Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Бодит үнэнийг халхавчлах гэж том тоогоор бамбай хийгээд хэрэггүй

- Инфляцад дарлуулсаар хоёр хүн тутмын нэг нь ядуу болох вий -

 

Монгол улс хөгжиж буйг илтгэх ээлжит тоон үзүүлэлтүүдээ өчигдөр Үндэсний статистикийн хороо танилцууллаа. 2019 оны цаг хугацааны тоолуур гүйж эхэлснээс өдгөөг хүртэл төсвийн урсгал зардал буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 535.3 тэрбум төгрөгийн ашигтай гарч, сүүлийн нэг жилд ДНБ-ий өсөлт 7.3 хувьд хүрсэн нь сүүлийн таван жилийн үнэмлэхүй сайн үзүүлэлт аж. Инфляц 7.4 хувьтай байгаа нь Монголбанкны зорилтот түвшнээс даваагүй байна. За мөн гадаад худалдаа ашигтай гарч, төгрөгийн голлох валютуудтай харьцах ханш чангарсныг мэдээлэв. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд ийн сайн гарсан нь ОУВС болон бусад донор байгууллага, хөрөнгө оруулагчдаар ажлаа дүгнүүлдэг манай төр засгийн удирдлагуудын хувьд онц сайн авах үнэлгээ. Бас ч гэж хэвлэлийнхний өмнө хэлэх үгтэй, хийсэн ажилтай мэт харагдуулах тоонууд. Гэвч манай эдийн засгийн эерэг гэгдэх үндсэн үзүүлэлтүүд үнэндээ жирийн иргэд бидэнд огт хамааралгүй, хахаж үхмээр хуурай, чихэнд наалдацгүй санагддаг юм. Яг үнэндээ албан ёсны гэгдэх энэ мэт гангар шаазан шиг хэврэг тоонуудыг сонсохоор сэтгүүлчийн хувьд ч, иргэний хувьд ч үнэхээр дургүй хүрдгээ нуух юун. Гэхдээ статистикийн тоонуудыг ор тас үгүйсгэх гэсэнгүй. Тэнд ажиллаж, тэндээс амьдралаа залгуулж байгаа хүмүүс хийх ажлаа л хийж буй. Манай статистикийн байгууллага бас ч гэж олон улсад нэр хүндтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

 

Харамсалтай нь, жирийн иргэд бидэнд хамаатай тоон утгууд дэндүү баргар. Өнгөрсөн сарын байдлаар манай улсын нэг өрхийн сарын дундаж орлого 1.2 сая төгрөг болж өсчээ. Гэвч зарлага нь 1.3 сая төгрөг. Эдийн засагчид, судлаачдын дүн шинжилгээнээс үзвэл өрхийн зарлага орлогоосоо давдаг байдал олон жил үргэлжилж буй. Зарлага ийн давахад ихэнхдээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, түлш шатахууны үнэ голлон нөлөөлдөг. Харин энэ удаад махны үнэ үнэмлэхүй жин даржээ. Статистикаас харвал, монголчуудын стратегийн хүнс болох махны үнэ сүүлийн нэг жилд 34.6 хувиар нэмэгджээ. Хэдийгээр жил жилийн хавар махны үнэ нэмэгддэг ч зун болоход эргээд буурдаг. Бэлчээрийн мал аж ахуйтай учраас улирлын эл хамаарлыг яалтай ч билээ. Гэвч энэ жил урьдын энэ жишиг гажих нь. Ялаа шавсан халуун зунаар махны үнэ олигтой буурсангүй. Одоо хичээл, сургууль эхлэх цагаар л бага зэрэг бууж магад хэмээн зүдэрсэн иргэд хүлээж байна. Яагаад гэвэл, махны үнэ тэнгэрт хадаж, магнагт гарсан нь арай гэж 1.2 саяд хүрсэн өрхийн орлого зарлагаа гүйцэхгүй байх нэг шалтгаан болж байгаа юм. Хөдөө аж ахуйн бодлого нь салан задгай,түүхий эд бэлтгэн нийлүүлэх нэгдсэн сүлжээгүйн балаг өдгөө жирийн иргэдийн нурууг хотойлгож, харин ченжүүд гэх гадна, дотнын албан бус худалдаачдын зоог тэнийлгэж буй. 

 

Албан ёсны байгууллагын судалгаа дүгнэлтээс үзэхэд өнгөрсөн хэдэн жилд “бодит дундаж цалингийн өсөлт 2010, 2013 онд инфляцаас өндөр, бусад жилүүдэд инфляцаас бага байсан нь нэрлэсэн дундаж цалингийн худалдан авах чадвар зөвхөн 2010, 2013 онд өссөн, бусад жилүүдэд буурсныг харуулж байна. Нэрлэсэн дундаж цалин ийн үнэгүйдсэн нь тухайн жилд инфляц өндөр, нэрлэсэн дундаж цалин бусад оноос бага хувиар нэмэгдсэнтэй холбоотой” аж. 
Үүнээс гарах эцсийн дүгнэлт нь, ажилгүйдэл буурах буюу ажил эрхэлж буй иргэдийн тоо өсөх нь ядуурлын түвшинг буурахад харьцангуй бага нөлөө үзүүлж байгаа хэрэг. Энэ нь иргэдийн цалин, орлого инфляцтай уялдаж, хангалттай хэмжээгээр өсдөггүй гэсэн үг.
Дэлхийн банк болон ҮСХ-ноос саяхан танилцуулсан “Ядуурлын дүр төрх 2018” судалгаанд дурдсанаар нийт хүн амын 28.4 хувь нь ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл, тэд сард 166-гаахан мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулдаг. Харин тэдэнтэй ижил түвшинд амьжиргаа нь уруудах эрсдэлтэй хагас сая орчим хүн Монгол Улсад бий. Тодруулбал, хүн амын 14.9 хувь нь нэмээд эдийн засгийн бага зэргийн савлагаа, байгалийн гамшиг, эрүүл мэнд, үнийн өсөлтөөс болж ядуучуудын эгнээнд орох эрсдэлтэй хэмээн ҮСХ-ны дарга А.Ариунзаяа уг судалгааны талаар цахим сүлжээгээр танилцуулсан. Гэтэл дээрх эрсдэлүүд манай эдийн засагт байнгын гэмээр үзэгдэл болсон. Бараг хоёр хүн тутмын нэг нь ядуу болох эрсдэлтэй нөхцөлд бид амьдарч байгаа гэсэн үг.


Хэврэг эдийн засаг, баргар амьжиргааг өөр нэгэн баримтаар зураглая. Иргэдийн хэрэглээ хэтэрхий хоёр туйлд хуваагдаж буйг илтгэх жини коэффициент гэж бий. Уг тоон утга нэг гэсэн утгад ойртох тусам хэрэглээний тэгш бус байдал их, харин 0-рүү дөхүү бол орлогын хуваарилалтад ялгаа бага байгааг илтгэдэг юм.

Хүснэгтээс харахад уг үзүүлэлт нэмэгдсэн нь баян, ядуугийн зааг тэлж буйг илтгэнэ. Улсын дунджаар жини коэффициент өмнөх оны мөн үеэс 0.005 нэгж, өмнөх улирлаас 0.018 нэгжээр нэмэгдсэн байна.

Тайлбар: Жини коэффициент нь хүн амын хэрэглээний тэнцүү бус хуваарилалтыг илэрхийлдэг.

Тоон утга нь нэг гэсэн утганд ойртох тусам хэрэглээний тэгш бус байдал өндөр, харин 0-рүү дөхүү бол орлогын хуваарилалтанд ялгаа
бага байгааг илэрхийлнэ.

 

Хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.4 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.5 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг харуулж байгаа хэрэг юм. 
Мөн ажилгүйдлийн түвшин 10.1 хувьтай байгаа ч ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал газар авсаар байгаа. Үүний бодит жишээ нь хамгийн бага орлоготой өрхийн хүнс тэжээлийн дэмжлэг 2017 онд 26 мянган өрхийн 138 мянган иргэн хамрагдахаар төсөвлөсөн хөрөнгө хүрэлцээгүй учраас 2017 оны арваннэг, арванхоёрдугаар сараас хоёр дахин нэмэгдүүлж, нийт 52.3 мянган өрхийн 288.6 мянган иргэн хамрагдах тооцоо гарч байснаас харж болно. Энэ бол чадваргүй эрх баригчид, замбараагүй халамжийн бодлогын үр дагаврыг илтгэх нэг л тоон үзүүлэлт. Гэтэл манай улсад 72 төрлийн халамж хэрэгжүүлж, жилд бараг 700 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Олиггүй энэ бодлогыг гаднынхан дүгнэхдээ манай улсыг төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зарцуулдаг гээд, 200 орчим улсаас 124 дүгээрт эрэмбэлсэн байсныг судлаачид онцолсон байна. Тиймдээ ч олон улсад өрсөлдөх чадвараараа өнөө жил сүүл мушгиж, Венесуэлийн өмнө орсон явдал.


Ийнхүү эдийн засгийн том том тоо энгийн иргэдэд хүртээлгүйг илтгэх баримт дуусахгүй нь. Харин үүнд шинжээчид ямар хариулт өгөх бол. 
Япон улс дахь Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны “Erina” байгууллага болон МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн эрдэмтэд эдийн засгийн энэ их өсөлт амьжиргааны түвшинд ямар нөлөө үзүүлдгийг судалжээ. Гэтэл ДНБ өсөх нь ядуу өрхүүдийн амьжиргаанд өчүүхэн бага хэмжээгээр нөлөөлдөг бол бусад өрхөд бараг л нөлөөлдөггүй аж. Зүйрлэвэл, аль нэг аймгийн ДНБ 10 хувиар өсөхөд ядуурал дөнгөж нэг пунктээр л өснө гэсэн үг юм. Өөр нэг сонирхолтой үр дүн бол, 2010 оноос хойших цалингийн бодит өсөлт нь хүн амын чинээлэг хэсэгт илүү нөлөөлжээ.


Бамбай болгож барьдаг том тоонуудын цаад талд бодит байдал ийм л байна. Сүүлийн сонгуулиас хойш гадаад орчин таатай, төсөвт дэмжлэг болж, экспортыг тэтгэж буй ч жирийн иргэд зутруу хэвээрээ, ядуурлын шугамын эргэн тойронд төвлөрөл саарсангүй. Иргэн баян бол улс баян гэж үг бий. Гэвч энэ үг яагаад ч юм манай улсад л огт тохирдоггүй. Эдийн засгийн өсөлт нь иргэддээ хүртээмжгүй. Арга ч үгүй биз. Эдийн засагт цутгаж байгаа мөнгө үйлдвэрлэлийн салбараар дамжиж, нэмүү өртөг шингээж байж бүтээмж бий болгож, иргэдэд наалддаг. Үүний тулд эдийн засгийн бүтцийн хувьд солонгорох учиртай. Түүнээс биш, хилийн чанадаас орж ирсэн мөнгийг хавтгайруулан тараачхаад ДНБ-ийн өсөлт ярих нь дэндүү харанхуй хэрэг. Оронд нь, толинд ойсон дүрс-Венесуэлиэ харах нь бодит байдалд илүү нийцнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com