Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой тохиож буй. Уг тэмдэглэлт ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хотын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн ахмадуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал, цахилгаан станц, дулааны станц, төмөр зам, боловсрол, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүндтэй эрхмүүдийг хүлээн авч уулзсан юм.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Орчин цагийн хот байгуулагдаж, өөрийн гэсэн өнгө төрхөө олоход үе үеийн ахмадууд мэдлэг чадвар, залуу насаа зориулсан. Залуус хотын бүтээн байгуулалтад оролцох, хот рүү тэмүүлэх хандлага 1960-аад оноос эрчимжиж эхэлсэн. Өдгөө бид их хот гэх статус руу шилжсэн гэдгийг одоогийн Улаанбаатар хотын иргэд, олон нийт ойлгож, хотын дүрэм, стандартыг мөрдөж амьдрах ёстой. Иймд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан, УИХ-д өргөн барьсан. Цаашид бид та бүхний босгосон энэ их хотыг стандарттай болгож, түүнийг хүн бүр дагаж мөрдөх боломж нөхцөлийг хангахаар зоримог алхмуудыг хийнэ. Ирэх жилүүдэд хотоо улам өргөжүүлэн, хөгжүүлэхэд нийслэлийн удирдлагууд хичээнгүйлэн ажиллах болно” хэмээсэн юм.
Мөн нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг цогцлооход мөр зэрэгцэн ажиллаж явсан ахмадууд сэтгэгдлээ хуваалцлаа.
Хөдөлмөрийн баатар Д.Жүгдэр:
-Миний бие нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшилд, тэр дундаа барилгажилт, их бүтээн байгуулалтын ажилд 40 гаруй жил хүчин зүтгэсэн. 1967 онд сургуулиа төгсөөд аж ахуйн тооцоот нэгдсэн бригад байгуулж, өнөөгийн Улаанбаатар хотын ихэнх орон сууцны хорооллыг хамт олныхоо хүчээр барьж явлаа. Манайх орон сууцаар дагнасан бригад байсан юм. Мөн Хувьсгалын музей, Лениний музей, Тооцоолон бодох төв, гурилын үйлдвэр зэргийг барихад гар бие оролцож явлаа. Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, барилга бүтээн байгуулалтын ажилд хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллаж явсандаа үргэлж талархаж явдаг.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер асан, Үйлчилгээний гавьяат ажилтан Т.Гантөмөр:
-Миний бие 1992-2016 он хүртэл НИТХ-д зургаан удаа буюу 24 жил сонгогдож, НИТХ-ын төлөөлөгч, байнгын хорооны дарга, тэргүүлэгч, намын бүлгийн даргын алба хашиж явлаа. 1994 онд НИТХ-аар Улаанбаатар хотын ойн өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэн, нийслэл өөрийн гэсэн газар нутгийн хил хязгаартай, туг, сүлд тэмдэгтэй байхаар баталж, Монгол Улсын нийслэлийн төв Улаанбаатар хот болж байсан түүхтэй. Хэдий Улаанбаатар хот өдгөө 384 жилийн түүхтэй ч 1940-1950 оны хооронд эрчимтэй барилгажилт явагдаж, хүн амьдрах таатай орчин, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж, авто замын сүлжээ, дэд бүтэцтэй метрополис хот болох суурь тавигдсан. Энэ бол нэг өдрийн дотор бий болгох ажил биш. Үе үеийн хотын удирдлагууд, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор өнөөдөр ийнхүү 1.7 сая хүн амтай, орчин үеийн метрополис хот болон хөгжиж байна. Хотод тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар эрхзүйн хүрээнд шийдэхээр хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, УИХ-д өргөн барьсан байна. Үүнийг одоо л хийхгүй бол хэзээ хийх билээ. Тиймээс хуулийн төслийг нийслэлийн ахмад ажилтны хувиар дэмжиж байгаа.
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор асан Я.Шархүү:
-Би 1969-1978 оны хооронд Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар ажилласан. Тухайн үед нийслэл хот эрчимтэй хөгжиж байв. Учир нь Улаанбаатар хотын орон сууцны хангамж, нийтийн тээврийн үйлчилгээ, хүн амын амьдралын чанарт тэр үеийн хотын хөгжлийн бодлого төвлөрч, нийслэлийн удирдлагууд уйгагүй ажиллаж байсан. Монгол Улсын хүн амын өсөлт, ирээдүйн хөгжлийн бодлоготой уялдуулан эрүүл мэндийн барилга, их дээд сургуулийн өргөтгөл баригдаж, троллейбусны шугам тавьсан. Мөн инженерийн дэд бүтэц эрчимтэй хөгжин, 3,4 дүгээр цахилгаан станцыг байгуулж байв. Түүнээс гадна орон сууцны томоохон хорооллууд сүндэрлэж, суурьшлын бүсийг тогтоож байлаа. Өдгөө хүн амын тоо хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед зэрэгцээ байгаа хөдөө аж ахуйн суурьшил, үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хот хөдөөгийн хөгжлийг уялдуулан бодлого, шийдвэрээ гаргах ёстой гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС