Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрөгч долоо хоногт болж боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг боловсролын зээлийн санд 13 мянган иргэний диплом хадгалагдаж байна. Гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлж, дипломыг олгох асуудлыг шийдэж УИХ-д өргөн барихаар боллоо хэмээн мэдээлсэн. Ийм мэдээлэл гарсантай зэрэгцэн зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Засгийн газраас гаргасан шийдвэрийг дагалгүй, өөрийн хамаарал бүхий хүмүүсээ Боловсролын сангийн зээлээр сургасан эрхэм гишүүд, эрх мэдэлтнүүдийн талаар таагүй мэдээ гарах боллоо. Тодруулбал, “С1” телевизээр нэр бүхий улс төрч, бизнесменүүдийн хүүхдүүд гадаадад сургалтын төлбөрийн төрийн сангийн зээлээр буюу 32000$-34000$ ам.доллароор сурчхаад төлбөрөө төлөөгүй талаар мэдээлэл цацагдлаа.
Дээрх мэдээллийг үндэслэн сургалтын төлбөрийн зээлийн асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Дээд Боловсролын Бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргал нараас тодруулсан юм.
Т.АМАРЖАРГАЛАН: ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ ЦЭВЭР ИРГЭДИЙН ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ
-Өнгөрсөн долоо хоногт Ё.Баатарбилэг сайд сургалтын төлбөрийн зээлээр суралцагчдыг диплом олгохоор болсон талаар мэдээлэл хийсэн. Зээлийн санг чөлөөлөх үндэслэл юу байв?
-Өнгөрсөн хавар тусгай сангуудад шалгалт хийх үеэр зээлийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдсэн. Энэ шалгалтаар хуримтлагдсан зээлийг шийдэх шаардлагатай гэсэн үүрэг даалгавар өгөгдсөн. Бид одоо хураагдсан байгаа 13 мянган дипломуудад ангилан ялгалт хийгээд зээлийн сангийн асуудлаар засгийн газарт танилцуулсан.Тодорхой шалгуур шаардлага хангасныг нь чөлөөлөх зарчмын шийдэл гарчихсан учир журам дээр ажиллаж байна. Засгийн газар УИХ-д журам өргөн барихаар болсон. Ямар шаардлагаар чөлөөлөх талаараа холбогдох яам, газруудаас санал авч шийдвэрлэнэ. Өмнө нь 2004, 2008 онд зээлийн чөлөөлөлт хийгдсэн байгаа.
-Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээлийг ямар журмаар олгодог юм бэ?
-Өмнө нь сургалтын төрийн сан гэж байсан үед төсвийн мөнгийг банк руу шилжүүлээд банк оюутнуудтай гэрээ хийгээд барьцаа хөрөнгө, хамтран зээлдэгч зэргийг шаарддаг. Мөн хүүтэй зээл олгодог байсан. 2016 оноос буюу Боловсролын зээлийн сан болж өөрчлөгдсөнөөс хойших “Оюутан хөгжлийн зээл” нь огт хүүгүй, барьцаа шаардахгүй, хамтран зээлдэгчгүй. Шинээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтандаа 600-аас дээш оноо авсан байх ёстой. Курс ахисан хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын хувьд өмнөх улирлын голч дүн нь 2,8-аас дээш байх ёстой гэсэн шалгууртай. Монгол банкны мэдээллийн санд өр зээлтэй гэдэг мэдээлэл нь бүртгэгдэнэ. Мөн Сангийн болон БСШУС-ын сайд нарын хамтарсан тушаалаар сургуулиудад квот хуваарилсан.
-Оюутны зээлэнд хэчнээн төгрөг төсөвлөдөг вэ?
-Анх “Оюутан хөгжлийн зээл” бий болоход 75 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн хоёр жилийн зээл олголтын байдлаас харахад голч дүнгийнхээ шаардлага хангасан оюутнууд 75 тэрбумдаа хүрээгүй. 2018 онд 13,8 тэрбум төгрөг олгосон. 2019 онд 33 тэрбум болгосон. Эхний зургаан сарын 11.5 тэрбум орчмыг олгосон. Үлдсэн 21.5 тэрбумыг 11 мянга орчим оюутанд олгох боломжтой.
- Яагаад зээлээ төлөхгүй байна вэ? Зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?
-Зээлээ төлөхгүй байгаа нь цэвэр иргэдийн хариуцлагын асуудал. Нөгөө талаас дипломын хуулбараа аваад иргэд нь ажилд орчихсон. Хуулбараа аваагүй иргэдэд дипломын шаардлага гараагүй дүр төрх харагдаж байна. Зээлийн сангаас жил бүр зээлээ төл гэдэг шаардлага тавьдаг. Жилд дундажаар 300-400 сая төгрөгний зээлийн эргэн төлөлт хийгддэг байсан.
Гадаадын төрийн сангийн зээлэнд улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтан хүний хүүхдүүд сурдаг гэсэн хардлага байна л даа. Энэ талаар?
-Гадаадын их сургуульд хэлний тодорхой шаардлага хангасан болон тухайн сургуулиас нь урилга ирсэн ийм л хүмүүс гадаадад сурдаг. Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн дарга нарын хүүхдүүд гадаадад сурдаг гэсэн ойлголт бүхий мэдээлэл цацагдаж байна л даа. Хардах эрх хүн бүхэнд байгаа л даа.
М.АРИУНЖАРГАЛ: 134 ОЮУТАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ОР СУРАГГҮЙ БАЙНА
-Өнөөдрийн байдлаар сургалтын төрийн сангийн зээлээр нийт хэчнээн хүн суралцаад байна вэ?
-Дотоодод сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар 30 гаруй иргэн, зээлээр 70 мянга гаруй иргэд суралцсан. Гадаадад 2000 иргэн суралцсан байна.
-Гадаадад сурсан 2000 оюутны сургалтын зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Гадаадад суралцсан төгсөгчдийн 673 нь зээлээс чөлөөлөгдсөн, 330 нь сурч байгаа, 890 нь төгсч ирээд гэрээнийхээ дагуу ажиллаж байгаа, 134 нь бүртгүүлээгүй ор сураггүй алга болсон, 51 нь сургуулиа төгсөөгүй хаясан байна. Энэ 51 хүний 30 нь төлбөрөө бүрэн барагдуулсан. Мөн 17 нь гэрээ хийгээд графикийн дагуу төлбөрөө төлж байгаа. Харин дөрвөн хүн огт төлөөгүй байна. Энэ хүмүүстэй хуулийн дагуу хариуцлага тооцно.
-Эргэж бүртгүүлэхгүй, сураггүй байгаа 134 хүнийг яах вэ? Хэн гэдгийг нь нийтэд зарлах уу?
-Янз бүрийн л хүмүүс байгаа. Сангийн яамны сайтад нэр нь гарсан байгаа.
-Зээлээр суралцагчдад жилд хэчнээн төгрөгийн өртөг төсөвлөгддөг вэ?
-2018 оны төсвийн гүйцэтгэлээр мастер доктор 5,4 тэрбум, дэлхийн шилдэг сургуулиудад суралцагчдад 13,7 тэрбум, оюутны хөгжлийн зээлэнд 11,3 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа.