Манба Дацан МУЭСТ-ийн тэргүүн, хамба лам Д.Нацагдорж
Монголчууд бидний хувьд төрсөн нутаг, газар усныхаа талаар ихэд хүндэтгэн, санан дурсч, ном сударт бичих, дуу шүлгэнд мөнхлөх, бие сэтгэлээрээ хүрэлцэн очиж, эргэл мөргөл хийх, хөрвөөх, сан, хүж тавих, идээ будааны дээж өргөх зэрэг зан үйлийг олон зууны турш хийсээр ирсэн. Энэхүү зан уламжлал нь өнөөдөр ч бидний дунд оршсоор байна. Гэтэл үүний гүн утга учрыг лам хуврага, ард иргэдээс асууж лавлахад төрсөн газар орон чухал байх, газар устай нь холбоотой байх, ер нь төрсөн газартаа очиход сайхан байдаг, хүч энерги авсан мэт санагддаг хэмээн ярьж, энэхүү зан үйлийг хийдэг мөртлөө гүн утга учрыг нарийвчлан мэдэхгүй байгаа нь ажиглагдсан. Тиймээс би бээр буддын гүн ухаан, анагаах ухаан, зурхайн ухаан, бурхан сахиус, ном сударт хэрхэн бичсэн талаас нь судалж мэдэхийг эрмэлзсэн бөгөөд олж мэдсэн зүйлээ маш товчоор та бүхэндээ сонордуулахыг хүссэн болой.
Аливаа байгаль ертөнц, амьд организм бүхэн шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодоос үүсч буй болно. Байгаль, амьд амьтад нь шалтгаан, үр болон шүтэн барилдахуй зэрэг хүн байгалийн хуультай гүн нарийн уялдаа хамааралтай. Хүний бие нь таван махбодоос гадна намшэ (сүнс, сэтгэл)-ийн зургаан махбод төгөлдөр юм. Сайн цагийн мянган бурхны дөрөв дэх нь болох Бурхан багш бээр 3000 их галавт див, хилэнц түйтгэрийг арилгаж, буян цаглашгүйг бүтээснээр дээд бодьсадва болж, Гандан диваажингийн оронд номоо номлож байсан бөгөөд урьдын их ерөөл, буянаар замбуулин тивд морилон ирж, ялж төгс нөхцсөн бурханы хутгийг олж, зургаан зүйлийн хамаг амьтанд гэгээрэлд хүрэх номоо номлосон. Бурхан багшийн айлдсанаар амьтан бүхэн бурхан болж гэгээрэх, буяны үндэс, хөрөнгөтэй байдаг. Гэхдээ энэ нь сайн үйлийн үр, буянаас шууд хамааралтай бөгөөд зөвхөн хүний төрөлд л амьтан бүхний тусын тулд бурхны хутгийг олж гэгээрэлд хүрч болохыг судар номд олонтоо бичиж бидэнд сануулсан билээ.
Хүний төрлийг олж төрөх нь маш ховорхон тохиох, олдохдоо бэрх бөгөөд төрж өсч, өвдөж өтөлж, үхэл, мөнх бусыг үзүүлэхдээ амархан, эмзэг төрөл юм. Хүмүүний төрөл нь сайн, муу үйлийг сонгож амьдрах шалгуурын төрөл юм. Эрдэнэт хүмүүний төрлийг олж төрсөн хүнд энэхүү замбуулин тивийн орчлонгийн зовлонт замаар замнах эсвэл тэрхүү сайн төрлөө улам сайжруулах буяны зам мөрд орох гэсэн хоёр зам угтан хүлээж байдаг. Орчлонд зүүний үзүүрийн төдий ч амгалан үгүй хэмээсэн. Бид орчлонгийн үйл явдлаа амар амгалан хэмээн эндүүрэх нь бидний мунхаг сэтгэл юм. Бид амьдралынхаа ихэнх нас, цаг хугацааг зовлонгийн мөн чанартай орчлонгийн ажил үйлд зарцуулж, буянтай сайн төрлийнхөө үүргийг умартдаг талтай. Бид зовлонт орчлонд амьдарч байгаа ч буян сүжгийн хүчээр бурхан ном, шашин дэлгэрсэн газар төрж, буян хийж болох буяны шалтгаан нөхцөлийг бүрдүүлж чадна. Иймд хэн боловч эрдэнэт хүмүүний сайн төрлийг олоод дээрх хоёр замын алинаар нь явж байгаагаа бодож, үнэлж дүгнэх нь чухал юм. Хүний төрлийг олсон бидэнд цөвүүн цагийн нийтийн болоод хувь хүний үйлийн үр, үр дагавар ихээхэн нөлөөлдөг.
Хүний төрөл, энэ нас нь урьд, хойдох төрөл бүртэйгээ харилцан шууд хамааралтай. Сайн цагийн 1000 бурхан ч гэсэн ямар гараг ертөнцөд, ямар эрин цаг үед, ямар язгуур, удам угсаа, эцэг эхийг сонгож төрж мэндлэн номоо номлох ёсыг үзүүлдэг байна. Үүн лугаа адил хүмүүний тухайд ч гэсэн үйлийн үр, шүтэн барилдахуй, сайн буян заяагаараа эрдэнэт хүмүүний сайн төрлийг олж төрөхдөө мөн л төрөх он, цаг хугацаа, хаана, ямар газар оронд, ямар язгуур, удам угсаанд, ямар эх, эцгийн үр хүүхэд болж төрөх нь нарийнаас нарийн үйлийн үр, шүтэн барилдахуйтай шүтэлцэн хамааралтай байна.
Монголчууд бидний хувьд дэлхийн ард түмэнд соён гэгээрүүлэх ертөнцийн бодит үнэнийг зааж сургах ёс заншил, зөв ухамсартай амьдралын утга учир, үнэ цэнийг бурхны шашны ном сургаалаар заалгаж сурсан давуу тал байна. Үүний нэгэн тод илрэл нь монголчууд төрсөн газар орноо хайрладаг, очиж хүндэтгэл үзүүлдэг, төрсөн газар орондоо мөргөж залбирдаг, хөрвөөдөг уламжлал өнөөдөр ч бидний өв соёлд бий. Гэхдээ үүнийхээ гүн нарийн утга учрыг бид ихэс дээдсээсээ сурч, мэдэж авсангүй бөгөөд гүн утга учрыг ойлгохгүйгээр зан үйлийг нь бие, сэтгэлдээ тээж, үе удамдаа үлдээсээр байна.
Хүн уйлж төрдөггүй, харин ухаарал, гэгээрлийн тарнийг уянгалуулан төрдөг
Хүн төрөх агшин, эх орон, нутаг усаа олж төрдөг, түүндээ эргэж, түүнийгээ зүрх сэтгэлдээ санагалзан, эргэж мөргөдөг, хүндэтгэл үзүүлдэг ёс уламжлалын гүн утга учрыг сайтар ойлгох нь ухаант монголчуудын нэгэн давуу тал байх ёстой тул буддын сургаал, гүн ухааны үүднээс авч үзлээ.
Хүмүүс хүүхдийг төрөхөд “Аа” хэмээн уйлж төрлөө гэдэг. Энэ ойлголт нь учир дутагдалтай юм. Хүн уйлж төрдөггүй, харин ухаарал, гэгээрлийн тарнийг уянгалуулан төрдөг байна. Хүн “Аа” хэмээх гүн утгатай дуу авиаг гаргаж төрдгийг гүн утгынх нь үүднээс авч үзвэл “Би бээр бурхны хутгийг олж чадах сайн төрлийг олж төрлөө” гэсэн сайны бэлгэ тэмдэг, баяр баясгалангийн дуу авиа юм. “Аа” авиа нь үсэг бүгдийн дээд бөгөөд бүх дуу авиа нь “Аа” амьтай. “Аа” авиа үсэг нь юмс бүгдийн гүн утга санааг дээд зэргээр судлан мэдэж болох билэг билгүүн, хоосон чанар, нинж асрал, сэтгэл гэгээрлийн зам мөрийн тухай олон утга учрыг агуулсан болой.
Энэ талаар олон судар номыг шүүн тунгааж үзэхэд гарцаагүй үнэн баталгаатай гүн ухагдахуун байна. Арга ч үгүй биз дээ. Урьд урьдын төрлүүддээ сайн буяныг бүтээж, арван хар нүгэл хилэнцийг тэвчиж, арван цагаан буяныг хураан бий болгосны үр дүнд хүмүүний төрлийг олдог хэмээн Үйлийн үрийн сударт бий.
“Жамбалцанжод” сударт “Зогби санжай Аа-лай жүн. /Туулсан бурхан ч “Аа” -аас гарсан. / Аа-ни иг врү гүнжи чог. ( “Аа” нь үсэг бүгдийн дээд нь мөн./ хэмээсэн. /Энд хэлж, ярьж буй “Аа” нь санскрит хэлний “Аа” үсэг авиа юм./ Үүнээс харахад хүн төрөхдөө “Аа” хэмээх дуу авиаг анх цуурайтуулдаг дээд төрөлхтний төрмөл шинж тэмдэг, мөн чанартай. “Туулсан бурхан ч “Аа”-аас гарсан” гэдэг нь эрдэнэт хүмүүний төрлийг авч төрж буй та бид бүгдэд гаслангаас гэтэлж, бурхан болж гэгээрэх маш гүн гүнзгий буянт номын мөн чанар бидний бие, сэтгэлд байгаа гэдгийг эхээс төрөхдөө гаргаж буй анхны дуу авиагаараа зөвхөн эрдэнэт хүмүүний төрөлд л бурхан болох нь гарцаагүй гэдгийг баталж буй. Хэн боловч эрдэнэт хүмүүний төрлийг олж төрөхдөө өөрт нь бурхан болох үндэс ариун мөн чанар буй гэдгээ илэрхийлж, зарлан тунхаглаж төрдөг байна. Та бурхан болж болох чухал төрлийг авч төрлөө, буян номд сайн шамдаж амьдраарай, бүтээгээрэй хэмээсэн дохио тэмдэг байна.
Сандуйн жүд сударт: “Ум” нь бурхдын лагшны дээд, “Ум-Аа” нь бурхны зарлигийн зам мөр. “Аа-Хум” нь билгүүн таалал мөн хэмээсэн. “Аа” үсэг авиаг машид сайтар бясалгаж үйлд хэмээн айлдсан байна. “Аа” нь бодьсад, би үгүй гэж айлдсан. “Аа” нь бодьсадын явдал мөр, бодь сэтгэл, би үгүйн утгыг онож мэдээд гэгээрэлд хүрэхийн бүхий л гүн утгыг агуулсан байна. Мөн энэхүү сударт бие, хэл, сэтгэлдээ “Аа” үсэг авиаг санаж бясалгаваас галавт оршино. Хэн боловч “Ум-Аа-Хум” хэмээх тарнийг санаж бясалгаваас 1060 зэрэгтэй (Галав) тэнцэх хэмжээнд буян нь шамшигдахгүй хүч чадал, адис жанлав нь оршиж байхыг илэрхийлж байна. Үүнээс үзэхэд эрдэнэт хүмүүний төрөлтэй хэн боловч “Ум-Аа-Хум” хэмээх бурхдын гүн утга, адис жанлавтай тарни номыг унших нь зохилтой юм.
Хүн төрөхөөсөө насан хутгийг олох хүртлээ амин хий-тэй хүйн холбоотой байдаг
Уламжлалт анагаах ухаанд эцэг эхийн эрүүл дусал, цус болон намшэ /сүнс/ үйл нисванисаар өдөөгдөж, таван махбодтой сүлэлдэн хүн болох эх үүсвэр буй болдог гэж үздэг. Эрүүл хий, шар, бадганы үйл ажиллагаа хамт үүсдэг. Хүний бие, сэтгэл анхлан үүсэхэд хүйсэнд Ум, Жанма, Рома гурван судаснаас салбарласан 72,000 судас бидний бие, сэтгэлтэй зохилдон тогтдог. Энэ нь энэ эрин цаг үед Замбуулингийн хүн төрөлхүйтэн 100 нас, түүнээс дээш наслах шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байдаг.
Хүний бие, сэтгэл анх бүрэлдэн бий болоход амин хий нь эцэг эхийн цагаан, улаан дусалтай холилдон, эвсэлдэж “Аа”-гийн дүрс хэлбэртэй оршино хэмээсэн. Амин хийнээс бүх хий салбарлан үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн хүний биед намшэ, нисванисын намшэ, бүгдийн суурь намшэ, сэтгэлийн намшэ гүйх зэрэг олон судас намшэ буюу сүнстэй холбоотой.
“Анагаах ухааны Цог төгөлдөр дөрвөн үндэс”-ийн “Номлолын үндэс”-т “Өвчин бүгдийн шалтгаан нь ганц болно. Би үгүйн утгыг онож мэдээгүй мунхаг хэмээсэн”. Энэ нь дээр дурдсан “Аа”-гийн би үгүйн гүн үзэл онолтой холбогдож байна.
Судас, хий, дусал бүгдийг үүсгэж, амьдруулдаг амин судал нь хүйсэнд түшиглэдэг юм. Хүнийг төрөхөд амин хий анх хүйсэнд түшиглэн тогтдог бөгөөд хожим хойно үхэл, мөнх бусыг үзэхэд таван махбод амин судаст хурж, тэргүүний оройгоос намшэ нь юүлэгдэнэ. Тийм ч учраас уламжлалт анагаах ухаанд ялгавартай амь баригч хий нь тэргүүний оройд байрлаж орших бөгөөд амьсгалыг авах, гаргах, оюун санаа, эрхтнүүдийг тодруулан, сэтгэлийг барьж үйлдэнэ хэмээсэн. Үүнээс харахад хүн төрөхдөө амин хийг “Аа” хэмээх дуу авиатай хамт гаргаж төрдөг байна. Хүнийг насан эцэслэхэд амьсгалын тоо дууслаа хэмээдэг нь гол судсанд амин хийгээ хурааж, намшэ биеэс салж буй үйл явц юм. Хүн төрөхөөсөө насан хутгийг олох хүртлээ амин хий-тэй хүйн холбоотой байдаг. Иймээс монголчууд хүйн цус дуссан, хүйгээ дарсан газар шороо нутаг минь хэмээн ярьдаг. Энэ нь цаагуураа амь нас болоод бидний ДНХ-тэй нарийн уялдаа холбоотой. Монголчууд хүүхдийнхээ хүйг авч хадгалдаг, домнодог уламжлалтай. Энэ нь тухайн хүүхдийн амин хүйг насан туршид нь эрхэмлэж буй дээд мэдлэг ухаан юм.
Төрсөн нутаг орон нь бидний амин нутаг юм. Амин нутагтаа очиж амь нас, хүч чадлыг авдаг далд хүч нөлөөлөл байна. Тиймээс бид төрсөн амин нутагтаа эргэн очиж эрч хүчийг авч байгаа нь маш гүн онол юм.
Хүний төрсөн газрын байршилтай хамааралтайгаар насны зурхайг зурдаг уламжлал бий
Монголчууд “Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг” хэмээн үзэж, хэлж, ярьж ирсэн нь буддизм болон зурхайн ухаантай холбоотой. Зурхай болон уламжлалт анагаахын шинжлэх ухаанд төрсөн он, сар, өдөр, цаг минут, тэр өдрийн мэнгэ, суудал гээд олон зүйлийг хүний эрүүл мэнд, амь настай холбож үзсэн бөгөөд хүний төрсөн өдрийн дээрх мэдээллүүдээс гадна тухайн хүний төрсөн газрын уртраг, өргөрөг байршилтай хамааралтайгаар зурхайн онолын дагуу насны зурхайг зурж гаргадаг уламжлал өнөөдөр ч бидэнд өвлөгдөн үлдсэн. Хүн төрөх газар орноо олж төрдөг тавилантай. Та бидний төрсөн нутаг, газар, шороо, ус, мод, ургамал, цэцэг нь бидний амьдралд уялдаа холбоотойг газар орныг шинжлэх судар номонд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Насны зурхайд урьд төрөл, энэ төрөл болон хойд төрлийн уялдаа холбоог гаргаж тодруулахаас гадна энэхүү насандаа ямар он жилүүдэд юу тохиолдох зэрэг бүхий л мэдээллүүдийг багтаасан байдаг нь хүний төрсөн өдөр, гарсан гараг гэдэг үгний утга учрыг бүрэн тайлах боломжтой юм.
Байгаль ертөнц, хүний бие, өвчин эмгэг, өвчнийг анагаах эм тан, хий, шар, бадган, гэгээрэлд хүрэх даяан бясалгал, тарнийн ухаан ч таван махбодын онолтой маш гүн гүнзгий уялдаа холбоотой. Үүнээс үзэхэд хүн байгаль, эх дэлхийтэйгээ зүй зохистой харьцаж, өвчин эмгэгээ байгалийн цэвэр ургамал, эрдэсийн эм тангаар эмчлэн эдгээх, тарни номыг уншиж, бясалгал бүтээл хийх нь дээдийн дээд мэдлэг ухаан гэдгийг харуулж байна.
Хүмүүний насан эцэслэх ойрын шинж тэмдэгт таван махбод хэрхэн хураагддаг талаар айлдахдаа шорооны чадал усанд шингэхэд дүрс алдагдан хуйраагдана, галын чадал хийнд шингэхэд илч дулаан нь хураагдана, хийн чадал огторгуйд шингэхэд гадаад амьсгал тасарна хэмээсэн. Мөн таван мэдрэхүй ч бие биедээ нөлөөлөн хураагдаж, насан эцэслэдэг талаар онол шүн бий.
Зурхай болон уламжлалт анагаах ухааны сударт эхлээд намшэд шүтсэн “Аа”-гийн дүрс хэлбэрт Амин хий нь огторгуй махбодын мөн чанартай хэмээжээ. Энэ нь их хөлгөний номын дагуу авч үзвэл анхдугаар даяан бясалгалын шатнаас эхлүүлээд даяаны арван газрыг олох үе шатыг хүртэл таван махбод нь бие биедээ уусан шингэж, дүрс үгүй оронд хий, огторгуй махбод чухал үүрэгтэйг номлосон байдаг. Хүний төрөлд ч насан эцэслэхэд амин хий, огторгуй махбод маш чухал болохыг “Хийн чадал огторгуйд шингэж, амьсгал тасран хураагдана” хэмээн айлдсан. Хүн төрөхдөө “Аа” хэмээн амьсгалаа гаргаж, насан эцэслэхдээ амьсгал, амин хий-гээ дотогшоо хураадаг жамтай. Хүний нас богинохон хэмээснийг нэгэн амьсгал гаргаж, авахтай зүйрлэж ойлгодог тал ч бий. Эх орон, газар шороо нь бидний амьдралд мартагдахын аргагүй үнэ цэнтэй өлгий юм.
Эрдэнэт хүмүүний төрлийг олсон хэн боловч энэ амьдралдаа Лха таван тэнгэрээ тахиулж байх хэрэгтэй
Хүмүүнийг төрөхөд дадлага туршлага сайтай, нинж асрал төгөлдөр, өөрийн гадаад төрхөө үзэсгэлэнтэй, дотоод сэтгэлээ бодьсадын сэтгэлээр баялаг болгож, эрдэнэт хүмүүний төрлийг угтан хүлээж авах нь бидний буяны нэгэн үйл болно. Хүний төрлийг олж төрөхөд анх харагдсан дүр төрх, дүрс хэлбэр, ойр орчны сайхан цэмцгэр байдал, яруу сайхан дуу авиа, дээдийн ном, судар тарнийн ёсыг уншиж угтан авах нь юу юунаас чухал юм. Монголчууд “Эх нь булингартай бол адаг нь булингартай”, “Мордохын хазгай” гэх мэт үг, сургаалтай. Дээр өгүүлсэнчлэн эрдэнэт хүмүүний төрлийг олж төрөхөд нь таван мэдрэхүйд нь (харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэхүй) тааламжтай зохистой бүгдийг нь буй болгох үүргийг хүлээн авч эрхэмлэх ёстой.
Бидний ёсзүйгүйгээс болж хүүхдийг төрөх үед болон амьдралд нь муу, муухай үг хэллэг хэлэх, догшин хэрцгий, гоо бус дүр байдлыг хүүхэд таван мэдрэхүйдээ тааламжгүйгээр хүлээн авах бөгөөд насан туршийн амьдралд нь гэм учруулахыг ч үгүйсгэх аргагүй. Бид энгийн үг хэлэхдээ “Ямар муухай хүүхэд вэ” гэж өхөөрдөж байгаа мэт боловч эрдэнэт хүмүүний төрлийг олж төрсөн хэнд ч “муухай” гэх зэрэг муу үг хэллэгүүдийг сонсгож үл болно. Хүн төрөхдөө таван мэдрэхүй, бие, сэтгэлээрээ бүгдийг хүлээн авч, мэдэрч чаддаг.
Замбуулин ертөнцөд буян төгөлдөр төрөлхтнүүд орчлон мөнх бусыг үзүүлж бурхны оронд төрөхөд бурхад тойрон хүрээлж, хүндэтгэл үзүүлэн хүлээж авдаг жам ёс бий.
Манла бурхны зарлигт бурхны тарни номыг уншиж, бичиж, хэвлэж, судалж, бясалгаж, мөргөж, тахиж шүтсэн буян төгөлдөр хэн ч болов орчлонгоос үхэл еэгүтгэн диваажингийн ариун оронд төрөхөд олон бодьсадва нар түүний хажууд морилон ирээд мутраа дэлгэн асар нигүүлсэнгүйн сэтгэл хийгээд баясан мишээхүйн дүрээр түүнд “Аяа буянтан хөвгүүн та үнэхээр сайн ажгуу, сайн ажгуу. Та урьд төрөлдөө сайн буян үйлдсэнээр эдүгээ бурхдын ариун оронд морилон төрсөн буй. Эдүгээ авралт бурханд мөргөж, ном сонсогтун. Таны хүссэн хамаг хэрэг тус бүгд бүтэх болно” хэмээн айлдан хүлээн авдаг.
Тэгвэл Замбуулинд төрсөн эрдэнэт хүмүүнийг буянтан эмч, анагаах ухаантнууд, эцэг, эх, элгэн садан нь угтан авахаас гадна тэр хүний язгуурын бурхан сахиус болон ялгавартай таван сахиус нь угтан тосч авдаг байна.
Хүнийг төрсөн цагаас нь цаг үргэлжид нөхөрлөж, харж хандаж сүүдэр мэт даган, нөхөрлөж, өмгөөлж, хамгаалж, аварч туслах үүрэг хүлээсэн таван сахиусан тэнгэр байх бөгөөд бид үүнийг Говийн лха хэмээн нэрлэдэг.
Үүнд:
1. Орны сахиус: Төрсөн газар орныг сахих ч амьдруулж үйлдэх үйл ажиллагааг хариуцдаг
2. Эр сахиус: Хүмүүнийг аварч хамгаалдаг
3. Дайсан сахиус: Хүмүүнийг аварч үйлддэг
4. Их сахиус: Нөхөр, хань болж үйлддэг
5. Амин сахиус: Хүмүүнийг цаг үргэлжид харж, сахиж үйлддэг сахиуснууд багтана.
Уламжлалт анагаах ухааны эх барихын онол шүн болон Сундуйн жүд хөлгөн сударт айлдсан эрдэнэт хүмүүнийг төрөхөд унших энэхүү “Дагий вү чод нинлай жэйва ен. Ложа цошин донжа тон жүржиг. Цэрин балтов ангү түвба дан. Минор дашэ дэжид пунцаг шог. Доржэ сүмбо хаа даби. Жанчүв дэви товбар жүр. Жанчүв сэмба жал жамцо. Доржэ сэмби цэ дэ тов” хэмээх зарлигийг уншиж, адислах нь маш чухал тул эрхэмлэн уншиж байхыг хүсэн ерөөе.
Эрдэнэт хүмүүний төрлийг олсон хэн боловч энэхүү амьдралдаа Лха таван тэнгэрээ тахиулах хэрэгтэй. Өнгөрсөн түүхээс харахад монгол айл өрх болгон Говийн лха тахиулдаг байсан нь гэр бүлээ амар амгалантай байлгах номт зан үйл юм. Дашзэвэг найман гэгээнийг уншуулах буюу түүний адис жанлавтай арвай будааг төрсөн нутаг газар орондоо өргөх нь чухал. Дашчийрэвийн сан, сэржим болон тухайн орны лус савдгуудад хүндэтгэл үзүүлж, идээний дээж, Шивдагийн балин өргүүлэх зан үйл нь зохистой. Төрсөн газрынхаа гол горхинд лусын эм болон Бурхдын хот мандлын дүлцон өргөх нь сайн ажгуу.
Эрхэм Монголын ард түмэн та бүхэн сайхан наадаж, баярлан цэнгэж, цог золбоо нь дэлгэрч, эрүүл энх, урт насалж, буяны сайн үйлийг цаг үргэлжид бүтээж байхын ерөөл өргөе.