Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
[УЛААН ХУВЬСГАЛЫН БОСГОН ДЭЭР, ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ УЛСЫН] АНХНЫ ҮНДСЭН ХУУЛЬ-ийн төслийг хэн хэзээ, ХААНА САНААЧИЛСАН БЭ?

Бяцхан оршил


Юун ...Данзан нарын Үндсэн хууль вэ?! Гарчгийг хараад уншигч нарт ийм асуулт төрөх нь лав. Шинэ санаа .. шинэ хараа (үзэлтийн өнцөг) бүхэн эхлээд жаахан ойлгомжгүй байдаг тул уншихаасаа өмнө яаран бүү дүгнээрэй, гэж.
Шинэ түүхийн талаарх монголчууд бидний ойлголт нэлээн хайрцаглагдмал юм. Улаан түүхийн харгайгаар хуучны аддаатай эргэлзээтэй олон дүгнэлтүүд бидний оюуны орон зайд гүн гүнзгий мөрийг үлдээжээ.
Тэдгээрийн нэг нь, манай анхны Үндсэн хууль 1924 оных, өмнө нь Үндсэн хууль гэж юу байдаг талаар монголчууд бид бүхэн бараг ойлголтгүй явж ирсэн, за яах вэ..., нэмж хэлэх юм бол, Улсын дээд, доод хоёр анги хурал гэж байхад Богд хаантын үед (1914 оны хавьцаа) Үндсэн хуулийн төсөл боловсруулах санаагаар гадаадын зарим орны туршлага сэлтийг судалж байсан, гэх. Үүнээс өөр үгийг мэдэхгүй ярихгүй өнөөдрийг хүрч иржээ.
Тэгвэл, “энэ цагийн эхэнд эзэрхэг засгийн сүүлд” буюу яг энэ завсарт, Ардын нам байгуулагдаагүй байхад, Ардын түр засгийн газар үүсээгүй байхад Солийн Данзан нар орчин цагийн шинэ Монгол Улсын Үндсэн хуулийн анхны төслийг бичсэн байна. Бичээд тэд зогсохгүй ... бүр хэвлүүлсэн байна. Үүнийг өгүүлсүгэй.

 

Хятадын эсрэг тэмцэлд умард хөршөөс тусламж олох зорилготой, Богд хааны тамгатай бичгийг өвөртөлсөн С.Данзан нарын нэр бүхий долоон хүн орос газар одож, бүр Москва орж ... эгж ирээд 1920 оны намар өвөл Хиагтын ба Эрхүүгийн газар удтал суурин суусан билээ. Энэ зууртаа тэд улс хувьсгалын олон ажил амжуулсны дотор Монголын Үнэн сонины анхны хэдэн дугаарыг гаргасан байгаа юм.
Монголын Үнэн сонины 1921.02.05 — ны өдрийн №4 —т, “Монгол Улсын Ардын засаг байгуулах дүрмийн хураангуй” — г нийтэлжээ. Нийтлэлийн агуулгыг уншсан хэн боловч Монголын Анхны Конституцын төсөл мөн гэдгийг анзаарахгүй өнгөрөх боломжгүй тийм зүйл байх юм. Үүнийг бид өмнө нь яагаад ярьдаггүй байсан бэ гэвэл, тэр нь хэд хэдэн шалтгаантай байна гэж үзэв. Үүнд,

 

1. Хэлний хөгжил хувирлын асуудлаас үүдэлтэй нэг шалтгаан байна. Тэр үеийн уйгуржинд тулгуурласан бичгийн хэл найруулгыг өнөөдрийн дундаж уншигч бараг ойлгохооргүй болжээ. Халх аялгуунд тулгуурласан уран зохиолын монгол хэлний өнөөдрийн хөгжлийн түвшин “тухайн үеийн бичиг тэмдэглэл” — ийг “хараад шууд” голдог. Голно гэдэг нь энд, тэдгээрийг хүн уншихаасаа дөлдөг гэсэн утгатай. Тийм ч учраас С.Данзан нарын төслийн хураангуйг энд бид оруулахдаа “хэл хэллэгийг нь уншигчдадаа зориулж ... утгыг нь алдагдуулахгүйгээр хялбаршуулан” авсан болно.


2. Төслийн гол зохиогчийг төдийгүй төслийн багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь устгачихсан талд “конституцын энэ төслийн талаар” ярих сонирхол байгаагүй болов уу.


3. Солийн Данзан нарын төслийн гарчиг өнөөдрийн өнцгөөс харвал ихээхэн оновчгүй юм. “МОНГОЛ УЛСЫН ШИНЭ, АРД ОЛНЫ ЭРХТ, ТӨВИЙН БА НУТГИЙН ЗАСГИЙН ЯНЗ ТӨЛӨВИИН ТУС” гэсэн гарчиг дотор Конституц яригдана гэж төсөөлөгдөхгүй байгаагаас үндсэн хуулийн эрх зүйн судлаачдын анхаарлыг татаагүй аж. Уг нь “... янз төлөвийн тус” гэдэг нь , өнөөгийнхөөр бол, “... засаглалын тогтолцооны асуудалд” гэсэн утга бүхий юм.


4. Нэгэн үе монголын их дээд сургуулийн тоо 200 дөхсөн удаатай. Хуульч боловсон хүчний бэлтгэгдсэн нөөц аривжин олшрох тусам хууль эрх зүйн салбарын судалгааны эрэл хайгуулын талбар хүрээ өргөжин тэлж, энэ мэтийг үлдээхгүй аль хэдийнэ ухаад гаргаад ирсэн баймаар сан. Гэтэл тэгээгүй байна. Энэ нь дундаж монгол хүн юм уншихгүй байна гэсэн үг юм. (Уншигчтайгаа уулзаагүй байж тэднийгээ зэмлэж эхэлсэн бол уучлаарай)


Үүнийг бичигч нар Үндсэн хуулийн төслийг яагаад Данзан нар зохион байна гэж үзэх болов. Энэ тал дээр бид үгээ хэлэх ёстой. Бид С.Данзан зохиосон гээгүй С.Данзан нар гэж олон тоон дээр ярьж байгаа юм. Эрхүүд монгол сонин хэвлэгдэж нийт зургадугаар гарчээ. МАНамын төдийгүй бараг монголын анхны сонинуудын нэг байсан.
Ардын намын долоон хүн орос газар очиж суусан тэр үед энэ сонин анх гарсан. Тэгэхээр нэр бүхий долоон хүн энэ сонинтой, сонины гол нийтлэлүүдтэй нэр холбогдох магадлал өндөр байна. Сүхбаатар, Чойбалсан хоёр хөл гарын сургууль хийгээд завгүй байв. Гурван хүн нь буцаад Их Хүрээнээ эгээд ирчихсэн. Бодоо цагаантантай хамтарч ажиллаад хамаагүй хөдлөх боломж хаалттай болоод байв. Ингээд намын сониныг хариуцах бараг ганц хүн үлдэж байгаа, намын дарга С.Данзан болж таарч байгаа юм. Тийм учраас Үндсэн хуулийн анхны энэ төслийг С.Данзан бичжээ, үгүй дээ л С.Данзан нар бичсэн байна гэж бид үзэж байгаа юм.
Конституцын төслийг бичихэд С.Данзан нарын гарт орос хуулийн төсөл байсан бололтой нь ил байв. Энэ нь “сайд” гэхийг нэгэн хоёр газар “министр” гэсэн байгаагаас мэдрэгдэж байв. Э.Ринчино бол тэр үед С.Данзаны хамтран зүтгэгч байсан, тэр ч бас тусалсан байх. За даа ... энэ төслийг манай Данзан сайд л бичсэн ... бичүүлсэн байх нь машид магадтай.
Дор хавсаргасан зүйлүүд нь С.Данзан нарын боловсруулсан “Монгол Улсын Ардын засаг байгуулах Дүрэм (Ардын засаг бүхий Монгол Улсын анхны Конституц ийн төсөл)-ийн хураангуй товч нь болой.

 

 

«МОНГОЛ УЛСЫН ШИНЭ, АРД ОЛНЫ ЭРХТ, ТӨВИЙН БА
НУТГИЙН ЗАСГИЙН ЯНЗ ТӨЛӨВИЙН ТУС» С.ДАНЗАН ... АРДЫН ЗАСАГТ МОНГОЛ УЛСЫН КОНСТИТУЦ -ыН АНХНЫ төсөл,
АГУУЛГЫН ХУРААНГУЙ

“Монголын Үнэн” сонины 1921 оны II сарын 5-ны 4-рт хэвлэгдсэн эхээр нийтлэгдсэнийг дам авав.

Манай сэтгүүлийн хоёрдугаар ба гутгаар хуудсанд Монгол Улсын [эрх] чөлөө эрх бүрэн боловсрохын тул засгийг ямраар зохиох Үндсэн журам (конституц) — ыг илтгэсэн бөлгөө.
Уламжлан энэхүү зүйлд Монгол улсын шинээр байгуулах ардын эрхт хөдөө нутгийн ба төвийн засгийн янз төлөв ямар ахуйг товчлон бичсүгэй.

(Тухайн үеийн байгаа байдал)
Урьд байсан Автономит монголын хөдөө нутгийн ба төвийн засаг ямар төлөвтэй агсныг өгүүлбээс:


• Сумын занги ба түүний туслагч хүнд нар өөрсдөд олгосон харьяа зэрэг дотор бүрэн эрхтэй доод засаг агсан буй.
• Хошууны дотор сумын зангийг ба хошууны хамаг зон нийтийг хязгааргүй эрхэндээ барин захирах хошууны ноёд ба түүний дэргэд хошуу яам хэмээх зөвлөлдөх түшмэд байсан буй.
• Аймагт, хошуу ноёдын чуулганаар сонгогдсон аймгийн чуулган дарга нар ба жанжид байсан боловч тэд нар аймгийн чуулганд захирагдахгүй, шалгагдах ч үгүй бөгөөд харьяат аймгийн доторх хошуу, сумуудын ноёд ба албат зон бүгдийг мэдэн захирах хязгааргүй эрхтэй засаг агсан билээ. Чуулган дарга нь ерөнхий хэргийг захирч, жанжид нь цэргийн хэргийг мэдмой.
• Улс төрийн орой дээр хязгааргүй эрхт эзэн хаан бүх Гадаад монголын ард амьтан, ашиг хөрөнгө бүгдийг эзэрхэн захирч агсан буй. Эзэн хааны дэргэд зөвлөлдөн туслалцахын тулд министр сайд нар байсан болой.
• Сайн ноён ханыг Тэргүүн сайд байх үед улс төрийн хэргийг олон түмний санал дагаж шийтгэхийн тул Улсын дээд ба дорд хурлыг байгуулсан боловч сайн ноён хан ба бусад сайд нар энэхүү хуралдаан юуны тулд байгаагийн учрыг ухаж мэдсэнгүй. Зөвхөн гадаад улсын журмыг нүдэн балай дуурайн байлгасан бөлгөө. Тийм учраас улсын дээд, доод хурлыг улсын засаг баригчид нь ойшоон хэрэгссэнгүй.
• Тэдгээр хурлыг удирдан явуулах эрх мэдлийг нь дүрэмлэсэн зүйл байсангүй. Хуралдаанаар хэзээ юу хэлэлцэхээ хуралдагч нар нь өөрснөө сайн мэдэхгүй, эрхгүй агсан болой. Эдгээр хуралдаандаа ардын төлөөлөгчдийг оруулсангүй.
• Харин, ард зоныг талхидах дарлах ба элдэв зүй журам бусыг хийхдээ мэргэжсэн сайд нар ба тэдний гар доорх зарц түшмэдүүд нь хуралдаанд суудаг байсан амуй.
• Ийм тул гадаад Монголын хуучин автономит засаг нь дороосоо орой дээрээ хүртэл нэгэн хүнээр эзлэгдэн баригдсан ба үе залгамжлан суух засаг агсан бөгөөд ард олон нь засгийн явдлын зөв бурууг шалгаж засамжлах эрхгүй байсан болно.
• Энэхүү урьдын автономит монголын засаг болбол улс төр ба ард амьтанд тун харш буруу дүрмээр тогтож агсан бөлгөө.

Гадаад Монгол Улсын төлөө эрхт засгийг хэрхэж зохион байгуулбал зохистойг төлөвлөн өгүүлбээс:
• Сумын дотор 21 нас гүйцсэн бөгөөд сумын харьяат нар бүгдээрээ хуралдан цуглаж сумын ардын Зөвлөл хэмээх чуулган болно. Зүгээр, гэм үйлдсэний тул ял хүлээж эрхээ эвдэгдсэн хүн нар нь энэ Зөвлөлд оролцох эрхгүй болой
• Энэхүү сумын ардын Зөвлөл бол сумын хамаг хэргийг шийтгэх бөгөөд сумын доторх ардын хөрөнгө чадал их багыг байцаан үзэж аливаа алба гувчуурыг ардын чадал хөрөнгийн зэргээр тэгшитгэн хуваарилах тэргүүтэн ба сумын зон олны аж байдлыг сайжруулан засах боловсруулах хэргүүдийг цөм шийтгэнэ.
• Сумын зөвлөлийн шийтгэн тогтоосон зүйлүүдийг ба дээших засгийн хиануудыг бүтээж байхын тулд сумын Зөвлөл нь өөрсдийн дундаас итгэлтэй, үнэнч, ухаан бодлого сайтай гурван хүнийг сонгож сумын Яам байгуулна. Үүнээс гадна, сумын ардын Зөвлөл нь өөрсдийн дундаас олон цөөний хэрээр хэдэн итгэлтэй чадамгай сайн хүн нарыг хошууны хуралдаанд суух төлөөлөгч болгон сонгоно.
• Эдгээр сум бүрийн төлөөлөгч нийлэн хамтарч хошууны Зөвлөл хэмээх чуулган болно. Энэхүү хошууны Зөвлөл нь урьдын хошуу ноёны ба түүний яамны шийтгэж агсан хэрэг бүгдийг мэдэж шийтгэнэ. Мөнхүү хошууны Зөвлөлийн чуулган нь өөрсдийн дундаас хоёр буюу тав эрхэм сайн хүний нэрийг сонгон олж Хошууны яам болгон тавьж, энэ яам нь тэндэх засгийн хиануудыг ба Хошууны Зөвлөлийн хэлэлцэн шийтгэсэн хамаг хэргүүдийг бүтээж байна.
• Басхүү хошууны төлөөлөгчдийн зөвлөл өөрсдийн дундаас хошууны зоны олон цөөнийн хэрээр хэдэн мэргэн сайн хүн нарыг аймгийн Зөвлөлд суулгах төлөөлөгч болгон сонгоно.
• Эдгээр аймаг доторх хошуудын төлөөлөгчид хамтарч Аймгийн төлөөлөгчдийн зөвлөл болно. Энэхүү аймгийн төлөөлөгчдийн зөвлөл нь урьдын аймгийн чуулган дарга ба чуулганы шийтгэдэг бөгөөд аймгийн хамаг хэргүүдийг зөвлөн шийтгэнэ. Аймгийн Зөвлөл нь дээр өгүүлсэнчлэн өөрсдийн дундаас буюу таван хүнийг Аймгийн яам хэмээн сонгон тавьж тэр Яам ба аймгийн зөвлөлийн шийтгэснийг ба жич бусад хэргүүдийг үйлдэн бүтээсэн байна.
• Гадаад Монголын улс төрийн дээд зэргийн эрх барих газар нь Монгол улсын Төлөөлөгчдийи Их Зөвлөл хэмээх хуралдаан болно. Энэхүү Улсын Их Зөвлөлийн төлөөлөгчдийг нь хошууны төлөөлөгчдийн зөвлөлөөр өөрсдийн дундаас буюу ардын дундаас итгэлтэй мэргэн сайн хүмүүсийг сонгон олж тэдгээр сонгогдсон төлөөний хүмүүс нь Гадаад Монголын ба нийслэл Да хүрээний газар хуралдаж, улсын төлөөлөгчдийн Их Зөвлөл болно.
• Энэхүү Улсын Төлөөлөгчдийн Их Зөвлөл нь Гадаад Монгол улсын хамаг бүхий хэргүүдийг цөмөөр мэдэж шийтгэх, хууль дүрэм зохион гаргах, хэргүүдийг бүтээгч яамуудыг ёсоор бүтээсэн эсэхийг шалгаж, засах, залруулах, улсын алба татвар тэргүүнтний хэр хэмжээ хэргийг тогтоох, тэр мэт жич улсын хэрэг бүгдийг мэдэн шийтгэж байна.
• Улсын Төлөөлөгчдийн Их Зөвлөл нь өөрсдийн дундаас үлэмж эрдэмтэй, билэг оюун сайтай агаад улсдаа үнэн итгэлтэй хүн нарыг хэрэглэгдэх зэргээр тав буюу долоо эсвэл ес тоотойгоор сонгон тавьж, улсын Сайд нарын Зөвлөл хэмээх Яам байгуулна.
• Энэхүү улсын Сайд нарын Зөвлөлийн тогтоосон шийтгэсэн хамаг хэргүүдийг гүйцэтгэн бүтээх тушаалтай бөгөөд улсын хэрэг үйлсийг ёсоор үйлдсэн эсэхийг улсын төлөөлөгчдийн Их Зөвлөлөөр шалгагдаж байх бөгөөд өөрсдийн үйлдсэн бүтээсэн хэрэг бүгдээ тус Их Зөвлөлд айлтган толилуулж байна.
• Улсын Төлөөлөгчдийн Их Зөвлөл нь алба тушаалаа явуулж чадахгүй ба гэм гаргасан сайд нарыг тушаалаас нь зайлуулан гаргаж сэлгэх ба шүүлтэд оруулан яллуулах бүрэн эрхтэй амуй.
• Улсын Их Зөвлөл нь Сайд нарын Зөвлөлийн хүмүүсийг сонгохоос гадна Улсын Тэргүүлэгчдийг сонгож суулгана. Улсын сонгомол тэргүүлэгчийн орыг түүний хөвгүүд буюу шадар төрсөн нь залгамжлан суух бус бүгд Монгол Улсын төлөөлөгчдийн Их зөвлөлөөр сонгогдож суулгагдах амуй.
• Улсын засгийн хэрэг үйлсийг үйлдэн бүтээгч сумын, хошууны, аймгийн Яамдуудын ба улсын Сайд нарын Зөвлөлийн гишүүн болсон тушаалт нар, их ба чухал хамтын чанартай хэргүүдийг өөр өөрсдийн яамны газар хамтаар зөвлөн байцааж бүтээх ёстой.
• Эдгээр яамдууд нь тэднийг сонгож тавьсан харьяа харьяаныхаа төлөөлөгчдийн зөвлөлүүдэд шалгагдаж, хамаг хийсэн үйлдвэр (явуулсан бүх үйл ажиллагаа) — ийг толилуулж, эс бүтээсэн ба буруу үйлдсэн зүйл байх ахул хариу ялыг биедээ даан хүлээх хуультай хийгээд тогтмол болзвор хугацаан дотор тавигдах тул тэрхүү хугацаа гүйцсэн цагаар яамдын гишүүд нар ба зөвлөлүүдийн төлөөлөгчид тэр мэт ... ер бүгд засгийн сонгомол (сонгогдсон) тушаалт нар нь (бүрэн эрхийн) шинэ хугацаанд шинэ сонгуулиар тавигдаж байна.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн
Ажлын албаны дарга Дондогдоржийн Золжаргалын
“Солийн Данзан Ардын төрийн чин зоригт сайд” номын 464-468 дугаар тал

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com