Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Байгалийн баялаг ба “Баялгийн хараал”

Монголчууд бид Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхээ шийдэх түүхэн цаг үе дээр ирээд байна. Энэ долоо хоногт УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнг хэлэлцэж, үргэлжлүүлэн гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх эсэхийг шийдвэрлэнэ. Нэг ёсондоо, эцэг хуулиа өөрчлөх төсөл үргэлжлэх, цаашлаад батлагдах эсэхийг шийдвэрлэх эхний даваагаа давна гэсэн үг.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Үндсэн хуульд ирээдүйгээ харсан өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр суурин дээр хүрэх гэж, нэг талдаа гарах гэж эрх баригчид, хуульчид, судлаачид мэтгэлцсээр ирсэн. Ингээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдэгтэй хүн бүр санал нийлсэн. Гэхдээ ямар хүмүүсээр ямар өөрчлөлт оруулах гэж байна вэ гэдэг нь өнөөдрийн халуун сэдэв болоод буй. Учир нь энэ цаг үед л монголчууд зөв шийдвэр гаргаж гэмээнэ ирэх 20 жилийн ирээдүйгээ ямар байхыг нь тодорхойлох болчхоод байгаа.


Тиймээс энэ зунжин төр, хувийн хэвшил, иргэний нийгмийг хамруулсан Үндсэн хуулийн олон талын хэлэлцүүлэг өрнүүлсэн. Өнөөдөр УИХ-д олонхын суудалтай МАН-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл болон Ерөнхийлөгчийн санал болгосон төслийг нэгтгэхийн тулд зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ардчилсан намаас ч өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлтээр оруулах гурван саналаа ажлын хэсэгт өгчхөөд байгаа. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох, ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг батлах, төсвийн төслийг тусгах гээд. Энэ бүхэн улс төрийн хүрээнд учир зүйгээ олоод явчих болов уу. Харин хүн бүхнийг анхаарах ёстой атал анхаарахгүй байгаа нэг сэдэв бол “Байгалийн баялаг ард түмнийх үү, төрийнх үү” гэдэг асуулт бас асуудал.


Ерөнхийлөгчийн санал болгосон төслийн хүрээнд таван хэлэлцүүлэг өрнүүлсний хамгийн сүүлчийнх нь байгалийн баялаг яг хэний өмч болох тухай хэлэлцсэн асуудал байв. Байгалийн баялгийг ард түмний гэх үү, төрийн өмч гэх үү гэдэг хоёр өөр санал гарч ирснээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ч том асуудал сөхөгдөж, улс төрийн намууд хоёр талд хуваагдсан юм. Энэ чухал асуудал өнөөг хүртэл Монголд тодорхой биш явж ирсэн нь одоо л нэг ил гарч, нийтээр хэлэлцэх боломж нээгдсэн нь энэ. Ер нь бол байгалийн баялаг яг хэний өмч байхаас хамаарч, бид баялгийн хараал тусах эсэх асуудал ч хөндөгдөнө. Тиймээс л...

 

Төрийн өмч үү, эсвэл ард түмний өмч үү?

Одоогийн Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”. Мөн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан. Тэгвэл УИХ-аас 6.2 дугаар заалт дээр “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална" гэсэн нэмэлт заалт оруулах санал гаргасан. Харин Ерөнхийлөгч "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална” гэсэн нэмэлт оруулав. Ингэснээр нэг нь байгалийн баялаг бол төрийнх, нөгөө нь нийтийн өмч гэсэн ялгаатай саналууд гаргаад байгаа юм. Энэ бол агуулгаараа ч тэр, ард нь гарах эрсдэлийг нь тооцсон ч тэр зарчмын хувьд асар том ялгаатай асуудал бөгөөд үүнийг яаж шийдвэрлэхээс хамааран Үндсэн хууль төдийгүй бусад хуулиудад өөрчлөлт оруулах, эсэх шаардлага тулгарна. Учир нь өнөөдөр төрөөс иргэд хуулийн дагуу олгогдсон алга дарам 0.07 га газраа өмчилж авах гэж түм, буман бэрхшээлтэй тулгарч байна. Тэгвэл байгалийн баялгийг төрийн өмч байна гээд Үндсэн хуулиндаа заачихвал, төрийн дээр гарсан хэнбугай ч “Төрийн хүн” гэдэг эрх ямбаа ашиглан ард түмний оролцоогүй ард түмний баялгийг захиран зарцуулж, худалдан борлуулбал яах билээ. Тиймээс л Ерөнхийлөгч ард түмний буюу нийтийн өмч байлгах санал оруулж ирүүлсэн болов уу.


Уг нь 1992 оны Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэдэг бахдам заалт байсан. Ийн шинэ нэмэлтээр “Ард түмний өмч” гэдгийг хасч, төрийн өмч болгох гэж байна гэж ойлгогдов. Өөрөөр хэлбэл, иргэдийн саналыг хулгайлж, худалдаж, луйвардаж, дээрэмдэж төрийн эрхийг авсан бүлэглэл дээрх бүх баялгийн өмчлөгч болох нь уу. Дэлхийн олон оронд төр засаг өөрөө юу ч бүтээгээгүй, бүтээдэггүй учир төрийг өмчтэй байхыг эсэргүүцдэг. Иймд бид Үндсэн хуульд оруулж буй энэ удаагийн өөрчлөлтийг өнөөгийн улс төрчдийн хоорондын өрсөлдөөн, тэрсэлдээний болон эрх мэдлээ баталгаажуулах хэрэгсэл байлгаж үл болно. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь эдийн засгийн хөгжлийн суурь болсон бүх төрлийн өмчийг эзэнтэй болгоход чиглэх ёстой. Хэрэв төр, засаг түүний бүтцийг зөв нэрлэж, байгалийн баялгийг төрийн биш нийтийн өмч болгох, улмаар энэ өмчийг засаг нь тодорхой хуулийн дагуу захиран зарцуулах ёстойг ойлгомжтой болгож чадвал монголчууд энэ удаа Үндсэн хуулиндаа шаардлагатай нэмэлт өөрчлөлтөө хийж, алдаагаа засч чадах болно. Эс чадваас...

 

Баялгаа зөв өмчлөхөөс хамаарч, “Баялгийн хараал”-аас бултаж чадна

Өнөөдөр Үндсэн хуулинд оруулах Байгалийн баялгийг төрийн, эсвэл нийтийн өмч байна гэдэг ганцхан өгүүлбэр, хоёрхон үг, утга, найруулгаас хамаарч газрын хөрснөө арвин их баялагтай Монгол Улс баялгийн хараалд нэрвэгдэх эсэхээ шийдэх юм. Жишээ татахад, Нигери улс 1960 онд Их Британийн колоничлолоос ангижирч, Үндсэн хуулиа батлан тусгаар тогтносон улс болсон. Газрын тосны ихээхэн нөөцтэй энэ орон тусгаар тогтносноосоо хойш байгалийн баялгаа олборлож, их хэмжээний орлого олсон боловч хүн ардынх нь амьжиргааны түвшин дээшилсэнгүй. Нигерийн нэг иргэнд ногдох орлого (PPP аргаар тооцсон) 1970 онд 1113 ам.доллар байсан бол 2000 онд 1084 ам.доллар болж буурсан нь дэлхийн хамгийн ядуу 15 орны нэг болоход хүргэжээ. Ядуурлын түвшин энэ хооронд 36 хувиас 70 хувь болж өссөн бөгөөд 150 сая хүний 90 сая нь ядуу амьдарч байгаа юм. Гэтэл 1965-аас 2000 онд Нигери улс газрын тосны олборлолтоос 350 тэрбум ам. долларын орлого олжээ. Энэ их мөнгө нигеричүүдийн амьжиргаанд нэмэр болоогүй нь хачирхалтай хэрэг. Яагаад гэдэг асуулт ургаж байгаа биз.


Байгалийн баялаг ихтэй орны хөгжил доогуур байгааг эдийн засагчид дөрвөн шалтгаанаар голлон тайлбарладаг. Үүнд, Голланд улсад 1959 онд томоохон байгалийн хийн орд нээгдсэн бөгөөд уг ордын ашиглалт нь тус улсын эдийн засаг үсрэнгүй хөгжих үндэс болно гэж олон хүн хүлээж байсан. Гэвч удалгүй Голландын аж үйлдвэрийн салбар уналтад орсон. Энэхүү үзэгдлийн шалтгаан нь уул уурхайг ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалт болон түүхий эдийн экспортын орлого нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлснээр дотоодын валютын бодит ханшийг чангаруулдаг бөгөөд энэ нь үнийн өсөлт (инфляц), үндэсний валютын ханшийн чангаралт хэлбэрээр илэрдэг. Улмаар уул уурхайгаас бусад салбарыг уналтад оруулж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.


Хоёрдугаарт, ашиг хонжоо хайх явдал нэмэгдэх. Байгалийн баялагтай холбоотой ихээхэн хэмжээний ашиг орлого нь тэдгээрээс хувь хүртэх эрмэлзлийг нэмэгдүүлж, авлига хээл хахууль гарах шалтгаан болдог. Нөгөө талаар ашиг хонжоо хайгчид төрийн эрхэнд гарахыг хүсдэг бөгөөд энэ нь засаглалын чанарыг доройтуулдаг байна. Судалгаанаас үзэхэд байгалийн баялаг ихтэй орнуудад боловсролд хийх хөрөнгө оруулалт бага байдаг бөгөөд байгалийн баялгийн ашиг орлого нь олон нийтийн боловсролыг дэмжихийн оронд цөөн хүнийг баяжуулахад зарцуулагддаг аж.


Гуравдугаарт, уул уурхайн салбар нь технологийн хувьд харьцангуй тогтвортой байдаг бөгөөд эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл болох технологийн дэвшлийг дэмждэггүй. Уул уурхайн салбарын өндөр орлого нь тухайн салбар дахь цалингийн түвшинг нэмэгдүүлж, чадварлаг боловсон хүчинг татсанаар бусад салбар дахь чадварлаг боловсон хүчний нийлүүлэлтийг бууруулж, улмаар технологийн дэвшил гарах боломжийг багасгах замаар хөгжлийг боомилдог. Эцэст нь, хэлбэлзэлд өртөмтгий болгох. Түүхий эдийн үнэ хэлбэлзэл ихтэй байдаг бөгөөд энэ нь түүхий эд экспортлогч орнуудын эдийн засгийг тухайн үнийн хэлбэлзлээс хамааралтай болгож, улмаар эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлдөг.


Тэгэхээр уул уурхайгаас орох орлого нэмэгдсэн болон томоохон ордууд нээгдсэнтэй холбоотойгоор улс төрийн хүчнүүдийн засгийн эрхэнд гарах сонирхол нэмэгдэж, энэ нь сонгуулийн популист амлалт хэлбэрээр илрэх болсон. Мөн төсвийн зардал төсвийн орлогыг даган хурдацтай нэмэгдэж, дийлэнх хэсэг нь хэрэглээг дэмжихэд зарцуулагджээ. УИХ-ын гишүүд ч хувь хүртэхийг эрмэлзэн дахин сонгогдох боломжоо хангах зорилгоор өөрсдөө дур мэдэн зарцуулах хөрөнгийг төсөвт суулгаж эхэлсэн. Энэ мэт шинж тэмдэг нь манай улс өнгөрсөн жилүүдэд "Баялгийн хараал"-д өртсөнийг харуулж байгаа бөгөөд уул уурхайн томоохон ордуудыг ашиглалтад оруулаад буй, Үндсэн хуулиа шинэчлэн батлах гэж буй өнөө үед өмнөх алдаагаа давтахгүй, ямар нэг алдаа гаргахгүй байх нь юу юунаас илүү чухал байна. Төрийн оновчтой, бүтээлч бодлого нь байгалийн баялгийн "хараал"-ыг "ерөөл" болгон өөрчилж чадна гэдэгт олон эдийн засагчид санал нэгддэг билээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com