Сүүлийн өдрүүдэд нийслэлд бороотой, түгжрэлтэй өдрүүд үргэлжилж байна. Усархаг бороо, үерийн улмаас олон газарт зам эвдэрч, айлууд усанд автаж, зорчих хөдөлгөөнд саад учирсаар байна. Бороо орохоор яагаад түгжрэл нэмэгдээд байгааг монгол хүний адгуу зантай холбож болмоор. Борооноос урьтаж, бороотой уралдаж гэртээ харих, ажилдаа очих гэсэн хүмүүс бүгд машинтай нь машинаараа, машингүй нь нийтийн тээвэртээ явцгааж байна гэхэд хилсдэхгүй. Нохой гаслам халуунд хур хүсч явдгаа мартчихаад “Хар усан борооноор” гэж бороог ад үзэж, бухимдангуй ярих нь чихнээ содон. Хувьтай хүн хур борооноор гэдэггүй сэн бил үү. Бороотой өдрүүдэд усны гуталтай залуус цаанаа л маадгар. Харин шүхэртэй бүсгүйчүүд эрх чөлөөтэй, тайван амгалан алхацгаана. Хааяа нэг хажуугаар өнгөрөх онгироо жолоочид шүршүүлчхээд байдгийг эс тооцвол.
Борооноос, түгжрэлээс болж ажлаасаа хоцорсон хүмүүс хаа сайгүй. Хан-Уул дүүргийн иргэн Б.Янжмаа ярихдаа, “Өглөө ажилдаа ирэх гэж хоёр цаг боллоо. Уг нь зуны улиралд Буянт-Ухаагаас хорооллын эцэс хүртэл цаг хүрэхтэй үгүйтэй яваад ирдэг юм. Хүннү молл орчимд автобус түгжрээд маш удсан. Тэр хавийг ажиглаж байхад замын хашлага давсан их устай, зарим газарт траншейны нүхээр нь ус оргилж гарч байсан. Сүүлд мэдээ үзэж байхад Хүннү молл орчимд уулын үер буусан гэж байна лээ. Ийм үед ус зайлуулах хоолой байсан бол гэж бодогдох юм. Бас энэ их усан бороо цахилгаанаар ажилладаг машинуудад хүндрэл учруулдаг гэж сонссон” гэв.
Нийслэл хотод одоогийн байдлаар зам талбайгаас борооны ус зайлуулах 85 км шугам сүлжээ байдаг ч энэ нь хангалттай биш байдаг гэнэ. Иймээс өнгөрсөн өдрүүдэд Геодези, усны барилга байгууламжийн газраас шуурхай зургаан бригад гарч ус соруулдаг гурван машинаар нийт есөн байршилд 2145 тонн ус соруулж ажилласан байна. Мөн Баруун дөрвөн замаас Москва хороолол хүртэлх борооны болон хөрсний ус зайлуулах өргөлтийн насос станц тасралтгүй 24 цаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж 7500 метр куб ус соруулсан талаар албаны эх сурвалж мэдээлж байгаа юм.
Жилийн жилд хур бороо үерлэхдээ дарга нарын маань тавьсан замд нэг дүн тавиад өгдөг. Энэ удаад ч мөн саяхан засч, сайжруулсан 25 дугаар эмийн сангаас өгсөх зам буюу “UB Palace”-ын зүүн талын зам дээр үер бууж, машин зам нь томоороо хуурч урссан, замын нэг хэсэг сөрдийж аюултай нөхцөл байдал үүссэн байлаа. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал үүссэн юм. Үүнээс болж иргэд бухимдаж, цахим орчинд багагүй шүүмж өрнүүлсэн. Түүнчлэн, наймдугаар сарын 5-6 нд шилжих шөнө Налайхын түр зам борооны улмаас эвдэрч, зорчих боломжгүй болсон тул Төв аймгийн замаар зорчихыг тээврийн цагдаагийн албаныхан сануулж байв. Тус алба Налайхын замыг шөнөжин засварлаж, өчигдөр өглөөний зургаан цагаас эхлэн хэвийн горимд шилжүүлсэн юм. Гэвч замын ихэнх хэсэг нь шороо тул баталгаатай эсэхийг хэлж мэдэхгүй. Зам даваатай холбоотой хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл, Налайхаас Зуунмод явах зам үерт сэтэрсэн байна.
Бороотой өдрүүд цаашид ч үргэлжилсээр байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн тул нийслэлийн онцгой байдлын алба өчигдөр шуурхай хуралдсан юм. Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ярихдаа, “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт аадар бороо орж үер буусны улмаас 12 байшин, 15 гэр, хоёр автомашин усанд автсан. Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо орчмын авто зам, айлууд, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Уурхайчдын 26 дугаар гудамжаар ус ихээр урсч айлуудын гэр, хашаа усанд автсан байна. Мөн Баянзүрх дүүргийн “И-Март” худалдааны төвийн зүүн талын авто зам, “Баян монгол” хороолол, Дарь-Эхийн дунд буудал, Хан-Уул дүүргийн “Хүннү Молл”, АПУ ХХК, “Гэгээнтэн” хотхоны уулзвар, Сүхбаатар дүүргийн “Соёолж”, 7 буудал, Баянгол дүүргийн Нарны гүүр, 25 дугаар эмийн сан, Вокзал, “Богд-Ар” хороолол, “Алтай” хотхоны авто зам, нүхэн гарц дагуу ус тогтсон зэрэг нийт 33 удаагийн дуудлага ирсэн. Дээрх дуудлага мэдээллийн дагуу 43 албан хаагч 13 техник хэрэгсэлтэй ажиллаж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд үерийн усанд боогдсон 18 том хүн, 15 хүүхэд, Налайх дүүрэгт гурван том хүн 13 хүүхэд, нийт 49 хүнийг аюулгүй газар гаргасан” гэв.
Шуурхай албаны хурал ерөнхийдөө ингээд дууссан бололтой. Албаны мэдээнд хотын мэр С.Амарсайхан “Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй хэрэгжүүлж, хэрэгжилтийн талаар цаг тухай бүрт нь танилцуулж байхыг үүрэгдсэн” юм билээ. Гэхдээ чухам онцгой комиссоос ямар үүрэг даалгавар өгсөн нь одоогоор тодорхойгүй байна.
Үер усны гамшиг нийслэлд төдийгүй орон нутгуудад ч тохиож байна. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-60 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшин 15 см даван хүчтэй үерлэжээ.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан юм.
Үерийн аюулд өртсөн бол эрүүл, аюулгүй байдалдаа онцгой анхаарал хандуулах хэрэгтэй
Харин мэргэжлийн хяналтын ерөнхий газраас, нийслэл, аймаг орон нутагт үргэлжилсэн болон хүчтэй бороо орсны улмаас үер бууж эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус урсч хөрс орчныг бохирдуулах эрсдэл бий. Энэхүү бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг бохирдуулж улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг.
Бохирдсон хөрсөнд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг. Тухайлбал: цусан суулга өвчний үүсгэгч 2-4 сар, балнадын нян гурван сар, кокк хэлбэрийн нян 1-2 сар, үрждэг нян хэдэн арван жил амьдарч гэдэсний балнад, цусан суулга, салмонолез, халдварт шар өвчин дэгдэлт хэлбэрээр гардаг.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөө бүрдүүлэхийг сануулсан юм:
1. Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж, устгах
2. Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх
3. Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэн, халдваргүйтгэл хийх
4. Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
5. Булаг шанд, гол горхи, хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
6. Гудамж талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэж халдваргүйтгэл хийлгүүлж, зайлуулах
7. Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
8. Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх
9. Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
10. Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
11. Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах
12. Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйтгэл хийх. Халдваргүйжүүлэлтэд хуурай хлорын шохой болон гурван хувь, 5-10 хувийн хлорын шохойн сүүн уусмал, жавелион хэрэглэх
13. Эрүүл мэндийн болон Онцгой байдлын байгууллагаас халдварт өвчний болзошгүй тохиолдлын үед хэрэглэх хүнс, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
14. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нөөцийн хүнсний чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, халдваргүйтгэлийн бодис идэвхийг тодорхойлсны үндсэн дээр халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд ашиглуулах, орон гэр нь үерт авсан хүмүүсийн хоргодох болон түр байршуулах байранд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалтыг тогтмол хийж, хүнс, ус болон орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах хэрэгтэй гэв.