Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатартай ярилцлаа.
-Нийтийн аж ахуйн 90 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд ямар томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
- Юуны өмнө Барилга, нийтийн аж ахуйн салбарын үе үеийн ахмадууд болон салбартаа ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд та бүхэндээ ойн өдрийн мэнд хүргэе. Нийтийн аж ахуйн салбарт өнгөрсөн жилүүдэд тавьсан томоохон зорилтуудын нэг нь хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм. Энэ ажлын хүрээнд Орон сууцны тухай хууль, Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оноос мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан шинээр боловсруулж буй бүх хуулиудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох тандан судалгаа хийгдэсээр байна., Мөн МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг" боловсруулагдаж, энэ хүрээнд төлөвлөгдсөн ажлууд хийгдэж байна. “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих" төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, эхний зургаан цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо. Аймаг , нийслэлийн нийтийн аж ахуйн байгууллагуудыг цэвэр, бохир усны зөөврийн болон суурин лабораторитой болгох зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 900 - аад сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэр, бохир усны лабораторийн багаж, тоног
төхөөрөмж, урвалж бодисыг үе шаттай ханган нийлүүлэх ажил хийгдлээ. Нийтийн аж ахуйн байгууллагууд цэвэр, бохир усны иж бүрэн лабораторитой болсноор усны чанарт байнгын хяналт тавих, хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг хаягдал усны стандартад нийцүүлэн байгальд нийлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.
-Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн хийж гүйцэтгэсэн ажлуудаас дурдвал?
-Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын талаарх төрийн бодлого, хөгжлийн ойрын ба хэтийн чиглэлийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, зохицуулалт, зөвлөгөө, дэмжлэгээр хангах замаар салбарын үйл ажиллагааны болон эдийн засгийн чадавхийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх, ус хангамж ариутгах татуургын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн төлөв байдал, ашиглалтын түвшин, засварын ажлын чанарт хяналт тавих, хөрөнгө оруулалтын үндэслэлийг оновчтой болгох, гүйцэтгэлийг хангуулах, ХАБЭА-н түвшинг дээшлүүлэх, хууль тогтоомж болон дүрэм журам, стандартын мөрдөлт, норм нормативын баримт бичгээр хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангуулах, салбарын шаардлагатай мэдээллийн санг бүрдүүлэн төрийн захиргааны төв байгууллагыг цаг үеийн бодит мэдээллээр хангаж ажиллах зорилготой ажилладаг.
Мөн салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажил үүргийн хүрээнд төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдсан үүнд санал өгч оролцсон.
-Нийтийн аж ахуйн салбарт тулгамдсан асуудлуудын тухайд та юу хэлэх вэ?
-Хот , суурин газруудын хөрсний бохирдол, гэр хорооллын нүхэн жорлонгийн асуудал байна. Мөн бохир усны цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээг сайжруулах асуудал тулгамдаж байна. Манай орон газрын гүний цэвэр усны нөөц багатай орны тоонд ордог боловч хүнс, хөдөө аж ахуй, барилга, уул уурхай гээд бүхий л салбарууд усны хэрэгцээний 80 хувьд нь газрын гүний усаа ашиглаж байгаа нь дараагийн нэг хөндөх асуудал юм. Олон зуун жилийн хугацаанд нөхөгддөг байгалийн нөөц баялгаа хайрлаж хамгаалахын тулд цаашид гадаргын усыг ашиглах бодлого шаардлагатай байна. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдвэрлэхээр хэд хэдэн төслүүд хэрэгжиж эхэлж байна. Нөгөө талаар Монголд усны үнэ тариф бага байна. Цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ тарифыг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд манай салбарт олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас авсан урт хугацааны зээлүүд, тэдгээрийн хүүг төлөх асуудал тулгамдаад байна. Бусад салбартай харьцуулахад ашигтай ажиллаж чаддаггүй, усны үнийг олон жил хязгаарласан учраас зээлээ эргүүлэн төлөх боломж нөхцөл нь бүрдээгүйгээс хуримтлагдсан их хэмжээний зээлийг төлөх хэрэгтэй байгаа. Мөн салбарын байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн талаар орхигдуулж болохгүй. Нийтийн аж ахуйн байгууллагууд маань ажиллагсдынхаа нийгмийн асуудалд анхаарч, цалин урамшууллыг нь нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр ажиллах шаардлага бий. Улаанбаатар хотын хэмжээнд мэргэжилтэй боловсон хүчний хүрэлцээ харьцангуй боломжийн, хөдөө орон нутагт нэлээд дутагдалтай байна. Нэгэнт бэлтгэгдчихсэн байгаа хүний нөөцөө давтан сургах, мэргэшүүлэхэд анхаарах нь чухал юм.
-Тэгэхээр боловсон хүчин, мэргэжилтнүүдээ сургаж, чадавхижуулах тухайд сүүлийн жилүүдэд ямар ажил хийгдэж байна вэ?
-Салбарын инженер, техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсаар ирсэн. Хамгийн сүүлд Япон, ОХУ-д мэргэжилтнүүдээ сургалтад хамруулж, туршлага судалсан. Тухайлбал, 2019 онд манай улсын 15 инженер, техникийн ажилтнууд Япон улсын “Мотоаракава цэвэрлэх байгуулам”, “Коёомагава цэвэрлэх байгууламж”, “Ириэзаки” цэвэрлэх байгууламжийн лаг боловсруулах, шатаах цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, туршлага солилцсон бол 2018 онд ОХУ-ын Новосибирск хотын “Горводоканал” нийтийн аж ахуйн байгууллагын үйл ажиллагаатай манай улсын 12 инженер техникийн ажилтнууд танилцаж, туршлага судлаад ирсэн. Мөн дотооддоо мэргэжлийн зэрэг олгох, ахиулах сургалтуудыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.
-Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг усгүйжүүлэх байгууламж барьж байгуулсан. Энэ байгууламж хэрхэн ажиллаж байгаад та мэдээлэл өгөхгүй юу?
-Барилга, байгууламжийн захиалагчийн хэлтсийн хяналтын инженерийг оролцуулж Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн ажлыг 2019 онд хийж хэрэгжүүлсэн. Үүний нэг нь лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж богино хугацаанд улсын комисст хүлээлгэж өглөө. Лаг усгүйжүүлэх байгууламж одоо хэвийн ажиллаж байгаа бөгөөд хоногт 1000-1200м3 лагийг усгүйжүүлж байна. Мөн 2018 онд эхлүүлсэн хур лагийг үнэргүйжүүлэх төслийг “Эко тайхи” компани хоёр жилийн хугацаанд гүйцэтгэж дууссан. Хоёр картны лагийг хар шороон хөрс болгох ажлыг “Ховд тул” ХХК гүйцэтгэж дуусгаад, төслийн хаалтын ажиллагааг хийсэн. Мөн одоо лагийг боловсруулж бордоо болгох, боловсруулсан бордоог юунд ашиглаж болох талаарх туршилтуудыг хийлээ. Тодруулбал, бордоогоор ургамлын өсөлт хөгжлийн нөлөөлөл, болон ахуйн жорлон ариутгах зэрэгт ашиглах талаар олон туршилтуудыг хийсэн. Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Нийслэлийн байгаль орчны газарт энэхүү туршилт, мэдээллүүдийг хүргүүлж, хаана хэрэглэж болох талаар саналуудыг өгсөн. Жил бүр Нийслэлийн ойр орчмоос хар шороон хөрс ухаж бүтээн байгуулалтанд ихээр ашигладаг. Мөн лагаас гарган авсан бордоог Улаанбаатар хотын хогийн цэгүүдийн хуримтлагдсан хог хаягдлыг булшлах технологид ашиглаж болох юм байна гэх зэрэг зэрэг хэрэглээнүүд бий.