалт явуулах ажилд яаравчилъя. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсгийг байгуулна. Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ахалж, нийслэлийн удирдлагууд болон холбогдох агентлагууд маш хурдтай, чанартайгаар хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуул, хугацаанд нь гүйцэтгэхэд хурд, туршлага, чадвар дутаж, тухайн байгууллагаа зөв удирдаж чадахгүйгээс ажил цалгардуулбал хариуцлага тооцно” гэжээ.
-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ХАМТДАА ЭХЭЛҮҮЛЖ БАЙНА-
2018 оны наймдугаар сарын 26-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжийн төслийг нээж тууз хайчлахдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй агаар, хөрсний бохирдол, Туул голын экологийн доройтлын эсрэг анхаарал хандуулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс шат дараалсан арга хэмжээ авсны үр дүнд энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажлыг бид хамтдаа эхлүүлж байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилснээр байгууламжийн чанар, хүртээмж, хүчин чадал нэмэгдэж, агаар, ус, хөрс, орчны бохирдлыг бууруулах, нийслэлд амьдарч байгаа 1.5 сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байгааг би мэдэгдэж байна” гэсэн байна.
-ИРГЭДИЙН АМЬДРАХ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДАРНА-
2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол дээр “Олон улсын стандартын шаардлага хангасан, дэвшилтэт технологи бүхий, бохир ус цэвэрлэх орчин үеийн байгууламжийг шинээр барих энэхүү төсөл нь Монгол Улс, БНХАУ хоёр улсын хамтын ажиллагааны баялаг түүхийн хуудсыг нэгээр нэмсэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад түлхэц болсон их бүтээн байгуулалт болно гэдэгт би итгэл төгс байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх энэ төслийн хамт Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх cаарал усны үйлдвэр шинээр ашиглалтад орно. Энэ төслүүдийг цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлснээр нийслэлийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдарна нөхцөл сайжирна. Сэтгэл, зүтгэл байхад ямар ч ажил бүтнэ” гэж Ерөнхий сайд онцолж байсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэхүү төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр ийнхүү сая нэг шийдвэрлэж төслийн барилгын ажлыг эхлүүлж байсан.
Ерөнхий сайд БХБ сайд Х.Баделханы толгойтой ярина гэв үү
Энэ үеэр “Ерөнхий сайд надад цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг онцгойлон анхаарч, “толгойгоороо хариуцан” ажиллахыг даалгасан гэж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлээд цаасан дээрх төсөл бодит ажил болж байгааг ч мөн онцлон тэмдэглэж байв. Ямартай ч энэ ажилд ямар нэгэн байдлаар алдаа эндэгпэл гарвал БХБ сайд Х.Баделханы толгой мөрөн дээрээ байх эсэх асуудал яригдах боллоо. Сүртэй эхлэж сураггүй болдог ажлууд шиг бүү л алга болчхоосой билээ гэсэн хүлээлт иргэдэл бий болсон.
Шинэ байгууламжаа хүлээгээгүй шижгэнэсэн дөрвөн залуу
Энэ сүржин нээлтийг хийгээд удаагүй байтал, 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны 15:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хэдий ч харамсалтай нь дөрвөн хүн уг ослоос үүдэн амь насаа алдсан. Ослын газар ажилласан ажлын хэсгийнхэн “Уг осол бохир хүлээн авах анхдагч тунгаагуурын байгууламж дотор болсон байна. Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойг 24 цагт хоёр удаа цэвэрлэдэг. Ажилчид сорох хоолойг цэвэрлэх явцад метан хий бага зэрэг алдагдаж байжээ. Тиймээс хий алдаж байсан хэсгийг чангалах явцдаа тэд метан хийнд хордож ухаан алдсан байна. Энэ үеэр хоолой задарснаас лаг их хэмжээгээр алдагдаж ажилчид живж, амиа алдсан” хэмээн мэдэгдсэн юм. Олон жил улиг болтол ярьсан төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийг хүлээж чадаагүй элэгдэл, эвдрэл, ачааал, аюулгүй байдлын золиос болсон энэ дөрвөн залууг мартах учиргүй. Ажлыг замхруулж, амлалтаа мартаж улиг болгосон дарга сайд нар хүлээх ёстой хариуцлагаа хүлээх л ёстой. Олон жил дуншсан төв цэвэрлэх байгууламжийн ажил өнөөдөр ямар шатандаа явааг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа
Асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хоногт 250 мянган метр куб лагийг цэвэрлэх шинэ байгууламж барих шаардлагатай
Төв цэвэрлэх байгууламжийн дарга Ц.Болд “1990-ээд оноос эхлэн нийслэл хотод үйлдвэр аж ахуйн газрууд олноор баригдаж,хүн амын хэт төвлөрөл бий болсноор манай байгууллага ачааллаа дийлэхээ больсон. Ачааллыг нэгдүгээрт усны хэмжээгээр, хоёрдугаарт бохирдлын хэмжээгээр тооцоолдог. Усны хэмжээ гэдэг нь манай байгууллага хоногтоо 170 мянган метр куб ус хүлээж аваад цэвэршүүлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 170-210,220 мянган куб метр усыг хүлээн авч цэвэршүүлж байна. Өөр нэг хүндрэлтэй асуудал нь цэвэрлэх байгууламжид бохир усанд ирсэн лагийг боловсруулах технологийн дамжлагагүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бохир устай хамт ирж байгаа лагийг тунгаагаад, тунгаасан лагаа байгууламжийн өмнөх талбайд байрладаг 44 ширхэг карт руу шахаж байгалийн аргаар хатаадаг. Байгалийн аргаар хатаахаар халуунд хатаад, хүйтэн нойтон бороотой үед гэсдэг. Үүний улмаас орчин тойрондоо эвгүй үнэр тараадаг. Энэ бүх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хоногт 250 мянган метр куб лагийг цэвэрлэх хүчин чадалтай, орчин үеийн техник, технологоор бүрэн тоноглогдсон лагийг боловсруулах шинэ цэвэрлэх байгууламжийг барих зайлшгүй шаардлага тулгарснаар энэ ажил амжилттай эхлээд байна.
Ажлын нарийвчилсан зураглал гаргах ажлуудыг хийж байна
БХБЯ-ны Нийтийн аж ахуй бодлогийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн ярихдаа “Одоогоор төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг Хятадын засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд хийж байгаа ажил. Тиймээс хятадын компаниудын дунд хязгаарлагдмал тэндерийг зарлаад гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Одоо энэ компани талбай дээр улаан шугамаа татаад, кампай байгуулах гэх мэт ажлыг хийхийн хажуугаар ажлын нарийвчилсан зураглал гаргах ажлуудыг хийж байна. Гэрээнд заасан хугацаагаар 35.5 сар буюу нийт гурван жилийн хугацаанд энэ ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Хүлээлгэж өгсөнөөс хойш нэг жилийн хугацаанд туршилт тохируулга, зүгшрүүлэлт, сургалтын хугацааг тооцоолох юм бол дөрвөн жилийн хугацаанд шинэ цэвэрлэх байгууламжийг бүрэн хүлээлгэж өгөх юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын засгийн газраас 300 сая ам доллар төсөвлөсөн байсан. Сонгон шалгаруулалтын явцад гүйцэтгэгч компани 260 гаруй сая ам доллараар энэ ажлыг гүйцэтгэх санал оруулж ирсэн. Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг Монгол Улсын засгийн газрын 73 дугаар тогтоолын хүрээнд БХБЯ-наас зохион байгуулж хяналт тавин ажиллаж байна.
Лагийг үнэргүйжүүлж, бордоо болгох ажил 60 орчим хувьтай байна
Барилга хөгжлийн төвийн нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Ганбаатар хэлэхдээ “БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргатай Эко Тахи компани 2018 оны зургадугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээнд нийт 700 гаржй мянган метр куб хур лаг, өдөр тутмын шингэн лаг, картан доторх гэсэн гурван төрлийн лагийг үнэргүйжүүлж, бордоо болгох ажлын гэрээтэй. Энэ ажил одоогоор 60 орчим хувьтай явж байна. Гэрээнд заасны дагуу Япон улсаас оруулж ирж байгаа бакатерийг модны үртэстэй хольж өсгөвөр, бэлдэц бэлтгэж, бэлдэцээ хур лаг, түүхий лагтайгаа хольсноор лагийг үнэргүйжүүлж байгаа юм. Ингээд хутгасан лагаа өөр талбайд зөөн аваачиж тэнд нь бордоожуулах ажил хийж байна. Бид өсгөвөр болгох явц, бэлдэц болгох явц, болсон бэлдэцээ хольж хутгах явцыг стандартын дагуу хийж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна.