Сүүлийн өдрүүдэд нийслэл хот манан будантай, хөшиглөсөн утаан дунд байх болсон. Тэгвэл энэ нь ОХУ-ын Сибирийн түймрээс улбаатай гэж Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн П.Соронзонболд тайлбарлалаа. Хошууч П.Соронзонболд ярихдаа, “Улсын хэмжээнд он гарсаар Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50 мянган га ой, 255 мянган га хээрийн талбай, нийт 305 мянган га талбай тус тус түймэрт өртсөн.
Хамгийн сүүлд долоодугаар сарын 11, 12-нд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумдуудад гарсан түймрийг долоодугаар сарын 19-нд бүрэн унтраан хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ойн хээрийн түймэр гараагүй.
Харин ОХУ-ын Сибирийн түймэр Монгол Улсын хилд тулсан, хил дамнан орж ирсэн асуудал байхгүй бөгөөд түймрийн утаа Монгол Улсын хойд хэсэг, үүнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймаг Улаанбаатар хотын хэмжээнд тархаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг түймэр манай хилийн бүсээс 700 орчим километрийн зайтай буюу Байгаль далайн цаана гарсан гэсэн үг. Цаад талд нь Эрхүү, Улаан-Үүд, Чита гэсэн том хотууд бий. Тэгэхээр манай улсын хилийн бүс орчмооор түймэр байхгүй байна. Он гарснаас хойш ОХУ-аас таван удаагийн ой хээрийн түймэр Дорнод, Хэнтий аймгийн сумдаар орж ирсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Төв аймаг, Улаанбаатар хот зэрэгт утаа орж ирээд байна. Энэ бол салхиныхаа чиглэл агаарын урсгалаас шалтгаалж байгаа юм. Түүнээс Эрхүүд гарсан байгаа түймэр шууд манай улс руу тархаад орж ирэхгүй. ОХУ-ын сайд нь түймэр унтраах зардал нь хохирлынхоо зардлаас давна гэсэн мэдээллийг өгсөн байсан. Монголд утаа орж ирсэн болохоос түймэр орж ирээгүй” гэсэн юм.
Дашрамд сонирхуулахад, Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн. Түймэр шатаж байгаа газрууд нь хүн хүрэхэд хэцүү, хүн амьдардаггүй газар нутаг тул Оросын мужуудын удирдлагууд унтраах арга хэмжээ авахаас татгалзсаар өнөөдрийг хүрсэн талаар Москва Таймс сонин мэдээлжээ. Мөн муж, хязгааруудын төсөвт түймэр унтраах мөнгө хөрөнгө байхгүй нь үүнд нөлөөлсөн байна. ОХУ-ын онцгой байдлын яам өчигдөр Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Краснодарын хязгаар болон Буриад улсын нутгийн зарим хэсэгт онц байдал зарлаад байгаа аж. Түймрийн утаа Новосибирск, Екатеринбург, Томск, Кемерово хотуудыг бүрхэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн байна. Долдугаар сарын 13-наас хойш утаан дунд байгаа Красноярск хотод нөхцөл байдал хүндэрч, цусны даралт нэмэгдэж, толгой өвдсөн хүмүүс эмнэлэгт ирэх нь нэмэгдэж байгаа гэнэ. Цаашлаад түймрийн утаа өчигдөр буюу долдугаар сарын 31-нд АНУ, Канадад хүрэхээр байгааг NASA мэдээлжээ.
Ц.Энхмаа: Наймдугаар сард олон жилийн дунджаас илүү дулаан байна
Мөн энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн, Ц.Энхмаагаас наймдугаар сарын төлөв байдал болон цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.
-Ойрын өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр хур бороо элбэг байна. Томоохон гол нууруудад усны түвшин ямар байгаа вэ?
- Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Туул гол дагуу үерийн түвшин нэмэгдэж, хүчтэй үерлэж байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээлсэн. Үүний зэрэгцээ Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 10-105 см даван үерлэж байна. Ирэх өдрүүдэд ч нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг анхааруулья.
-Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээлэл өгсөөр байтал иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж усанд осолдох тохиолдол их байна. Онцгой байдлын аврах анги үүнд хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?
- Улсын хэмжээнд долдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 13 аймгийн 36 сум, нийслэлийн зургаан дүүрэгт нийт 74 удаагийн усны осол гарч, 62 хүн амь насаа алдсан. Үүний 53 нь том хүн, ес нь хүүхэд байгаа юм. Усны ослын тохиолдлыг шалтгаанаар нь ангилаад үзэхэд аялж, зугаалж яваад амь насаа алдсан байх нь нийт ослын 50 гаруй хувийг эзэлж байна. Гол усны осол ихэвчлэн иргэдийн анхаарл болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс үүдэн гардаг. Манай байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэхээс гадна цагдаагийн байгууллагатай хамтраад жил бүр Туул голд завьт эргүүл ажиллуулдаг. Хэрлэн гол, Сэлэнгэ мөрөн, Увс, Хяргас нуурууд, Хөвсгөл далай гээд томоохон гол мөрөн, нуур устай газруудад тухайн аймгуудын Онцгой байдлын хэлтэсээс завьтай эргүүл ажиллаж байгаа.
-Наймдугаар сарын төлөв байдал ямар байх талаар мэдээлэл өгнө үү?
-Ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр дулаан, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Наймдугаар сард Увс аймгийн зүүн, Завхан аймгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур бороо орох төлөвтэй байгаа юм. Харин Архангай, Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байна гэсэн. Уншигч олондоо ахин анхааруулахад, гол мөрний усны түвшин нэмэгдэх үед баталгаатай гүүр, гарам гарцтай газраар автомашинтай зорчиж, үер усны аюул болон усны ослоо өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.