Зүүн өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн XIII зөвлөгөөн Монголд болж байна. Манай улсад анх удаа болж байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын, 140 гаруй төлөөлөгч чуулав. ДЭМБ-ын мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Австралийн халдварт өвчний лавлагаа, лабораторийн эрдэмтэн судлаачид уг хуралд оролцож, дэлхий дахины томуу, томуугийн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Тэд томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гаргах ажээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий дахиныг хамарсан 1918 оны томуугийн цар тахлаас хойш 100 гаруй жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд цар тахлын гурван удаагийн дэгдэлт гарч, 55 сая гаруй хүний амь насыг авч одсоныг бид мартах ёсгүй. Даяаршлын өнөө үед өвчин үүсгэгч вирус нэг төрөл зүйлээс нөгөөд дамжиж, шинэ вирус үүсгэн хурдацтай тархах эрсдэлтэй байгаа үед улс орнууд болзошгүй аюулын үед бэлэн байж, мэдээллээ харилцан шуурхай солилцох, хамтран ажиллах шаардлагатай байгаа юм” хэмээн онцоллоо.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс энэ талаар тодруулсан юм.
-Олон орны төлөөлөгчид энэ удаагийн хурлаар ямар асуудалд онцолж анхаарал хандуулах вэ?
-Томуу агаар дуслын халдвар, амьсгалын замаар халддагийг та бүхэн мэдэж байгаа. Томуу хил хязгааргүй, бид нэг агаартай учраас зөвхөн нэг улсын асуудал биш, дэлхий нийтийн асуудал боллоо. Ялангуяа томуугийн шинэ вирус үүсч, томуугийн цар тахал дэгдэх явдал дэлхийн бүх оронд хамаатай асуудал болж байна. Яагаад гэвэл хамгийн сүүлд 2009 онд гарсан H1N1 гуравхан сарын дотор дэлхийн 100 гаруй орныг хамарсан. Олон хүний амь насыг авч одсон томуугийн цар тахал дэгдсэнээс хойш 101 жил болж байна. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар томуугийн дэгдэлт 30-100 жилийн дотор эргэж давтагддаг гэж үздэг. Тийм учраас ерөнхийдөө 2019, 2020, 2021 онд томуугийн цар тахал дэлхий дахинд гарч болзошгүй. Гэхдээ энэ нь бидний мэддэг А хүрээний H1N1 хэв шинжийнх бус өөр ямар нэг вирус мутацид ороод шинэ төрөл үүсгэх аюултай. Шинэ вирус үүсэх магадлал байгаа учраас дэлхий нийт томуугийн цар тахлын үед бэлэн байдлаа яаж хангах, хоорондоо хэрхэн мэдээлэл солилцох, ямар нэг өвөрмөц, шинэ зүйл гараад ирвэл лабораторийн болон тархвар судлалын аргаар тандаж, маш хурдан ДЭМБ-д, хөрш зэргэлдээ орнууддаа мэдээлэх, хамтын судалгаа шинжилгээ хийж, ямар вирус вэ, хэнтэй юу нь мутацид орсон юм, өвчин эсэргүүцэх эмийг маш хурдан гаргаж авах, мэдээлэл солилцохоос эхлээд хариу арга хэмжээ авах талаар дэлхийн улс орнууд нэгдье. Шинэ вирус ямар амьтнаас үүсэх боломжтойг судалсан судалгааныхаа үндсэн дээр яаж томуугийн эсрэг бэлэн байдлаа хангах талаар ярилцаж байна.
Цар тахал, шинэ вирусийн халдвар дэгдвэл хэрхэх талаар дэлхийн 28 орны 140 гаруй төлөөлөгч ярилцаж байна. Энд томуугийн асуудлаар ажилладаг эрдэмтэн судлаачид, яамдын газар хэлтсийн дарга нар, томуугийн асуудал хариуцсан хүмүүс, томуугийн үндэсний төвүүдийн удирдах ажилтнууд гурав хоногийн турш томуугийн асуудлаар “амьсгална”.
Манайхан аравдугаар сараас эхлэн улирлын томуутайгаа нүүр тулна. Энэ үед яаж бэлэн байдлаа хангах вэ, хэрхэн туршлага судлах вэ, ямар хүмүүстэй хамтарч ажиллах вэ, хэнээс дэмжлэг туслалцаа авах талаар хэлж ярих учраас манай улсын хувьд чухал ач холбогдолтой хурал юм.
-Монголыг сонгож хуралдаж байгаа нь онцгой учир шалтгаантай юу?
-Монгол Улс томуугийн харуулдан тандалтаар Зүүн өмнөд Ази болон Номхон далайн баруун бүстээ үйл ажиллагаа сайтай гэж тооцогддог. Яагаад гэвэл манайх лабораторийн тандалт сайтай, ямар вирус эргэлтэд байгааг судлаад томуугийн сүлжээнд өгдөг. Ингэх нь дараагийн жилдээ томуугийн вакцин хийхэд нөлөө үзүүлдэг. Манайх мөн Европ, Азийг холбож байгаа уулзварын орон учраас Европоос ч Азиас ч халдвар авах магадлалтай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Такаши Касай Монголд зургадугаар сард ажиллаж, манай эрүүл мэндийн аюулгүй байдлын талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдтай уулзаж, зөвлөгөөн хийсэн. Энэ зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн аюулгүй байдал талаасаа ЭМЯ сайн ажиллаж байна гэж үнэлсэн. Ийм гурван үндэслэлээр уг хурлыг манайд хийх санал тавьж, хамтарч ажиллаж байна.
-Өвөл агаар бохирдоно, улирлын томуу нэмэгдэнэ. Томуугийн цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэр ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх ажилд мөнгө төсөвлөсөн үү?
-Эрүүл мэндийн аюулгүй байдал гэдэгт урьдчилан сэргийлэх бэлэн байдал орж явдаг. Бид тушаал, заавар, шийдвэрийн хувьд хангалттай гаргасан. Эрүүл мэндийн байгууллагууд ч бэлэн байдлаа хангаж байна. Эмч нар шинэ томуугийн вирусийн талаар сургалтад суусан, гарын авлагаа шинэчилсэн. Нийслэлийн хэмжээнд нэмэлт ор бэлтгэсэн, вакцинаа бас захиалсан. Ерөнхийдөө бэлэн байдлаа хангаж байна. Гэхдээ хэрэв томуугийн цар тахал гараад ирвэл эдийн засгийн асар их хохиролтой учраас сургууль, зам тээвэр, цэрэг цагдаа бүгд оролцохоос аргагүй болно. Томуугийн цар тахал гарчихгүй байх гэж найдаж байна.
-Монгол томуугийн тархалт ихтэй оронд тооцогддог уу?
-Томуу улирлын чанартай гардаг учраас агаарын бохирдол ихтэй, хүйтэн сэрүүний улиралтай ч дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улирлын томуугийн дэгдэлт харьцангуй бага түвшиндээ ордог. Хүн ам цөөтэй нь ч бас нөлөөлдөг. Томуугийн харуулдан тандалтаараа сайн барьж авдаг. Нэг анхаарал татдаг зүйл нь томуугийн үед шалтгаангүй хэвтэлт, хүүхдийн орны ачаалал ихтэй. Бусад оронд томууг ихэвчлэн гэрээрээ эмчилдэг. Манайд бол эмнэлэгт хэвтдэг. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад муу үзүүлэлт. Дэлхийн аль ч оронд томуугаар өвдсөн хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэхийг зөвлөдөггүй. Манайд ихэнх нь эмнэлэгт хэвтдэг учраас эмнэлгийн орны ачаалал нэмэгддэг, эмнэлгээс өөр төрлийн вирусийн халдвар дахин дахин авах асуудал гардаг нь тааруухан үзүүлэлт.
-“Зун ч гэсэн ханиад томуунаас салахгүй байна” гэж зарим хүн ярьдаг. Үүнийг та юу гэж дүгнэх вэ?
-“Өвлийн ханиаднаас илүү зуны ханиад хэцүү” гэж монголчууд ярьдаг шүү дээ. Улирлын томуу үүсгэдэг А хүрээний H1N1 гэх мэт вирус эргэлтэд ороогүй байгаа. Одоо бол иж томуу яваад байгаа. Иж томуу гэдэг нь манай хүмүүсийн хэлдгээр ханиад шуухнаа, хотод байж байгаад хөдөө гарахад даардаг, хоолой өвддөг, хүн амын дархлаа сул, харшил их байгаа учраас иж томуугийн вирус арай хүндрэлтэй яваад байга юм.
-Ханиад томуу элдэв өвчнийг өрхийн эмч нар л оношлох учиртай болно. Өрхийн эмч нараа хэр “зэвсэглэж” байгаа вэ?
-ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу бид энэ жил томуугийн эмчилгээ, оношилгооны зааврыг өөрчилсөн. Яагаад гэхээр өмнөх жил А хүрээний H1N1 давамгайлсан бол дараагийн удаа өөр вирус зонхилдог. Энэ жил тавдугаар сард Томуугийн зөвлөгөөн хийгээд, хүүхдүүдээ чийрэгжүүлэх, эмчилгээ оношилгоогоо, ядаж томуутай хүүхдүүдийн амьсгалыг яаж удирдах вэ гэх мэт чиглэлээр хөдөө аймгуудад 120 эмчийг сургасан. Нийслэлийн 500 гаруй өрхийн эмчийг сургасан. Одоо ч ажлын байранд нь сургалт үргэлжилж байгаа.
-Томуугийн асуудлаар манай эмч судлаачид бусад улсуудад ямар санал тавьж байгаа вэ?
-Монголоос албан ёсоор дөрвөн төлөөлөгч, 16 ажиглагч оролцож байна. Ажиглагчид нь дандаа нарийн мэргэжлийн хүмүүс юм. Бид гурван чиглэлийн илтгэл хэлэлцүүлж байна. Томуугийн дархлаажуулалтыг өргөжүүлэхэд цаашид ДЭМБ болон вакцин үйлдвэрлэгч орнуудаас вакцин нэмэлтээр авахаар ярилцана. Томуугийн вакцин маш эрэлттэй байдаг. Мөн харуулдан тандалтынхаа тогтолцоог өргөжүүлэх, эмч нараа сургах, харилцан туршлага судлах чиглэлээр ярьж байна. Монгол Улсын эдийн засагт томуу ямар дарамттай байгааг дэлхийн жишигт тохирсон судалгааны аргаар хамтарч судлах саналууд тавьж байгаа.
-“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганы үеэр ханиад томуу нь өрхийн эдийн засагт асар их дарамт болж байгаа судалгааны дүнг танилцуулж байсан. ЭМД-аар дамжуулан энэ төрлийн эмийн үнийг хөнгөлөх, эмийн үнийг даах арга зам санал болгож байсан. Ийм бодлого хэрэгжүүлэх боломжтой юу?
-Томуугийн дэгдэлтийн үед шаардлагатай тохиолдолд 0-5 насны хүүхдээ гэрээрээ сахиж байгаа эцэг эхчүүдэд цалинтай чөлөө өгөх, 21 төрлийн эмийг даатгалаас үнэ төлбөргүй өгөх гэх мэт арга хэмжээ авдаг. Түүнээс биш байнга ийм арга хэмжээ авах нь үр дүн муутай гэж үздэг. Тухайн үедээ ийм арга хэмжээг эмч, эмнэлгийн ажилтнууд шүүмжилж байсан. Эцэг, эхчүүд үнэ төлбөргүй эмийг авч хадгалах сонирхолтой байдаг, эмийн замбараагүй хэрэглээ бий болох антибиотикт тэсвэртэй болчихоор дараа нь нянгаар үүсгэгдсэн хатгаа тусахаар эмчлэхэд хэцүү болдог учраас тухайн цаг үед нь тохирсон арга хэмжээ авна уу гэхээс биш бүгдийг нь даатгалаас эмээр хангах шаардлагатай гэж үзэхгүй байгаа.