БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Булган аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийлээ.
Сүүлийн 3 жилд Булган аймагт аялал жуулчлалын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа. Цаашид аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд стандарт боловсруулж, адууны өв соёлоо дээдлэн унага бэлэглэх, морин аялал зохион байгуулах маршрут гаргах, “нэг хонь - нэг жуулчин” концепцийг хэрэгжүүлэх, малчдад аялал жуулчлалын талаар мэдлэг олгох зэрэг жилийн 4 улиралдаа тохирсон бодлого нэн шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцлов.
2020 оны мал сүргийн жилийн эцсийн тооллогоор тоо толгой 245,8 мянгаар буурсан дүн гарсан. Иймд малын бэлчээрийг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхлэх зэргээр өргөжүүлэх хэрэгтэй байгааг дурдлаа.
Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших ба Булганхан Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай, Дархан хаан зэрэг ой хөвчит уул нуурууд, Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтаргат галт уул бүхий байгалийн үзэсгэлэн хосолсон, онгон дагшин нутагтай тул аялал жуулчлалыг чиглэлээр хөгжүүлэх давуу талтай.
Иймд Булган нутгийн иргэдийн санал хүсэлд тулгуурлан БОАЖЯ, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран аялал жуулчлалын чиглэлээр “Нэг жуулчин- Нэг хонь” бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо.