“Тэнгэр бэхи өргөө” нийтэд үйлчлэх ТББ-ын дэргэдэх “Хөх төрмөс” тэнхмийн сургалт хариуцсан багш А.Аюуштай ярилцлаа. Тэрээр Англи улсын олон улсын их сургуульд Бизнесийн удирдлага, мэргэшсэн нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн юм. А.Аюуш нь өнгөрсөн хугацаанд мэргэжлээрээ ажиллаж байгаад монгол хүний оюун сэрэхүйг хөгжүүлэх үйлсэд цаг заваа зориулан “Хөх төрмөс” төвд сургалт хариуцан ажиллаж байна.
“Хөх төрмөс” төв нь далд ухамсар, ховсын сургалтаараа сэтгэл засал болон эрүүл мэндийг засч сайжруулан Монгол хүний оюуныг сэргээх ухамсрыг өргөж, үндэсний өв соёл, ёс заншил, сургаалийг дэлгэрүүлэн ном бүтээл туурвиж соён гэгээрүүлэх бүтээлч ажлуудыг өрнүүлж байгаа аж.
- Далд ухамсар, ховсын эмчилгээ гэж яг юу хэлээд байгаа талаар ярилцлагаа эхлэе?
- Далд ухамсар, далд ертөнц гэгчийг эрдэмтэд судалсаар ирсэн. Ил ухамсар буюу ухамсартай хийх үйлдлийг хүн бүр харж мэдэрч чаддаг. Харин ухамсарлаагүй хэрнээ гаргаж буй үйлдлийг далд ухамсарт үйлдэл гэж бид нэрлэдэг. Ил, далд ухамсар зэрэгцэн оршдог л доо. Хүн дотоод ухамсар руугаа өнгийх нь тун бага. Угтаа ил, далд ухамсар гэж хайрцаглаж бодолгүйгээр өөрийн дотоод ухамсар руугаа өнгийж, сэрж мэдэрч чадвал далд ертөнц хэмээгээд байгаа оршихуйгаараа аялж, түүнийгээ мэдрэх бүрэн бололцоотой. Далд ертөнц ч мөн адил бид нар харж мэдэрч чадахгүй байгаа оршихуйгаа далд ертөнц гээд буй боловч оршин буй л ертөнц юм. Дотоод ухамсар гэдэг бол асар их хүч чадал. Учир нь дотоод ухамсраас сэтгэлийн илэрхийлэмжүүд ундран гарч, энэ л ундран гарсан чин сэтгэлээр бидний бодлын хүч нэмэгддэг. Энэ бүхэн бидний тархи, оюун санаанд бий болж бодит байдлыг бүтээхэд голлох үүргийг гүйцэтгэдэг. Тэгсэн хэрнээ тэр их хүчийг хэрхэн ашиглах, яаж хөгжүүлэх, ирээдүйгээ хүссэнээрээ төлөвлөн түүнийгээ бодит зүйл болгохын төлөө чухам юуг анхаарч, юун дээр төвлөрч сурахаа мэддэггүйд л байгаа юм. Тэгвэл үүнд хэрхэн суралцах вэ, хэрхэн танин мэдэх вэ, хэрхэн ухамсартаа эзэн болох вэ хэмээх асуултанд хариулахын өмнө эх үүсвэрийг нь таних хэрэгтэй. Энэ бол эрчим буюу бидний хэлж заншснаар энерги хэмээх ойлголт юм. Эрчим нь хүний махан бие болоод сүнсэн биеийн холбоог бөхөлж эрчмийн харилцаанд оршоож байдаг. Хорвоо ертөнц ч мөн адил бүхэлдээ эрчмийн харилцаан дээр тогтдог.
Хамгийн жижиг хэсэг болсон атомын бүтцийг харахад хүртэл электонууд нь төвдөө орших протон, нейтронынхоо гадуур өөр өөрийн орбитоор тойрон эргэлдэж эрчмийн харилцаандаа атомыг бүрэлдүүлж байна. Оршин буй бүхий л зүйл эрчимтэй бөгөөд эрчим нь хоорондоо зохист харилцаанд ордог байх нь. Дэлхий гараг нь сүүн зам галактикт харьяалагддаг. Дэлхий нарны аймагт, нарны аймаг сүүн замд оршиж сүүн замын төвөөс нар амин эрчмээ авч нарнаас нарны аймгийн гаригууд цөмдөө амин эрчмээ авч тэтгэгдэж байдаг. Дэлхий дээр байгаа бүх амьд оршихуй дэлхийн цөмд байгаа амин эрчмийн хур болсон амины оршихуйтайгаа нягт холбоотой. Сүүн зам нь орчлонгийн амин эхээс авдаг. Орчлонгийн амин эх нь олон олон галактик, одон гарагуудыг тэтгэж өгдөг. Үүний нэг нь эх дэлхий юм. Тэгэхээр бид эрчмээ нарнаас, эх дэлхийгээс авдаг ч цааш нь ухаж таниваас орчлонгийн амин эхээс авч байгаа хэрэг. Хүн өөрөө дээр өгүүлсэн тэр л амин эрчмийн холбоостой өөрийн дотоод чинадруугаа өнгийж сэрээж чадвал олон зүйлийг мэдэрч, хөгжиж, өөрийн ухамсрын алдаа, сэтгэл зүйн гэмтлүүдээ засах бололцоотой. Тиймээс төвлөр, мэдэр, ухамсарла гээд байгаа юм. Манай сургалтын төв нь далд ухамсар, ховс засал хийж хүний энерги, эрчмийг засч улмаар хүний сэрэхүй хөгжихүйг нээхэд нь тусалж байна. Ховс бол монгол өвөг дээдсээс үеийн үед өвлөгдөж өртөөлөгдөж ирсэн зүйл. Ховсын цаана тэнгэр ертөнцийн асар том хүч байдаг. Хүн бүхэн тэнгэртэйгээ угсаа гаралтайгаа холбогдож, сүнсэн биеийн мэдээллийг агуулсан дотоод чинадаасаа сэрж, сэхээрэх бүрэн бололцоотой. Сүнсэн бие рүүгээ өнгийж хорвоо ертөнцийн жамыг ухааран эргэцүүлж эхлэхэд хүнээс гарах үйлдэл зөв болж зөв харилцааг үүсгэж эхэлдэг.
- Шинжлэх ухаанаар бүрэн тайлаагүй ч хүний бие сүнстэй гэдгийг нотолдог. Гэхдээ нүдэнд харагдаж. гарт баригдахгүй учраас сүнсэн биеийн ач холбогдол түүнтэй хэрхэн харилцахаа тэр бүр мэддэггүй. Хүний амьдралд сүнсэн бие ямар үүрэгтэй байдаг юм бэ?
- Хүн төрөлхтөн арга, билгийн ертөнцөд амьдардаг. Орчлон хорвоод аргын ертөнцөөс гадна билгийн бүхэл бүтэн сүнсний ертөнц, оршихуй бий. Аргын буюу хүний махан биед тухайн хүний мэдээллийн ердөө л 5 орчим хувь, үлдсэн 95 хувь нь сүнсэн бие, түүний эрчим мэдээллийн орон зайд оршино. Тэгэхээр хүний хувь тавилан, зураг төөрөг, хэрхэн амьдрах нь тухайн хүний сүнсний өгөгдлөөс, сүнсний ертөнц тэнгэрт буй өвгөд дээдсээс хамаардаг. Хүний биед сүнс байгааг шинжлэх ухаанчаар нотлох оролдлогуудыг эрдэмтэд хийсээр ирсэн. Нас барсны дараагаар хүний жин тодорхой хэмжээгээр хасагдаж байгаа нь сүнс байдгийн нэгэн баталгаа гэж үздэг. Сүнсний жин судлал хүртэл хөгжиж байна шүү дээ. Хүний бие аура гэрлэн бүрхүүлтэй. Гэрлэн биеэс гадна цацраг туяа гялбаа, эрчмийн торлог тооцонцор гээд нарийн долгион хэмжээс байна. Холбоосоор хаашаа ч холбогдож чадах боломжтой. Холбоосын суваг мэдрэмжийг сэрээх эхний алхам бол төвлөрөл, бясалгал анзаарга юм. Анзаарсны дараа ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэсэн ухамсарт бодол үйлдлүүд юм. Хүн ганцхан сүнстэй ч байдаггүй. Доод тал нь 5 түүнээс дээш сүнстэй. Амин, цусан, махан, ясан, үйлийн үндсэн 5 сүнснээс гадна тэнгэрийн сүнснүүд бий. Хүний бие энергийн 7 хүрдтэй. Хүрд нь амин сүнсний эрчмийг хүчжүүлж, дамжуулан түгээдэг. Сүнс биеийг хөдөлгөхийн тулд хүрдээр дамнүүлж, биеийн доторх хийн судлуудаар эрчмийг эргүүлэн сүлдэг. Жишээ татахад, гар утасны сүлжээг хүн ил олж харахгүй хэрнээ утсаар ярьдаг. Түүнтэй адил хүний бие, орчлон хорвоо оршихуйтай холбодог энерги, эрчим, амин оршихуйтай. Нүдэнд ил харагдахгүй л болохоос биш эрчмийн урсгал түүн доторх амь хөдөлгөөнд байна. Хүний сүнсэн бие олон оршихуйтай харилцаа үүсгэж чадах чадвартай. Үүнийг хүн болгон яагаад шууд мэдэрч чадахгүй байна вэ гэвэл сэтгэлгээгээ хайрцагласнаас эхлэлтэй. Мэдрэх мэдрэмж сэрээгүй үед орон зайн эрчмийг тааруулах эрчмийн хэлбэлзэл таараагүй учраас ирж буй эрчмийг хангалттай хэмжээнд тэр бүр шууд мэдэрч харж чадахгүй. Хөгжүүлж чадваас боломжууд нээгдэнэ.
- “Хөх төрмөс” сургалтын төвд явагддаг далд ухамсрыг сэрээх, ховс эмчилгээнд орсон хүмүүст ямар мэдрэмж төрж, ямар үр дүнг авах вэ?
- Ховс хийж байна гэдэг нь сүнсийг сэрээнэ гэсэн үг. Ховсын төлөвт орохоор махан бие нь хүндэрдэг бол сүнсэн бие нь жингүйдэж байгаа юм шиг хөвөлздөг. Унтаа сэрүүний завсрын төлөвт сүнс, оюун ухаан бодлыг эрчмийг илүүтэй сайн мэдэрдэг. Хүний сүнсийг илгээхэд удмын өвгөдийн оролцоо байдаг. Амийг нь гуйж авдаг. Тиймээс хүн орчлонд ирэхдээ хийх үйл хэрэгтэй ирдэг. Сүнсний зорилго хөгжих ёстой байдаг. Далд ухамсрын засал гэдэг нь ухаарлыг олж авах юм. Хүн тархиндаа буруу, зөвийн итгэл үнэмшлийн хаалтууд бий болгосон байдаг. Тиймээс ч хүнийг өөрийн сонсох дуртай зүйлээ сонсч хүлээж авдаг гэдэг. Таньж мэдэж туулж мэдлэг болгох нь ухаарал юм. Ховс хийж эрчмийг цэвэрлэж гүн цөмрүү орох боломжийг нээнэ. Итгэл үнэмшил, мэдлэг, ухаарал, таньж мэдэж ойлгож байж цэвэрлэгдэнэ. Далд ертөнцийн орон зайн холбоос маш өргөн хүрээнд явагддаг. Хүн эрчмээ засахын зэрэгцээгээр удам дамжсан эсвэл үйлийн үр, өвгөдийн дуудлага буян хишгийг хүлээн авах боломжтой болдог. Там, эрлэг, лус савдаг, хурмаст, тэнгэр тив гэсэн оршихуйн 5 тивтэй. Тэнгэр тив дотроо 99 тив тэнгэртэй гэх мэт дотроо тэнгэрүүд бий. Тэд бүгд өөр өөрсдийн үйл хэрэгтэй. Хорвоо ертөнцийн жам ёсыг зүй зохистойгоор хүлээж авах, авахгүй байгааг тэнгэрүүд анддаггүй. Жишээ нь, бороо цас орох байгалийн үзэгдлийг “Яасан хүйтэн юм. Хүний ажил төрөл алдуулчихлаа” гэх мэт гасалж харамсаж хүлээж авах хэрэггүй. Зүйрлэвэл таныг мөрөөрөө явж байхад хэн нэгэн замаас холдооч, зайлаач гээд байвал танд таагүй л санагдана. Үүнтэй адил байгалийн тэнцвэрийг хангаж буй жам ёсны асуудалд ёс суртахуунгүй байдлаар хандах, байгаль орчин бохирдуулах гэх мэт зүй зохисгүй үйлдэл хийгээд байвал оршихуйн тэнгэрүүд “Миний үйл ажиллагаанд саад боллоо” хэмээн хилэгнэж бухимдана. Хүний хийж буй үйлийн үртэй холбоотойгоор оршихуйн тэнгэрээс нэхэл, жатга хилэгнэл, бас үрдээ өгөх буян хишиг гээд үйлүүд ирдэг. Яагаад ирүүлж байна вэ гэвэл хийж буй үйлдлийг нь ухамсарлуулах, сэхээрүүлэхийн тулд дохио өгч хорио, бариа жатга гэх мэтийг тавихаас аргагүй болдог. Зарим хүн ярьдаг даа. Яаж ч хичээгээд ажил маань бүтэхгүй байх юм гэдэг. Үүнийг билгээр засчихвал ажил нь аандаа бүтнэ. Гаргаж буй алдаагаа чин сэтхэлээсээ ухамсарлаж ойлгож чадваас тэнгэрээс өршөөн ажил үйлсийг нь тэгшлэхэд туслаад явдаг гэсэн үг.
- Хүн бүрт өвөг дээдэстэйгээ харилцах, холбогдох чадамж бий юу?
- Монголчуудын хувьд далд заншлаар холбогддог байсан нь одоо эргээд сэрж байна. Гал тахих үйл хийдэг шүү дээ. Тархины зүрхний, мэлмийн, ходоодны гэх мэт галтай байдаг. Гал нь өөрөө холбоосыг хамгийн ихээр холбож бөхөлдөг юм байна. Галаар дамжин асар хүчтэй холбоос үүсэх боломжтой. Ингээд нар, сарны холбоосоор дамжуулан өөрийн өвгөдийн орон зайтай холбоос үүсгэнэ. Холбоосон дээрээ хүндлэл, талархлаа илэрхийлж харилцах нь чухал юм. Ер нь орон зайн хувьд хүн хаашаа ч холбогдож болох боломжтой. Өөрийн оюун бодолд байгаа тархи, зүрх, эд эрхтний галаар холбоосыг үүсгэж болно. Ихэвчлэн өвөг дээдэс холбоосоо үр хүүхэд бидэнд тавьсан байдаг. Үүнийг нь бид өөрсдөө идэвхжүүлэх хэрэгтэй. Сүнс сүнсээ таньдаг юм. Танихаараа сэтгэл зүрхээ мэдэрдэг. Дотно, бахархсан мэдрэмж өөрт төрнө. Бид зүүдээ тайлдаг шиг үүссэн холбоосыг оюун мэдрэмжээрээ тайлах боломжтой. Ингэж өвгөдтэйгээ холбогдсоноор хорвоог илүү их танин мэдэх, суралцах хөгжих бололцоотой. Нэгэнт л арга, билгийн ертөнцөд амьдарч байгаа учраас билгийн оюунаа бүү орхигдуул гэж хэлье.
- Өвөг дээдэс, аав ээжийн хийсэн сайн, муу үйлийн үр шалтгаан үр хүүхдэд ирдэг гэж ойлгож болох уу. Саар талыг нь багасгаж сайныг нь хүлээж авахын тулд хүн хэрхвэл зохистой юм бэ?
- Үр нь өвөг дээдсийнхээ хийсэн үйлийн үрийг өөрөө идэвхжүүлэх нөхцөл байдал үүсгэснээр ирдэг. Өвгөдөөс алдаагаа ухаар, үүрэг даалгавар захиасыг ирүүлж байдаг. Буян хишиг ч ялгаагүй. Өвгөдийн буян, их эрчмийг үр нь тосч хүлээж авахад бэлэн байна уу, үгүй юу. Үр нь зөв үйлтэй сайн явах авбаас өвгөд нь тэнгэртээ суудал ахиж, илүү их үйл хэрэг хийх бололцоотой болж байдаг. Сүнсэн биеэ чагнаж тордож чадах аваас дэлхий хорвоо ертөнцийн далд гэж нэрлээд буй оршихуйг мэдэрч, хүртэх, маш олон үйл хэргийг хийх бололцоотой. Тиймээс эрчмийн зөв урсгалыг бие дээрээ оруулж байх нь зүйтэй. Монголчуудын ёс заншил, сургааль үг, амьдрахуйн арга ёс бүхэн оршихуйн ертөнцийн хууль жам ёстой гүн уялдаа холбоотой байдаг нь үнэхээр гайхамшиг юм. Монгол гэр гэхэд л энергийн их хуйлрааг үүсгэж чаддаг орон зайн зөв зохист хэлбэртэй байх жишээтэй. Дөрвөн ханын дундах дөрвөлжин орон зайд эрчмийн хуйлраа бага явагддаг. Хүнийг байгалийн амьтан гэж ярьдаг даа. Нэгэнт арга, билгээр амьдардгаас хойш билгийг арга дээрээ зөв хэрэглэж хүлээж авах нь чухал. Байгалиас эрчим авах хэрэгтэй. Нарны гэрэл цацраг туяаг мэдэр, гол нуурын усанд хөлөө дүр. Ингэснээр эх дэлхийн эрчим бидний сүнсэн биеийг сэрээнэ. Сүнсэнд чинь таагүй эрчим үүссэний дохио нь хүний бие өвдөх зовиурлах, сэтгэл санаа таагүй байх гэх мэтээр илэрч байгаа хэрэг.
- Хүний биеийн эрүүл мэнд ажил үйлсийг сайжруулахын тулд гаднаас буюу ховсын тусламжтайгаар засах боломжтой юу?
- Дутуу л бодол. Хэн нэгэн таныг эрүүл мэнд ажил үйлсийг чинь өмнөөс чинь зохицуулахгүй нь мэдээж. Хүн өөрөө өөртөө эзэн болж өөрийгөө засч болдог. Өөртөө төвлөр, сэрэхүйгээ сэрээж өөрийнхөө асуудлыг ойлгож ухаарваас хийх үйлдэл нь зөв болно. Далд ухамсраа танин мэдэхүй, ховсын засал эмчилгээг бид сургалтаар явуулж байгаа нь хүний бие эрчимтэй, энэ эрчмийг зөв удирдан чиглүүлж болно гэдгийг танд ухааруулж сэхээрүүлэх гээд байгаа юм. Ховс хийхэд хүн өөрийн бие дээрээ шууд мэдэрдэг. Ховсоор эрчмийг цэвэрлэж, засал эмчилгээг гаднаас нь бид хийж өгч байна. Харин тухайн хүн шалтгаан нөхцлөө танин мэдэх, өөрөө өөрийгөө засч эмчилнэ. Аливаа зүйлд шалтгаан байгааг мэддэг хэрнээ юунаас болж яаж засах вэ гэдгийг тэр болгон эрж хайдаггүй.
Зуршлыг шууд амархан өөрчлөх боломжгүй шүү дээ. Ямарваа нэгэн засал эмчилгээ хийхэд шалтгааныг олж тархиндаа тусгаж бодох ёстой. Хүн өөрөө оюун бодолдоо ухамсартайгаар хүлээн авснаар үр дүн сайн гарна. Ихэнх өвчний 90 гаруй хувь нь сүнсэн бие дэх гэмтлээс үүдэлтэй учраас билгээр засч чадвал хурдан засагддаг. Энэ нь сүнсэн дээр байгаа гэмтлийг засч далд ухамсарт нөлөөлснөөр хүний таагүй байгаа зүйлс засагдаж эмчлэгдэж байна гэсэн үг. Учир нь эд, эсийн хүрдэн дээрх мэдээллийг цэвэрлэж, ухаарал өгч буй учраас хүн сэтгэл санаагаараа өөрийгөө эмчилж чадна. Зайлшгүй бие махбодид орсон өөрчлөлтийг махан биеийн аргаар буюу тохирсон байдлаар засч эмчлүүлэх хэрэгтэй. Бид сургалтаар энэ бүхнийг танин мэдүүлж, “эрчмийг хүлээж аваарай, байгаль эх дэлхийгээ хайрлаарай, хорвоо ертөнц амьтай, оршиж буй учраас та оршиж байгаа юм шүү“ гэдгийг хэлж өгдөг. Бидний өвгөд үүнийг хэдийнээ мэддэг байжээ. Тиймээс ёс заншил, сургааль үгсийг үлдээсэн байна. Монгол ёс заншлын хорио цээр цаг хугацааны хувьд өөрчлөгдөж ирсэн боловч үндсэн утга чанараа хэзээ ч алдаагүй. Түүнийг л таньж мэд. Зорилгыг нь хайгаад үзэх юм бол хар муу бүхнээс хаах, зөв амьдрах ухаан юм шүү дээ.
- Монголын өв соёл, ёс заншлаа бид гээсээр ирсэн. Эргээд үүнийгээ судлан танин мэдэх зайлшгүй шаардлагатай гэсэн үг үү?
- Монгол ёс заншилд шат дараалалтай таньж мэдэх сургааль үгнүүд байдаг. Үүнийг судлаад явбал өвгөдийн ухааныг таньж мэднэ. “Угтаж мэдээд, тосч мэдээд, тэсч гарах” ухаан байна. Монголчууд сүнсэн биеэ хайрлахыг, муу зүйл энэ насандаа хийхийг цээрлэдэг ард түмэн. Монголчууд хэзээ ч худлаа ярьдаггүй. Хүүхэд би яаж төрсөн бэ гэж асуухад “Эхийн улаан дусал эцгийн цагаан дусал сүнсний алтан дусал гурав нэгдээд үр чи бүтээгддэг юм” гэж зүйр үгээр илэрхийлчихдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гээд асуухаар нь “Цаг нь болохоор чи өөрөө ойлгож таньж мэд” гэдэг. Үр хүүхэд том болоод учрыг нь өөрөө танин мэдэж олдог байх жишээний. Хаалга алдалж болохгүй, гол усанд сүү хийж болохгүй гэх мэт хийж болохгүй үйлийг “Болохгүй” гэх үгээр мухар сүсгийн байдлаар ойлгох биш. Танин мэдэх цаг ирсэн. Яагаад хийж болохгүй вэ гэдгийг мэддэг болгох, учир шалтгааныг нь олох, арга, билгээр амьдардаг юм байна гэдгийг ойлгож мэдэх цаг ирсэн. Өвгөд маань хэзээ нэгэн цагт үр хүүхэд маань мунхарч устан сөнөх хэмжээнд хүрэх аваас үүнээс сэрэмжилж угтаж мэдээд тосож бэлдэх ухааныг бидэнд үлдээсэн нь ёс заншил, хорио цээр, сургааль үгс юм. Монголчуудын өв соёл тэр чигтээ зөв амьдрахуйн ухаан. Бид энэ бүгдийг сургалтаараа таниулж, гаргасан ном бүтээлээрээ ойлгуулан ухааруулж сэхээрүүлэхийг хичээдэг. 2014 оноос эхлэн тэнгэрээс судрууд буугдаж үүнийг тайлж ном судар болгон гаргаж, таниулах ажил хийж байна.
- Хөх толботой монголчууд тэнгэр шүтлэгтэй, байгаль дэлхийг амьтай эзэнтэй гэсэн үзэлтэйгээр ханддаг. Тэгэхээр нүдэнд харагдахгүй ч бидэнд нөлөөлж байдаг тэнгэр тив, өвгөд байдаг гэдэг нь яг бодит зүйл мөн үү. Та мэдэрч харж харилцдаг уу?
- Миний хувьд өөрийн мэдэрсэн, ухаж танин мэдсэн зүйлээ л ярьж байна. Хүний сонссон мэдээлэл, туулж танин мэдсэн мэдлэг хоёрын хооронд алд дэлмийн зөрүү бий шүү. Өвөг дээдэс маань ном судартаа энэ бүхнийг бичээд үлдээсэн ч судар номоо хадгалж чадаагүй их хэлмэгдлийн үеэр шатаагаад дууссан. Гэсэн ч монгол хүний тархи, сүнсэнд нь хадгалагдаад үлдчихсэн өндөр заяат ард түмэн юм байна. Туулж мэдэж алдаанаасаа суралцаж танин мэдэх бололцоотой сэрэхүйн сүнстэй ард түмэн. “Чөмгөө дундартал” гэсэн үг байдаг нь чөмөгний цаана асар их хүч байна гэсэн утгатай. Ясны үүдэл эсийн мэдээлэл хүний ген, сүнсэнд хадгалагддаг юм байна. Яс дагасан махан, цусан үүдэл эсийн мэдээллүүд сүнсэнд үлддэг. Эцэг эх, өвгөдийн их ухаан, мэдлэг яс дагасан үүдэл эсэнд хадгалагдаж үлдсэн учраас бид ухаж танин мэдэхээр хичээж чадвал аандаа өвгөдийн их ухаан сэрж сэргэх юм байна. Ёс бол тосч мэдэх ухаан. Ёс заншил чухал гээд байгаа нь ёсоо биелүүлээд явахаар ясны мэдээллээ сэргээх чадах юм байна. Монголчуудын хөх толботой нь учир жанцантай. Хорвоод 12 их ертөнц байгаа. Есөн цагаан, хоёр хөх, нэг хар ертөнц байдаг гэж үздэг. Монголчууд бол хөх ертөнцөд хамаарах хүмүүс. Монгол хүний хөх толбоны амин чанар хөх ертөнцийн холбоосыг үүсгэж байдаг. Монголчуудын сүнсний угийг хайгаад үзвэл Алтай язгуурын хөх нуруут хүмүүс юм. Хөх ертөнцийнхөн хорвоо ертөнийн хар, цагааны тэнцвэрийг хангах, засаглах жаяглах учиртай. Эх дэлхий дээр ийм үйл хэрэг хийх учиртай хүмүүс. Жамынх нь дагуу тэнцвэрийг барьж байдаг оршихуйгаас сүнсний эхтэй. Арга билэг хослон байх гэж бас үүнийг хэлээд байгаа юм. Хэрэгтэй цагтаа сэрж дүүргэдэг. Анх Хүн гүрний үед Аттила хааны үед дүүргэсэн гэж үздэг бол 13-р зуунд Чингис хааны үед тэнцвэрийг хангаж хагарлыг нэгдэл, мунхарлыг сэхээрэл болгож дүүргэсэн гэж үздэг. Одоо сэрэх цаг эрин үе бас ирж байгаа юм билээ.
- Монгол хүний ухамсар улам л доройтсоор байгаа. Монголчуудын хувьд оюуны ухамсар, сэрэхүйгээ сэрээх цаг ирсэн үү. Нөгөөтэйгүүр бумбын эрин үе ирлээ гэж байна. Энэ цаг үеийн онцлог нь юу юм?
- Хүн тархиныхаа багахан хувийг ашигладаг гэсэн судалгаа бий. Тархины багахан хувийг ашигладаг байсан бол одоо илүү их хувиар ашиглах цаг ирж байна. Үүнийг бумбын эрин гэж нэрлээд байгаа юм. Бумбын эрин эхлэхэд процесс шалгуур их явагдана. Сүнсээ хөгжүүлж ухамсрын түвшиндээ ахиц хийх хэрэгтэй. Бумбын шилжилтийн эрин үед сэрэхүй ухаарахуйгаа сэргээж нэмэгдүүлснээр тархиныхаа багахан хувь дээрээ нэмж ашиглаж чаддаг болно гэж тайлбарлаж болно. Ямартаа ч дэлхий нийт одоо байгаа цаг үеэсээ шилжилтийн үе рүү явах нь. Монгол хүн мунхрал доройтлынхоо уналт руу хүрч байгаа нь сэрж танин мэдэх хэрэгтэй гэсэн тулган шаардалт руу орж байгаа хэрэг. Сүүлийн үед монгол хүмүүс дотроосоо зөнгөөрөө эрэл хайгуул, сэрэхүй рүү тэмүүлэх болсон. Ясан дахь үүдэл эсэд хадгалагдсан өвгөдийн ухааныг тээсэн хүмүүс сэрж сэхээрнэ, сэхээрэх боломжтой. Бид сургалт зохион байгуулж сэхээрэл рүү хөтлөхийг зорьж байгаа юм. Ингэхдээ хүн өөрөө өөртөө эзэн болох ухаан, өөрийгөө танин мэдэхүйгээр монгол хүний ген дэх өвөг дээсийнхээ ухааныг таньж мэдэх, зөн совин мэдрэмжээ сэргээх, оршихуйтай харилцах асар их чадвар монгол хүн танд өөрт чинь байгаа гэдгийг ойлгуулах, танин мэдүүлэхийг хичээж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин