БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлт, их дээд сургуулийн төлбөр, ЕБС-ийн хичээлийн агуулгын талаарх мэдээллийг сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БСШУСЯ-ны сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Мягмар, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар өглөө.
Сурагчдын эцэг эхтэй шинэчилсэн гэрээ байгуулна
Энэ жил 10 гаруй мянган оюутан шинээр элсэн орж байна. Өнгөрсөн жил таван их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, цаашид их дээд сургуулиудын тоог бууруулж хооронд нь нэгтгэн чанарыг сайжруулахад анхаарна. Энэ жил их дээд сургуулиудын төлбөр дунджаар 1.6-3.6 сая төгрөг байна.
Ерөнхий боловсролын 644 мянган хүүхдийн эцэг эхтэй гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх үүрэгт шинэ заалтуудыг нэмсэн. Тодруулбал, хүүхдийнхээ нас хүйс зан төлвийг ойлгож бүх талын дэмжлэг үзүүлэх, эрүүл мэнд аюулгүй байдалд нь анхаарах, ном сурах бичгийг нь бүртгэх, хоцрогдолгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн зөвлөгөөнд заавал оролцох, хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчний үзлэг оношилгоонд заавал хамруулах үүрэгтэй гэх мэт заалтуудыг гэрээнд шинээр оруулжээ.
Нэгээс тавдугаар ангийн сурагчдад монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Иргэний боловсролын хичээлийн агуулга, номд бага зэрэг өөрчлөлт орсон ба нэгээс тавдугаар ангийн сурагчдад Монгол ёс хүмүүжлийн хичээл, зургаагаас арванхоёрдугаар ангид “Иргэний ёс зүй” хичээл орно. Сурах бичгийн агуулга дээр эрдэмтэд, зургийн баг ажилласан. Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засан сайжруулж явна. Цаг үеийнхээ шаардлагыг дагаад өөрчлөгдөж шинэчлэгдэж байх нь зөв юм гэж сайд Ё.Баатарбилэг хэллээ.
2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа гэсэн үг. Цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжнэ.
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг энэ оны долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд наймдугаар сарын 15-ны 20:00 цагийн байдлаар 28.181 хүүхэд бүртгэгджээ.
Байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1342 хүүхэд хамрагдана
• Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу 13 байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн 42 бүлэгт 1342 хүүхэд хамрагдаж байна.
• Энэ наймдугаар сарын 27-30-ны өдрүүдэд нийслэлд "Сургалтын хөтөлбөрийг дэмжих арга зүй" сургалтад долоон дүүргийн 29 байршилд 421 танхимд 16825 багш, удирдах ажилтнуудыг хамруулах бэлтгэл ажлыг хангажээ.
• "Сургууль автобус төсөл"-ийн дагуу сургуулийн автобуснуудыг Сонгинохайрхан дүүргийн 124, Налайх дүүргийн 103, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулиуд хүлээн авчээ. Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба хамтран Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд хяналт тавих, оношилгоог наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд хийнэ.
• Улсын төсвийн хөрөнгөөр 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Нийслэлд энэ хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр 6280 хүүхдийн хүчин чадал бүхий 14 сургууль, 4635 хүүхдийн хүчин чадал бүхий 29 цэцэрлэг ашиглалтад орно. 2019 онд 137 сургуульд 1,7 тэрбум төгрөг, 231 цэцэрлэгт 762,2 сая төгрөгийн урсгал засварын ажил хийгдэж, энэ сарын 15-н гэхэд бүрэн дууссан гэв.