Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын шинэчлэлтийн ажлын явц болон түр замын байдал ямар байгааг сурвалжлав. Түр зам тавих ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэж байгаа аж. Тэд “Түр зам нь маш их нүхтэй, хайрга чулуу дэвссэн боловч том нүхнүүд нь чулуу ихтэй учир дугуй хагалах, чулуунууд нь үсчиж машины эд анги гэмтээж байна. Хуурайшилт, цагаан тоос ихтэйгээс урдах машинаа харахгүй мөргөлдчих гээд хүндхэн нөхцөл байдалтай. Цаг агаарын хувьд нартай сайхан өдөр болж байхад ажил хийж байгаа зүйл огт алга. Өнгөрсөн зургадугаар сарын 17-оос эхэлсэн автозам шинэчлэлийн ажил одоогийн байдлаар зогсонги байдалтай байна хэмээн иргэд шүүмжилж байна. Ийм дүр зурагтай байгаа ажил төлөвлөсөн хугацаандаа ашиглалт орно гэдэг юу л бол” хэмээн халаглаж ийн ярив.
Автобусны жолооч Ю.Баасанжав:
“Түр замын шаардлага хангахгүй байна. Хөрөөний ир шиг л байна. Ганц зогсоод явахад 7-8 цаг явж байна шүү дээ. Одоо хот орох хүртэл дахиад нэг цаг явна. Өнөөдөр бороо орохгүй байгаа учир хальтиргаа, шавар шавхаа нь гайгүй. Харин чулуу хайрга дэвсээд байгаа нь дугуйнд халгаатай юм. Хоёр ч дугуйгаа буудууллаа. Нэг нь гэхэд 600 мянган төгрөгийн үнэтэй. Өмнө нь 130-140 литр түлшээр явдаг байсан бол одоо 200 литр түлшээр явж байна. Гэтэл тээврийн зардал хэвээрээ. Зам үнэхээр гамшгийн байдалтай байна. Өмнө нь 22 товчооны зургаан эгнээ замыг тавихдаа нэг талыг нь хааж байгаад тавиад болоод байсан. Яагаад тэгж болдоггүй юм. Олон улсын жишгээс ч гэсэн суралцах хэрэгтэй шүү дээ. Би хааяа Улаан-Үүд явдаг. Бас замаа засч байна. Тэнд хуучин замаар нь явуулаад, шаардлагатай буюу гүүрний хэсгүүдэд л шороогоор хэсэгхэн газар явуулж байна.
Зорчигч Б.Зузаан:
Бороо ороогүй тулдаа л хэр хэмжээрээ яваад бараг есөн цаг явж байх шиг байна.Түр зам нь аймаар том том чулуу, тоосжилт ихтэй. Өгсүүр газарт том машинууд гарч чадахгүй гацаад зогссон. Битүү тоосонд нэгнийгээ харахгүй мөргөлдчих гээд үнэхээр гамшгийн байдалтай байна. Жолооч нар чадлынхаа хэрээр л явж ирж байна.
Зорчигч Д.Амарбаясгалан:
Агааржуулагчаар тоос шороо орж, донсолгоо ихтэй олон цаг явж байгаа болохоор маш их ядарч, толгой өвдөөд хэцүүхэн л байна. Замд ажил хийж байгаа газар бараг харагдахгүй зогсонги байна. төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэдэг юу л бол.
Жижиг тэрэгний жолооч З.Чинзориг:
Хуучин замаараа явуулаад шинэ замаа ашиглалт оруулж болоогүй юм байхдаа. 3-4 цаг явдаг байсан бол дор хаяж 6-7 цаг явж байна. Бороотой үед бол 8-9 цаг бол зоолттой. Шавар шавхаа ихтэй үед бол зарим даваанууд дээр машинууд хонож гардаг. Түр зам гэж дэмий ажил хийх юм. Хажуугаар нь шороон зам байна. Түүгээр явуулахгүй гээд шороо асгаад хаачихсан. Түр зам гэж там. Овон товон, хотгор гүдгэр, нүх чулуу их учир машины эд ангиуд болох дугуй хагарах, өндгөн тулгуур амортизатор эвдрэх бол энүүхэнд. Ард иргэдээ бодлогоор зовоож тарчлаах гэж ийм ажил хийдэг юм уу. Миний сонссоноор хятад компаниуд л энэ ажлыг хийж байгаа гэсэн. Хятадууд бодлогоор Монголчуудын машин тэргийг нь эвдэж ард иргэдийг ядуу байлгас наар улс орон нь хөгжихгүй гэж ажлаа ингэж хийж байна” цөхөрсөн иргэд аргаа барахдаа ингэж ярьж байгаа нь тэдний уур, бухимдлаас илэрхий. Тэгвэл автозам тавихдаа түр зам тавих нь зөв байсан эсэх талаар мэргэжилтний үгийг хүргэе.
ТҮР ЗАМ ТАВЬСАН НЬ БОДЛОГЫН ХУВЬД АЛДААТАЙ ШИЙДВЭР БАЙСАН
АН-ын Зам тээврийн бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатар:
“Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам шинэчлэлийн ажлыг дэмжиж байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэгтэй санал нэгдэнэ. Гэхдээ би хоёр зарчмын асуудалд санал нийлэхгүй байгаа юм. Нэгдүгээрт, түр зам тавьсан нь бодлогын хувьд алдаатай шийдвэр. Иргэд ч энэ асуудалд бухимдалтай байгаа. Хуучин хоёр эгнээгээр нь хөдөлгөөнөө үргэлжлүүлээд, шинээр нэмэх хоёр эгнээ замаа бариад, дараа нь хуучин замаа засч болоогүй юм уу? Уг нь бүрэн боломжтой шүү дээ. Бид 2012-2016 онуудад өч төчнөөн зам тавьсан. Дээрх зарчим, менежментийг хэрэгжүүлж ажилласан. Үнэнийг хэлэхэд түр зам тавьж олон тэрбум төгрөг зарцуулах шаардлагагүй байсан юм. Хоёрдугаарт, автозам шинэчлэлтийн таван багц ажлыг бүгдийг нь гадаад компанид өгсөн явдал. Туслан гүйцэтгэгчээр нь Монгол компани ажиллуулж, маш бага зардлаар буюу ажилчдад цалин өгөх зарчмаар ашигтай ажиллаж байна. Гадаадын компани ажиллалаа гээд гаднаас техник технологио авчрахгүй. Бүх хар ажлыг нь Монголчууд л хийнэ. Монгол компаниуд бүхий л төнөг төхөөрөмж, багаж хэрэгслээ банкны зээл, түрээс гэх мэтээр ашиглаж байна. Ийм хүнд нөхцөлд ажилладаг нь тэдний хувьд түгээмэл хүндрэл бэрхшээл” гэв.
АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Болорсүрэн:
“УБ-Дарханы чиглэлд 4-5 цаг орчим явдаг байсан бол зам засварын ажил эхэлснээр хугацаа маань дахин ихсч зарим цаг агаарын тааламжгүй үед 13 цаг явж байгаа нь иргэд зорчигчид, жолоочдын бухимдлыг төрүүлж байна. Мөн түр замууд эвдэрч жолооч, зорчигчид маань машин техник, эд хөрөнгөөрөө хохирч байна. Бид 2012-2015 оны хооронд нийт 3405 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулсан бөгөөд зам барьж байхад аль болох жолооч, зорчигчдыг бухимдуулахгүй цаг хугацаа хөрөнгө мөнгөнд хохирол учруулахгүй байх тал дээр бодлогын хэмжээнд ажилласан. Жишээ нь Яармаг нисэхийн замыг хуучин замыг ашиглаж хажууд нь шинэ замын нэг урсгалыг барьж ашиглалтад оруулаад дараа нь хуучин замаа хуулж шинэ замын эсрэг урсгалыг барьж ажшиглалтад оруулсан. 2012-2016 оны хооронд иргэд маань жижиг тэргээ унаад хөдөө амралт зугаалгаар явж байсан бол бид энэ цаг хугацаанд хотоосоо гарч чадахгүй налайх, тэрэлж орох гэж бүтэн өдрийг алддаг гэж бухимддаг болсон байгаа нь бодлого менежментийн хувьд алдаатай шийдвэр гаргасан гэж дүгнэж байна” хэмээсэн юм.
ЗАМ ТАВИХ АЖЛЫГ ХЯТАДЫН ДӨРВӨН КОМПАНИ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь хамгийн их ачаалалтай, осол аваар их гардаг, иргэдийн бухимдлыг төрүүлдэг. 2019 оны наймдугаар сарын байдлаар нийт 200 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд 60 хүн гэмтэж, 19 хүн нас барсан байна. “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд шинээр баригдах 204.11 км автозам нь тус бүр нь хоёр урсгалтай дөрвөн эгнээ бүхий болох юм. Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд хуучин хоёр урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулна. Шинээр нэмэх хоёр эгнээг ирэх жилийн наадмаас өмнө ашиглалт өгөхөөр төлөвлөсөн байна. Уг төслийн хоёр эгнээ замын их засварын ажлыг Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт бүхий 60 сая ам.доллароор хийнэ. Үүний 58.5 сая ам.доллар нь урт хугацааны хөнгөлөлттэй зээл, 1.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламж юм. Харин шинээр нэмэх хоёр эгнээ замыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Замын газар чөлөөлөх ажилд Засгийн газраас 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн. Ингээд замыг хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд таван багцад хуваан тендер зарлан дараах компаниудыг шалгаруулан ажиллуулж байна.
Зам тавих ажлыг:
Багц 1- Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км замыг БНХАУ-ын буюу “Хэйлонжианжиньи рөүд энд бридж”
Багц 2- Хар мотод давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замыг БНХАУ-ын “Чайна Стэйт Шинжиан Констракшн инженеринг групп”
Багц 3 –Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замыг БНХАУ-ын “Гуйжоу Хайвэй инженеринг групп”
Багц 4 – Сүмбэрийн уулзвараас Цайдам хөндий хүртэлх 45.08 км авто замыг БНХАУ-ын “Чайна Стэйт Шинжиан Констракшн инженеринг групп”
Багц 5- Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замыг БНХАУ-ын “Чайна Жео Инженеринг Корпорац”
Өнөөдөр Монголын авто тээвэрчдийн холбоонд бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй 200 гаруй авто компаниуд бий. Эдгээр компаниуд нь бүх төрлийн замыг хийх чадвартай. Гэтэл яагаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжих уриа лоозонгоо хэрэгжүүлсэнгүй вэ. Бидэнд зам барьсан туршлага бий билүү гэвэл бий. 2012-2016 онд Ардчилсан нам засгийн эрх барих үедээ 3405 км хатуу хучилттай зам барьсан байдаг. Тодруулбал, Яармаг, нисэхийн зам, 22 товчооны зам, Долоон буудлаас зуслан явах, аймгуудыг нийслэлтэй холбох гээд олон уулзвар, замуудыг өргөтгөж шинэчилсэн. Эдгээр замуудыг дандаа Монгол компаниуд хийсэн. Мөн автозам засварын ажил явуулахдаа иргэдэд бухимдал үүсгэсэн байдал гаргаагүй бөгөөд хуучин эгнээгээр нь явуулан шинэ эгнээг барьж, ээлжлэн явуулж ашиглалтад өгсөн байдаг. Бидэнд ийм туршлага, чадвартай нөөц байхад яагаад Хятад компаниудыг сонгох болов? Мөн хуучин хоёр эгнээгээрээ хөдөлгөөнөө үргэжлүүлээд шинэ хоёр эгнээг ашиглалтад өгөөд хуучин замын хөрс хуулалтаа хийгээд засч болох байтал түр зам тавьж олон тэрбум төгрөгийг юунд салхинд хийлгэнэ вэ? Хэтэвч нимгэн иргэдээ хоослохын оронд хэтэрхий үрэлгэн төсвөө хазаарлаж болдоггүй юм уу, эрх баригчид аа!!!