Хөвсгөл нуурын эрэг дээр хөл хөдөлгөөн дүүрэн байна. “Хүслийн хад орох 4-5 хүн байна уу. Одоо хөдөллөө”, “ Завиар аялах хүн байна уу” хэмээн энэ тэнд далайн аялалд гарах хүн хайсан хүмүүс явна. Усан зогсоолд 10 орчим завь эгнэн зогсчээ. Энэ үед нуурын эрэгт зорчигчид нь хашхиралдсаар нэгэн моторт завь айсуй. Моторт завины жолооч нуурын эрэгт 50 метр орчим ойртох үед завиа багахан шарвуулахад зорчигчид дахин хашхиралдах чимээ сонсогдов. Зогсоолд ирж зогсоход 12 хүн тус бүр хантаазаа тайлж, суудал дээрээ үлдээгээд “Сайхан аялуулсанд баярлалаа” гэж байв. Зөрөөд нэг онгоц хөдлөхөд бэлэн болж. Бас л 10 орчим хүмүүс суусан байна. Ямартай ч бүгд аврах хантааз зүүсэн харагдана. Нэгэн зорчигч “Хөдлөхөөсөө өмнө зураг дарах бэлтгэлээ базаая” хэмээн утсаа бэхэлж байна. Удалгүй тэдний завь салхи татуулан, зорчигчдын хашхираан дунд Хөвсгөл нуурын хязгаар нь үл харагдах мандал руу чиглэн одов. Моторт завиар аялуулах, аялах хэн хэнийх нь хэрэгцээ их байгаа бололтой. Зарим иргэд урьдчилж тохирсон завьчныхаа онгоцонд сууж байгаа бол, зарим нь хэсэг ажиглаж байгаад аль таалагдсан завиа сонгож байх юм. Үнийн хувьд том хүн 20 мянга, 10 наснаас дээш насны хүүхэд 15 мянган төгрөгөөр аялах эрхтэй аж. Нэг удаагийн аялал ойролцоогоор цагийн турш үргэлжлэх бөгөөд Хүслийн хаданд очиж хүслээ шивнэж, зургаа даруулах боломжтой гэнэ. Харин Хүслийн хаданд хүрэхгүйгээр ойрхон газар моторт завиар аялахад дээрх үнийн дүнгээс 5000 төгрөгөөр хямд өртөгтэй гэнэ. Ингээд усан тээврийн үйлчилгээний эрхлэгчтэй уулзаж зарим нэг зүйл тодруулсан юм.
Иргэд устай хэрхэн харилцах, ус ямар ч барьцгүй, эрсдэлтэй тээвэр гэдгийг төдийлөн мэддэггүй
Хөвсгөл нуурын усан дээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхлээд 10 гаруй жил болж байгаа хэмээн өөрийгөө танилцуулсан 30 гаруй насны энэ залууг Б.Билгүүн гэдэг. Тэрээр 2017 онд “Монголын завьчдын нэгдсэн холбоо” ТББ байгуулж усан замын зорчигч тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулж, байгаль орчинтойгоо зөв зохистой харилцах, усан тээвэр эрхэлж байгаа жолооч нарын ур чадварыг дээшлүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн усан тээвэр эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах зорилготой аж. Усан тээвэр эрхэлж байгаа хүмүүс ЗТХЯ-аас тусгай зөвшөөрөл авахдаа жолооч усчин аврагч байх ёстой. Мөн Далайн захиргааны газраас явуулсан сургалтад сууж үнэмлэх авсан байх, завь нь техникийн бүрэн бүтэн байдлын үзлэгт орж тэнцсэн байх, далайд аялах маршрут, цаг хугацаагаа тодорхой заасан байх ёстой гэх мэт шалгууруудыг хангасны дараа зөвшөөрөл авдаг. Манай улс далайн улс биш учраас иргэд устай хэрхэн харилцах, ус ямар ч барьцгүй, эрсдэлтэй тээвэр гэдгийг төдийлөн мэддэггүй. Гэхдээ сүүлийн үед иргэдийн ухамсар өөр болсон. Өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө тавьсан шаардлагыг хүлээж авдаг болсон. Хог хаягдлаа хүртэл нуурын усанд хаяхаа больсон. Бид хөдлөхөөсөө өмнө бүх зорчигчдод аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгдөг. Аялал жуулчлал хөгжихийн хэрээр усан тээвэр эрхэлж байгаа завиуд шинэчлэгдэж байна. 5-6 жилийн өмнө дан ОХУ-аас оруулж ирсэн завь байдаг байсан бол одоо хурдтай, хүчтэй сүүлийн үеийн шинэ завь олон болсон. Энд үйл ажиллагаа явуулж байгаа завинууд дунджаар 50 орчим сая төгрөгийн өртөгтэй. Бидэнд ашиг олох нэг сарын хугацаа л бий. Тэр нь долдугаар сар л даа. Одоогоор би 2017 онд үйлдвэрлэсэн HD680, 2019 онд үйлдвэрлэсэн хоёр завиар үйлчилгээ эрхэлж байна. Ер нь аюулгүй ажиллагааны дүрмээ баримталж ажилласан үед осол аваарын эрсдэлд өртөх нь бага. Зорчигч тээврийн үед осол гараагүй удаж байгаа. Завиар явах анхны мэдэгдэхүүн, туршлагагүй иргэд, өөрсдөө дур мэдэн, хяналтгүй хийлдэг завь тавьж осолдох эрсдэл бий” гэв
Амарч, зугаалах нь сайхан боловч аюулгүй байдлаа хэрхэн хангаж байна вэ гэдэг нь сонин. Зарим хүмүүс Хөвсгөл далайд Сүхбаатар хөлгөөр аялсан нь илүү найдвартай гэж байхад зарим нь моторт онгоцоор аялах нь илүү сайхан мэдрэмж төрүүлдэг гэх. Ямартай ч Хөвсгөл далайд усан тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар хяналт шалгалт тавьж ажилладаг талаар тодруулахаар Зам тээвэр хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны газрыг зорьсон юм. Зам тээвэр хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.
Хөвсгөл нууранд явж байгаа тээврийн хэрэгслүүдийн парк шинэчлэлт харьцангуй сайжирсан
Тэрээр хэлэхдээ “Манай байгууллагын нэг үйл ажиллагааны нэг чиглэл нь усан замын тээврийн хэрэгсэл буюу монгол орны гол мөрөн нуурын усанд явж байгаа усан онгоц, завь, бусад тээврийн хэрэгслүүдэд хяналт бүртгэл хийдэг. Манай улсын хэмжээнд 130 гаруй тээврийн хэрэгсэл байна. Жил бүр техникийн хяналтын үзлэг хийдэг. Энэ жилийн хяналтын үзлэг, тооллогоор Хөвсгөл нууран дээр 93 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Хамгийн том хөлөг нь Сүхбаатар онгоц, дараагийнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн Яраслайвский болон бусад нь жижиг оврын усан онгоц байна. Хуучин 33 иргэн 14 аж ахуйн нэгж Хөвсгөл нууран дээр усан тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан бол, одоо аж ахуйн нэгжүүд тэр бүр завиар үйлчилгээ үзүүлэхдээ анхаарч чадахгүй тоо нь буурч 7,8 болж, завиар үйлчилгээ үзүүлэх иргэдийн тоо өссөн. Сүүлийн жилүүдэд аялалгчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор нууранд явж байгаа тээврийн хэрэгслүүдийн парк шинэчлэлт харьцангуй сайжирсан. Тээврийн хэрэгслүүдийн насжилт залуужиж, хурдтай, хүчтэй, даац сайтай болсон. Дээд тал нь 10-15 хүний багтаамжтай байна”.
Удахгүй усан зам дээр тээвэр хийж байгаа жолооч нарыг албан ёсоор сургалтад хамруулж, үнэмлэхтэй болгоно
Мөн усан замын тээвэр хийж байгаа жолооч нарт жолоодох эрх хаанаас олгодог, ур чадварт нь хэрхэн анхаарах талаар ярихдаа “Хөвсгөл нууранд усан тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн ихэнх нь нутгийн иргэд, тэр дундаа үе дамжин усан тээвэр хийж байгаа туршлагатай иргэд байдаг. Мөн Далайн захиргаанаас явуулж байсан сургалтад хамрагдсан хүмүүс байдаг. 2015 оноос өмнө нь Хөвсгөл нууранд хүн тээвэрлэж байгаа завьчдад АНУ-д мөрдөгддөг сургалтын гарын авлагыг орчуулж, түүний дагуу хичээл сургалт явуулж, түр үнэмлэх олгодог байсан. Ингээд Усан замын тээврийн тухай хуулийг 2017 онд шинэчлэн батлуулсан. Энэ хуулинд завь жолоодож байгаа хүн мэргэжлийн үнэмлэхтэй, гэрчилгээтэй байна гэсэн зохицуулалтыг анх удаа хийж өгсөн. Өмнө нь ийм зохицуулалт байгаагүй учраас түр үнэмлэх олгох зохицуулалттай байсан. 2017 онд Усан замын тээврийн тухай хууль батлагдсаны дараа 2018 онд дагалдах холбогдох дүрэм журмаа БОАЖЯ-наас батлуулсан. Энд усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журмын төслийг хүргүүлчихсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Зам тээвэр хөгжлийн яамтай хамтран батлах учраас хүлээлтийн шатанд байна. Гэхдээ ойрын хугацаанд батлагдах байх. Энэ журам батлагдчихвал усан зам дээр тээвэр хийж байгаа жолооч нарыг албан ёсоор сургалтад хамруулж, үнэмлэхтэй болгоно” гэв.
Засвар үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн газар одоогоор байхгүй
Усан завь бусад тээврийн хэрэгслийг бодвол эмзэг, арчилгаа их шаарддаг. Хөвсгөл нууран дээр усан тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа завинуудыг засварлах нэгдсэн төвтэй байх нь чухал. Хэдийгээр тооллогоор усан замын 93 тээврийн хэрэгсэл тоологдсон боловч зарим нь засвартай, эвдэрсэн гэх мэт шалтгаантай зогсолт хийсэн байна. Өнөөдрийн байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 ширхэг завь байгаа аж. Гэтэл “Засвар үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн газар одоогоор байхгүй. Олон жил усан замаар тээвэр хийсэн хүмүүс байдаг болохоор өөрсдөө засварлаж болохоо засаад сэлбэчихдэг. Далайн захиргаанаас жил бүхэн явуулдаг үзлэг шалгалтадаа зориулж өвлийн битүү зогсоол барьж байна. Завийг уснаас нь гаргаж, ёроол хэсэг, эх биеийг нь нарийвчлан шалгалт хийх боломж бүрдэнэ.
Завьтай эргүүл, хяналтыг нууран дээр тогтмол ажиллуулж байна
Энэ жилийн хувьд одоогоор осол аваар бүртгэгдсэн тохиолдол байхгүй байна. Өнгөрсөн жил ч мөн бүртгэгдээгүй гэнэ. Гэсэн хэдий ч үргэлж сонор сэрэмжтэй байж, аюулгүй ажиллагаагаа хангах нь чухал гэдгийг хэлж байсан юм. 2015, 2016 оны үед ОХУ-аас орж ирсэн усан онгоцны хөдөлгүүрийн даацыг хэтрүүлснээс болж осол гарч хүний амь нас эрсэдсэн гашуун түүх бий. Тухайн үед усан тээврийн тухай зохицуулалт, хяналт шалгалт тааруухан байсан. Одоо Далайн захиргааны газар, Онцгой байдлын ерөнхий газартай 2015 онд санамж бичиг байгуулсны хүрээнд хамтран ажиллаж завьтай эргүүл, хяналтыг нууран дээр тогтмол ажиллуулж байна.
Аврах хантаазгүй явдаг зорчигч, тээвэрлэдэг газар байхгүй
Завиар зорчиж байгаа иргэд жолоочийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй аюулгүй байдлаа эрсдэлд оруулах, эсвэл жолооч хурд, даац хэтрүүлэх тохиолдол мэр сэр хяналт шалгалтын үед илэрдэг. Усан замын тээврийн тухай хууль анх 2003 онд батлагдахдаа илүү ачаа тээвэр тал руугаа анхаарсан байсан. Тиймээс одоо зорчигч тээвэртэй холбоотой зүйл заалтад анхаарч тээвэрлэгчийн эрх үүрэг, зорчигчийн эрх үүрэг гэсэн зүйл заалт оруулсан. Мөн тээвэрлэгч, зорчигчдод хориглох зүйл заалтыг оруулж өгсөн. Далайн захиргааны байгууллага 2017 онд байгууллагдсан залуу байгууллага боловч хяналт зохицуулалтгүй байсан олон зүйлийг эмх цэгцэнд нь оруулахаар ажиллаж байна. Жил бүр улирлын нээлтээр аялал жуулчлал, усан тээвэр эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжид зориулж БОАЖЯ, МХЕГ, ОБЕГ, орон нутгийн захиргааны байгууллагаас төлөөлөл оролцуулж сургалт семинар явуулдаг. Хэнд ямар асуудал тулгарч байна, ямар санал санаачилга байгаа талаараа харилцан мэдээлэл солилцдог. Үүний үр дүнд усан тээвэр эрхэлдэг завьчид илүү их мэдээлэлтэй болж аврах хантаазгүй явдаг зорчигч, явуулдаг, тээвэрлэдэг газар байхгүй болсон. Мөн даац хэтрүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн зорчигч тээвэрлэх асуудал алга болсон. Олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж явуулж байгаа өөрсдийн бизнесийн зарчмаа илүү ухамрсарлаж эрх, үүргээ мэддэг болсон. Хэдийгээр зуны гурван сар үйл ажиллагаа явуулдаг гэдэг боловч ачаалалтай өдрүүд нь долдугаар сарын 5-наас наймдугаар сар хүртэл 20 гаруй хоног байдаг. Тиймээс эдгээр өдрүүдэд ашиг орлогоо олохын тулд хамгийн эхлээд аюулгүй байдлаа хангаж ажиллах чухал гэдгийг мэддэг, ухамсарладаг болсон.
Хоёр такт хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл явуулахгүй байх талаар БОАЖЯ-д санал хүргүүлжээ
Моторт завь олон тоогоор далайд явах нь Хөвсгөл нуурын эко системийг алдагдуулах аюултай. Моторт завиас гарах дуу чимээ, бензин шатахуун, аюултай хог хаягдал бий болгож байгаа асуудал бий. Энэ талаар ярихдаа “Өнгөрсөн жил БОАЖЯ-наас ажлын хэсэг ирж ажиллахад бид хоёр тактын хөдөлгүүрт моторт завийг цаашид ашиглахгүй байх талаар саналаа хүргүүлсэн. Хоёр такт хөдөлгүүр нь бензин, тос хоёроо хольж явдаг нь нэг талдаа аюултай. Иймээс цаашид энэ төрлийн хөдөлгүүртэй усан онгоцыг хил гаалиар оруулахгүй байх, цэнгэг устай нууранд хоёр такт хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл явуулахгүй байх талаар БОАЖЯ-д санал хүргүүлсэн. Ойрын нэг, хоёр жилийн дотор энэ асуудал шийдвэрлэгдэх байх. Одоо Хөвсгөл нууран дээр усан тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийт завины 50 хувь нь энэ төрлийн хөдөлгүүртэй байна. Хяналт шалгалтаар энэ төрлийн хөдөлгүүрээс гарч байгаа утааны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан. Тиймээс ойрын нэг, хоёр жилийн дотор энэ асуудал шийдвэрлэгдэх байх” гэв.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН