Төрийн захиргааны удирдлага, Боловсрол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, Монголын Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сангийн тэргүүн, доктор Ц.Бүжидмаатай ярилцлаа.
-Өнөөгийн нийгмийг судлаач хүний хувьд та юу гэж дүгнэж байна вэ. Иргэдийн бухимдал нэмэгдэж байгааг юунаас үүдэлтэй гэж оношлох бол?
-“Цагийн байдал ороо бусгаа” гэдэг үг санаанд орж байна. Ний нуугүй хэлэхэд Ард түмний бухимдал туйлдаа хүрээд байна. Бодит байдлыг сүүлийн үеийн судалгаануудын үр дүнгээс харж болно. Бас иргэн хүнийхээ хувиар өдөр тутам мэдэрч байна.
Иргэд юу хүсч байна вэ гэвэл ердөө л амар тайван сайхан амьдрал. Хөдөлмөрлөж зүтгэж байгаагийнхаа хэрээр хүссэнээрээ хэрэгцээгээ хангаж, сайн эмнэлгээр үйлчлүүлж, үр хүүхэд нь сайн сургуульд сурдаг байхыг хүсч байна.
Цаашлаад хүссэн бизнесээ хийж, мэдлэг оюунаа хөгжүүлж, дэлхийн тавцанд гарах гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүс ч бий. Гэтэл энэ бүхэндээ хүрэхэд асар их саад бэрхшээл бий болсон. Сайн сургуульд сурна гэхээр маш өндөр төлбөртэй, хүссэн мэргэжлээрээ ажиллана гэхээр цалин санаанд нь хүрэхгүй, төрийн албанд ажиллана гэхээр хаалттай, хувиараа бизнес эрхэлнэ гэхээр түм буман хязгаарлалт, дарамт шахалттай нүүр тулж байна.
Гэвч яг үнэнийг хэлэхэд энэ амьдралдаа иргэд түүртэж бухимдаад байгаа юм биш ээ. Тэд юунд бухимдаж байна вэ гэвэл нийгэм дэх шударга бус байдал, авлига, хээл хахууль, чадваргүй төр, увайгүй улс төрчдөд. Энэ бүхнээс болж иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Судалгаагаар иргэдийн хамгийн их сэтгэл зовоосон асуудалд нэгдүгээрт нийгэм дэх "шударга бус байдал", хоёрдугаарт "авлига" орж байна.
Цаашлаад нийгмийн шударга бус байдлаас үүдэлтэй баян ядуугийн ялгаа, авлига, хээл хахуулиас үүдэлтэй тэгш бус байдал, чадваргүй төрийн бодлогогүй байдлаас үүдэлтэй ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн тогтворгүй байдал, баялгийн жигд бус хуваарилалт, энэ бүхэнд иргэд бухимдаж байна
Түүнчлэн хар тамхи, мансуурулах бодисын асуудал аюулын харанга дэлдэх боллоо. Элдэв халдварт өвчин, хорт хавдраар өвчлөгсөд улам бүр нэмэгдэж байна. Гэр бүлийн болон бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл, иргэдийн ёс суртахуун, ухамсрын доройтол, гээд олон зүйлийг тоочиж болохоор байна.
Гадаад өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд тулж очлоо. Нэг шавь маань ярьж байсан. Замын тендерүүдийн ихэнхийг хятадуудад өгч байна. Хятадууд манайд их хэмжээний зээл санал болгоод, тендерийг нь аваад өөрсдөө хийгээд, зээлийн мөнгөө буцаагаад ажилчид нь аваад гарч байна. Эцэст нь, бид том зээл, том өртэй л үлдэж байна гэж. Энэ чинь юу болоод байна вэ. Энэ улс орныг залж жолоодож байгаа төр гэж байна уу гэж залуучууд халаглаж байна.
За тэгээд, эрүүл аюулгүй амьдрах баталгаа алга болсон. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн, агаарын бохирдол, хөрсний бохирдол... Удахгүй бид цэвэр усны нөөцийн асуудлаар ярьж эхлэх нь. Энэ бүхэнд иргэд бухимдаж байна. Иргэд, ялангуяа залуучууд эх орныхоо маргаашийн төлөө санаа зовж байна. Зүгээр нэг халамжийн мөнгөөр амьдраад суудаг цаг өнгөрсөн. Энэ ард түмэн чинь нүдтэй, чихтэй.
-Сүүлийн үед төрийн түшээдийн авлигын хэрэг олныг сэртхийлгэх боллоо. Зөв хүмүүсээ сонгоно гэж хүмүүс яриад байна. Зөв хүмүүсээ сонгохын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Монголд улс төрийн манлайлал дутагдаад байна. Улс төрийн манлайлал буюу “Political leadership” гэдэг нь улс төрийн удирдагчдын үүрэг хариуцлага, ур чадвар, ёс зүйн асуудлыг хамаарсан ойлголт.
Улс төрч гэдэг хүний тухай, улс төрийн болон төрийн өндөр албан тушаалын тухай ойлголт сүүлийн үед мөнгөтэй болох, хувьдаа ашиг хонжоо олох гарц шиг харагдах боллоо. Үүний нэг тод илрэл нь аль нэг нам дагахгүй л бол ажилд орох боломж алга гэж залуучууд ярьж байна. Гэтэл улс төр гэдэг юм чинь огт өөр. Ер нь хамгийн энгийнээр бодлого тодорхойлдог, түүний хэрэгжилтийг удирддаг ийм л хүмүүс. Энэ утгаараа манай УИХ-ын гишүүд тойрогтоо юм амладаг, сургууль барьдаг, худаг гаргадаг, иргэдэд бэлэг тараадаг хүмүүс биш юм. Харин үндэсний болоод орон нутгийн түвшний хөгжлийн бодлогыг тодорхойлдог, нийтийн харилцааг зохицуулдаг хэм хэмжээ, хуулийг баталдаг үндсэн үүрэгтэй хүмүүс.
Улс төр гэж юу вэ, улс төрч гэж хэн бэ, иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ гэдгийг сонгогдож байгаа хүмүүс, сонгож байгаа иргэд ч буруу талаас нь хараад байгаа учраас өнөөдөр иргэд нь төлөөлөгчөөсөө хариуцлага биш, амлалт нэхдэг, их хурлын гишүүд нь үндэсний хэмжээний бодлого бус зөвхөн сонгогдсон тойргийнхоо иргэдэд таалагдах амлалтаа бодсоор явдаг ийм дүр зураг ихэнхдээ харагдаад байна.
“Улс төрч хүн сонгогдохдоо нэг тойргийн төлөөлөгч байдаг ч, сонгогдсоныхоо дараа улс үндэстнийхээ нэгдмэл эрх ашгийн төлөө ажилладаг, бүх ард түмний төлөөлөл болдог юм” гэж Америкийн нэг улс төр судлаач тодорхойлсон байдаг.
Тойрогтоо төдийгүй үндэсний хэмжээнд, олон улсын тавцанд ч идэвхтэй ажиллаж, дэлхий ертөнцийн өнөөгийн шинэчлэл, технологи, инновацын хөгжилтэй хөл нийлүүлэх, ялгаран хөгжих бодлого зорилгыг харж зорьж яваа, эв нэгдэл, зөвшилцлийг эрхэмлэдэг, шударга ёсны төлөө тууштай дуугардаг, улс төрчид бас байнаа байна. Энэ чинь л улс төрийн манлайлал. Гэвч тэд нар маань хуруу дарам цөөн байна. Энэ чинь иргэдэд хангалттай биш байна шүү дээ. Би ч гэсэн хүчтэй, мэдлэгтэй, шударга, үр дүнтэй ажиллах хүнээр өөрийгөө төлөөлүүлмээр байна шүү дээ.
Улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, сэтгэл нь зүтгэл болж, зүтгэл нь үйлдэл болж, төрд чин үнэнчээр зүтгэх жинхэнэ эгэл ардын төлөөлөл болох хүнийг иргэд өнөөдөр хүсч байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг, нийгмийн зүгээс тавигдаж буй шаардлага, ёс зүйн хэм хэмжээг зөрчдөггүй, хариуцлагатай, төрийн бодлого тодорхойлох мэдлэг боловсролтой, нэр цэвэр ийм л хүмүүсээр иргэд өөрсдийгөө төлөөлүүлэхийг хүсч байгаа. Иргэд улс орныг удирдах эрхээ шилжүүлсэн болохоос хувьдаа ашиг олчих, "төрд гараад жоохон мөнгөтэй болоод ав" гэж ард түмэн тэднийг сонгоогүй.
Бүүр шуудхан хэлбэл авлига авдаггүй, шударга ажиллах, энэ улс төрд байхгүй болчихсон шударга ёс гэдэг юмыг бий болгох хүсэл эрмэлзэлтэй, зүрх зоригтой тийм хүмүүс өнөөдөр хэрэгтэй байна. Тийм нам улс төрийн хүчнийг ч иргэд дараагийн удаа сонгох нь дамжиггүй.
Одоо бол иргэд амлалт болон бусад юманд хууртагдах нь эрс багассан. Иргэдийг басамжлах хэрэггүй. Иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүргээ улс төрийн намууд огт биелүүлэхгүй байгаа ч нийгмийн өөрийнх нь зүй тогтлоор хүссэн хүсээгүй иргэдийн нүд нээгдсээр л байна.
Улс төрийн манлайллын болон нэр дэвшигчдийг бэлтгэх сургалтууд дээр “Сонгогчид тэнэг биш шүү. Дүнгээ тавина шүү” гэж би дандаа хэлдэг юм.
-Улс төрийн манлайлал алга гээд байна. Түүнийг бий болгохын тулд яах ёстой вэ. Бэлэн манлайлагчийг цаг үе нь төрүүлдэг юм болов уу?
-Нэгдүгээрт улс төрийн намууд шинэчлэгдэх ёстой, хоёрдугаарт улс төрийн намууд улс төрчдөө бэлтгэх ёстой, гуравдугаарт иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Угаасаа манлайлал гэдэг чинь манлайлагч дагагч хоёрын харилцаанаас үүддэг асуудал. Улс төрийн намууд яаж шинэчлэгдэх ёстой вэ. Улс төрийн намын тухай асуудлаар маш их зүйл яригдаж байгаа учраас онолын чанартай зүйлүүд тухайлбал гишүүнчлэлийн асуудал, намын дотоод ардчилал, намын санхүүжилт, хариуцлага, ил тод байдал, квот зэрэг асуудлуудыг ярихаа больё. Зүгээр л одоогийн байгаа түвшинд намууд хамгийн эхний ээлжинд бодлогын институци болж төлөвших, бодлогоороо өрсөлддөг л болчих хэрэгтэй. Тэгээд шударга ёсны шинэчлэл хийх хэрэгтэй.
Намууд үндэсний хөгжлийн бодлого стратегиас урган гарсан, бодит нөхцөл байдалд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан бодлого хөтөлбөртэй баймаар байна. Тэр бодлогыг хэрэгжүүлэх намын хүний нөөц боловсон хүчин нь намдаа өргөсөн хандиваар биш, мэдлэг ур чадвар, цэвэр манлайллаараа шалгардаг мерит зарчим үйлчлэх ёстой.
Улс төрийн намууд иргэдийн итгэлийг хадгалж үлдье гэвэл шударга ёсны шинэчлэл хийх цаг нь болсон. Шулуухан хэлэхэд одоо улс төрийн намууд, тэдгээрийн хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд намдаа цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Энэ амлалтыг л иргэд хүлээж байна. Хэцүү л байгаа байх л даа. Аалзны тор шиг болчихсон нөхцөл байдал дунд байгаа шүү дээ. Намууд авлигад холбогдсон гишүүдээ чөлөөлөөд, зарлаад улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байвал энэ чинь өөрөө улс төрийн манлайлал. Манай нам дандаа нэр цэвэр хүмүүс дэвшүүлсэн гээд гараад ирэх зориг одоогийн хоёр том улс төрийн хүчинд байдаг бол энэ нь цэвэр ялалт болно. Эс тэгвээс ард түмэн сонголтоо хийж, дүнгээ тавих гээд хүлээж байна. Өөрийн нам л бол хэнийг ч байсан дэмждэг тэр сэтгэлгээ үеэ өнгөрөөсөн.
-Бас улс төрийн намууд хүний нөөцөө бэлтгэхгүй байна?
-Иргэдийн төрд итгэх итгэл, улс төрийн намд итгэх итгэл жилээс жилд буурч байгааг судалгааны дүн харуулж байна. Энэ нь олон хүчин зүйлээс хамарч байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь хувь гишүүдийн асуудал юм. Намууд өөрсдөө дотооддоо хүний нөөцийн бодлогоо барьдаггүй, хариуцлага тооцдоггүй байдлаас болоод, бэлтгэгдээгүй улс төрчид, төлөвшөөгүй хүмүүс намын нэр хүндийг маш ихээр унагаж байна. Тэр авлигад холбогдоод байгаа албан тушаалтнуудыг иргэд сонгож, томилоогүй юм шүү. Нам нь, намын бодлогоор эрх бүхий албан тушаалтан нь томилсон байгаа. Нөгөө талаар жирийн нэг намын гишүүн хэзээ ч хэдэн зуун саяар нь авлига аваагүй шүү.
Гаднын улс орнуудын туршлагаас үзэхэд улс төрийн намууд нь маш олон жилээр хүний нөөцөө төлөвлөдөг. Тэдний хувьд хэдэн жилийн дараах сонгуульд хэн хэн нь ямар шатанд нэр дэвших, хэн хэн нь төрийн өндөр албан тушаалд ажиллах нь тодорхой, тэр хүмүүст ямар мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх нь тодорхой, тэднийг үе шаттай бэлтгэдэг тогтолцоо үйлчилдэг. Харин манайд бол хүний нөөцийн бодлого мөнгөнөөс уяатай, түүнээс улбаалаад бүх юм мөнгөнөөс хамааралтай болоод байна. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. НҮБ-ийн зөвлөмжид ч “Монгол Улсад улс төрийн шударга байдал, улс төр дэх тэгш байдал хангалтгүй байгаагийн шалтгаан нь улс төрийн намууд сонгуульд мөнгөний босго тогтоодог байдлаас үүдэлтэй байна” гэсэн байдаг юм.
Улс төрийн намын даргын сунгаанд оролцох хүн хэдэн зуун сая, хэдэн тэрбум төгрөг намдаа өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Та мөнгөгүй бол манай намд хэрэггүй гэсэн үг биз дээ. Тэдний эвлэлдэн нэгдэх эрхийг, сонгох сонгогдох эрхийг мөнгөөр худалдаж авч байна гэсэн үг биз дээ. Тэгэхээр улс төрийн намууд хүний нөөцийн бодлогоо мөнгөнөөс салгамаар байна. Төрийн албыг улс төрөөс салгамаар байна. Улмаар мэдлэг чадвартай шударга улс төрчдийг бага залуугаас нь бэлтгэж чадвал тэдний дундаас жинхэнэ улс төрийн манлайлагчид төрөн гарах учиртай.
Улс төрийн намууд хүний нөөцөө бэлтгэж чадахгүй байгаагийн нэг тод жишээ нь сонгогдсон гишүүд, төлөөлөгчдийнх нь мэдлэг боловсрол, сахилга, хариуцлага, биеэ авч яваа байдал, үг яриа нь дандаа хэл ам дагуулж байна. Зарим нь ард түмний дунд домог болж байна шүү дээ.
-Зарим нь бүр намынхаа үзэл баримтлалын эсрэг юм яриад сууж байна?
-Даргын туслах нарийн бичиг, үйлчилгээний ажилтан гээд бүхий л ажил албан тушаалд ажиллах хүнийг сургаж бэлтгэдэг биз дээ, энэ чинь. Тэгвэл улс төрийн манлайллыг хэрэгжүүлж, намынхаа нэр хүнд, үнэт зүйлийг тээж явах субьект нь энэ тэргүүнд сонгогдож томилогдсон албан тушаалтнууд, тиймээс тэднийг бодлогоор бэлтгэх ёстой.
Бас нэг асуудал улс төрийн хүчнүүд хүний нөөцөө бэлтгэж чадаагүй байж, тухайн хүнээс шалтгаалсан шалтгаанаар халхавч хийж, тогтолцоонд нөлөөлөхүйц том жижиг өөрчлөлтүүдииг хуульд оруулах гээд байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн настай холбоотой асуудлыг энд дурдаж болно. 2-3 хүнтэй холбоотой асуудлаас болоод л албан тушаалаасаа буусан хойноо улс төрд нөлөөлөөд байна гэж үзээд байгаа. Ер нь манайд хуулийг буруу хэрэгжүүлчхээд, эсвэл хэдэн нөхдүүд гуйвуулчихаар л өөрчлөх гээд байна. Тэгвэл улс төрчдөө сайн бэлтгэж, тэдний мэдлэг боловсрол төлөвшилд анхаарах ёстой биз дээ. Дүрэм журам, хариуцлагын механизмаа сайжруулж, дагаж мөрддөг болгох ёстой биз дээ.
-Хийж чадаагүй, эсвэл санаатайгаар гажуудуулсан, эсвэл цөөн хүний хувийн эрх ашгийнхаа төлөө гэсэн хандлагаас болоод “Энэ манайд тохирохгүй байна” гээд өөрчлөөд байвал бид удахгүй ардчиллаас ухарч тоталитари дэглэм рүүгээ буцах ч юм билүү?
-Ингэж шилжсэн орон цөөнгүй бий.
Гуравдугаарт, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх нь улс төрийн намуудын нийгмийн үүрэгт ордог ихээхэн чухал асуудал. Тэгж байж иргэд одоогийн яриад байгаагаар “зөв хүн”-ээ сонгож, сонгож байгуулсан төртэйгөө хариуцлага тооцдог болно.
Сонгож байгаа хүмүүс чинь иргэн таны төлөөлөл болно. Та тэр хүмүүст эрхээ шилжүүлж байгаа шүү гэдгийг эхний ээлжинд ойлгуулах нь чухал. Ний нуугүй хэлэхэд зарим төлөөлөгч ч эрх үүргээ мэддэггүй.
Иргэний зөвлөлүүдийг хаа сайгүй бараг салбар болгонд байгуулмаар байна. Иргэдийн төрөө хянадаг, шийдвэр гаргахад оролцдог чадварыг нь нэмэх хэрэгтэй байна. Иргэд л төрөө сонгож байгуулж байгаа шүү дээ.
Энэ бүхнийг зангидаад "Улс төрч хүн гэдэг усан онгоцыг жолоодох гэж биш тэр усан онгоцонд суух гэж байгаа хүн" гэсэн Нильсон Манделлагийн хэлсэн үгийг онцолж хэлмээр байна.