Хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс бодисуудаа хүнсний ногоо болон нарийн ногооноос авдаг. Эрдэс бодисын хэрэгцээгээ хангахын тулд шинэ ногоог хэрэглэх шаардлагатай. Тэгвэл наймдугаар сарын эхний байдлаар шинэ ургацын ногоо өмнөх саруудтай харьцуулахад харьцангуй өндөр үнэтэй байна. Үүнийг хүнсний ногоо зарж буй хүмүүс шинэ ногооны хэмжээ бага учраас үнэ өндөр байна гэж тайлбарлаж байна
“Дүүхээ” худалдааны төвийн гадна хүнсний ногоо зарж буй худалдагч Б.Долгороос жижиглэнгийн үнэ болон борлуулахад ямар асуудал үүсч байгаа талаар тодрууллаа. Тэрээр “Шинэ ургацын ногоо хуучин ногоонуудаа бодвол хэдэн зуун төгрөгөөр үнэтэй байгаа. Тариаланчид нийлүүлэхдээ өндөр үнээр өгч байгаа болохоор бид авсан үнэ дээрээ 100-200 төгрөг л нэмж зардаг. Жишээ нь шинэ ургацын монгол төмс 1200-1500 төгрөг, лууван 2200-2500 төгрөг, байцай 1200-1500 төгрөг, сонгино 2500-2800 төгрөг, нарийн ногоо буюу огурцы 4000-4500 төгрөг, помидор 4200-4500 төгрөгөөр худалдаалж байна. Худалдаалах нөхцөлийн хувьд маш хэцүү шүү дээ. Гудамжинд зарж байгаа болохоор явж өнгөрөх хүмүүс санамсаргүй хөлөөрөө өшиглөчихдөг. Зарим нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж загнана. Үнэндээ тусгай зөвшөөрөлгүй учир бидэнд ил задгай худалдаалахаас өөр арга байхгүй. Зөвшөөрөл хөөцөлдөх гэхээр лангуу байхгүй гээд буцаагаад байдаг юм” хэмээн өгүүллээ.
Хэрэв худалдаа эрхлэх зөвшөөрлийг хүнсний ногоо борлуулж буй хүмүүст тэгш, хүртээмжтэй байдлаар олгодог болбол иргэдэд илүү ойртох боломжтой юм. Ингэснээр хүнсний ногооны үнэ харьцангуй буурна гэж ил задгай худалдаа эрхэлж буй хүмүүс үзэж байна.
“Өргөө” кино театрын замын эсрэг талд явган хүний замын төгсгөлд худалдаачин эмэгтэй, найм орчим настай охины хамт хүнсний ногоо, нарийн ногоо зарж байхад нь үнийнх талаар тодрууллаа. Эмэгтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сумд тариалан эрхэлдэг бөгөөд эхний ургацаа хураагаад нийслэлд зарж, борлуулахаар иржээ. Тэрээр “Хотод өчигдөр орж ирээд ногоонуудаа худалдаалж байна. Шинэ ургацын төмс 1200 төгрөг, лууван 2000 төгрөг, байцай 1200 төгрөг, огурцы 4000 төгрөг, жижиг сортын огурцы 3000 төгрөг, помидор 4000 төгрөгөр худалдаалж байна.” гэлээ. Ил задгай хүнс зарахад ямар асуудал байгаа болон шинэ ургацын ногооны үнэ буурах боломжийн тухай асуухад “Гудамжинд болохоор хэцүү юм байна. Өмнө нь худалдааны төвүүдэд нийлүүлчихдэг байсан юм. Энэ удаад арай үнэтэй байна гээд, бас цөөхөн кг-аар авчирсан болохоор өөрөө нэг мөр зараад явъя гэж бодсон юм. Тэгсэн бороо шороо ороод цаасан хайрцаг, шуудай норгоод, саравчийг маань золтой л хийсгэчхээгүй. Харин үнэ бол энэ сарын дундуур, ургац арвин болоод ирэхээр аяндаа буурна” гэв.
Худалдаачдад борлуулах лангуу, павильоныг хүртээмжтэй болгох мөн тариаланчдыг иргэдтэй ойртуулах арга хэмжээ авах цаг болсон гэдгийг дээрх иргэдийн жишээ баталж байна.
Энэ сарын 1-ний байдлаар “монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 900-2500 төгрөгийн үнэтэй байна. “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 900 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2500 төгрөгөөр “Оргил супер маркет” худалдаалж байна. Монгол лууван 1500-2200 төгрөгийн хооронд үнэтэй байна” гэсэн мэдээллийг нийслэлийн статистикийн төв хорооноос гаргасан байна. Харин шинэ ургацын төмс 3,4 дүгээр хорооллын худалдааны төвүүд болон ил задгай худалдаагаар 1200-1500 төгрөгөөр борлуулж байна.
Хүнсний ногооны хүний биед үзүүлэх ач тус гэвэл судлаачид зуны улиралд аль болох лаазалсан, шарсан, хуурсан бүтээгдэхүүнээс татгалзаж хүнсний ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнэ хэрэглэхийг зөвлөдөг. Хүнсний ногоонд агуулагдах эрдэс бодисуудын 70-90 хувь нь ус ба бусад хувьд нь уураг, холестрин, сахар, витамин, давс болон ширхэглэг эд эзэлдэг байна. Хүнсний ногоонд ширхэглэг болон хагас ширхэглэг эд, үндсэн элемент, жимсний цавуу зэрэг хүний биед ислийн усан задрал явуулах бодис агуулдаг ба энэ нь цөсний алкоголийн шингээлтийг багасгаж, хориглодог байна. Тиймээс шинэ соргог хүнсний ногоог ихээр хэрэглэвэл судасны хатуурлыг багасгадаг байна.
Г.Сарангоо