Гуч гаруй жил Монгол орныхоо бүх аймаг, сумаар явж хөгшидтэй уулзаж, амьдрал судалсан, гарын таван хуруунд тоологдох чансаатай хэдхэн угсаатан судлаачийн нэг, доктор Д.Тангадтай ярилцлаа. СУИС-аас түүний “Монголын угсаатны зүйн хээрийн судалгаа” хэмээх таван боть номыг эрхлэн гаргажээ. Эндээс аль 1960-1970-аад оны үед жар, дал, наян настай байсан хөгшдийн үг, амьдрах ухаан ханхална. “Угсаатны зүйн судалгаа гэдэг амьдрах ухаан л байдаг юм. Монголын нүүдэлчдийн соёл ямар онцлогтой, хоол унд, хувцас, орон сууц нь ямар байсан юм. Хурим яаж хийдэг, хүнээ яаж оршуулдаг байв. Хүний амьдралын төрснөөс үхэх хүртэл замд тааралддаг бүх л зан үйлийг дайрч өнгөрдөг, тойрдоггүй шинжлэх ухаан юм” хэмээн СУИС-ийн Соёлын сургуулийн багш, доктор Д.Тангад тайлбарласан. Түүнтэй ийнхүү ярилцлаа.
-Таны бүтээлд хөгшдийн яриаг авч үлджээ. 1970-1980 онд жар, дал, наян настай байсан ахмадуудаас амжиж асуугаад үлдээсэн гэдэг өнөөдөр бол олдошгүй үнэт зүйл болсон байна?
- 1978-2014 оны хооронд бүх аймгийн улсуудын яриаг цуглуулсан. Малаа маллаж явахдаа надад домын тухай ярьж байсан 1976 оны наян хэдтэй хөгшчүүлийн хүүхдүүд одоо жар гарсан улсууд “Аав нэг тийм юм хэлдэг байсан даа” гээд тун бүдэг бадаг юм авч үлдсэн байдаг.
-Та сэтгүүлч шиг л ажилладаг байж. Тухайн үедээ үзэг цаастай л нөхөрлөдөг байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. 18 орны улстай хамтарч судалгаа хийлээ. Эхний хэдэн жил Зөвлөлтийн хэдэн судлаачид ирж, Монголын соёлтой танилцах ажил хийж явдаг байсан даа. Ганц барьдаг юм нь үзэг, цаас шүү дээ. Цаасан дээр бичсэн юмаа архивлаад, Түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн фондод тайлангаа өгөөд л явсан. Тэр дотроосоо судалгаагаа хийгээд, номоо бичээд гаргасан. Эхлээд торгуудад очоод ярьж суухад ухав гээд яриад байх юм. Ухав гэж юугаа хэлдэг юм бол гэсэн чинь гарынхаа хумсыг хэлдэг юм байна. Хумсаа одоогийнх шиг мөлчийтөл авдаг байсан бол морио яаж чөдөрлөх вэ, сураа яаж элдэх вэ, хумс зэвсэг нь болдог байж. Бахьтайгаа яваа гэсэн үг. Монгол хүн бээлий хэрэглэдэггүй, урт сайхан нударгатай. Дээлийнхээ сугыг уужим хийдэг байж, морио ташуурдахад суга нь ханзраад байдаггүй. Тийм их соёлыг тээгээд бидний үед ирж дээ. Монголчууд хоол унд идчихээд нэг бол тохойдоо, үгүй бол хоёр мөрөндөө гараа арчдаг байж. Бусад орны судлаачид үүнийг нь монголчууд ийм балиар, хэнд хэрэгтэй юм бэ гэдэг байсан. Яагаад тохойдоо арчдаг байсан гэхээр монгол дээлийн тохой, мөр нь эхэлж цоордог. Түүнийгээ тосолж байсан хэрэг. Өөрөөр хэлбэл эдэлгээг нь уртасгаж байж. Хамгийн энгийн арга.
-Монголчууд ариун цэвэр хэрхэн сахиж ирсэн нь сонин байна л даа?
-Дэлхий эрүүл байж. Японд тухайлбал ус шиг их юм алга. Манайд тэр ус чинь чандмань эрдэнэ. Хүн болгон байнга угааж арчаад байвал дэлхийн усыг хэн хайрлах юм. Монголчууд л хайрлаж ирсэн. Монголчууд аягаа яагаад долоодог гэхээр цай, тараг уунгуутаа аягаа угаагаад байвал тэр айлынхан хэдэн өдөр ус зөөх вэ. Эрүүл орчинд яваа эрүүл хүнээс хөлс л гарна. Хөлс бузар юм бол одоо яагаад соёолонгийн хөлс рүү дайраад байгаа юм бэ. Тэр үеэс одоо олон юм өөрчлөгдсөн. Дэлхийгээ дагана шүү дээ хө. Тэр битгий хэл хурдан морины биед байдаг олон шинж одоо байхгүй болсон. Дэлхий чинь өөрөө хүн шиг зовж байна шүү дээ. Бактер устгагч гээд баахан юм хэрэглээд байна. Шенгений орнуудын бактергүй хүүхдүүд нарны, тоосны, усны гээд баахан харшилтай. Өөрт хэрэгтэй нянгаа биеэсээ зайлуулчихаар юунд ч хүрч болохгүй хачин юм үлдчихээд байдаг. Тэгээд монголчуудыг судлаад байгаа хэрэг. Байгальтайгаа зохицож амьдардаг, малтайгаа зууралдсан энэ хүмүүст нарны хордлого байж уу гээд судалдаг. Дэлхий нэг л нартай. Хордохдоо хүрвэл адилхан хордоно. Хэн илүү хордож байна вэ. Ашигтай бактериа өөрөөсөө цэвэрлэснүүд нь л аргаа бараад байна шүү дээ.
-Та олон орны эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийсэн гэдэг. Гадныхан монголчуудын юуг нь судалдаг юм бэ?
-Амьдрах ухааныг нь судалдаг юм. Бөөрөнхий жижигхэн гэр дотроо бүгдээрээ нэг шөнө унтахад аав, ээж хоёр нь сексээ хийж байхад хүүхдүүд яаж хамт байж чадаж байна вэ гэдгийг судалдаг юм. Цагаан сараа яаж хийдгийг судалдаг. Болдоггүй гэж хэлдэг бүхнийг монголчууд болгоод амьдраад ирсэн. Тэр ухааныг манайхнаас судлах гэж ирдэг. Тэнгэрээ шүтдэг монгол хүн зовхи өөдөө явдаг. Нэг хэсэг бид гадныхныг дагаж судалгаа хийдэг байсан. Одоо түүх, археологи хоёр дээр биднийг дагаж судалдаг болсон. Аргал түүсэн, араг үүрсэн савар барьсан хүн цөөдөөд ирэхээр хэцүү болж байна. Гялгар уут, брезент байгаагүй. Энэ олон зуун жил хур бороог юугаар хааж ирсэн юм. Аргалын утаа шүү дээ. Олон жил барьсан эсгий аргалын утаандаа дагшраад, дээрээс ирсэн ус эсгийд нэвтэрч орохгүй. Тэнд цагаан эрвээхэй үржихгүй, ус орж ялзрахгүй. Тулганы гал харж өссөн хүүхэд нүдэндээ галтай байдаг. Олимпын гал гээд сүйд болдог. Тэр гал манай малчин болгоны гэрт дүрэлзэж байсан. Би өөрөө ч ил гал харж, сүүгээ ууж, мах идэж, тоглож өссөн. Зовхи өөдөө байдгийн учир тэр. Улс болгоны соёлыг авч явж хөтөлдөг юм нь гал байдаг.
Монголын соёлыг хөтөлдөг зүйлсийн нэг таван хошуу мал. Тэр дундаа ноос, өөрөөр хэлбэл эсгийний соёл агуу. Эсгий хийх үеэрээ хэний охин ажилсаг байна, хэний хүү залхуурч байна гээд тэр голынхон бүх хүүхдээ шинждэг. Цагаан сар цус ойртолтоос хамгаалах арга, ураг төрлөө мэдэх баяр. Баяр баясгалан, хүүхэд төрөх, оршуулга, мал маллагаа, тэнгэр унших соёл, газартай нь судлаад ирэхээр Монголд төрсөндөө магнайдаа цав суутал баярладаг. Монголын хууль гурав хоног гэдэг. Нүүдэлчдийн хувьд цаасан дээр бичсэн хууль биелүүлэхэд хэцүү байж. Орон нутаг нь бичил ялгаатай. Архангай, Хэнтий, Ховд, Өмнөговь бүгд ялгаатай. Орон нутгийн онцлогтоо тохирсон арга ухаан, соёлоор амьдардаг байж. Бүгдийг нь нэгтгээд хаячихаар олон юм болохоо байж. Нэгдэл байгуулахад давуу тал ч байсан сөрөг тал ч байсан. Ямааны суурь, адууны суурь, тэмээний суурь гээд таван хошуу малыг төрөлжүүлэхээр болдоггүй юм байна. Хоёр хонины дунд нэг ямаа орж унтдаг. Тэгснээрээ ямаа хээл хаядаггүй. Удахгүй хонины ноос ямааны ноолуураас үнэтэй болно. Ноосыг дулаалгад хэрэглэх болсон. Онгоцны дулаалгад хамгийн тохиромжтой нь хонины ноос гэдэг. Монгол хонь шиг дулаан ноостой хонь ховор. Монголчууд цаашдаа ч малынхаа буянаар амьдарна.
-Тангад гэж нэр тань ямар учиртай вэ?
-Нэр цаг үетэйгээ холбоотой шүү дээ. Ухаан нь би 1940-өөд онд төрсөн, Бурхан халдунаас нүүж очсон урианхайчуудын удам. Баруун Алтайд Говь-Алтайн Тонхил сум бий. Тэр сумынхан 1940-1950-иад оны үед хүүхдэдээ угсаатны нэрүүдийг өгдөг моод байжээ. Ухаан нь олон хүүхэдтэй айл том хүүдээ СССР (Тухайн үеийн Зөвлөлт холбоот улс) дараагийн хүүхдээ Чантуу, Урианхай, Хасаг, Торгууд, Өөлд гэж нэрлэсэн байх жишээтэй. Яг тэр үед миний дээд талын ахыг Түвд, намайг Тангад гэж нэрлэж л дээ. Тангад гэдэг нь том үндэстний л нэр шүү дээ. Чингис хаан аян дайн хийж байгаад өөд болсон Тангад гэж том улс үндэстэн байлаа.
Би айлын бага. 1955 онд сургуульд ороод, тэр үеийнхээ жишгээр дунд сургуулиа төгссөн дөө. Зөвлөлтөд Москвагийн Нэхмэлийн дээд сургууль гар зургийн ангитай, одоогийн дизайнеруудыг бэлтгэдэг уран зургийн сургуулийг төгссөн. Таван жил ажиллаад, ШУА-д тухайн үед Хөнгөн ба хүнсний үйлдвэр гэж байлаа. Яамны сайд нь Паавангийн Дамдин гэж хожим Хөдөлмөрийн баатар болсон хүн байв. П.Дамдин сайд, Б.Ширэндэв гуай хоёр ярилцаад, намайг хүчээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнд угсаатны зүйн судлаач болгосон. Яагаад гэвэл тэр үед фото зургийн аппарат ховор. Зураач хүн нэг аймгийн музейд очоод ховор эд таарахад хурдхан зураад авна гэсэн юм байж.
-Таны номонд гар зургууд харагдаад байсан юм аа?
-Тэр миний зурсан зургууд.
-Сонин шалтгаанаар таны мэргэжлийг сольчихсон юм байна шүү дээ?
-Ардын язгуур соёлыг судална гэхээр ямар сонирхолтой юм судлахаа мэдэхгүй гайхасхийгээд орж байсан. ШУА-ын Түүхийн хүрээлэнд Монголын Угсаатны зүйн тасагт ороод байнга хөдөө судалгаа хийж явдаг. Гуч гаруй жил судалгаа хийлээ. Монголынхоо бүх аймгуудаар явсан. Гурав, дөрвөн аймгийн бүх сумдад ажилласан. Жар хоног ч явах үе байсан. Хамгийн багадаа 21 хоног, сараар явна.
-Та монгол домоор соёл судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан юм билээ. Хамгийн түгээмэл хэрэглэдэг дом юу вэ?
-Одоо ч хэрэглэдэг усаар ширэглэх, хүүхдээ үдэш авч гарахдаа хар халзан туулай болгоод гардаг. Хүүхдийн уяа гэж асар сайхан юм байж. Уяж өсгөсөн хүүхдийг судалсан. Манай П.Дагвасүрэн арслан, Х.Баянмөнх аварга эд нар байна. Уяатай өссөн хүүхэд зогсолт сайтай бөх болдог. Уяатайгаа хоёр, гурав хоног уйлж зүтгэж байгаад дасчихна. Бугын голхи гэдэг (эрүүнээс аваад, өвчүүний бүдэрхий хүртэл зөөлөн нимгэн арьс) цээжний хэсэг арьсаар хүүхдийн уяа хийдэг байж. Хүүхдийг тэвчээртэй хатуужилтай болгоно. Хүний эрх ярьдаг өнөөгийн нийгэмд хүүхдийн эрх чөлөөг хязгаарлаж болохгүй л гэх байх. Гэхдээ монголчуудын эрхэлж байсан аж ахуйтай олон зан заншил холбоотой. Хүүхдээ тэврээд юм хийхгүй сууна гэж байхгүй, хүүхэд асрагч гэж малчин айлд үгүй. Хүүхдээ уяж орхиод идэх уух юмыг нь дөхүүлж тавьчхаад, малдаа явдаг. Аргалаа түүнэ, тэмээгээ усална. Сүүл хөхөж, уяатай суусан хүүхэд хэчнээн сайхан хүн болдгийг өндөр өвгөд хэлдэг. Энэ бүхнийг Монголын соёл гэж ойлгоод, шинжлэх ухааны үндэслэлийг нь судалдаг.
Монголчуудыг дэлхийн хүмүүс сүүлчийн нүүдэлчин ард түмэн гэдэг. Цыгануудын болон Африкийн нүүдэл өөр л дөө. Тэд манайх шиг жилийн дөрвөн улиралд малтайгаа хүнтэйгээ нүүдэггүй. Эх дэлхийгээ хайрлах зан үйл, агуу соёлыг тээж байгаа учраас нүүдэлчин гэдэг. Гадаадын жуулчид тасрахгүй ирдэг нь үүнтэй холбоотой.
-Дом гэдэг маань юу юм бэ, ямар нэг тусгай арга ухаан, ид шид үү, мухар сүсэг үү?
-Дом яагаад бүрхэг үлдсэн гэхээр домын зан үйлийг социализмын үед үзэл сурталтай холбож хорьсон. Домыг манай судлаачид тойрдог байсан юм. Домыг гардаж судалж, хамгаалсан хүн надаас өөр байхгүй шүү. Домыг энгийн үгээр хэлбэл амьдрах ухаан л юм. Амьдрахын тулд тохиолдож байгаа зовлонг туулж байгаа арга чарга замыг дом гэж хэлээд байгаа юм. Дом бас хүнтэй хамт төрсөн, байгальтайгаа, хүн хүнтэйгээ харьцаж байгаа агуу соёл. Байгаль хүн гурав нэг гурвалжин байдаг. Энэ гурав бие биенээ нөхдөг юм. Хүн газар тэнгэрээ шүтэж байж, тэнгэрийг унших, газрыг ойлгох соёл, мал хүн хоёр байгалиа эрхшээж хайрлаж явсан ухаан өнөөдөртөө арай нэг алга болчхоогүй байна. Гэхдээ эгзэгтэй юм их байна. Уул уурхайн компаниуд монголын соёлыг зарим талаар их эвдэж байна. Олон дом бий. Би 2000-аад дом цуглуулсан.
Монгол домын судалгаа сэдвээр доктор хамгаалсан. Монгол домоо судалж байж дэлхийн ард түмний домтой харьцуулна. Жишээлбэл монголчууд хурим хийхдээ сондгой тоотой очоод тэгш болоод ирдэг. Надтай олон жил хамтарч судалгаа хийсэн Польшийн ард түмний хуримын зан үйл гэхэд хуримын эхний бүжгийг доголон болж хийнэ. Нэг хөл дээрээ явж хийдэг. Тэгэхээр тэгш сондгойгийн ойлголт, арга билгийн ойлголт энэ бүхэн зарим соёл нь дэлхийн ард түмэнтэй адилхан. Гэхдээ монголчууд тэдэнд заасан л байдаг юм. Ер нь улс орон ямар байх ёстой юм, соёл нь ямар байх ёстой юм, тэнгэр, газраа яаж хайрладаг юм гэдгийг дэлхийн ард түмэнд монголчууд заасан шүү дээ. Түүний хамгийн том сэдэв нь монгол дом.
Байгалиас олж авсан ухаарал туйлын үнэн. Монголчууд эрхлэх аж ахуй, оюун ухаанаараа байгальтай харьцдаг байж. Нүүхгүй гээд байж байтал нүүхээс өөр аргагүй болоход урд өдөр нь өрхөө аваад, нохойдоо ачаалаад жаахан яваад, тулгаа гаргаж хээр аргал унгасгаад, нүүх өдрөө ямар ч саадтай байсан нүүгээд явчхаж байгаа юм. Монгол домыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах цаг ойртож байна. Малын сэтгэлзүй гэж бичихээс өөр аргагүй гэж би боддог юм. Үнээ тугалаа голохоор тугалыг нь нохойтой хамт холбож байгаад нохойгоо зодоход үнээ жигтэйхэн уурлаад, хүрч ирээд тугалаа үнэрлээд, хөхүүлээд зогсдог. Түүнийг нь мэддэг малчид олон.
Жишээлбэл хүүхдийн ам гэмтэхэд нагацын халуун амгайгаар домнодог гэдгийг дуулсан л байх. Нагац гэхээр эхийн талын найдвартай хүн, амгай гэхээр морины хазаарын амгай, морины аманд байсан төмөрт адууны шүлс урвалд ороод ямар бодис болчихсоныг, бактери дээр аваачихаар эдгэж байгааг дом л гэж байсан. Гэтэл шинжлэх ухаанаар тайлбал энгийн зүйл. Шүлсэнд нь нян устгагч бодис байдаг гурван амьтан бий. Нохой, хүн, адуу. Адуу яагаад бусад малаас онцгой гэхээр тэмээ, үхэр шиг хивдэггүй. Тэр малын аманд нян устгадаг маш хүчтэй бодис байна. Адууны шүлсэнд байгаа нянгаар хүүхдийн аманд байгаа нянг устгаж байгаа хэрэг.
-Орчин үед угсаатан судлаач юу судалдаг вэ?
-Шинэ соёлоо л судална шүү дээ.