Өдгөөгөөс яг 40 жилийн өмнө Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дахь “Монсовцветмет” нэгдлийн харьаны Хажуу-Улааны уулын үйлдвэрт Зөвлөлт холбоот Улсын Буриадын Улан-Үдэ хотын Багшийн дээд сургуулийн оюутнууд “Оюутны интернациональч бригад”-аар ирж барилга барьж байжээ. Гэтэл саяхан Улан-Үдээс Тарва гэж нэг нөхөр утасдаж бид отрядынхаа 40 жилийн ойг тэмдэглэж зарим маань очиж ажиллаж байсан газартаа очиж үзье гэж шийдлээ хэмээгээд Улаанбаатарт наймуулаа бууснаар энэ бяцхан аялал эхэлсэн юм.
Тэдний ганц хүсэл нь ердөө л очиж барилга барьж байсан газраа очих байсан болохоор олон улсын аяллын автобуснаас буугаад л шууд замд гарлаа.
Орос нөхдийн сайхан сэтгэл
Манай багийнхан бол монгол хэдэн жилээр, Хажуу-Улаанд сар жилээр ажиллаж амьдарч байсан улс биш. 1979 оны зун оюутны барилгын отрядаар ирж 40 хоног ажиллаад, Улаанбаатар т хоёр долоо хоноод буцсан хүмүүс. Гэтэл залуу сайхан үеийн тэр сайхан дурсамжаа сэргээх гэж Буриадын газар газраас цуглан ирж байгаа нь энэ.
Дийлэнх нь Улан-Үдэ, ойр орчмын хот суурингуудаас ирсэн ч хоёрхон эрэгтэйн нэг Баир гэхэд л манай Дорнодын цаадах агаас эхнэрээ дагуулан ирсэн бол ганц орос бүсгүй Вера Эрхүү хотоос ирсэн байлаа. Харин Юля бүсгүй бол өнгөрсөн 40 жилд монголд нэг ч удаа ирж байгаагүй гэнэ. Багийн ахлагч Тарваа л жил бүр монголд ирж, газар сайгүй явчихсан, зарим зүйлийг мань мэтээс илүү мэддэг нэгэн.
Ийм их сэтгэл зүтгэл гаргаж байгааг ёстой орос нөхдийн сайхан сэтгэл гэхээс яах вэ.
Оюутны интернациолч отряд 1979 он
Налайхын зам
Аяллын маань хамгийн эхний бэрхшээл нийслэлээс зүүн тийш гарах Налайхын авто зам байлаа. “Дөтийг харж дөрөв хононо” гэгчээр шороон замаар бараг хоёр цаг дэндэгнүүлж явтал цагдаа зогсоох нь тэр. Жолоочийн бичиг баримтыг шалгасан тэр цагдаа “Үүгээр 12 хүнээс дээш суудалтай машин явахыг хориглосон” гэнэ. 30-40 хүний суудалтай автобус яваад байдаг, бид яагаад болохгүй юм бол гэсэн шүү юм бодогдоод “Том автобусууд яваад байдаг болохоор л.....”хэмээн хулчийвал “Тэмдэг, тэмдэглэгээ байгаа шүү дээ, Түүнийг үл тоомсорлосны төлөө 20 мянгаар торголоо” гэнэ. За тэр ч яах вэ, тийм тэмдэг лавтай л олж хараагүй юм даг. Одоо тэгээд бид яах вэ гэсэн чинь “Төв аймгаар яв” гэснээ за эндээс яаж буцаах вэ, яв даа” гэнэ. Таван см хүрэхгүй зузаантай тавьсан замаар 40, 100 тоннын ачааны тэргүүд хөвөрч байхад байгаль эхийн шороон замаар 12 хүнтэй бичил автобус явж болохгүй гэж байгаа Тээврийн цагдаа, хотын захиргааныхны сонин шийдвэрийг гайхсан ч “чигээрээ яв” гэсэнд нь баярлаад цааш хөдөллөө.
Яарсан сэтгэл
Дорноговь аймгийн Айраг сумаас зам салаад л манай багийн хоёр эрэгтэй, зургаан эмэгтэй ердөө л Хажуу-Улаанд хэзээ очих вэ гэж асууж эхэлэсн юм. Тэр зуураа 40 жилийн өмнө уулын үйлдвэрт цахилгаан станцын барилга, авто гарашийн өргөтгөл барьснаа, орос мэргэжилтнүүдийн барьсан халуун усны газар, баняд орж байсан, спорт зааланд монгол залуусын хөнгөн хөгжмийн хамтлагтай диско үдэшлэгт орж байсан зэрэг дуртгалаа ам булаалдан ярьж инээд наргиан болон явсаар харуй бүрийтэй залгах үес Иххэт сумын гэрэл харагдмагц л бүгд “ура” хашхиран “Хажуу-Улаан, Хажуу-Улаан” хэмээн өндөлзөцгөөлөө. Бид шууд “Хажуу-Улаанд очихгүй, эхлээд Иххэт сумын төвд хононо” гэж хэлсэн ч бараг л одоо Хажуу-Улаан руу шууд явъя гэх нь халгүй байлаа. Хажуу-Улааны уулын үйлдвэр ажиллахаа болиод сууринг нь нураагаад балгас болгочихсон гэж ахлагч Тарваад өмнө нь хэлж байсан болохоор, сэтгэл зовоод бүсгүйчүүдэд нарийн тайлбарласан ч үгүй сумын төвд очиж сургуулийн дотуур байранд төвхнөлөө. Хаа очиж сургуулийн захирал, сумынхны сэтгэлийн ачаар авсан байр маань манай багийнханд таалагдаж түр сэтгэл амраав.
Тэдний нулимс, миний харуусал
40 жилийн дараа дахиад Монголд 2019 он
Өглөө босмогц л өнөө хэд маань “Одоо Хажуу-Улаан руу явна тийм ээ” хэмээн шаналгав. Хөнгөн цай уугаад Хөгжмийн зохиолч н.Пунцагбалын нэрэмжит соёлын төвөөр зочилж орон нутагт судлах музей үзсэний дараа 21 км давхиад л Хажуу-Улааны төв орчих нь тэр. Зүүн дээрээс нь даваад л өнгиймөгц арын суудлаас “ээх” хэмээн шүүрс алдах дуун сонсогдож эхэллээ. Аргагүй шүү дээ. 1974 оноос “Монголсовцветмет” нэгдлийн харьяанд орсон Хажуу-Улааны жоншны гүний уурхай 1970-1980-аад онд ид цэцэглэж, зөвлөлтийн мэргэжилтнүүд, монгол ажиллагсдын хөөрхөн суурин, соёлын төв, спорт цогцолбор, цэнгэлдэх хүрээлэн, хөл бөмбөгийн талбай орос монгол дэлгүүр бүхий манай зарим сумын төвөөс ч том суурин газар байлаа. Гэтэл тэр бүхэн дайнд бамбөгдүүлсэн юм шиг байхгүй болоход хэн хүн, тэгээд ч гар бие оролцож байсан хүмүүс харамсахаас яах вэ. Үнэндээ тэнд бүтэн барилга нэг ч үлдсэнгүй. Буриад нөхөд цэнгэлдэх хүрээлэн хаана байна л гэнэ, бидний барьсан цахилгаан станц, дэлгүүр гээд хуучин сайхан дурсамжаа сэргээх барилга байшин сурагласаар.
Цэнгэлдэх хүрээлэн, наадмын талбайн туурийг эрсээр байж олтол асрын хоёр давхар барилгын дөрвөн өрөөнд хэн хэн нь хаана байрлаж байснаа хөөрч балгас дотуур нь орцгоож шуугилдав. Тэд 40 жилийн тэртээ амьдарч байсан барилгынхаа балгасны өмнө дурсгалын зураг татуулахаа ч бас мартсангүй. Дараа нь Спорт цогцолборын туурин дээр очив. Монгол уурхайчдын хамтлагтай диско үдэшлэг зохиож байснаа, бүжгэн дээр хэн хэн ямар хувцас өмсдөг байсан, сагс гар бөмбөг тоглож байсан гээд тэдэнд дурсч ярих юм мундсангүй. Тэгээд л бидний барьсан цахилгаан станц, авто гараш хаа байсан билээ хэмээн эрэл эхлэхэд надад чухамдаа хэлж ярих юм олдсонгүй. “Бид цагаан, сликат тоосгоор л барьж байсан даа” гэцгээн нааш цааш хөлхөлдөж хэсэн цагийг барав.
Хүүхдийн даахь үргээж, дуулж хөгжилдөв
Холын аялагчдыг аз хийморь ивээж нутгийн залуу малчин н.Эрхэмбаяр хүүгийнхээ даахийг үргээж, хоёр насны морь давхиулан найр цэнгэл хийх нь таарч олон жилийн өмнөх хөдөлмөр бүтээл нь балгас болсноос сэтгэлд нь үүдсэн харуусал, нүдэнд нь хурсан нулимсыг цайруулах завшаан тохиох нь тэр. Гэрийн эзэн ч хүүгийнхээ сэвлэгийг үргээж нутаг нугынхантайгаа найрлан цэнгэж байхад нь алс холын ч угсаа нэгтнүүд хүрэлцэн ирсэнд баярлан, хөл алдаж, манай багийнхан ч монгол идээ шүүс, хоол зоог бэлтгэж байгаа, хүн зоныг дайлж цайлж байгаа зураг татан сэтгэл нь сэргээд ирэх нь тэр. Хүүд сайн сайхныг, ерөөн, бүгд л сэвлэгээс нь хөндөж, жаал хүүгийн үүрсэн бэлгийн цонх рүү 100 рубль хийцгээн үнсч үнэрлэцгээн хамт зургаа татуулцгаалаа....Дараа нь багийн хоёрхон эрэгтэйн нэг, 18 жил сургуулийн захирал хийсэн нэгэн Баир “гэр хотлынхонд баян дээрээ улам баян болж ажил үйл нь бүтэмжтэй сайхан байх” ерөөл дэвшүүлэн З.Хангалын хөгжим “Аяны шувууд” дууг монгол орос хэл дээр дуулахад найрынхан бүгд түрэн хөгжилдөв.
Бүсийн чулуу-байгалийн гайхамшиг
Бидний аяллын дараагийн хэсгийг Иххэт сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны мэргэжилтэн, улсын байцаагч, миний шавь М.Ганбат удирдсан. Сумын төвөөс 15 орчим км-ийн өмнөх Бүсийн чулуугаар аялуулж танилцуулсан. Чухам нутаг усаа, ажлаа мэддэг хүн тэр их үргэлжилсэн хадан дундаас ховор сонин тогтоцтой газруудаараа явуулж тайлбарлан манай хэдийг гайхшруулан нүдийг нь бүлтийлгэсэн дээ. Даяанчийн хад, арслан заан зэргийг үзүүлэхийн ялдамд Бээжингээс хөөгдсөн, Юань гүрний сүүлчийн эзэн хаан Тогоон төмрийн зам зэргийн түүхээс өгүүлж, мэлхий хадан дээр очсон. Мэлхий хадыг монголчууд томоохон хот суурин, орд харшаа олон зуун жил оршин тогтнож байхыг бэлгэдэж сийлэн байрлуулдаг уламжлалтай. Хэсэг байшинт хэмээх энэ туурийг дунд эртний монголын уран барилгын үлдэгдэл гэж үздэг. Монгол улсын түүхийн музейд энэ хөшөөний фото зургийг авч яг энэ мэлхий дээр 70 см өндөр 66,5 см өргөн, 13,5 см зузаан хөшөө байсныг тэмдэглэсэн байдаг. Эрдэмтэн Х.Пэрлээ “Хэсэг байшинтийн Монгол бичээс” УБ 1962 он номондоо “...тэр хөшөөг 1659 онд Үзэмчний Эрдэнэ хун тайж Дэгэлт /Дэгэд/-ийн хатан Анударь бүтээжээ” гэсэн байдаг.
Хэдэн зууныг элээсэн энэ хадыг орчин үеийн түүхэнд Хажуу-Улааны уулын үйлдвэрийн дарга асан Б.Баяндэлгэр нэг удаа, дараа нь би нэг удаа зөөж сумын төв байрлуулан олноос зэмлэл хүлээн буцааж авчран байранд нь тавьсан хэмээн М.Ганбат маань ярьж бас биднийг хөгжөөгөөд авсан. Ингээд сумын тамгын газрынхны бэлтгэсэн хээрийн хоол зооглож, орой нь энэ хүмүүст талархсанаа илэрхийлэн бяцхан зоог барьснаар бидний хөдөөгийн аялал өндөрлөлөө.
Замын түгжрэл, зочид буудал
Нийслэлд орж ирээд л гадныхнаас сэтгэл зовох, ичингүйрэх зүйл дуусаагүй юм санж. Дахин торгуулахаас эмээн, нөгөө талаар цаг хэмнэхээр тэртээ Төв аймгаар дамжин явсаар нийслэлд орж иртэл Гурвалжингийн гүүрэн дээр түгжрээд бүтэн цагийг машиндаа өнгөрүүлэх болов. Ингээд нэгэн зуушийн газарт оройн зоог бариулчхаад хоноглох байрны эрэлд гарах нь тэр. Гайгүй тохилог юм уу гээд нэг буудал санал болгоод ахлагч нэг эмэгтэйтэйгээ очиж үзээд, халуун хүйтэн ус, телевиз энэ тэртэй дажгүй юм гэж байтал хоёр хүний өрөө гэсэн нь ганц өргөн ортой, өнөө цагаар үйлчлүүлэгчдэд өгдөг өрөө байх таарав. За энэ ч дүүрч “бывает” гэцгээж байтал гэнэт л хүн хашхираад түчигнээд явчихсан нь хоёр согтуу залуу бие биенээ ална тална хэмээн нүдэлдэж байх нь тэр. Ахлагч н.Тарваа ганц мушийгаад л “гаръя” гэж байна.
Ингэсээр, тэд ч өөрсдөө таних мэдэх хүмүүс рүү утастаж, өмнө нь бууж байсан буудал энэ тэрийг сурагласаар арай гэж нэг юм хоноглох байр олж байрласнаар энэ аялал өндөрлөсөн дөө....
Бусдын өмнөөс ичих шиг хэцүү юм алга
Хэзээ нэгэн цагт хэн нэгний хийсэн буруу үйлдэл хожмоо өөр нэгнийг эвгүй байдалд оруулдгийн тод жишээ чухам энэ аяллаар яруу тод харагдсан даа......Би өөрөө буулгаагүй, эвдэж сүйтгээгүй ч буриад нөхдөө Хажуу-Улааныг нулимс гүйлгэнэсэн нүдээр хараад шүүрс алдаж байхад чухам хэлэх үг ч олдоогүй. Яаж бас таг чимээгүй байгаад байх вэ гээд машинд суухын өмнө “Надад харамсалтай, бас ичгэвтэр байна. Гэхдээ цаг хугацаа урссаар, бид өөр олон шинэ сайхан зүйл барьж байгуулж байгаа” гэсэн дээ. За тэгээд байгаль эхийн бүтээсэн шороон замаар явж болохгүй гээд торгох шийдвэр гаргасан эрх баригчид, замын түгжрэл, зочид буудалд архидан согтуурч зодолдож байгаа залуусын өмнөөс ичих хэцүү байсаан. Ийм байхад энэ хүмүүс эргэн ирэх болов уу. Орос Монгол хоёр визгүй болчихсон өнөө цагт маргааш, ирэх зун оросоос хэн нэгэн нь утастаад “би Сайншандад, Дорнодод, Улаанбаатарт цэргийн алба хаасан, офицер байсан, бидний амьдарч байсан таван давхар барилгуудтай хотхон байна уу, очиж үзье гэвэл юу гэх билээ.
Эх сурвалж: Ардчилал таймс сонин