Эдийн засагч Ж.Хишигжаргал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг тусгуулахаар хичээж явна. Тэрбээр Монголын КАИЗЭН холбооны дэд ерөнхийлөгч, КОННЕКТ менежментийн зөвлөх компанийн ерөнхий захирал юм. Ж.Хишигжаргал төрийн ордонд өрнөсөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцож, үгээ хэлж амжжээ. Монголынхоо хөгжлийн төлөө санаа чилээж яваа түүнтэй ярилцсан юм. Бас Үндсэн хуульд шигтгэхийг хичээсэн бизнес эрхлэгчдийн саналыг дор онцоллоо.
-Таныг Үндсэн хуульд оруулах өөрийн гэсэн саналуудтай яваа гэж сонслоо?
-Одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь гол сэдэв болоод байна. Саяхан төрийн ордонд тав хоног үргэлжилсэн хэлэлцүүлэгт иргэнийхээ хувьд оролцсон юм. Анх Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар яригдаж эхлэх үеэс найз нөхөд, бусад хүмүүстэй санаа бодол солилцоод явдаг байсан. Бид мөрөөдөж байсан шигээ Монгол Улсаа хөгжүүлж чадсан уу. 65 гишүүн нэг санаатай байна гэдэг Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдах магадлал өндөр гэсэн үг. Ийм нөхцөлд өөрсдийн үзэл бодол, зөв ганц өгүүлбэр ч болтугай тусгуулчих юмсан гэдэг санаагаар очиж үгээ хэлсэн юм. Би эдийн засагч. Бизнесийн салбарт ажилладаг. Бизнес,менежментийн зөвлөх хүн. 1992-2003 он хүртэл Япон Улсад 11 жил ажиллаж амьдраад Монголдоо ирсэн. Монголын КАИЗЭН холбоо гээд 700-гаад компанийн удирдлага, менежерүүд багтдаг холбооны дэд ерөнхийлөгчөөр 15 жил ажиллаж байна.
Монгол-Япон төв гэж байдаг. Анх 1992 онд ЖАЙКА-гийн төслөөр Монголын хүний нөөцийг хөгжүүлэхэд зориулсан жижиг дунд компаниудын менежментийг сайжруулах бизнес сургалтууд явуулж эхэлсэн. Түүний хоёр дахь удаагийн төгсөгчид энэ холбоог байгуулсан юм. Зах зээлийн эдийн засаг дахь жижиг дунд компанийн менежмент шинжлэх ухааны үндэстэйгээр явах хэрэгтэй юм байна. Урьд нь хувь хүмүүс, гэр бүлийнхэн эсвэл ганзагын байдлаар бизнес эрхэлж байсан бол одоо олон улсын жишигт нийцсэн байдлаар явах ёстой. Үүнийг түгээн дэлгэрүүлэх учиртай гэж үзээд энэ холбоог байгуулсан юм. Каизэн гэдэг маань сайжруулалт гэсэн япон үг. Энэ сургалтыг төгссөн хүмүүс уг холбооны гишүүн байдаг учиртай. Хүн хуулийн дор амьдардаг. Улс төр сонирхдоггүй гэдэг бизнесийнхэн маань бухимдалтай яваа.
Төрийн бодлого, хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал нь биднийг эрсдэлд хүргэдэг. Юу ч болж магадгүй, биднийг хамгаалах бодлого байдаггүй учраас ханш яаж ч савлаж магадгүй гэсэн байдалтай явж ирлээ. Төр хүчтэй байхын тулд иргэд нь татвар төлөх чадалтай байх ёстой. Ахуйгаа тэтгэхгүй бол энэ олон асуудлыг цэгцэлж чадахгүй. Эдийн засгийн хэлэлцүүлгийн үеэр нь саналаа бичиж өгсөн.
-Зөвхөн улстөрчид, хуульчдын тоглоомын дүрмээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах учир дутагдалтай. Эдийн засагчид, бизнесийнхэн саналаа хэлж байгаа нь чухал санагдлаа?
-Улстөрчид бие биенээ хулгайч луйварчингаар дуудахын оронд Монгол гэдэг эрх ашгаа дундаа тавиад, алдаа оноо юу сан билээ гээд ярилцах нь зөв.
Алдаа завхралыг арилгахын тулд эдийн засгийн урт хугацааны хөгжлийн тогтвортой бодлоготой байх учиртай. Зөндөө олон бодлого байдаг ч үр дүн гардаггүй шүү дээ гэдэг. Үндсэн хуульжсан хөгжлийн бодлого гаргах хэрэгтэй байна. Тэгвэл улс төрийн намууд сонгуульд ороод гарч ирэхдээ дахиад нэг шинэ улс байгуулах гэж байгаа юм шиг самрахаа болино. Манай газар нутаг онцлогтой. Бид говь, хангай, тал хээр нутагтай. Төв суурингийн хөгжлийн бодлогыг Алтайн уул хавиар амьдарч байгаа хүмүүст хуулбарлаж суулгаж болохгүй шүү дээ. Мал аж ахуй, зан заншил нь говьд ч өөр байдаг. Энэ онцлогтоо тохирсон хөгжлийн ийм л бодлого байвал ирээдүйн монголчууддаа сайн сайхнаар хүлээлгээд өгчих юм байна гэсэн юм. Мэдээж даяарчлагдсан нийгэмд бусдын нөлөө орж ирнэ. Гэхдээ гол ноён нуруу болсон бодлогоо бариад, улс төрийн намууд хэрэгжилтээрээ, төлөвлөгөөгөөрөө өрсөлдөөч. Хамгийн сайн төлөвлөгөөтэйг нь бид сонгоод, түүнийгээ таван жил хэрэгжүүлэг. Алдаа оноогоо дүгнэг. Сайн байвал цаашаа яваг гэсэн гол санаа юм. Төр өөрчлөгдөхөд өмнөх бодлогоо үгүйсгэдэг. Хуульчилж өгвөл үндсэн хуульжсан хөгжлийн бодлого гэдэг маань Үндсэн хуулийн адил хүчин чадалтай гэж найдаж байна.
-Хөгжлийн бодлого олон байна. Үндэсний хөгжлийн цогц бодлого гэх мэт урт хугацаатай олон баримт бичиг баталсан. Энэ бүхэн та бүхний үзэл санаа үнэт зүйлийг тусгахгүй байна гэсэн үг үү?
-Хөгжлийн бодлогууд зөв байж болно. Мэдээж монголчууд Монголоо сайхан болгох гэж л гэж тэр олон бичиг баримтыг хийсэн байж таарна шүү дээ. Гэтэл хэрэгжихгүй байгаа. Сайн үр дүн гарсан нь байгаа л байх. Гэхдээ ард түмний дийлэнх нь ядуу. Дунд давхарга гэж Монголд байхаа больчихлоо. Шалтгаан нь юу гэхээр энэ бүх бодлого үргэлжлэхгүй байна. Бидний харж байгаа гол өнцөг нь энэ. Бодлого тогтвортой бол бид бизнесээ төлөвлөөд, хийгээд явж болно оо доо. Түүнээс биш хөгжлийн бодлогууд буруу байсан гэж ерөөсөө яриагүй. Тогтвортой, үргэлжилдэг болгомоор байна.
-Та менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гэсэн үү. Япон, Монголд бизнес эрхлэгчдэд зөвлөдөг гэсэн үг үү?
-Үндэсний компаниудад зөвлөдөг. Монголчуудаа ажилтай орлоготой байлгах гэж тэмүүлж зүтгэж байгаа компаниудын удирдлага, захирлуудад нь мэдлэг туршлагаараа тусалдаг гэсэн үг.
-Таны үндсэн мэргэжил эдийн засагч уу. Японд энэ чиглэлээрээ ажиллаж амьдарч байсан уу?
-Ажиллаж амьдарсан. Хориодхон настай яваад гуч гараад ирсэн. Японыг харж төлөвшсөн. Японд улс төр нь ялгаа байхгүй маш их маргаантай, асуудалтай хурц байдаг. Гэсэн ч энгийн иргэд нь нэг их том эрсдэл айдастай тулгарахгүй аятайхан шиг амьдраад байж болдог. Сүүлийн үед жаахан хэцүү байгаа. Яагаад гэхээр хүн амын насны бүтэц урвуу пирамид болсон. Насжиж байгаа хүн амаа цөөхөн ажиллах хүч нь тэтгэх ёстой болоод байгаа юм. Ирээдүй чинь жаахан хэцүү учраас мөнгө хадгалах хэрэгтэй гэж судалгаагаар гарлаа гээд зарласнаас хойш хүнд байдал үүсч байна л даа.
-Монголд ирээд амьдрахад хоёр нийгмийн ялгаа тод ажиглагдсан байх л даа?
-Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юмгүй үед гараад юмтай газар очсон. Хүү маань ч ой гарантай л байсан. Хүүхдийн сүү яах вэ гээд бөөн проблем дунд гэр бүлээрээ явсан. Гудамж нь цэвэрхэн, хүмүүс нь амгалан. Өглөө босоод хүмүүс нь гадна талаа цэвэрлэчихнэ. Ямар сайндаа очоод өглөө тагтан дээрээс хараад “Энэ Элчингийн газар уу” гэж асууж байж билээ. Элчин л тийм цэвэрхэн байдаг шүү дээ. Зүгээр л нэг албан байгууллага байсан. Хоёр өөр ертөнцийг харсан учраас яагаад ингэж болохгүй гэж үргэлж боддог байсан.
-Япончууд өөрсдөө орчноо цэвэрлэхэд оролцдог юм биш үү. Манайд бол бидний хогийг ТҮК-ийн ажилтнууд ирж цэвэрлэх ёстой гэсэн ойлголттой байдаг шүү дээ?
-Үнэндээ 100 жилийн өмнө Япон тийм байгаагүй шүү дээ. Хаалттай улс байсан. Бид нээлттэй болох хэрэгтэй. Бусдын соёлоос суралцмаар байна гээд нийгмийн тэргүүлэгч сэтгэгч нар нь оролдлого хийж байсан. Хамгийн сайн амжилттай болж байсан зүйлүүд гэвэл олимп, олон улсын үзэсгэлэн. Тэдний хэлж байгаагаар олон улсын өмнө үүрэг хүлээчихээрээ бид нийтээрээ хичээдэг гэж байгаа юм. Нэрээ хичээдэг хүмүүс шүү дээ. Дөрөв, таван жилийн дараа бид үүнийг зохион байгуулъя гээд амлачих. Улстөржиж бие биедээ саад болох хаалтуудыг бүгд нэг сэтгэлээр давдаг гэж байгаа юм. Ард түмэндээ хэлнэ. Нэрээ хичээнэ шүү. Нус цэрээ битгий хая. Хогоо битгий хая. Цэвэрхэн хувцаслаарай. Бид олуулаа, дээр нь хэдэн сая хүн ирэхээр бөөн уур уцаар болно. Ийшээ явж байгаа хүмүүс бүгд баруун гараа баривал мөргөлдөхгүй гэх мэтээр шийдчихсэн. Зөрчлөө даван туулах гаргалгаа нь олон улсын өмнө үүрэг хүлээх гэж тайлбарладаг. Магадгүй АСЕМ-ыг бид ингэж олон улсын өмнө монголчуудаараа хүлээх үүрэг гэж бодоод бүгдээрээ гудамжаа цэвэрлэе, ядаж цонхнуудаа арчсан байгаарай гэх мэтээр ашигласан бол суурин соёлд нэг алхам урагшлах боломжтой байсан байж магадгүй гэж дараа нь бодож байлаа. Тэгж л улс орон зардал гаргадаг юм байна. Олон улсын өмнө үүрэг хүлээх байдлаар соёлын хувьсгал хийдэг. Амлаад, нийтээрээ идэвхжидэг. Одоо ч ялгаагүй олимп болох гэж байна. Түүгээрээ далимдуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгэм бий болгоцгооё гэж байгаа. Маш их шүүмжлэл яваа. Энэ халуунд тэр олон хүмүүсийг авчраад өөрсдийн асуудал их байхад асар их төсөв хөрөнгийг бүтээн байгуулалтад зарцуулж байна гээд шүүмжилдэг. Гадныхан хэд хоног зочлоод явсны дараа юу үлдэх вэ гэхээр хүмүүсийн ёс зүй, соёл үлддэг.
Монголын түүхий эдээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг худалдаалах компани маань Японд бий. 27 жил япончуудаас суралцаж яваа. Япончуудыг суу заль ихтэй хүмүүс гэж боддог. Би бол шулуухан хэлчихсэн нь амар гэж боддог байхад тэнд “Шулуухан хэлдэг хүн бол тэнэг хүн байдаг юм” гэсэн үг ч байдаг. Дайны дараа гуч дөчин жилийн турш япон компаниудаа дэмжиж ирсэн настай багш маань Монголд ирж хичээл заадаг байсан юм. Тэр хүний орчуулагчаар олон жил ажилласан. Хамт сургалт хийхээр очоод, “Өө мундаг байна, сайн байна” гээд сайн талыг нь хэлээд л явна. Санхүүгийнхээ харьцааг үздэг үү гэх мэтээр жаахан юм асууна. Төлөвлөгөө байдаг уу л гэнэ. “Миний толгойд л байна шүү дээ” гэж манайхан хариулна. Тэгэхэд нь ”Аа аан за” гэнэ. Ерөөсөө хатуу үг хэлэхгүй. Дараа нь буцаж явахдаа “Би энэ хүнийг овоо менежер гэж бодсон чинь зөвхөн танхим дотор л овоо юм байна” гэх жишээтэй. Сургалтын танхимд бол бид ухаалаг үг хэлнэ шүү дээ. Сайхан яриад, санал хэлнэ. Ухаантай үг нь ажил дээр нь хэрэгжсэн байна уу гэвэл үгүй байгаа юм. Бүх юм миний толгойд байна, би мэдэж байна, би тушаал өгөөд бүгдийг хөдөлгөнө л гэдэг. Менежмент гэдэг тийм юм биш шүү дээ. “Арай ч ингэж бодоогүй. Банкинд зориулсан, татварынханд зориулсан тоо байж болно. Ядаж өөртөө зөв тоотой байх ёстой. Түүндээ зөв шинжилгээ хийгээд ирээдүйгээ бодож байх ёстой байтал байхгүй гэдэг чинь бас л хэцүү юм аа даа” гэж багш маань хэлдэг. “Та наадахаа хэлчихгүй яасан юм” гэхээр “Яах юм, эмзэглэнэ шүү дээ. Тэр хүн урам зориггүй болчихвол яах юм. Би засахад нь хамт байж тус болж чадахгүй. Гучин минут нэг цаг яриад юуг өөрчилж чадах билээ” гэдэг.
-Тоо гэдэг маань зорилго, төлөвлөгөөтэй байхыг хэлээд байна уу?
-Төлөвлөгөө боловсруулахаар нэг тоо хэрэгтэй болно. Тэр тоонд яаж хүрэх гэдэг арга хоёр нийлж байж төлөвлөгөө болно. Зөвхөн 20 хувиар борлуулалтаа нэмэгдүүлнэ гэдэг төлөвлөгөө биш. 20 хувиар нэмэгдүүлнэ гэж байгаа үндэслэл нь юу юм. Яаж хийвэл нэмэгдүүлэх юм гэдэг чинь төлөвлөгөө шүү дээ. Гэхдээ өнөөдөр ямар байгаагаа мэдэхгүй бол арван жилийн дараа ямар болохоо мэдэхгүй гэсэн үг. Ерөнхийдөө гайгүй гэх биш өнөөдөр би арвыг зарж чадаж байгаа юм уу, зууг зарж чадаж байгаа юм уу гэдгээ л мэд гэсэн үг. Цусны шинжилгээ өгөхтэй л адил. Би гайгүй гэх биш шинжилгээ өгөхөд үнэнтэйгээ тулгардагтай адилхан. Тэгвэл ирээдүй ямар байх вэ гэдэг харагдана. Японд 1400 жилийн түүхтэй компани ч байдаг. Тийм учраас би сая Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэлээд байгаа юм. Өвлөх хэрэгтэй, сайнтай муутай нь өвлөөд явах хэрэгтэй байна гэж. Улстөрийн олон намууд биенээ үгүйсгээд байлгүй Монголоо голдоо тавьж байгаад л алдсан нь оносон нь энэ байлаа. Ингээд үргэлжлүүлбэл зөв гэдэг байгаасай л гэж хүсч байгаа юм.
Би эх орондоо ирснээс хойш олон орноор явлаа. Яавал Монгол хөгжих вэ, бүгдээрээ сайхан амьдрах вэ гэж хайж яваад, Америкт Индианагийн их сургуульд Монгол судлалын том тэнхимд зочилсон. Олон давхар номын сангийн нэг давхар тэр чигээрээ монгол номнууд байна. Бидний үзэж хараагүй номнуудыг дөрөв, тав хувилаад тавьчихсан байх юм. Бусад улс биднийг ингэж их судалж байхад бид Монголоо мэддэг билүү, би яг хэн юм бэ, хаашаа очих ёстой юм бэ гэж тэгэхэд бодогдсон. Нээрэн бид 800 жилийн өмнө дэлхийн хагаст өөрийн үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлж чадсан улс гэж бодогдсон. Зүгээр нэг дайлаар мордоод цэргийн хүчээр бүгдийг эзэлсэн гэж боддоггүй. Хамтдаа орших, төр орших тухай үзэл санаагаа бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан ард түмэн, бид. Яаж чадсан байх вэ гэж бодоод Чингис хааныг хүнийх нь хувьд судалсан юм. Япончууд ч тэгдэг. “Та нар нэг нэгээрээ сайн. Та нарыг дийлэх хүн байхгүй. Бөхөд ч ялгаа байхгүй. Манай үндэсний бөхөд та нар ирээд, аварга болоод, бид өөрсдөө дээшээ гарч чадахаа болилоо. Гэхдээ та нарт багийн ажиллагаа дутагдалтай. Хүчээ нийлүүлэх, эвээ олно гэж юу вэ гэдгийг та нар мэддэггүй. Бид та нартай адилхан хөх толботон учраас та нарыг хүчирхэг байгаасай гэж хүсдэг” гэж япончууд хэлдэг. Бизнес ч ялгаагүй. Огт танихгүй хүмүүс нэг зорилгод чиглээд, хүчээ нэгтгээд, олзоо хуваагаад явах асуудал. Нийгэмших насандаа Японд байгаад төр ард түмнээ ингэж халамжлах, хамгаалж, боломж олгохыг харсан. Эдийн засаг нь хүчтэй учраас тэд хүчтэй байдаг. Эдийн засаг нь хүчтэй байхын тулд ямар салбарт хүчтэй байх вэ гэдгээ тэд тодорхойлсон гэсэн үг. Олон улсын түвшинд шийдвэр гаргах гэрээ хэлэлцээр байгуулахын өмнө эдийн засгийн салбарын акулууд, мэргэжлийн холбоодынхоо тэргүүнүүдийг сонсдог. Бид хүчтэй болохын тулд, өөрсдөө хөдөлмөрлөөд илүү сайхан амьдрах боломжийг олгохын тулд урт хугацааны хөгжлийн бодлогоо Үндсэн хуулийн түвшинд аваачиж, онцлог таван бүстээ тохирсон бодлого хэрэгжүүлбэл Монгол хөгжинө.
Монголоо бодож байгаа бол цэцэрхэж суух биш үйлдэл хийх хэрэгтэй. “Шүүмжлэхдээ гол биш. Алдааг засах арга, хэрэгжих үндэслэлтэй нь ярьдаг болъё” гэж би компанийнханд хэлдэг. Яавал дээр вэ гэдэг бодит хөрсөн дээрээ буусан санаа оноогоо уралдуулах цаг ирсэн гэж бодож байна.
Үндсэн хуульд дараах зарчим, утга санааг оруулахыг хүсч байна.
1. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэрийн хувьд газар зүйн шинж төлөв, өвөрмөц онцлогоороо ялгамжтай Алтай, Хангай, Тал хээр, Говь, Суурин бүсэд хуваарилагдана.
2. Алтай, Хангай, Тал хээр, Говь, Суурин бүс нь засаг захиргааны нэгж биш бөгөөд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн нэгдмэл бодлого хэрэгжих суурь болно.
3. Монгол Улс нь Үндсэн хуулиндаа тунхагласан эрхэм зорилгод нийцүүлэн таван бүс нутгийн байгаль орон зайн онцлогт оновчтой тохируулан боловсруулсан, ахуй, төсөв, татвар, хураамж, нийгмийн бодлого, баримтлах зарчим тусгагдсан урт хугацааны хөгжлийн нэгдмэл бодлоготой байна.
4. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн нэгдмэл бодлого нь Үндсэн хуульчилсан хууль байж, Үндсэн хуулийн нэгэн адил хүчин чадалтай байна.
5. Монгол Улсын Үндсэн хуульчилсан урт хугацааны хөгжлийн нэгдмэл бодлогыг төрийн байгууллагууд, салбар бүрийн мэргэшлийн хороодоор хэлэлцүүлж, шаардлагатай саналыг тусгаснаар Улсын Их Хурал хэлэлцэн батална.
6. Урт хугацааны хөгжлийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг таван жилээр гаргана.
7. Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч улс төрийн нам, иргэн Монгол Улсын Үндсэн хуульчилсан урт хугацааны хөгжлийн нэгдмэл бодлогыг цаг үеийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх өөрсдийн боловсруулсан таван жилийн төлөвлөгөөг ард түмэнд таниулан мэдүүлж, үнэлүүлж өрсөлдөнө.
8. Монгол Улсад төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна.
9. Монголын ард түмэн Үндсэн хуульчилсан урт хугацааны хөгжлийн нэгдмэл бодлогыг цаг үеийн нөхцөлд тохируулан зөв хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хуралд төлөөлөгчөө сонгох нь төрийн үйл хэрэгт шууд оролцож буй арга мөн бөгөөд сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан улсаа хамтаараа хариуцан засаглах эрхээ эдэлнэ.