Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Наадмын өнгө

Наадмын гадаад зочдын нэг, Францын өмнөд нутгаас ирсэн Кристоф хэмээх аялагч “Монголын “The Hu” хамтлагийг сонсоод, эх оронд нь очиж үзье гэсэн бодол төрсөн” хэмээн ярьжээ. Дэлхийн хүмүүс таалан сонсох хамтлаг төрүүлэхийн ашиг тус захаасаа гарч эхэлсэн бололтой. 

Харин гадаадын жуулчдын төдийгүй монголчуудын хувьд ч Төв цэнгэлдэхэд наадам үзнэ гэдэг амаргүй даваа байсан юм. Наадмын өмнөхөн Төв цэнгэлдэх орох “виз” авахаар хонон өнжин дугаарлаж байгаа иргэдийн тухай зурагтаар аанай л харууллаа. Наадмын өдөр нэгэн наадамчин “Дөрвөн хүний тасалбарыг 150 мянган төгрөгөөр авсан ч суудал нь тухгүй байсан” тухай илэн далангүй хуучилна лээ. Хүнээ багтааж шингээхээ байсан Төв цэнгэлдэх рүү чихэлдэж бухимдахаар гэртээ зурагтаа үзсэн шигээ амар жимэр суухыг олонх нь илүүд үзсэн байлгүй. Шинэ цэнгэлдэх барих сураг чихэнд чимэгтэй сонсогдсоныг яана. Наадмын өмнөхөн Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин “Цэнгэлдэхийг тойроод долоон барилга баригдаж байгаа. Энэ барилгууд ашиглалтад орохоор машин тавих зогсоолоос авахуулаад наадам хийх талбай улам хумигдсаар байна. Цаашдаа шинэ цэнгэлдэх хүрээлэн барих ажилдаа эрчимтэй орохгүй бол болохгүй гэсэн дүгнэлттэй байна” гэснийг хэвлэлийнхэн онцлов. “Хаана барих вэ гэдэг дээр шийдэж чадахгүй байна” хэмээн Шадар сайд ярьсан. Яармаг болон Хүй долоон худгийн аль нэгд шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих талаар яригдаж байгааг зарим сэтгүүлч дуулгав. Хүй долоон худагт шинэ цэнгэлдэхтэй болчихвол замын түгжрэлийг зохицуулах хэрэгтэй болно. Яармагт байсан ч есөн цагаан тугаа хэрхэн тээвэрлэх нь сонирхолтой. Уг нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв болох Яармаг руу нүүлгэх саналтай зэрэгцээд, 35000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолборын концепц шалгаруулах уралдаан зарлагдаж байсан удаатай. Хотын захиргааны барилга шиг шинэ цэнгэлдэх хурдтай босвол аштай юу даа. Наадмын дараа шинэ цэнгэлдэхийн тухай дарга нар хөндөж иргэдийг “шилний цаанаас чихэр долоолгосоор” олон оныг үдлээ. Энэ удаад харин “Ямар ч байсан шинэ Цэнгэлдэх хүрээлэнгийн санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгаж, барилгын ажлыг ирэх онд эхлүүлэх үүрэг өгсөн” хэмээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдэв. Засгийн газрын хуралдаанаар энэ тухай ярилцсан ажээ. Хэрэв энэ яриа ажил хэрэг болбол бусдын эхлүүлсэн ажлуудаар гангарч, тууз хайчилдаг У.Хүрэлсүхээр овоглогдох нэг ч гэсэн бүтээн байгуулалт үлдэж магадгүй.


Ардын хувьсгалын 98 жилийн ой энэ наадмаар тохиожээ. 100 жилийн ойгоороо шинэ цэнгэлдэхтэй болбол сайхан аа. Дэлхийд ганцхан монгол наадам гэж дэвдэг улс шүү дээ, бид чинь. Монгол наадмыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэж, “Дэлхийн соёлын өв” хэмээн тодорхойлсныг хэлэх үү. Манайд ирээрэй хэмээн жуулчдыг уриад, ирэхээр нь наадмын тасалбар ч олдохгүй зүдрээж таарахгүй. Монгол наадам бол жуулчдыг татдаг номер нэг арга хэмжээ гэдэг нь гадаад, дотоодын судалгаагаар тодорсон. Ядаж наадмаараа гадаадынхныг гадуурхахгүй сэтгэл хангалуун үлдээмээр юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга наадмыг нээж хэлсэн үгэндээ “Эрийн гурван наадам” хэмээн онцлохдоо эмэгтэйчүүд сур харваанд багагүй байр суурь эзлэх болсныг анзаарсан болов уу. “Хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваа бол монгол эр хүний эрдэм чадал, үнэлэмж шалгуурыг тодорхойлж ирсэн эртний түүхт уламжлал ёсон. Монголчууд эр хүний энэ гурван эрдэмд түшиглэн их түүхээ бүтээж, өв соёлоо цогцлоож, гүрэн улсаа байгуулж явсан” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Юутай ч сурын харвааны түүх эмэгтэйчүүдийн оролцоотойгоор бичигдэж буйг шагнал гардуулахдаа Х.Баттулга санасан нь лав.


Эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Цахиур багийн харваач Ө.Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол, 33 сум онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Б.Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” цолыг Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж, баяр хүргэн амжилт хүссэн юм.
Монгол Улсын даян мэргэн Д.Норжмаа “Эмэгтэй харваач улсын наадамд харваж эхэлснээс хойш 50 жилийн ойгоор даян мэргэн болсондоо баяртай байдаг гэнэ. “1958 онд тухайн үеийн төр засгийн шийдвэрээр эмэгтэй харваачийг улсын наадамд харвуулдаг болсон юм билээ. Энэ цаг мөчөөс хойш 50 дахь жилийн ойн дээр наадмын түрүү хүртсэндээ их бэлгэшээсэн” хэмээн тэрбээр сэтгүүлчид ярьсан юм. “Төр, засгийн шийдвэрээр” эмэгтэйчүүд эрийн гурван наадамд зугуухан орж ирсэн бололтой.


Монголчууд наадам, цагаан сараар Ерөнхийлөгчийн үгийг анхаарч сонсдог уламжлалтай. Энэ удаа Ерөнхийлөгч “Наадмын дараанаас 1992 онд тунхагласан Ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал хариуцлагатай хандаж, идэвх оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя” хэмээн сануулсан юм. Нэг нам дангаараа, үндэсний зөвшилцлийг хангахгүйгээр Үндсэн хуульд гар дүрэх нь хэмээх шүүмжлэл өрнөсөн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд анхаарал хандуулах ёстой сэдэв гэдгийг Ерөнхийлөгч иргэддээ хэлэхийг хүссэн бололтой.


Наадмын хуушуур мэдээж орхиж болохгүй сэдэв. Махны үнэ нэмэгдсэн учраас наадмын хуушуур үнэд орох нь тодорхой байсан. Ч.Улаан сайд “Махны үнэ буурна” гэж удаа дараа мэдэгдсэн ч тусыг эс олов. Гэсэн ч наадмын өмнөх өдөр Хар хорин зах дээр мах эрэлт ихтэй, хуушуурын мах татуулахаар зогссон хүмүүс цөөнгүй байсан.
Наадамчдын ая тухыг хангахад жорлон бас чухал. “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг эхлүүлсэн УИХ-ын гишүүн,Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл “Хүй долоо худагт гаргасан дөрвөн хуурай жорлонд маань соёлтой бие зассан 1000 зочиндоо баярлалаа!” хэмээн нүүр номдоо дурдсан байна лээ. Түүний хамтрагч Ц.Оюундарь мөн наадмын хоёр дахь өдөр ”Хүй долоо худагт байрласан кэмпүүдээс хамгийн цэвэрхэн, таатай тансаг жорлон нь танайх л байна гээд МБК-ын гадаа байгаа #BiolanSimplett хуурай эко жорлонг маань орж гарсан хүмүүс магтаад байна. Олон жорлонг биeчлэн туршиж яваа наадамчид үнэнийг хэлж байгаа л даа” хэмээн жиргэсэн байна лээ. Юутай ч наадамчдыг айлгадаг бохир, модон жорлон Биолан хэмээх ус татдаггүй, дэд бүтэц шаарддаггүй, өтгөн ялгадсыг хар шороо болгон хувиргадаг Финляндын суултууртай жорлонтой өрсөлдөх болов. Таглаад тавихад том хар хувин шиг л харагддаг энэ жорлон монгол наадамд өнгө нэмсэн шинэ үйлчилгээ байлаа.


Наадмын өмнөхөн Батка жиргээч “1.3 тэрбумын Хэнтийн түрүү бөх тодорчихсон ч гэх шиг” хэмээсэн нь зарим хүнийг маргаанд татан оролцуулсан. Өөр нэг жиргээч түүнийг “Бөхийн холбоог Б.Бат-Эрдэнэ аваргатай булаацалдаад байгаа Чинбатын хүргэн” гэдгээр нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн тооцсон байна лээ. Тэрбум хэмээх тоонд нь төдийлөн олон хүн итгээгүй болов уу. Юутай ч мань “Ванга”-гийн урьдчилан хэлснээр Хэнтийн бөх наадмын түрүүгээр тодорсон. Шинэхэн аваргын тухай ийнхүү мэр сэр яриа гарсан ч “Гарьд магнай” киноны манж амбаны нэрийн өмнөөс гардаг Жигмэд шиг бөхчүүдийг хайр найргүй хаяж гэмтээдэг жудаггүй нэгэн дахин түрүүлээгүй нь яамай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com