Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
БСШУСБХ: Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.01.16) 09 цаг 22 минутад эхэллээ. Хуралдааны тов ёсоор Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах, мөн тогтоолын төслийг хэлэлцэж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөснийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэлэхдээ, парламент нь хууль тогтоох дээд байгууллага болохоос биш, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэггүй, тогтоолын төслийг хэлэлцэхээс татгалзъя гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, манай боловсролын салбарт 33 жилийн дараа шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хууль, хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг дагалдан  гаргах 120 гаруй журам бий. Журмыг яам, Засгийн газар, Боловсролын ерөнхий газрын түвшинд гаргана. Хуулийг хэрэгжилтийг хангуулахад Улсын Их Хурлаас Ажлын хэсэг гаргаж ажиллах шаардлагатай. “Хуулийг хэрэгжилтийг эрчимжүүлэх” гэснийг “Хэрэгжилтийг хангуулах талаар Ажлын хэсгийг байгуулсугай” гэж сольчихож болно хэмээв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д заасан “Бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх, шаардлагатай бол Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд тогтоол гаргаж болно” гэснийг үндэслэж тогтоолын төслийг хэлэлцэхэд асуудалгүй гэв.

Ийнхүү Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төсөл хэлэлцэхийг хойшлуулъя гэсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55,6 хувь нь дэмжсэн тул хэлэлцэхээр товлосон хоёр дахь асуудлыг хойшлууллаа. Харин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн дэд ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.

 

Энэ өдрийн хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсов. Сайд Л.Энх-Амгалан, уг асуудлыг дөрөв дэх удаагаа танилцуулж байгаагаа онцолж, дөрвөн үе шаттай хэрэгжиж буй уг төслийг бүх аймаг, сумдын дэлгэрэнгүй тайлан мэдээллийг Улсын Их Хурлын бүх гишүүдэд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт боловсролын салбарын 100-Гаас доошгүй цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох зорилт тавьсан. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 30 дугаар тогтоолоор “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байна. Төслийг бүрэн дуусгах нэмэлт 60 тэрбум төгрөгийн төсвийг баталж, нийтдээ 160 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж байгаа. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн идэвх, санаачлагаар, “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд нийтдээ 820 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчилнэ. Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван цэцэрлэг тутамд, ерөнхий боловсролын хоёр сургууль тутмын нэгд төсөл хэрэгжинэ. Түлхүүр гардуулах нөхцөлт гэрээтэй нэгдүгээр ээлжинд 172 объектод ажил гүйцэтгүүлэх гэрээлэгдсэнээс 116 нь ашиглалтад орсон. Байнгын объектийг ашиглалтад оруулах Улсын комисс томилсон боловч орон нутагт цас их унасан шалтгаанаар комисс ажиллаж чадаагүй. Үлдсэн 48 объектийн ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Төслийн хоёрдугаар ээлжинд 15 аймгийн 42 сумын 135 объектоос 125 нь ашиглалтад орсон. Гуравдугаар ээлжийн угсралтын ажлын гэрээг байгуулж, хоёр аймгийн таван объект ашиглалтад орж, 10 аймагт ажил эхэлсэн. Эхний санхүүжилтийн тендерүүд зарлагдсан гэсэн юм.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан бусад гишүүдэд мэдээлэл хүргүүлсэн, намрын чуулган завсарласны дараа тойрогтоо ажиллахдаа барилгын ажилтай танилцаж, гүйцэтгэлийг шалгаж үзээсэй хэмээн тэмдэглээд, асуулт асууж, үг хэлэх гишүүд байгаа эсэхийг тодруулав.


Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, нүхэн жорлонгийн асуудал манай улсын эмгэнэл юм. Үүнийг дагасан гэдэсний халдварт өвчин, хүчирхийлэл, өвлийн хүйтэнд даарах гэх мэт олон хүндрэл бэрхшээл байдаг. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан бид хоёр өнөөдөр энэ асуудлыг улс орны хэмжээнд ажил хэрэг болгуулж, дөрвөн үе шаттай хэрэгжүүлж байгаад баяртай байгаа. Гэхдээ гүйцэтгэлийг яаравчлах, бүрэн дүүрэн ашиглалтад оруулах хугацааг тодорхой болгох шаардлагатай. Сэлэнгэ аймгийн нэг сургуулийг хамруулах боломж байна уу гэсэн хүсэлт ирсэн. Мөн Ерөө сумын сургууль нүхэн жорлонтой, шинэчилнэ гэсэн боловч гүйцэтгэл нь “тэг” үзүүлэлттэй байгаа нь ямар учиртай юм бол хэмээв. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Ч.Ундрам, Б.Баярсайхан нар энэ төсөлд ихээхэн үүрэгтэй оролцсоныг онцолж хэлэх ёстой гээд эхний ээлжийн тендерийг зураг төсөлгүй зарлачихсан учраас дахиж зурах шаардлагатай болсон. Салбарын сайдын хувьд хар толгойгоороо хариуцна гэдгээ өмнө нь хэлсэн. Одоо ч хэлнэ. Ирэх хавар гэхэд бүх асуудлыг шийднэ гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, улс оронд томоохон ажил хийж байгааг бид сонслоо. Барилгын, технологийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзсаны үндсэн дээр уг ажлыг эхлүүлсэн ч сайдын хэлснээр “Мордохын хазгай” гэгч болж, эхний ээлж удааширч, гүйцэтгэл дутуу үлдсэн. Улсын комисс хүлээж аваад ярилцахаар хариуцах эзний асуудал хөндөгддөг. Цаашид тухайн сургууль арчилж, тордож, хариуцаж явах эсэх тодорхойгүй байгааг анхаараарай гэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайд, ажил удааширсан тухайд хүлээн зөвшөөрнө, энэ тухай дахиж яримааргүй байна. Зарим газарт гэрээ цуцалсан тохиолдол бий гээд яамнаас нэмэлт мэдээлэл өгөв. Гэрэл цахилгаан тасарсан үед, хүйтний улиралд ажиллах горимтой ариун цэврийн өрөөнүүдийг бариулах шаардлагыг тавьж, цоожлоод явчихдаг, цагийн хуваарьт оруулдаг зэрэг зөрчил гаргахгүй, байнгын ажиллагаатай, урсгал зардлыг хариуцуулахад анхаарч байгаа. Нэг суман дахь сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг цогцоор нь шийдэхийг хичээж, төлөвлөж ажиллаж байна хэмээн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хариулсан юм. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ариун цэврийн байгууламжуудыг цаашид хэвийн ажиллуулахад хэрхэн анхаарч, хэвийн үйл ажиллагааг хангасан, сантехникийн мэргэжлийн боловсон хүчний нөөц бэлтгэсэн эсэхийг лавлахад, төслийг Аймгийн Засаг дарга нар хариуцаж байгаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир энэ төсөл нь их чухал ажил үйлчилгээ болохыг онцлоод, бүх суманд баригдаж байгаа объектуудын явцыг хянаж чадаж буй эсэхийг лавлав. Мөн Баян-Өлгий аймагт нэгэн сургуулийн захирлыг хууль бусаар томилсон хэмээн суулт зарласан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулж, гомдлыг шалгаж өгөхийг хүсэв. Барилгын ажлыг чанартай гүйцэтгүүлэхэд анхаарч, байнгын мэдээлэлтэй хяналттай байгаа. Баян-Өлгий аймгийн багшийн асуудлыг аймгийн боловсролын газарт уламжилсан. Суулт зарлахтай холбоотой аймгийн холбогдох газруудтай холбоо барьсан, шаардлагатай арга хэмжээ авч, хариу өгнө гэлээ.  

 

Хуралдаан даргалагч, Улсын Хурлын гишүүн Б.Баярсайхан, миний бие Ажлын хэсгийн ахлагчийн хувьд, төслийг санаачлагчийн хувьд хэт ерөнхий хариулт сонсохгүй, хэрвээ дахиж ийм бүдүүн тойм мэдээлэлтэй өгч, ажлаа хийхгүй, цалгардуулах бол хариуцлага тооцно хэмээн анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, хууль хэрэгжихгүй бол бид хэчнээн сайхан хууль батлаад нэмэргүй. Үүний нэг илрэл нь Баян-Өлгий аймагт суулт зарласан багшийн жишээ юм. Салбарын хууль тогтоомжийг дагалдан гарах журмуудыг батлах ёстой. Боловсролын чанарыг сайжруулах, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцох, үүссэн асуудалд анхаараач гэхээр манай журам батлагдаагүй байна гэсэн хариу ирүүлэх юм. Улс орны асуудлыг хувийн асуудал мэт үзэж, ярих юм. Журам батлагдаагүй байна гээд хүнд хариуцлага тооцож чадахгүй бол шившиг хэмээн шүүмжилсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлын явц муу байна. Жорлонг хүртэл дээгүүрээ хуваагаад авчих юм гэв. Завхан аймгийн Тэс суманд барьсан ариун цэврийн байгууламж нь стандартын бус хэмжээтэй байсан. Гүйцэтгэсэн компанид нь хариуцлага тооцож, үүрэг хүлээсэн албан хаагчдад анхаарахыг, гүйцэтгэлээ хянаж,  өөрсдөө шалгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан дахин сануулж, санал, гомдол хүлээж суух хэрэггүй хэмээн шүүмжиллээ. Гишүүд салбарын сайдыг уг асуудалд анхаарч, Дэд ажлын хэсэгт гүйцэтгэлээ шуурхайлахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, аймгийн Засаг дарга нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үед ариун цэврийн байгууламжийг байгуулсан эсэхийг хянах зэргээр нөлөөлөхийг сануулснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөв

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com