Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Монголын ард түмэн дэнж хотойтол сайхан наадлаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер Г.Цоггэрэл ажиллав.
Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт Их Эзэн Чингис, Богд зэрэг Монгол төрийг удирдаж байсан үе үеийн хаад, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг дүрсэлж, Халх голын дайны түүхт 80 жил, Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жил, Богд хаан мэндэлсний 150 жил, Атар газар эзэмшсэний 60 жил зэрэг түүхт ойг тохиож буйг өгүүлснээрээ онцлог байв.
Түүхэн он цаг бүрт уран бүтээлчид ая дуугаа өргөж, Монголын рок попын ахан дүүс гэгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” С.Амармандах, дуучин Т.Дэлгэрмөрөн нар “Монголын нууц товчоо” дуугаа дуулж, хоёр дахь удаагаа наадмын нээлтийг хийж, хуран цугласан олныг огшууллаа.
Үндэсний их баяр наадмаар монголчууд бид эрийн гурван наадмаа үзэн, омогшиж, баярлацгаадаг билээ. Эрийн гурван наадмаас үзэгчдийг хамгийн ихээр огшоодог спорт бол үндэсний бөх. Энэ жилийн Үндэсний их баяр наадамд 512 бөх барилдсанаас улсын арслан Э.Оюунболд улсын аварга Н.Батсууриар ес давж түрүүлэн улсын аварга цолыг хүртлээ. Тэрбээр энэ жил 26 нас хүрч байгаа бөгөөд 2015 оны наадмаар 22 настайдаа анх түрүүлж улсын арслан болж байсан билээ.
Энэ жилийн Үндэсний сурын харвааны эрэгтэй харваачдаас Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн Үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Э.Цогбаяр 40 сумнаас 39 сум онож түрүүллээ. Эмэгтэй харваачдаас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Цахиур багийн харваач Ө.Хатанболор 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн аж. Түрүүлсэн харваачдад Монгол Улсын “Мэргэн” цол олголоо.
Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 271 морь шандас сорьсноос Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор түрүү магнайг хүртэв.
Шинэ аварга, нэг харцага, таван начин төрлөө
Энэ жилийн наадамд таван улсын начин цолтон шинээр төрлөө. Үүнд, Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар улсын аварга Г.Эрхэмбаяраар, Сэлэнгэ аймгийн хурц арслан Б.Орхонбаяр аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунаж, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ улсын заан Н.Жаргалбаяраар, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном улсын харцага Х.Гантулгаар, Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням улсын харцага М.Бадарчаар тус тус тав давж улсын цолны босгыг алхлаа.
Харин Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийтэй тунаж барилдан давснаар харцага цолны болзол хангасан билээ.
Долоогийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба улсын гарьд Б.Гончигдамбыг, улсын аварга Н.Батсуурь улсын аварга С.Мөнхбатыг, улсын арслан П.Бүрэнтөгс улсын арслан Ц.Содномдоржийг тус тус амлаж, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Д.Анар нар тунасан аж. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба нар учраа бөхөө давснаар шөвгийн дөрөвт шалгарлаа. Н.Батсуурь аварга улсын гарьд Б.Гончигдамбыг амлан авч давсан бол, хоёр арслан тунаж барилдаад Э.Оюунболд учраагаа өвдөг шороодуулав.
Наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа буюу үзүүр, түрүү булаацалдахаар өнгөрсөн жилийн наадмын түрүү, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Намсрайжавын Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Энхтөгсийн Оюунболд нар хүч үзэв. Уг барилдаанд Э.Оюунболд илүүрхсэнээр улсын баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлж, улсын аварга боллоо.
Япон улсын “Тоёота Мотор” корпорац болон “Тоёота” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-аас энэ жилийн наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулж өглөө. “Тоёота цом” нь Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтсэн. Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж тулгуур дөрвөн багана дээр улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан мөнгөн аягыг дээр нь байрлуулсан байна. Мөнгөн аяганы амсар 50 см сууринаас ёроолоосоо дээш 24 см өндөр 20 литрийн багтаамжтай гэдгээрээ дэлхийн хамгийн том мөнгөн аягатай цом болжээ.
Мөн “Моннис Моторс” компани түрүүлсэн бөхийг “Ниссан Патрол” маркийн автомашинаар шагнаж урамшууллаа. Улсын аварга Э.Оюунболдыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс таван өрөө байраар бас шагналаа. Түүнээс гадна гурван өрөө, хоёр өрөө байраар шагнасан сураг дуулдаж байв.
Наадмын хурдан морины уралдаан дөрвөн өдрийн турш үргэлжилж, зургаан насны морьд уралдаж, дүрмийн дагуу эрлийз морьд тусдаа уралдав. Энэ жил газар газрын 1187 хурдан хүлэг төрийн наадамд тоосоо өргөлөө. Тодруулбал, 184 хязаалан, 236 шүдлэн, 163 азарга, 272 их нас,155 соёолон, 177 даага тус тус уралдав.
Энэ жилийн цаг агаар, малын тарга тэвээргийн байдлаас хамаарч даага 11, шүдлэн 15, хязаалан 17, азарга, соёолон 22, их нас 25 км -ийн зайд шандсаа сорилоо. Улсын наадмын түрүү, аман хүзүү, айргийн тавд хурдсан хүлгүүдийг танилцуулж байна.
ДААГА
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн хээр торгон жолоо өргүүлж, унаач 12 настай О.Өсөхбаяр хурдлуулсан юм. Түрүү магнай Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн халиун, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар, дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал, тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдаллаа.
ШҮДЛЭН
Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар үрээ төрийн торгон жолоог өргөлөө. Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул уяач Баасансүрэнгийн Нямжавын хар, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Гончигийн Баттулгын зээрд халзан, дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар халзан, тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын хээр алаг хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
ХЯЗААЛАН
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Ажнай” галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ төрийн торгон жолоо өргөж түрүү магнай хүртэв. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд, айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар, тавд Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр тус тус хурдаллаа.
СОЁОЛОН
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд түрүүлэв. Магнайд хурдалсан Мөнгөн хошуут зээрд соёолонг 11 настай Ц.Өсөхбаяр хүү унаж хурдлуулсан. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы халиун, айргийн гуравт Монгол улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбатын уясан зээрд халзан, дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, Улсын Дээд шүүхийн шүүгч Сандагийн Нямжавын халтар, тавд Увс аймгийн Тэс сумын харьяат Н.Дамдий-Ядамын цоохор соёлон хурдаллаа.
ИХ НАС
Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор түрүү магнайг хүртэв. Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар, айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр, дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хар, тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд тус тус хурдаллаа.
АЗАРГА
Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан, бунд тамгатай хонгор азарга төрийн торгон жолоог өргөлөө. Магнайд түрүүлсэн хонгор азаргыг 10 настай Мөнгөнзулын Түшиг хурдлуулжээ. Аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатарын загал, гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Х.Мөнхтулгын бор азарга, дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Б.Эрдэнэбатын мөлүү хул, тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн бор азарга тус тус хурдаллаа.