Монголчууд хөвгүүддээ илүү хатуу ханддаг гэдгийг “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018” судалгааны дүнг танилцуулах үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа онцоллоо. Тус судалгааг Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр хоёр дахь удаагаа зохион явуулсан байна. Энэ удаагийн судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 14,500 өрхийг түүврийн аргаар сонгон хамруулжээ.Уг судалгааны үр дүнгийн талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа ийнхүү танилцууллаа.
.
Амиа хорлолтын 450 тохиолдол бүртгэгдсэний 80-90 хувь нь эрэгтэйчүүд
Хүүхэдтэйгээ ажиллах байдлын хувьд охидод илүү анхаарал хандуулж, хамт ном унших, тоглох, эрхлүүлэх хандлага ажиглагдсан бол хөвгүүдэд тавих анхаарал халамж бага, буруу зүйл хийсэн тохиолдолд шийтгэх байдал анзаарагдсан. Өөрөөр хэлбэл хөвгүүддээ илүү хатуу хандаж байгаа нь хөвгүүдийг хүүхэд ахуй наснаасаа сэтгэл санааны, бие махбодийн дарамттай өсөх орчинг бүрдүүлж байна. Манай улсад өнгөрсөн хоёр жил амиа хорлолтын 450 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 80-90 хувь нь эрэгтэйчүүд. 25 нас хүртэлх эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт байгаа нь энэ сэдэвт нийтээрээ, анхаарах цаг болсныг илтгэж байна. Энэ нь олон жилийн сэтгэл санааны дарамт, хүчирхийлэлд өртөж байснаас үүдэлтэй.
10 хүүхэд тутмын зургаад нь л дулаан байлгах орчныг бүрдүүлж байна
Манай улсын жирэмсэн эхчүүдийн хувьд олон улстай харьцуулахад жирэмсний хяналтад орох байдал маш сайн байгаа. Гэхдээ заагдсан хэмжээнд буюу дөрвөн удаа л очдог байна. Гэтэл жирэмсэн үедээ хянуулж байгаа эмчээсээ байнга зөвлөгөө авч, ургийн хөгжлийн явцаа хянуулах нь эргээд ямар нэг эрсдэлээс өөрийгөө болон хэвлий дэх хүүхдээ хамгаалж байдаг. Эрсдэлийг эрт оношилох нь төрөх үеийн эрсдэлээс хамгаалж байдаг. Мөн жирэмсэн эхчүүдийн ихэнх нь төрөх эмнэлэгт мэргэжлийн эмчийн хяналтад төрөх байдал 99.3 хувь нь хамрагдсан бол, нийт эхчүүдийн 98.4 хувь нь хүүхдээ эмнэлэгт төрүүлсэн нь сайн үзүүлэлттэй гарлаа. Харин дөнгөж төрсөн нярайг дулаан орчинд байлгах ёстой бол 10 хүүхэд тутмын зургаад нь л дулаан байлгах орчныг бүрдүүлж байна. Энэ нь олон улстай харьцуулахад доогуур үзүүлэлт юм. Дэлхийд жил бүр ойролцоогоор 2.6 сая эх, нярай төрсний дараа энддэг байна. Энэ тохиолдлын дийлэнх нь төрснөөс хойш 1-2 хоногт тохиож байна.Тиймээс цаашид эх, нярайд эхний 1-2 хоногт мэргэжлийн эмчээс тусламж авах орчинд байлгах нь чухал болоод байна. Ингэснээр учирч болох эрсдэлийг бууруулах боломжтой юм.
Дархлааг бүрэн дэмжихийн тулд бүх тунг бүрэн хийлгэх талаар ойлголт дутуу байна
Шинэ хүн төрсний дараа хэд хэдэн төрлийн вакцинд хамруулдаг. Эдгээр вакцинжуулалтад хамруулах байдал сайн байгаа боловч, хамгийн сүүлийн тун буюу хүүхдийг өсвөр насандаа очсон үед нь хийдэг вакцинд хамруулах байдал бага үзүүлэлттэй гарсан. Энэ нь эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг бүрэн дэмжихийн тулд бүх тунг бүрэн хийлгэх талаар ойлголт дутуу байгааг илтгэж байна. Энэ тал дээр эцэг эхчүүд хайнга ханддаг, залхуурч хойрго ханддаг юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Ингэснээр өмнө нь хийлгэсэн дархлаажуулалтын үр дүн муу гарч байна. Тиймээс энэ талаар зайлшгүй анхаарах шаардлагатай.
Хөвгүүд, охидоос илүүдэл жинтэй, өсөлт хоцрогдолтой
Зургаан сар хүртэлх хүүхдийг эхийн сүүгээр хооллох ёстой гэсэн олон улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж байдаг. Энэ үед зөвхөн эхийн сүүгээр хооллосноор нярайд өөр хаанаас ч авах боломжгүй олон төрлийн эрдэс бодис хуримтлагдаж дархлааг нь дэмждэг. Гэтэл манай улсад хүү төрүүлсэн ээжүүд хүүхдээ хэт эрт нэмэлт хоолоор угжих тохиолдол ажиглагдаж байна. Энэ нь эрэгтэй хүүхэд илүү ховдог эх нь сүүгээрээ хооллож чаддаггүй гэсэн шалтгаанаар нэмэлт тэжээлээр хооллодогтой холбоотой. Нэмэлт тэжээл амссан хүүхэд хөхний сүүгээ голоод байдаг. Ингээд дан тэжээлээр хооллохоос өөр аргагүй болдог. Энэ нь ямар үр дүн үзүүлж байна гэхээр хөвгүүд охидоос илүүдэл жинтэй, өсөлт хоцрогдолтой гэсэн үзүүлэлттэй гарсан. Мөн охидуудтай харьцуулахад хөвгүүд нярай үедээ эндэх тохиолдол олон байна. Энэ бүхэн эргээд эрчүүдийн дундаж наслалтад нөлөөлдөг. Манай улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр бага байдаг. Тиймээс энэ бүхэн хоорондоо уялдаа холбоотой байна.
Сэтгэл санааны болон бие махбодын шийтгэлийг хөвгүүдэд илүү үзүүлдэг
Шийтгэлийн бус аргаар охидыг илүү хүмүүжүүлж байгаа бол шийтгэлийн аргаар буюу сэтгэл санааны болон бие махбодын шийтгэлийг хөвгүүдэд илүү үзүүлдэг байна. “Хүүхдийг зодож хүмүүжүүлэх нь зөв үү, буруу юу” гэсэн асуултад эрэгтэйчүүдийн 22 хувь, эмэгтэйчүүдийн 19 хувь нь “Зөв” хэмээн хариулсан байна. Манай улсад олон жилийн турш уламжлагдсан энэ хүмүүжлийн арга олон сөрөг үр дүнг дагуулж байна. Ийм бодолтой байгаа хүмүүс хандлагаа өөрчлөх шаардлага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Хөвгүүдийн 89 хувь нь бүрэн дунд боловсрол эзэмшиж байна
Сургуульд хамрагдах байдлыг аваад үзэхэд бага боловсролд хамрагдах байдал охид хөвгүүдийн хувьд 99 хувь, 97 хувь гээд төдийлөн ялгаа гараагүй. Харин сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдах байдал төдийлөн хангалттай бус байна. Нийт 2-5 насны охидын 69 хувь нь цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байсан бол, хөвгүүдийн 67.3 хувь нь хамрагдаж байна. Зохион байгуулалттай сургалтад хамрагдсан буюу хичээлийн жилийн эхэнд охид 88.3, хөвгүүд 80.2 хувьтай байна. Цааш нь ахлах, дунд ангид хамрагдах байдлыг аваад үзэхээр хот суурин газрын охидын 92.9 хувь нь хамрагдаж байсан бол хөвгүүд 89.9 хувь байна. Харин хөдөө орон нутгийн хувьд ялгаа бүр их гарч байна. Хөдөөгийн охидын 96.6 хувь нь дунд ангид хамрагдаж байсан бол ахлах ангид 86.1 хувь нь хамрагджээ. Харин хөдөө хөвгүүдийн хувьд дунд ангид хамрагдах байдал 90 хувьтай байгаа бол ахлах ангид 66.7 хувьтай байна. Ингэхээр нийтдээ суурь боловсрол эзэмших хувь нь охидын 95.6 хувь, хөвгүүд 89 хувьтай байгаа юм. Бүрэн дунд боловсролын хувьд охид 75 хувь, хөвгүүд 66 хувь нь хамрагдаж байна. Энэ бол боловсролын хувьд хөвгүүдэд анхаарах цаг болсныг судалгааны үр дүн харуулж байгаа хэрэг.
Охид ямар ч үед хөвгүүдээс илүү сурах боломж нөхцөлөөр хангагдаж байна
Хөвгүүд хөдөлмөр эрхлэх нь их байна. Охид илүү гэрийн ажилд оролцдог мэт боловч хамгийн хүнд хүчир ус авах, түлээ хагалах ажлыг хөвгүүд хийж байна. Мөн хүнд, хортой нөхцөлд тэд ажиллаж гэр бүлдээ эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна. Энэ нь эргээд хөвгүүд сургуулиас завсардах байдалд нөлөө үзүүлж байна. Охид ямар ч үед хөвгүүдээс илүү сурах боломж нөхцөлөөр хангагдаж байна. Ялангуяа сургалтын шатлал өсөх тусам охидын эзлэх хувь нь нэмэгдэж байна. Тухайлбал, их дээд сургуульд суралцаж байгаа хүүхдийн тоог харахад 100 эмэгтэйд 73 эрэгтэй оюутан ногдож байна.
Хөвгүүдийг шийтгэлийн аргаар хүмүүжүүлэх нь эргээд хүчирхийлэл үйлдэгч болоход нь нөлөөлж байна
Эрэгтэй хүүхдэд халамж анхаарал бага хандуулдаг, илүү хүнд хүчир ажил хийдэг, шийтгэлийн аргаар хүмүүжүүлдэг нь эргээд эрчүүд хүчирхийлэл үйлдэгч болж хувирах шалтгаан нөхцөл болж байна. Энэ нь судалгаанд хамрагдсан хүмүүсээс “Сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар бие махбодын хүчирхийлэлд өртсөн эсэх” талаар асуухад эрэгтэйчүүдийн дөрвөн хувь, эмэгтэйчүүдийн таван хувь нь “тийм” гэж хариулсан байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 60 хувь нь гэртээ, эрэгтэйчүүдийн 46 хувь нь гудамжинд, ресторан, паб, сургууль дээрээ, бусад олон нийтийн газар гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр хүчирхийлэлд, гэр бүлийн орчинд эмэгтэйчүүд илүү өртөж байна. Өнгөрсөн жил явуулсан жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны үр дүнг зарласан. Үүнд сүүлийн 12 сарын хугацаанд дотны хамтрагчийн зүгээс биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хувь 12.7 хувь гэж гарсан. Тэгэхээр бид эрүүл нийгмийг бий болгохын тулд, хүчирхийллээс ангижрахын тулд юунд анхаарах ёстой юм бэ. Бид сүүлийн жилүүдэд жендер, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал гэх мэтээр эмэгтэйчүүдийн хөгжилд илүү их анхаарч ирсэн. Харин үүний нөгөө талд эрэгтэйчүүдийгээ, хөвгүүдээ орхигдуулчихсан байна. Тэгэхдээ өнөөдөр нас биед хүрсэн эрчүүдтэй ажиллахаас илүү, бага насны хөвгүүдтэй ажиллах нь чухал байна. Тиймээс төсөл хөтөлбөрүүдээ ч хөвгүүдийн сурч боловсрох, хөгжих тал руу анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэдгийг судалгааны үр дүн харуулж байна.