Цэргийн хүн энгэр, мөрдөс хоёроо харж явдаг гэдэг. Цагдаа, онцгой, хилийн цэрэг, ардын арми ялгаагүй хүчний байгууллагад үүрэг гүйцэтгэж яваа хэн бүхний хувьд мөрдөс гэдэг эр зориг, үнэнч шударга зан, тууштай байдлын илэрхийлэл болдог болохоор тэр. Мөрдөс буюу “Цэргийн цол нь тухайн албан хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангилал, цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд харгалзуулсан зэрэг дэв мөн” гэж Цэргийн цол олгох журамд тодорхойлжээ. Цэргийн хүн байхын, цэргийн цолны үнэ цэн чухам үүнд оршиж байтал өнөө цагт хэн нэг дуучин, аль нэг бөх энэ эрхэм зэрэг дэвийг цэцэрлэгийн хүүхдийн медальтай адил хэмжээнд аваачсан нь олон түмний эгдүүцлийг төрүүлэх болоод байна.
Хэзээ, ямар шалтгаанаар цэргийн цолыг анх олныг баясуулан цэнгүүлэгчдэд олгож эхэлснийг хэлж мэдэхгүй ч өнөөдөр энэ зан үйл газар авчээ. Энэ жилийн наадмын түрүү бөх шинэхэн аварга Э.Оюунболд улсын наадамд хоёр удаа түрүүлж, 18 хүн даваад Цагдаагийн дэд хурандаа цол хүртсэн бол өнгөрсөн жилийн түрүү бөх аврага Н.Батсуурь мөн адил хоёр түрүүлж, 18 хүн даваад Онцгой байдлын дэд хурандаа цол хүртсэн байдаг. Тэдэнтэй адил Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч”, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч”, Зэвсэгт хүчний “Алдар”, Хилийн цэргийн “Хилчин” спорт хороогоор овоглосон олон тамирчин цэргийн цол, мөрдөсөөр “гангардаг” болжээ.
Улсын цолтой бөхчүүдээс цэрэг, цагдаагийн цол аваагүй хүн тун ховор. Тухайлбал, даян аварга Г.Өсөхбаяр хурандаа, аварга Г.Эрхэмбаяр хурандаа, С.Мөнхбат дэд хурандаа, улсын заан Б.Пүрэвсайхан ахмад, улсын заан М.Өсөхбаяр дэд хурандаа, улсын харцага Н.Жаргалбаяр ахмад, улсын гарьд Ш.Жаргалсайхан ахмад, улсын арслан Д.Ганхуяг дэд хурандаа, улсын арслан Ц.Содномдорж дэд хурандаа, улсын харцага Т.Баасанхүү хошууч, улсын начин Б.Серик дэслэгч цолтой гээд дурдаад байвал дуусахгүй нь. Мөн цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатарыг ахмад цолоор шагнаж байжээ. Зөвхөн бөхчүүд, дуучид гэлтгүй жүдо, чөлөөтийн тамирчид ч цэрэг, цагдаагийн цол авсаар байна. Өнгөрсөн жил гэхэд О.Гүндэгмаа баатрыг дэд хурандаа цолоор, Х.Эрдэнэт-Од дасгалжуулагчийг хурандаа цолоор шагнасан юм.
Уг нь монгол түмэн тэдэнд аварга, арслан, заан, харцага, начин гээд хөлс хүч, хичээл зүтгэл, авьяас билэгт нь тохирсон сайхан цол, гуншинг хайрласан. Бүр далай даян дархан аварга гэх цол ч бий. Бөхдөө хайртай монголчууд тэдэнд жирийн ажилчин насаараа хичээгээд өөрийн болгож чадахааргүй байр, машиныг хүртэл зүгээр л бэлэглэчихдэг. Ийм байхад бөхчүүд маань ард түмнийхээ хайр хүндлэлийг дааж, цэргийн цол зэргээс татгалзах наад захын ёс суртахуунгүй байгаа нь харамсалтай.
Чухамдаа, цэргийн цол, зэрэг гэдэг эзэндээ мөнгөн болон материаллаг хангалтын хэмжээг тодорхойлох үндэслэл болж өгдөг. Тэгэхээр дээр дурдсан цэргийн цолтой бөхчүүд, дуучид, тамирчид маань ард түмний хайрыг хүртээд зогсохгүй, цэргийн цолондоо дүйх цалин, урамшлыг татвар төлөгчдийн халааснаас авдаг гэсэн үг. Эх сурвалжийн хэлж буйгаар, улсын аварга Н.Батсуурь гэхэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас сар бүр сая гаруй төгрөгийн цалин авдаг гэж байгаа. Нэг бөх жилд арав гаруй сая төгрөгөөр цалинждаг жишиг нийгэмд хэвийн үзэгдэл болчихвол хүн бүхэн дуучин, бөх, тамирчин болохыг хүсэх нь дамжиггүй. Тэгвэл хэн эмч, багш, аврагч болохыг хүсэх вэ гэдэг бодох л асуудал.
Гэтэл цэргийн албанд насаараа зүтгэж, халуунд халж, хүйтэнд хөрч, тушаал биелүүлж, амь насаараа дэнчин тавьж, эрдэнэт хүний алтан амийг авардаг цэрэг, цагдаагийн алба хаагчид тэтгэвэрт гарахдаа л ганц удаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг шүү дээ. Нэг л жишээ татахад, аврагчдаас төрсөн хоёр дахь Үйлчилгээний гавьяат цолтон, ахмад Х.Мөнхбат Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Түүнчлэн "НИК Петровис" компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 хэмийн хүйтэнд 47 метрийн гүнд гурван хоног нийт есөн удаагийн шумбалт хийж, нэг хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон байдаг. Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос есөн километрийн зайтай "Модот булан" гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууран дээр төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, нуурын мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан явган найман иргэний амь насыг авран хамгаалсан зэрэг аврах ажиллагаануудад үүрэг гүйцэтгэсэн. Түүний баатарлаг үйлсийг монголын төр ахмад цол, гавьяатын тэмдэгээр мялаагаад өнгөрчээ.
Тэр ч байтугай, 2004 онд Ирак улсад энхийг сахиулж байх үедээ халдлагыг зогсоож, гавьяа байгуулан, монгол цэргийн нэр төрийг өндөрт өргөсөн Д.Аззаяа, Ш. Самбуу-Ёндон нарт хурандаа цол олгож байгаагүй шүү дээ. Уг нь цэргийн цол гэдэг энэ мэт гавьяа байгуулсан хүмүүст хугацаанаас нь өмнө өгөх ёстой шагнал баймаар.
Гэтэл эрхэм хурандаа, хошууч, ахмад цолтой бөхчүүд, дуучид, тамирчид маань харьяалагддаг байгууллагадаа нэг ч цаг ажиллаж үзээгүй байдаг нь энэ салбарт үр бүтээлтэй ажиллаж буй олон мянган алба хаагчдын хичээл зүтгэлийг үнэгүйдүүлж байгаа явдал юм.
Уул нь, одоо бидний шүүмжлээд байгаа энэ гаж тогтолцоог Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин цуцлах шийдвэр гаргасан ч Ц.Нямдорж сайд маань эргээд сэргээсэн нь харамсалтай.''
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН