Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид тус хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсээр байна.
Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд орон нутгууд албан ёсоор нэгдэж “Хүнсний хувьсгал” зөвлөгөөн Хөвсгөл аймгаас эхэллээ. Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын хамт Хөвсгөл аймагт ажиллаж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутгийн үйл ажиллагааны нээлтийг хийлээ. Тус арга хэмжээг бүсчилсэн хэлбэрээр 21 аймагт зохион байгуулах бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 10-наас 2022 оны 11 дүгээр сарын 01-нийг дуустал үргэлжилнэ.
Хөвсгөл аймаг энэ онд гурил, махны хэрэгцээгээ аймагтаа 100 хувь хангах тооцоолол гарчээ. Гэхдээ мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг иргэдийн төлөөллүүд хэлж байв.
Мөн Хөвсгөл аймаг хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 24 зорилт, 57 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 50 тэрбум 873 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд тус аймгийн иргэд хашаандаа ногоо тариалалт, хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлж, өрхийн орлогоо сайжруулсан байна. Үүнээс гадна 500 тонн багтаамжтай хоёр зоорь байгуулсан нь хүнсний ногооны нөөц бүрдүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Хөвсгөл аймагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй 72 аж ахуйн нэгж, 567 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн байна. Өөрөөр хэлбэл, тус салбарын дийлэнх хувийг өрхийн, бичил, жижиг үйлдвэр эрхлэгчид эзэлж байгаа юм. Тиймээс эдгээр үйлдвэрлэгчдийг дэмжиж, үйл ажиллагааг нь өргөтгөхөд төр засгийн дэмжлэг шаардлагатай гэдгийг хүрэлцэн ирсэн төлөөлөгчид онцоллоо.
ОРОН НУТАГТ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ БАЙНА
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь гурван албатай бөгөөд 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутмаг учир хүнс, хөдөө аж ахуйн салбарын албан хаагчдын ачаалал их байдаг. Тиймээс аймгийн Политехникийн коллежтэй хамтран боловсон хүчин бэлтгэх ажлыг эрчимжүүлж эхэлжээ.
“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-Д ХҮЧ НЭМЭХ НУТГИЙН БРЭНДҮҮД
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн хүнсний үйлдвэрүүдтэй танилцлаа.
Итгэмжлэгдсэн лабораторитой “Аяны жолоо” ХХК
1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Аяны жолоо” компани нь Хөвсгөл аймгийн нийт гурилан бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа хангахаас гадна нийслэл хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Мөн орон нутгийн үйлдвэрлэлд нэн дутмаг байгаа итгэмжлэгдсэн лабораторитой гэдгээрээ онцлог. Энэхүү лабораторид дан ганц “Аяны жолоо” компанийн бүтээгдэхүүн бус бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнийг шинжилдэг. Жилд 250-300 төрлийн бүтээгдэхүүн, давхардсан тоогоор 3000 гаруй бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байна.
Олон төрлийн хүнсний хэрэглээг хангагч “Хөвсгөл титаник” ХХК
“Хөвсгөл титаник” компани нь 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хөвсгөл аймгийн ууган хүнс үйлдвэрлэгчдийн нэг юм. Өнөөдрийн байдлаар 120 гаруй ажилтантай бөгөөд талх, нарийн боов, сүү, ааруул, бялуу-бэйкери, гоймон-хэрчсэн гурил, цай, жимс, нийтийн хоол гэсэн 10 үйлдвэр цехийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жилдээ нийт 600 орчим тонн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэснээр талх, талхан бүтээгдэхүүний 15 хувь, гурилан бүтээгдэхүүний 18.4 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний 25 хувийг дангаараа хангаж байна.
Экспортын мах үйлдвэрлэгч “Уудам хангай” ХХК
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд махны үйлдвэрүүдийг стандартжуулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн “Уудам хангай” мах боловсруулах үйлдвэр нь шинэлэг технологи ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусад улс орнууд руу экспортолж байна.
Өрхийн үйлдвэрлэлийн жишиг болсон “Хөвсгөл шим” ХХК
Нийслэл хотоос Хөвсгөл нутгийг зорин ирж, хүнс үйлдвэрлэгч болсон гэр бүлийн үйлдвэрийн байртай ажлын хэсэг танилцлаа. "Хөвсгөл шим” даршилсан ногоо үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг өөрсдөө үйлдвэрлэдэг бөгөөд энэ жил нийт 3 тонн өргөст хэмх тариалжээ. Тус өрхийн үйлдвэр байнгын 3 ажлын байр бий болгож, бусад үед цагийн ажилтан ажиллуулдаг. Өдөрт хамгийн ихдээ 500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
Ийнхүү Хөвсгөл аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт амжилттай болж өнгөрлөө. Цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг илүү эрчимжүүлж, хүнс үйлдвэрлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ тус аймгийн удирдлагууд илэрхийлж байв.