Дэлхийн улс орнууд өвлийн аялал жуучиллаа хөгжүүлж, аялагчдын анхаарлыг татах олон сонирхолтой аргуудыг сэдэж байна. Тухайлбал Исланд, Норвеги улс туйлын туяа харах, мөсөн дээгүүр аялах, халим ажиглах, цаа буга унах, нохойн чарганы аяллыг зохион байгуулж буй. Нэвсийсэн налгар цас ордог Норвеги улс л гэхэд өвлийн аялал жуулчлалын гол орлогоо “Мөсөн зочид буудал”-аас олдог тухай сонирхолтой аялалын тэмдэглэл уншиж байлаа. Энэ мэт улс орнууд өвлийн улиралд ч жуулчдын анхаарлыг татаж, валютын орлогоо нэмэгдүүлж байна. Харин манай улсын хувьд энэ бүх боломжууд нээлттэй хэвээр. Гэвч жуулчдыг татах цогц менежмент, хөшүүрэг дутагдсаар ирсэн. Харин Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс гадна саяхан “Мазаалай” цас, мөсний олон улсын баярыг зохион байгууллаа. Монгол Улс бол өвлийн аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой бүс нутагт багтдаг.
Одоогоор жуулчдыг татаж байгаа цөөхөн хэдэн эвент нь бүргэдийн баяр, мөсний баяр, талын түмэн адуу, тэмээний баяр гэх мэт арга хэмжээг зохион байгуулж буй. Тухайлбал, энэ нэгдүгээр сарын 22-нд Баянхонгор аймагт “Монголын тэмээн соёл” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд оролцсон УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголын хос бөхт тэмээн сүрэг, түүнийг адуулан маллах “тэмээн соёл” бол Монголын бахархал, дэлхийд гайхуулах нүүдэлчдийн өвөрмөц нэгэн ёс заншил, аж төрөл билээ. Дэлхийд ховордсон энэ гайхамшигт амьтнаас гардаг ноос, мах, сүү нь үнэт түүхий эд, дэлхийд өрсөлдөх монгол брэндийн нэг мөн юм. Цаашид та бид тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан, олшруулан өсгөж, Монголын “тэмээн соёл”, хоёр бөхт монгол тэмээ, түүнээс гардаг ашиг шимээр дэлхийд өрсөлдөхийн төлөө хичээн зүтгэх нь нэн чухал байна. Энэ зорилгыг амжилттай хэрэгжүүлэх, тэмээчдийн туршлагыг харилцан солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэн алдаршуулах, тэмээчдийн залгамж халааг бэлтгэх, гадаад, дотоодын жуулчдыг татахад “Монголын тэмээн соёл” наадам чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна” гэлээ.
Өвлийн аялал жуулчлал төлөвлөгөөтэй боллоо
Манай улс өвлийн улиралд морин аялал, цаа буга, хоёр бөхт тэмээн аялал, нохой чарга, цана тэшүүрийн аялал, мөсөнд авирах, цас, мөсний баяр, Цагаан сарын баярыг үзэх, халуун рашаанд орох зэрэг олон сонирхолтой аяллыг зохион байгуулах боломжтой. Засгийн газар энэхүү боломжуудаа ашиглахаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны хуралдаанаараа Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө баталсан. Үүнд 70 гаруй ажил багтаж байгаа ажээ. Тухайлбал, олон сая дагагчтай Nas Daily буюу дэлхийн нөлөөлөгчдийн багийг авчирч өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчилж байгаа юм. Өнгөрсөн оноос эхлэн Nas Daily Монгол Улсын үзэсгэлэнт газар, хэл, ёс заншлыг талаар богино бичлэгүүдийг цахим хуудсандаа байршуулж, хамтарч ажиллаж буй. Энэ нь манай улсад жуулчдыг даллах хамгийн оновчтой аргуудын нэг гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөнд Цагаан сарын баярыг тохиолдуулан дэлхийн нөлөөлөгчдийн багийг авч ирж соёл уламжлалаа сурталчлахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Засгийн газраас Монгол Улс, Швейцарын холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол, Швейцарын байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломжийг эрэлхийлж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан тус улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ Швейцарын холбооны улсын холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай уулзаж энэ талаар ярилцсан юм. Энэ бүхнээс үзвэл манай улсад өвлийн аялал жуулчлал хөгжих хүлээлт үүсээд байна.
Э.НОМИН