Угаарын хий мэдрэгчийг гэртээ суурилуулснаар угаартах аюулаас холдлоо гэсэн үг биш. Энэхүү төхөөрөмжийг зөв ашиглаж, дохиолол дуугарсан даруйд агаар сэлгэлт хийх, гэр бүлийн гишүүдийг гэрээс гаргах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албаныхан зөвлөж буй.
Чингэлтэй дүүргийн XII хорооны 776 тоотод оршин суух хаягтай иргэн Б.Оюунцэцэгийнх нам даралттай зуухтай, байшинд амьдардаг. Энэхүү байшинд дөрвөн өрх амьдардаг ба коридорт угаарын хий мэдрэгчээ байрлуулжээ. Үүдний ойролцоо нам даралттай зуух нь байрладаг тул эрсдэлээ тооцсон ч тэр угаарын хий алдаж болзошгүй тул ийнхүү утаа мэдрэгчийг коридорт байрлуулсан нь энэ аж. Бас зарим айл нь өрөөнийхөө хананд тогтоосон байв.
УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧТЭЙ БОЛСНООС ХОЙШ ТАЙВАН ХОНОДОГ БОЛСОН
Иргэн Б.ОЮУНЦЭЦЭГ:
– Угаарын хий мэдрэгчийг суурилуулахаас өмнө өмнө угаартчих вий гэсэн байнгын айдастай байсан. Одоогоор улаан гэрэл анивчиж аюулын дохио өгөөгүй байна. Тэгэхээр угаартна гэсэн айдасгүй л юм шиг байгаа юм. Манайд ногоон гэрэл нь 30 секунд анивчдаг. Угаарын хий мэдрэгчийг суурилуулснаас хойш тайван хонодог болсон.
Дараа нь бид монгол гэрт орлоо. Иргэн А.Батжаргалынх хоёр нас болон дөрвөн сартай бага насны хоёр хүүхэдтэй. Тиймээс угаартах вий гэсэн байнгын айдас болгоомжлол саяхныг хүртэл байсан гэнэ. А.Батжаргалынх угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хойморт ханандаа өлгөсөн байв. Гэхдээ бас л буруу байрлуулсан болохыг хорооны ажилтан унинаас доош ханандаа дундыг баримжаалан тогтоохыг зөвлөгөөг өгч байсан юм.
УЛААН ГЭРЭЛ АНИВЧИЖ, ДОХИОЛОЛ ДУУГАРВАЛ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХАА
МЭДЭХГҮЙ БАЙНА
Иргэн А.БАТЖАРГАЛ:
Угаарын хий мэдрэгчийг гэртээ суурилуулаагүй байхад угаартчихвий гэсэн айдастай байсан. Галаа түлэхдээ угаартах вий гэхээс зуухаа шалгана, амыг нь нээлттэй орхино. Угаарын хий мэдрэгчийг суурилуулснаас хойш миний толгой өвдөж, бага хүүхэд маань уйлагнахаа больсон. Өмнө нь ийм зовиуртай өглөө бүр сэрдэг байсан. Манай гэр бүл угаарын хий мэдрэгчтэй болсноос хойш айх айдасгүй тайван хонож байна. Гэхдээ улаан гэрэл анивчиж дохиолол дуугарсан үед ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй. Аюултай л гэж сонссон.
Чингэлтэй дүүргийн XII хороо нь олны нэрлэж заншиснаар Дэнжийн мянга буюу Нарантуул II захын хажууд байрладаг аж. Тус хороонд нийт 3000 орчим өрх харьяалагддаг, хамгийн олон хүн амтай хороо тул угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулсан нь энэ юм байна.
УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ ИРГЭДИЙН ДУНД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН
ЧД-ийн XII наймдугаар хэсгийн ахлагч Ц.ХУРГАНХҮҮ:
“Угаарын хий мэдрэгчийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тарааж эхэлнэ гэх мэдээллийг хотын удирдлагууд өгсөн болохоор хүмүүсийн дунд их хүлээлт байсан. Хэзээ суурилуулах вэ гэж асууна. Манай хороонд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажлыг эхлүүлж, дууслаа.
Бид Онцгой байдлын хэлтэстэй хамтран айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг суурилуулж, дагалдах зөвлөгөөг өгч ажилласан. Шинэ төхөөрөмж суурилуулснаас хойш айл өрхүүдэд ямар нэгэн асуудал үүсч, гомдол ирээгүй. Нэг айлын угаарын хий мэдрэгч нь эвдрэлтэй ирсэн байсныг солиулсан. Угаар үүсээгүй байхад улаан гэрэл нь анивчиж, дохиолол дуугараад байсан гэх гомдлыг шалгаж үзэхэд мэдрэгч нь эвдэрсэн байсныг солиулж өгсөн гэлээ.
Хэдийгээр албаны хүмүүс угаарын хий мэдрэгчийн талаарх мэдээллийг өгч байгаа ч төхөөрөмж суурилуулсан айл өрхүүд улаан гэрэл анивчсан үед ямар арга хэмжээ авах талаар төдийлөн мэдээлэлгүй байлаа. Дээр нь иргэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг байршуулсан ч тайвширч болохгүй, үргэлж хянуур байх хэрэгтэйг холбогдох албаны хүмүүс зөвлөж байгаа юм.
Айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг суурилуулснаас хойш угаартсан хүний тоо буураагүй гэх мэдээллийг НОБГ-аас өгч байв. Тодруулбал, онцгой байдлын байгууллагад иргэдээс ирүүлж буй дуудлага мэдээлэлд хоногт 8-16 хүн угаарын хийд хүнд болон хөнгөн хордсон гэх дуудлага ирүүлдэг байна. Угаарын хий мэдрэгчийг гэр хорооллынхонд суурилуулсан ч хоногт угаартсан иргэдийн дуудлага мэдээлэл буураагүй дээрх тоон үзүүлэл хэвээр байгаа гэнэ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.НЭРГҮЙ: Угаарын хий мэдрэгчийг цахилгаан болон уурнаас хол газарт байршуулах хэрэгтэй. Төхөөрөмжийг унтлагын өрөө, коридор, зочны өрөө, шатны төгсгөлд байрлуулж болно. Гэр сууцанд суурилуулах бол тоононоос дээш 30 см зайд доош багана эсвэл унинд суурилуулах хэрэгтэй гэх зөвлөмжийг Агаарын бохирдолтой тэмцэх газраас өгч байгаа юм.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргалаас дараах зүйлийг тодрууллаа.
Угаарын хийн хордлогын давтамж хавар намар ихсэх хандлагатай байдаг. Хаврын улиралд дотоод агаарын температурын зөрүү бага байх тусам түлшний шаталт муудснаар угаарын хий үүсэх өндөр магадлалтай.
Шороон шуургатай үед яндангаар салхи цохиж, гэрт утаа үүсэх магадлал их. Ерөнхийдөө орон сууцанд стандартын дагуу утаа мэдрэгч, галын аюулаас сэргийлэх багаж төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг бол гэр хорооллын хувийн болон гэр сууцуудад галын дохиолол, угаарын хий мэдрэгч зэрэг нэмэлт тоноглол төхөөрөмж байдаггүй. Тиймээс угаарын хий мэдрэгч нь иргэдийг угаартах, эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж буй арга хэмжээ юм. Хоёрдугаарт, угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь галын аюулаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
-Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан ч долоон сартай жирэмсэн эмэгтэй угаарын хийд хордсон. Энэ нь ямар учиртай вэ?
– Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн дохиолол дуугарсан ч иргэд агаар сэлгэлт хийгээгүй, арга хэмжээ аваагүйн улмаас угаартсан тохиолдол гарсан. Хэдийгээр НМХГ болон НОБГ иргэдэд тухай бүрт зөвлөмж өгч байгаа боловч хэрэглэгчдийн анхаарал болгоомжгүй, мэдээлэлгүйн улмаас угаарын хийд хордох эрсдэл үүсч байна. Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Ердийн нөхцөлд 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна. Энэ нь тухайн төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг.
Шар гэрэл анивчвал төхөөрөмж алдаа заасан, улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаар байна гэсэн үг. Хэрэв угаарын хий мэдрэгч 30 PPM угаарын хийг хэмжвэл 120 минутад дуугарч эхэлнэ. Угаарын хийн агууламж 35 PPM байгаа орчинд тухайн хүн 6-8 цаг байвал толгой өвдөх, толгой эргэх шинж тэмдэг илэрнэ.
Төхөөрөмжинд улаан гэрэл асч, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэрийнхээ агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэцэн дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах боломжтой.Мөн хэрэглэгчийн гарын авлагад буй заавар зөвлөгөөг харах хэрэгтэй. Тиймээс иргэд угаарын хий мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хянаж, шалгахыг зөвлөе гэлээ.
Иргэдэд тарааж буй угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг ашиглах гарын авлагад ч бас төхөөрөмж суурилуулснаар тайвширч болохгүй тул галын аюулгүй байдлаа хянах тухай анхааруулжээ. Үүнд,
Нүүрс төрөгчийн дутуу исэл /CO/-ийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар иргэн таны аюулгүй байдал хангагдахгүй бөгөөд иргэн та өөрийн орон сууц, гэрийн зуухны бүрэн бүтэн байдлыг хангасан, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшсэн, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримтлалснаар таны аюулгүй байдадл хангагдах учиртайг сайтар анхаарна уу хэмээжээ. Тиймээс гэр хорооллын айл өрхүүд угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй болсноор угаартахгүй гэж ойлгож, тайвширч болохгүй нь.
эх сурвалж: ttt.mn