Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өчигдөр Төв аймгийн шүүхэд эхэлсэн. Энэ удаад С.Зоригийн эхнэр Б.Булган, Ц.Амгаланбаатар нар гэрчээр, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүн шүүгдэгчээр оролцсон юм.
Шүүх хуралдааны танхимын гадна иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Тэдний нэг хэсэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Шүүхэд нөлөөлөхийг оролдож байна” гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь “Б.Хурц нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь буруу” гэж үзэж байв.
Хаалттай хуралдааны гадна болж буй дээрх үйл явдлыг харахад, С.Зориг агсны амь насаа алдсан хэрэг эргээд улстөрийн тоглолтод орж, ард түмнийг талцуулах хэрэгсэл болсныг илтгэж байх шиг. Энэ талаар Улсын ерөнхий прокурор асан Г.Эрдэнэбат манай сонинд ярилцлага өгөхдөө, “Энд хариуцлага тооцох тухай яривал өөр. Бүх зүйлийг хуулиар шийддэг. Хэн нэг улстөрч шийддэг юм биш. Монгол хуультай биз. Намайг хянаж чадаагүй, зохион байгуулсан гэж гүтгэж хариуцлага хүлээлгэвэл тэр л биз. Бүх юм хуулийн хэм хэмжээнд хуулийн дагуу л явах ёстой. Би яах вэ яллагдаад үлддэг л юм байгаа биз. Гэтэл хамгийн хэцүү зүйл нь энэ арга барилаар ажилладаг нь бусад хэрэг дээр үлдэнэ. Энэ тогтолцоогоо засаж чадаж байвал сайн. Ажил, арга болгон өөр өөрийн онцлогтой. Гол нь хэм хэмжээг хэтрүүлэхгүй байх. Авилгатай тэмцэх газар, Шүүх, Прокурорын ажлыг Ц.Нямдорж сайд шийдээд байх шиг байна. Энэ мөрдөн байцаалтын ажлыг ямар шатандаа яваа, ямар баримт цуглуулсныг сайд мэдэж байгаа юм болов уу. Утгаа алдлаа. Гэвч энд нэг сайн тал бий боллоо. Алив муу зүйл ч сайн муу хоёр талтай байх юм. Хүмүүс хэргийг мөрдөн шалгахдаа зарим тохиолдолд ийм болхи бүдүүлэг арга хэрэглэдгийг мэдлээ, харлаа. Бас гүйцэтгэх ажил яаж явуулдаг, түүнийг нь прокурор бүрэн дүүрэн хянаж болдоггүйг ч мэдлээ. Үүнийг Монголын нийгэм арай мартахгүй байлгүй дээ. Одоо үүнийгээ зас гээд шаардах байлгүй. Энэ нь сайн тал. Муу тал нь хэрэг захиалагчийн шалгах шатандаа явж байхад Хууль зүйн сайд нь хуулиа зөрчөөд мөрдөн байцаалтын баримтыг олон нийтэд дэлгэчихлээ. Тус хэргийг улс төрийн тоглолтонд оруулчихлаа. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх үү, улс төрийн оролцоотой шийдэгдэх үү аль нэгээр нь л явах байх.
Хуулийн байгууллага нь шалгаад хэрэг үүсгээд явж байхад нь сүүлийн үед асар богино хугацаанд өрнөсөн явдалдаа хэрэгсэл болгоод ашиглачихлаа. Энэ маш буруу үйлдэл. Маш ноцтой хууль зөрчиж байгаа үйлдэл. Хууль зүйн сайд мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтыг үзэх, харах эрх байхгүй, хуулиараа. Хуулиа мэддэг хүн бол мэдэх ёстой л зүйл. Энэ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг ашиглан нийгмийн сэтгэл зүйгээр тоглож, том улс төрийн зорилгодоо ашиглах хэрэгсэл болгож байгаа нь маш аюултай” хэмээж байсан юм.
Шүүх хурал өчигдөр орой 21:00 цагт дууссан бөгөөд өнөөдөр үргэлжлэх аж. Хуралдаан завсарлах үеэр Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр ярихдаа, “Энэ хэрэг хуулиа баримтлаад явбал манай үйлчлүүлэгч ямар ч ялгүй гарах ёстой. Ер нь бол Эрүүгийн хуулийг ижил төстэй хэрэглэхийг хориглодог. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулаагүй. Хохирогч нарын ар гэрийг шүүх хуралдаанд оролцуулах ямар ч боломжгүй. Шүүх ажиллагаанд ямар этгээдүүд оролцох ёстойг зааж өгсөн хуулийн заалтаар түр хорооныхныг хүртэл оролцуулсангүй. Шүүх хуралд ажиглагч гэдэг статус байхгүй. Ж.Батзандангийн яриад байгаа, 460 хоног зодсон энэ тэр шал худлаа. Байгаа бичлэг нь ердөө тэр юм. Хоригдлуудын хоорондоо зодолдож буй энэ үйлдлийг танхайрах, эрүүл мэндэд хохирол учруулах гэж л нэрлэнэ. Ганц Б.Содномдаржааг алгадсаныг эрүүдэн шүүлт гэж тайлбарлах гээд байгаа нь буруу. Үнэндээ, миний үйлчлүүлэгч нар эрүүдэн шүүсэн талаар мэдээгүй. Бүр хожим нь, нэг, хоёр алгадсан байна гэж мэдсэн. Гэтэл ялтан Б.Амгаланбаатар, н.Итгэлтөгс нар хүн зодчихсон шүү дээ. Тэгэхээр энэ үйлдэл нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр явна. Хэрвээ хүний биед гэмтэл учруулахгүйгээр зодсон бол сахилгын арга хэмжээг авдаг. Тагнуулын байгууллагын тагнан турших арга хэмжээ буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулсан гээд л. Тэрнээс биш тагнан турших үйл ажиллагаа явагдаж байхад нэгийгээ алгадлаа гэхээр тагнуулын ажилтан гүйж ороод “Одоо болиорой” гээд салгах боломжгүй. “Шууд зод, балба” гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Энэ нь ямар нэгэн байдлаар нотлогдохгүй. Манай үйлчлүүлэгчдийг “Шууд зод, нүд” гэсэн даалгавар өгсөн гэж буруутгаад байгаа. Ялтан Б.Амгаланбаатарын хүний амь хөнөөсөн гээд байгаа яриаг нь үнэн эсэхийг нь шалгах зорилгоор л Б.Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. Тэгээд сүүлд Б.Содномдаржааг мэдүүлгээ нотлуулах гээд нэг алгадсан нь эрүүдэн шүүлт биш шүү дээ. МҮОНРТ-ээр гаргасан тэр видео бичлэг л байгаа болохоос 360 хоног эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Тэр камерыг гэмт этгээдийг гэмт хэрэг хийснийг нь нотлохын тулд халхавчийн байгууллага болгож ашигласан. Халхавчийн байгууллага гэдэг нь хорих газар болон мөрдөн байцаагч нарыг ашиглаж болдог хуулийн заалттай” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн энэ үеэр Б.Хурцын үеэл эгч Н.Төгсжаргал, “С.Зоригийн хэрэг өчнөөн олон жил шийдэгдэхгүй явлаа. Яагаад шийдэгдэхгүй байна вэ гэвэл нууцын зэрэглэлтэй учраас тэр. Тэгэхээр бид өнөөдөр энэ хэргийг нууцын зэрэглэлээс нь гаргаж өгөөч гэж хүсч байна. Б.Хурц өнөөдөр яагаад хүмүүст буруутан юм шиг ойлгогдоод байгаа вэ гэвэл “тангараг өргөсөн” болохоор тэр. Б.Хурц өөрийнхөө ажил үүргийнхээ дагуу нууцын зэрэглэлтэй хэргийг ил гаргаж хэлэх эрхгүй. Үүнийг ойлгохгүйгээр “Б.Хурц л бүх юмыг нууцлаад, далдлаад байгаа юм шиг ойлголт өгч байна”. Ингэж нэг хүн рүү дайрах, хэргийн захиалагчийг илрүүлэхгүй байх зорилготой хүмүүс ард түмэнд буруу ойлголт өгч байна. Хуульзүйн сайд Ц.Нямдорж, Ж.Батзандан хуулийн дагуу шийдэгдээд, захиалагчийг илрүүлэх гэж байсан хэргийг замхруулах оролдлого хийж байна. Ийм учраас С.Зоригийн аллагын хэргийг 100 хувь ил болгоод, шүүх хурлаа нээлттэй явуулаач гэж хүсч байна. Б.Хурцын өмнөх Тагнуулын ерөнхий газрын даргын үед ч энэ хэрэг байсан. Тэр үед бас шийдэж чадаагүй. Тэр даргыг шоронд хийгээд, амыг нь хаасан. Одоо ахиад ийм үйл явдал давтагдаж байна. Б.Хурцыг байхгүй болгосон ч дараагийн Тагнуулын ерөнхий газрын даргад ийм явдал тохиолдоно. Тэр хүн ахиад ийм байдалд орно. Ийм байдлаар явбал энэ хэрэг хэзээ ч шийдэгдэхгүй, давтагдаад явна гэсэн үг. Үнэхээр хэргийг шийдье, үнэн мөнийг ольё гэж байгаа бол үндсийг нь олох хэрэгтэй. Хэн энэ хэргийг нуух сонирхолтой байгаа юм. Ил гаргахыг хүсэхгүй байгаад байгаа юм. Тэр хүнийг олох ёстой. Ингэлээ гээд энэ хэрэг шийдэгдэхгүй. Энэ хэргийг 100 хувь ил болгоод, шүүх хурлыг нээлттэй ил тод болгооч” гэж хүсэх байна гэлээ.