Монгол-Оросын төмөр замчид өнөөдөр хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулсны түүхэн 70 жилийн ойн баяраа баяр, бахдал амжилт дүүрэн тэмдэглэж өнгөрүүллээ. Тэд өнгөрсөн баасан гарагт Монголын төмөр замчдын бахархал болсон төмөр замын ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноров агсны дурсгалын хөшөөнд УБТЗ-ын удирдлага, хамт олноороо цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлснээр эхлэв.
Дараа нь “Улаанбаатар” зангилааны бүх салбар нэгжийн төлөөлөл ажилтнууд Зорчигч үйлчилгээний төв буудлаас Төмөр замчдын Соёлын ордон хүртэл баярын парад жагсаалаар үргэлжилсэн юм. Мөн баярт оролцогч зочид төлөөлөгчид, төмөр замчид УБТЗ-ын түүхийн музейг үзсэн юм. Энд 1945 оны Монголын анхны уурын зүтгүүрээс эхлээд Наушки-Улаанбаатар чиглэлд анхны галт тэрэг 1949 оны өвөл улсын хилээр орж ирж буй, мөн 1956 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ази, Европыг холбосон төмөр замын гарцыг нээж БНХАУ-аас анхны галт тэрэг Замын-Үүдийн боомтоор нэвтэрч буй зэрэг түүхэн гэрэл зургийг дэлгэсэн нь Монголын төмөр замын хөгжлийн түүхэн товчоон болон үлджээ.
1938 онд Улаанбаатар хотын Аж үйлдвэрийн комбинат- Налайхын уурхайн хооронд Монголын анхны 43 км төмөр замыг тавьж ашиглалтад оруулснаар Монгол Улсад төмөр замын салбар анхны шангаа татсан гэдгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа дурсч байв.
Монголын төмөр замчид Оросын ард түмний түүхэн ачийг мартах учиргүй
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулсны түүхэн 70 жилийн ойг баярын хурлаа “Корпорайт конвеншн” төвд хийсэн юм. Баярын хурал УБТЗ-ын түүхэн хөгжлийг харуулсан “Хөгжилд хөтөлсөн ган зам” баримтат киногоор эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан үг хэлэхдээ, “Тэртээ 70 жилийн өмнө, 1949 онд УБТЗ ХНН байгуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж, Улаанбаатар-Наушик хоорондох ган зам ашиглалтад орсноор манай яруу алдарт төмөр замчдын хөгжлийн түүх эхэлсэн юм. УБТЗ-ын хөгжил цэцэглэлт болон эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн он жилүүдийг та бүхэн туулсан байна. Төмөр зам дагаж сүндэрлэн боссон үйлдвэр аж ахуйн газар, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эмнэлэг үйлчилгээний газруудад олон бүтээн байгуулалт хийсэн бөгөөд 20 зуунд төдийгүй шинэ зуунд ч Монгол Улсын хөгжлийн түүчээ болсоор байна.Нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг монголчууд бидний гол тээврийн хэрэгсэл нь тэмээн жин байсан. Мянга мянган жилийн түүхтэй энэ тээврийн хэрэгслээ галт тэргээр сольсон нь Монголчуудын хувьд хөгжлийн асар том үсрэлт болсон юм. Монгол Улсын төмөр замын салбар 1800 гаруй километр замтай, 15 мянга гаруй мэргэжлийн ажилтантай, мянга мянган инженер техникийн боловсон хүчинтэй, аж ахуйн шилдэг удирдагч менежерүүдтэй тээврийн салбарын хамгийн хүчирхэг салбар болон хөгжжээ. УБТЗ жилдээ 26 сая тонн ачаа, гурван сая зорчигч тээвэрлэж улсынхаа экспорт, импортын ихэнх хувийг өөрийн нуруун дээрээ үүрч явна. Монгол Улсын өнөөдрийн бүтээн байгуулалтыг төмөр замгүйгээр төсөөлөхийн аргагүй. Төмөр замчид ард түмэндээ гэрэл гэгээ, илч дулааныг зөөж авчирч байгаа буянтай үйлсийн эзэд юм. Монгол улс 1949 онд төмөр замаар ОХУ тай, 1956 онд БНХАУ тай холбогдож хоёр хөршийн худалдааны харилцаанд транзит тээврийн үүрэг гүйцэтгэдэг чухал суваг болсон билээ. Өнөөөдөр Монгол,Орос, Хятад улсын төмөр замын хамтын ажиллагаа дэвшин хөгжиж гурван улсын төмөр замын эдийн засгийн кординатын бий болгож Улаан Үдэ, Наушик,Сүхбаатар, Улаанбаатар, Замын -Үүд,Эрээн, Жиньян чиглэлийн төмөр замыг шинэчлэн хөгжүүлэх нэгдсэн төлөвлөлт, эдийн засгийн үндэслэл боловсруулах, гурван талт хамтын ажиллагааг эхлүүлээд байна. УБТЗ-ыг эхнээс нь бүтээн босгох ажлыг ах дүүгийн найрамдалт Оросын ард түмэн хийж гүйцэтгэсэн. Анх төмөр зам ашиглалтад орох үед манай улсад мэргэжлийн боловсон хүчин байсангүй. УБТЗ-ын үйл ажиллагааг Орос дарга нар удирдаж, Оросын мэргэжилтэн ажилчид үйл ажиллагааг нь нуруун дээрээ үүрч авч явсан. Тэд их ажлынхаа хажуугаар Монгол залуусыг сургаж, дадлагажуулж төмөр замчин гэх алдарт хүргэсэн. Монголын төмөр замчид Оросын ард түмний түүхэн ачийг мартах учиргүй. Өнөөдөр ч Монгол, Оросын төмөр замчид мөр зэргэцэн ажиллаж, УБТЗ-ын ажил үйлсийг нэр төртэй авч явж байгаад баяртай байна ” хэмээн онцолсон юм.
УБТЗ эх орны хөгжилд 70 жил тэргүүлэх үүрэгтэй оролцлоо
УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа үг хэлэхдээ, “Манай төмөр замчид түүхт 70 жилийн ойгоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж байна. Өнгөрсөн онд манай төмөр замчид 25.8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ оны эхний долдугаар сарын байдлаар 15 сая 280 мянган тонн ачаа тээвэрлээд байна. Транзит тээврийн хэмжээ өсч, манай гол замаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэг 773-д болоод байгаа. Тодруулбал, ноднингийн бүтэн жилийн амжилтад ердөө хэдхэн хоногийн дараа хүрэх нь тодорхой болоод байна. Түүнчлэн УБТЗ ХНН-ийн Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцох оролцоо улам бүр нэмэгдэж ирлээ. Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барих онцгой албан даалгаврыг өнгөрсөн онд өгснийг манай төмөр замчид амжилттай гүйцэтгэж ашиглалтад өгөхөд бэлэн болгоод байна. Монгол Улсын хөгжилд онцгой ач холбогдолтой тус замыг чанарын өндөр үзүүлэлттэй тавьсан нь УБТЗ-ын инженер, техникийн ажилтнууд, төмөр замчдын мэдлэг, чадвар, хүч бололцоог харуулсан үйл явдал боллоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад УБТЗ-ыг татан оролцуулах болсон нь үүний тод жишээ юм. Ийнхүү “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол Улсын хөгжилд 70 жил тэргүүлэх үүрэгтэй оролцож ирснээ өнөөдөр ч батлан харуулсаар байна” хэмээн тэмдэглэн хэлсэн юм. Мөн тэрээр, “Бид түүхт 70 жилийн ойгоо угтаж 2019 оныг “Хариуцлага-үр дүнгийн жил” байх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтынхоо үр дүнг оны эцэст дүгнэх болно. Хагас жилийнхээ ажлаа дүгнэж үзэхэд манай төмөр замчид төлөвлөгөөт зорилтоо биелүүлж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр сайн ажилласан нь харагдаж байна. Манай хөдөлгөөнчид тээвэр зохион байгуулалтын ажлыг зохион байгуулж, сүүлийн үед галт тэрэгний солилцоог сайжруулж байгаа нь төлөвлөгөөт зорилт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна. Тийм учраас үлдэж байгаа хугацаанд олсон ололтоо бататгаж, илүү их чармайж ажиллах хариуцлагатай үүрэг ногдож байна” гэсэн юм.
Монголын төмөр замын сүлжээг өргөтгөх ажил бидний өмнө байна
Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замчдад баярын мэндчилгээ дэвшүүлснийг баярын хурлын тайзан дээрх дэлгэцээр дамжуулан хүргэсэн юм. Баярын хуралд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нарын хүндэт зочид оролцож мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн юм.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, хэлэхдээ “УБТЗ нь үйл ажиллагаа явуулсан 70 жилийн хугацаанд асар их туршлага хуримтлуулсан. УБТЗ нь хөгжлийнхээ шинэ үе шат болох цогц шинэчлэлийн ирмэг дээр ирээд байна. Энэ шинэчлэлийг хийхийн тулд 2030 он хүртэлх хөтөлбөрийг боловсруулсан. Цаашид УБТЗ-ын суурин дээр Орос, Монгол,Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулагдана.Энэ асуудал шийдэгдсэнээр Европ, Ази хоёрын хоорондох хэмжээ нь байнга өсч буй ачааг бүрэн тээвэрлэх боломж бүрдэнэ. 2014-2018 онд хийсэн чиглэлийн дамжин өнгөрөх галт тэрэгний тоо 8-857 хүртэл өссөн бол, энэ оны эхний зургадугаар сарын байдлаар дахин 13.5 хувиар өссөн байна. 2018 оны байдлаар нийт 25.7 сая тонн ачаа төмөр замаар тээвэрлэсэн нь өмнөх оноос 13.2 хувиар өссөн юм. Мөн энэ оны хагас жилийн байдлаар 2018 оны мөн үеэс найман хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бид тавьсан зорилгодоо хүрэхийн тулд эрх зүйн таатай орчин аль хэдийнэ бүрдсэн. Тухайлбал, 2014 оны есдүгээр сарын 3-ны өдрийн УБТЗ-ыг шинэчлэн хөгжүүлэхэд стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр, 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр бий. Уг хэлэлцээрийг байгуулснаар монголын экспортын чиглэлийг төрөлжүүлж Оросын алс Дорнодын далайн боомтыг ашиглах боломжийг нээсэн.Тиймээс монголын төмөр замын сүлжээг өргөтгөх ажил бидний өмнө байна” гэдгийг онцоллоо.
УБТЗ ХНН-тэй амьдралынхаа 31 жилийг холбосон
Ингээд хийсэн ажилтай, хэлэх үгтэй салбарынхаа тэргүүнүүдийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулсан юм. Тус баярын хурлын үеэр Төрийн дээд одон медаль алтан гадас одонгоор энгэрээ мялаасан УБТЗ ХНН-ын воганы үйлчлэгч Б.Алтантуяа хэлэхдээ “ Миний бие зорчигч тээврийн воган депод зорчигчийн үйлчлэгчээр 31 дахь жилдээ ажиллаж байна. Миний хөдөлмөрийг төрөөс өндрөөр үнэлж, төрийн өндөр дээд алтан гадас одонгоор шагнасанд баяртай байна. Би Засгийн газрын воган гэж байхад 25 настайдаа тэнд ажиллаж анхны ерөнхийлөгч П.Очирбатаас авхуулаад төр нийгмийн зүтгэлтнүүдэд үйлчилж явлаа. Одоогоор дөрвөн ерөнхийлөгчдөө үйлчилж үзсэн байна. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хариуцахаас гадна тав тухтай зорчих бүхий л боломжийг бүрдүүлэхийн төлөө, УБТЗ ХНН-ийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийн төлөө өдөр, шөнө өглөө оройгүй зүтгэсэн он жилүүдээрээ бахархаж байна. Хамт олондоо түүхт 70 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэв.
УБТЗ ХНН-ын Дархан татах хэсэг Сүхбаатар депогийн машинч Х.Бямбасүрэн “УБТЗ-ын Сүхбаатар депод машинчаар ажилладаг. Анх 18 нас арай хүрээгүй байхдаа эвлэлийн илгээлтээр энэ том байгууллагатай хувь заяагаа холбосон. Энэ цаг үеэс хойш засварчин, туслах машинч, машинчаар гуч гаруй жил ажилласан байна. Өнөөдөр төр засгаас хөдөлмөрийг минь өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд туйлын баяртай байна. Энэ бол Дархан татах хэсэг, Сүхбаатар депогийн хамт олны хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаа хэрэг гэж ойлгож байна. Төмөр замчин хүн цастай, бороотой, халуун хүйтэн цаг агаарын ямар ч нөхцөлд хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлэхийн төлөө тасралтгүй хөдөлмөрлөж байдаг. Ялангуяа машин ч хүний хөдөлмөрийн нөхцөл хүнд. Аливаа хөдөлмөр хүнд байх тусмаа л хүнийг хийморь, аз жаргал түшиж байдаг л даа. Машинч хүн мэдрэмж өндөртэй байх ёстой. Уг нь төмөр зам дээр замчдаас өөр хүн байх ёсгүй боловч сүүлийн жилүүдэд хөл хөдөлгөөн их болсонтой холбоотойгоор төмөр зам дээр гэнэт хүн гарч ирэх эрсдэл их болсон. Энэ бүхнийг тооцоолж аваар осолгүй ажиллахын тулд олон зүйл дээр мэдрэмжтэй байх хэрэгтэй” гэв.
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулснаас хойш 70 жилийн хугацаанд 15 Хөдөлмөрийн баатар, 30 Гавьяат цолтон төрсөн байдаг аж. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэсэн өнгөрсөн 70 жилийн түүхээрээ тэд ийнхүү бахархаж бахдаж байна. Цаашид эх орныхоо бүтээн байгуулалт, үйлдвэржилт, хөгжил дэвшилд оруулах тэдний үүрэг оролцоог үгээр хэлэхийн аргагүй. Газарт гагнагдаж, тэнгэрт тэтгэгдсэн, ган замчдын яруу алдар бадартугай!