“Адмон принт” компанийн менежер М.Загдсүрэнтэй номын тухай яриа өрнүүллээ.
-Хүн болж төрснийх хүүхэд төрүүлэх, ном бичих, мод тарих хэрэгтэй гэсэн үг байдаг. Ном бичээд хэвлүүлэхээр зорьж ирж байгаа хүмүүст та юу гэж зөвлөдөг вэ?
-“Адмон групп” ном хэвлэлийн бүхэл бүтэн ертөнц. Номын агуулга бэлтгэдэг “Мон судар” гээд хэвлэлийн газар бий. Номоо борлуулах “Интерном их дэлгүүр”, ном хэвлэх нь “Адмон принт” юм. Ном хэвлэх гэдэг өөрийн соёлтой. Хэдэн насны, ямар хүнд зориулсан гэдгээс номын соёл эхэлдэг. Бүх хүнд зориулагдсан ном гэж байхгүй. Чиглэлээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Ном ямар ч хүнд ойлгомжтой үг хэллэгээр бичигдсэн байх шаардлагатай. Хүмүүст ойлгогдох түгээмэл үг хэллэгээр бичигдсэн, мэргэжлийн болон олон улсын хэмжээнд хэрэглэгддэг үг хэллэгүүдийг тайлбарласан байх учиртай. Номын агуулга, хийц хэлбэр хэмжээтэйгээ адилхан байх ёстой. Орчуулга маш чанартай, монгол хүний санаанд нийцсэн байх, найруулга, үг үсгийн алдаагүй байх ёстой. Номын хавтас худалдан авагчдын нүдэнд шууд тусдаг учраас маш чухал. Уншигч номыг худалдан авахад хавтас их нөлөөлдөг. Номын хавтаснаас нь шалтгаалж 40 хувь нь худалдаж авдаг гэсэн олон улсын судалгааны дүн байдаг.
Би ном хэвлүүлэхээр ирж байгаа хүмүүст ингэж зөвлөдөг. Үсгийн шрифт нь хүнд ойлгомжтой, уншихад амар байх ёстой гэдэг талаас нь хэлдэг ч заримдаа хүмүүс энэ зөвлөгөөг төдийлөн ойшоохгүй үе ч байдаг. Стандартын дагуу хэвлэчихвэл номын сандаа өрөхөөс авхуулаад хялбар болно л доо. Номын мэдээллийг маш зөв өгөх хэрэгтэй. Гадаадад бол номын хавтас цулгуй хоосон байна гэж үгүй. Номын мэдээллээ тавьсан байх ёстой. Номын ур хийц, зураг чимэглэл, номын нүүрэнд хэрхэн зохицож байгаа, үг үсгийн фонд, текстийн байршил, гарчиг, агаар зэргийг анхаарах учиртай.
Номын хавтас, наалт, агуулгатайгаа зохицсон байх ёстой. Хүн ном уншиж байгаад дэлгэж тавих гэхээр эргэж буцаад байхгүй байх нь номын ур хийцийн асуудал.
-Зарим номыг уншиж байхад хуудас нь салчих гээд байдаг. Тэр нь юунаас шалтгаалдаг вэ?
-Номын хэвлэлтийн чанараас шалтгаалдаг. Манайх бол япон наалтын машин ашигладаг. Түүнээс гадна хатуу хавтас нь номын насжилтыг уртасгадаг. Хатуу хавтастай хийсэн тохиолдолд заавал оёно. Оёотой бол хуудсууд нь салахгүй гэсэн үг.
-Мон сударын хүүхдийн номуудын зураг нь өвөрмөц, маш олон өнгө будгаас бүрддэг. Хүүхдийн номын тэр их нарийн өнгүүдийг хэвлэхэд хэвлэх үйлдвэрээс онцгой чадвар шаардагдах уу?
-Номыг чин сэтгэлээсээ хийсэн байх ёстой гэж бид үздэг. Номын үсэг, хавтас, зураг бүх юмыг чин сэтгэлээсээ хийж байж тухайн ном амьд болдог. Хуулбарласан, амьгүй зурагтай номууд их байдаг. Хүүхэд энэ түүхийг уншаад юу төсөөлөх бол гэж зураач бодож байгаад, хүүхдийн өмнөөс төсөөлж зурж байгаа зурагнууд энд тэндээс хуулбарлаад авчихсан зураг газар тэнгэр шиг ялгаатай байдаг.
Бага насны хүүхдийн сэтгэхүй томчуудынхаас их өөр. Сэтгэл шингэсэн тэр бүтээлүүдийг хүссэн өнгө, будгаар нь буулгах нь чухал. Манайд хүмүүс ирээд эхээ хэвлэж байхад нь харж болдог. Эхээ баталдаг, тэр дагуу нь хэвлэдэг. Манайх үйлдвэрээ өргөтгөсөн. Хүчин чадал маань сайжирсан. Ямар ч нарийн зурагтай номыг хүссэн өнгө, будгаар нь хэвлэж байгаа.
-Танайх япон хэвлэх машин оруулж ирсэн гэсэн. Олон улсын хэвлэх түвшинд хүрсэн гэсэн үг үү?
-Манайх “Комори” гээд Японы хэвлэлийн шинэ машин оруулж ирсэн. Монголын ном хэвлэх үйлдвэр шинэ түвшинд очиж байгаа гэсэн үг. Бид олон улсын ISO9001 стандартыг хангаж ажиллаж байгаа. Хамгийн орчин үеийн дөнгөж үйлдвэрээсээ гарсан Японы Комори машиныг сонгосон. Монголд анх удаагаа ийм чанартай, том хэмжээний машин орж ирж байгаа. Хүчин чадал маань хоёр, гурав дахин нэмэгдээд, номын зах зээлд маш том байр суурьтай болж байна. Манай хамт олон номоор мэргэшиж, номын агуулга, орчуулга, хэвлэх, борлуулах ном тойрсон бүх үйлчилгээг иж бүрнээр нь хийх зорилго маань хангагдаж байна.
-Хүмүүс ярьдаг байсан л даа. Олон тоогоор, шуурхай хэвлэх шаардлагатай болоход манай хэвлэх үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэхгүй, сурталчилгааны материалаа урагшаа зөөж хэвлүүлдэг гээд. Манай үйлдвэрүүд одоо ачаалал даагаад, шаардлага хангасан түвшинд, харьцангуй хямд үнээр хэвлэж чадаж байгаа юу?
- Манайх дэлхийн жишигт хүрсэн хамгийн том машин авчирсан учраас илүү үнэтэй хэвлэнэ гэсэн ойлголт байхгүй. Чанараар илүү ч үнэ өртөг бусад хэвлэх үйлдвэртэй ойролцоо байгаа. Хурдан түргэн, баталгаатай хэвлэж өгнө.
-Хамгийн ачаалалтай үе хэзээ байдаг вэ?
-Ер нь манайх захиалга тасардаггүй шүү. Сурах бичиг хэвлэх, сонгуулийн үед илүү ачаалалтай, ээлжээр ажилладаг л даа. Бусад үед ч ажил зогсохгүй. Зун ч ургийн номууд, ойн номнууд байнга хэвлэгдэж байдаг. Намар болохоор их сургуулийн багш нар оюутнууддаа өгөх гээд номоо хэвлүүлдэг.
-Онцгой содон тохиолдлууд байсан уу, өөртөө зориулаад ганцхан хувь ном хэвлүүлж болох уу?
-Ганц хувь ном ч хэвлэдэг. Дижитал хэвлэл гээд принтерээр гаргадаг тусдаа ном бий.
-Сүүлийн үеийн зохиолч нарын бүтээлээс хамгийн олон хувь хэвлэгдэж байгаа нь ямар ном байна?
-Хатдын тухай номууд байна. “Мон судар” хэвлэлийн газраас эрхэлж байгаа хамгийн сүүлийн ном нь Мишель Обамагийн намтар Becoming: Миний түүх. Хэвлэгдээд гарангуут нь манайд хоёр сарын дараа хэвлэгдэж, “Интер ном” их дэлгүүрт бестселлер болоод явж байна.
-Өмнө нь гадаадад мундаг зохиол гарахад монгол хэл дээр олон жилийн дараа олж уншдаг байсан. Мишель Обамагийн ном гэхэд хавтас хэвлэлт нь жинхэнэ эхээсээ хэр ялгаатай вэ?
-Адилхан. Зарим хүн бүр гадаадад монгол хэлээр хэвлээд аваад ирчихсэн юм биш үү гэж гайхсан.
-Шинэ номоо хэвлэгдэж гарч ирэхэд хүмүүс янз бүрээр хүлээж авдаг уу?
-Мэдээж өөрийнх нь бүтээл болохоор догдолж хүлээж авдаг хүмүүс олон. Манайд номоо хэвлүүлсэн нэг эмэгтэй “Тэнгэр лүү хар даа. Нисч яваа хүн байвал тэр чинь, би” гэж байсан юм.
-Хамгийн олон удаа хэвлүүлсэн ямар хүмүүс байдаг вэ?
-Жилд 1000-2000 ширхгээр хоёр, гурван удаа хэвлүүлж байсан хүмүүс бий. Зохиолч Б.Сарантуяа, Б.Батрэгзэдмаа, Б.Шүүдэрцэцэг, Р.Эмүжин нар бий. Сүүлийн үед хараад байхад хатдын тухайн ном их хэвлэгдэж байгаа. Олон удаа хэвлүүлдэг зохиолч нар маань сүүлдээ ирж захиалга өгөхөө байгаад, утастаад “За, нөгөө номоо тэдэн ширхэг явуулчих” гээд хэлдэг болсон. Номоос гадна цаасан дээр хэвлэгддэг бүх зүйлсийг бид хэвлэдэг. Ном, сонин, шошго, урилга бүх л юм хэвлэдэг. Хүмүүс “Адмонд хэвлүүлэв” гэж бичүүлж авах дуртай. “Танайхыг үнэтэй байх гэж бодоод байсан чинь миний хэвлүүлж байсан газраас хямд юм байна” гэсэн хүмүүс ч ирдэг. Одоо Халх голын дайны тухай ном хэвлэгдэж байгаа.